Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/445

 

 

 

 

 

 

 

 

 

2023          11              15                                                    2023/ШЦТ/445 

                                 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа, 

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М-д холбогдох эрүүгийн дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Баянчандмань сум 2 дугаар баг Илтийн 16-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, УЧ90120199 регистрийн дугаартай.

                                            

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч М.М нь М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүн заводын” 01-01 тоотод иргэн Б.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.М-гийн өгсөн: “...Би Төв аймгийн Баянчандмань суманд Аав Болдын гэрт 2022 оны 12 сарын 03-ний өдөр ирсэн байж байгаад 12 сарын 27-ний орой сумын төв орж үсчин дээр үсээ засуулж байгаад найз Амартүвшинтэй таарч орой уулзах уу гэхээр нь би за тэгье гээд салцгаасан юм. Тэгээд би гэртээ байж байгаад 18 цаг өнгөрч байхад Амартүвшин гэх найз руугаа утсаар ярьтал сумын төвд 1 шил архи аваад Жамбаагийн гэрт хүрээд ирээ гэхээр би дэлгүүрээс нэг шил архи авч ирээд Жамбаа, Амартүвшин, Шомбооноо нарын хамт хувааж уугаад дуусаад Жамбаагийн гэрээс Нараа, Амартүвшин, нарын хамт дэлгүүр ороод дахиад нэг шил архи аваад Нараа эгчийн гэрт очоод байж байтал бид хэдийн араас Нараа эгчийн нөхөр М гэх залуу Очиржанлав, Энхтайван, Санжмятав, Дэлгэртогтох гэх хүүхдүүдийг дагуулаад гэртээ орж ирээд М гэх залуу Амартүвшин лүү уурлаж ундааны сав гэрийн тавчик зэргийг шидээд хэрүүл маргаан болж эхэлсэн. Тэгтэл Мын эхнэр Нараа Дэлгэртогтох гэх дүүгээ гэрээсээ дагуулж гараад нээх удалгүй буцаж гэртээ орж иртэл М намайг чи хаана байдаг залуу бэ энэ суманд чамайг хараагүй юм байна гээд миний авч өгсөн архинаас надад 1 удаа аягалж намайг өдөөд байхаар нь би гэрээс нь гарах болоод босоод хаалгаар гарах гэтэл Дэлгэртогтох миний араас пиавар улаан өнгийн сандлаар миний нуруу хэсэг рүү нэг удаа цохиод би хаалгаар гараад унатал миний араас М гарч ирээд миний цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөөд би босох гэтэл Дэлгэртогтох баруун гар талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Энхтайван гэх хүүхэд миний бөгс рүү нэг удаа өшиглөж байтал манай найз Амартүвшин миний дээрээс дарж хэвтээд та нар энэ хүнийг битгий зодоод байлдаа миний найз байгаа юм гэж хэлтэл бүгд холдоод явцгаасан. Би босоод Мын хашаанаас зугтаад гартал Очиржанлав гэх хүүхэд нь нөгөөдөх чинь зугтаачихлаа гэж хэлж байгаад сонсогдсон би зугтааж байтал миний араас Энхтайван гэх хүүхэд гүйж ирээд дахиад намайг араас дэгээдэн унагасан. Тэгтэл Дэлгэртогтох миний баруун нүдний хөмсөг хэсэг рүү нэг удаа өшиглөөд би газар хэвтэж байтал М араас ирээд одоо наадхаа боль чи дараа нь новшийн зан гаргахгүй юм байгаа биз дээ чамайг новшроод байвал дараа нь чамтай өөрөөр ярина шүү гээд байж байтал Очиржанлав намайг дахиад унагах гээд миний баруун хөл рүү нэг удаа хавсарч өшиглөсөн. Тэгсэн Дэлгэртогтох наадхаа унагаж чадахгүй байж яах гэсэн юм явцгаая гээд намайг гудамжинд орхиод явсан. Тэгээд би нэн хэдээс салаад Цагдаагийн байгууллагад хандсан. Би энэ хүмүүстэй ямар нэгэн асуудал байхгүй. Зарим хүүхдүүдийг нь бараг танихгүй. Би энэ хүмүүсийн аль нэгнийхэн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Би гомдолтой байна. Өөрийн биеийг эмчлүүлсэн бүх зардал мөнгөө бүгдийг нь нэхэмжилмээр байна.” гэх,

 “...Эмч хэлэхдээ миний баруун 4 дүгээр хавирга хугараад уушгиа гэмтээж баруун гялтангийн хөндийд хий хуралдалт үүссэн байна гэсэн. Дээрх гэмтлийг тухайн үед ганцаараа дээлтэй байсан Нараа эгчийн нөхөр болох М учруулсан. Тухайн үед намайг гэрээс гарах үед Мын төрсөн дүү Дэлгэртогтох хойноос нуруу хэсэгт улаан өнгийн хуванцар сандлаар цохисон. Тэгээд намайг газар унах үед М нь миний цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хавирга хугарах шиг цээж амьсгалж болохгүй тэрүүхэн тэндээ сонин болсон. Мөн Дэлгэртогтох нь цээжний баруун гар талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тухайн үед бол нээх өвдөөгүй. Харин Дэлгэртогтох хөмсөг хэсэгт өчиглөх үед маш их өвсөн. Миний баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Дэлгэртогтох учруулсан. Тухайн үед нэг удаа өшиглөсөн юм. Хамаг зодоон болох үүсвэр нь Моос болсон. Би шалтгааныг нь сайн ойлгохгүй байгаа, эхнэртэйгээ хардсан юм болов уу гэж бодож байна. Харин дээд уруулд үүссэн зулгаралт нь сандлаар цохиулж унах үедээ газар мөргөсөн юм. Миний хувьд ямар ч байсан эмнэлэгт хэвтсэн зардал болох 234,500 төгрөгийн зардал болон эм тарианы зардлаа гаргуулж авмаар байна. Одоо нэлээд үнэтэй эм тариа хэрэглэ гэсэн боловч мөнгөгүй авч чадаагүй байна. Миний хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа. Миний эмчилгээ бүрэн дуусаагүй тул тодорхой мөнгөн дүн хэлж чадахгүй байна. Мөн энэ хүмүүсийн хувьд мөнгө төгрөг төлөх боломжгүй байх гэж бодож байна. Миний хувьд Мод гомдолтой байна, бусад нь хүүхдүүд тул гомдоод байх зүйл алга, тухайн үедээ намайг явж чадахгүй байхад "арчаагүй залуу байш дээ, цохилтын пян дааж чадахгүй" гэж тэр дөрвөн хүүхдүүд ярьж байсан. Одоо гэхдээ тэр хүүхдүүдэд гомдоод байх зүйл алга.” гэх мэдүүлэг /хх 6-8, 10/,

Насанд хүрээгүй гэрч Д.Дэлгэртогтохын өгсөн: “...Би Төв аймгийн Баянчандмань суманд өөрийн төрсөн 4-н дүүгийн хамт эмээ, өвөөтэйгөө өвөөгийн гэрт нь хамт амьдардаг юм. Тэгсэн 2022 оны 12 сарын 27-ний оройны 22 цаг өнгөрч байхад би гэртээ байж байтал манай найз Энхтайван над руу залгаад танай Хоовноо хочит М ах чинь дэлгүүрийн үүдэнд согтуу надтай таараад надаас бүдүүн иштэй хутга нэхээд байна яах уу гээд над руу залгасан. Тэгэхээр нь би за за яваад очье гээд явж байгаад Очиржанлав, Санжмятав нартай таарч хамт яваад очтол Энхтайван, М нар сумын төвд явж таараад М ахыг аваад гэрт нь очтол М ахын гэрт Нараа эгч М, Амартүвшин нар архи уугаад сууж байсан би гэрт нь орж суугаад байж байтал М манай М гэх ахтай танилцаад тэр хэд юм ярьж сууж байгаад М ах намайг дуугүй бай би хүнтэй юм ярьж байна гэж хэлээд сууж байгаад М ах Амартүвшин ах руу уурлаж ундааны сав шидээд М ах агсарч эхлэхээр нь би Мыг орон дээр нь унтаа гээд дарсан чинь буцаж босож ирээд нөгөө хэдийн ууж байсан архийг ууж дуусаад ах нь унтлаа гэхээр нь би найз нартайгаа тоглоод байж байтал М ах М гэх ахтай маргалдаж чи Баянчандманьд байдаг юм уу би чамайг мэдэхгүй юм байна гээд маргалдаж эхэлсэн. Би салгах гэтэл М ах намайг чиний судсыг чинь бариад үзэх үү гэхээр нь би та юу яриад байгаан хар писда бэ чи гээд би сандал аваад шидсэн чинь гэрийн багана оносон тэгтэл М за би явлаа энд удах юм бол би та хэдтэй зодолдох юм байна гээд босоод гэрээс гарах гэтэл нь би Мын гэрт байсан Улаан өнгийн сандлаар Мгийн далан дундуур цохисон. Тэгтэл М гэрээс гараад газар унасан чинь М ах гэрээс гарч гүйж ирээд Мг босох гээд гараараа тулаад 4-н хөллөөд байж байтал нь цээж рүү нь ирж өшиглөөд дахиад унагасан тэгсэн М дахиад босож ирэх гээд байхаар нь би баруун талын суга нь доогуур нь доороос нь өлгөөд нэг удаа цээж рүү өшиглөөд тэгтэл М босоод хашааны хаалга чиглээд зугтаад гүйсэн чинь манай найз Энхтайван Мгийн араас нь хавсраад унагасан. Тэгтэл М нүүрээр газар мөргөөд унасан. Тэгсэн дээрээс нь Энхтайван өшиглөж байхаар нь би ардаас нь ирээд Мгийн толгой хэсэг рүү нь дахиад нэг удаа өшиглөөд байж байтал М ирээд Мг чи цагдаа шүүх гэж маяглахгүй юм байгаа биз дээ цагдаа шүүх гэх юм бол өөрөөр ярина шүү гэж хэлээд наадхаа явуул гэтэл Очиржанлав Мг унагах гээд дахиад хавсарсан чинь унагаж чадаагүй. Тэгэхээр нь би одоо боль унагаж чадахгүй байж боль явцгаая гээд М ахын гэрт орсон. Амартүвшин ах гэрийнхэн хажууд тамхи татаад сууж байсан урагшаа зам хөндлөн гаргаж өгөөд гэртээ харьсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 20-22/,

 Насанд хүрээгүй гэрч Б.Энхтайваны өгсөн: “...Би Төв аймгийн Баянчандмань суманд Эмээгийн гэрт 1 дүүгийн хамт Эмээтэйгээ амьдардаг юм тухайн 2022 оны 12 сарын 27-ний оройны 22 цаг өнгөрч байхад би гэрийн хажуу талын дэлгүүр ороод явж байтал Хоовноо хочит М гэх манай найз Дэлгэртогтохын ах нь надтай таарч ахдаа бүдүүхэн иштэй хутга аваад ир гэж надаас нэхсэн. Тэгэхээр нь би санаа зовоод найз Дэлгэртогтох гэх хүүхэд рүү М ах надаас хутга нэхээд байна гэж хэлтэл Дэлгэртогтох би одоо очлоо гэж хэлээд намайг ярьснаас хойш 20 минутын дараа Дэлгэртогтох, Санжмятав, Очиржанлав, нар дэлгүүрийн дунд байдаг нарийн гудамжинд ирсэн. Би М гэх ахын хамт явж байгаад бөөндөө нийлж М ахын гэрт очтол М ахын эхнэр Нараа, Амартүвшин, М гэх ах нар архи уугаад сууж байсан. Дэлгэртогтох гэрт ороод ууж байсан архийн авч шкапаны араар аваад шидсэн. Тэгсэн М ах миний хүү наад архиа гаргаад ирээ гэж хэлтэлДэлгэртогтох гаргаж өгөөгүй тэгсэн Монхтогтох өөрөө очиж аваад архиа аваад М, Амартүвшин нартай хувааж ууж байгаад Монхтогтох, М гэх ахтай маргалдаж чамайг би энэ суманд хараагүй юм байна чи хаана байдаг юм гэж маргалдаж эхэлсэн тэгтэл Дэлгэртогтохыг М гэх ах танай ээж чинь үхсэн биз дээ энэ тэр гэж хэлээд тэгсэн Дэлгэртогтох Мын гэрт байсан улаан өнгийн сандлаар М гэх ахын нуруу хэсэг рүү нэг удаа цохитол М гэх ах гэрийн хаалгаар гараад унасан. Унахдаа М гэрийн хаалга налаад хэвтээд босохгүй болохоор нь би холдуулах гээд Мгийн араас нь бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл М ах гэрээс гарч ирээд М гэх ахыг газар хэвтэж байхад нь цээж хэсэг рүү нь бас өшиглөж байтал гэрээс Дэлгэртогтох мөн гарч ирээд дахиад Мгийн нуруу цээж хэсгийг хавсраад нэг удаа өшиглөсөн чинь М босоод зугтаад миний урдуур гүйхээр нь би Мгийн урд хөлөө тавьтал М миний хөлд нь тээгэлдэж бүдрээд унасан чинь Дэлгэртогтох араас нь гүйж ирээд Мгийн баруун нүд хэсэг рүү нь өшиглөөд байж байтал М ах цаанаас ирээд одоо болно гэж хэлээд тэгсэн М хашаанаас гараад зугтсан. Тэгтэл Очиржанлав, Санжмятав нар араас нь хөөгөөд барьж аваад би араас нь Дэлгэртогтох, М, нарын хамт очоод М ах Мг цагдаад өгөөд новшроод байвал өөрөөр ярина шүү гэж хэлээд зогсож байтал Очиржанлав Мг хавсарч унагах гэтэл унагаж чадаагүй тэгсэн. Дэлгэртогтох Очиржанлавыг боль одоо явье гээд бид хэд бөөнөөрөө М ахын гэрт орсон тэгээд би удаагүй гэр лүүгээ явсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

Насанд хүрээгүй гэрч Б.Очиржанлавын өгсөн: “Би Төв аймгийн суманд Аав Ээж нарын хамт амьдардаг юм тухайн өдөр би Баянчандмань суманд нутгийн ах Пүүжээ гэх ахын гэрт Санжмятав, Дэлгэртогтох нарын хамт байж байтал манай найз Энхтайван Дэлгэртогтох гэх найз руу утсаар залгаад танай ах М надтай таараад хутга нэхээд байна яах уу гээд байна хамт яваад очоод ирье гээд Пүүжээ ахын гэрээс Санжмятав, Дэлгэртогтох бид гурав хамт гараад Энхтайван, М нартай дэлгүүрийн урд таараад М гэх айлд очтол тэдний гэрт Амартүвшин, М, Нараа нар архи уугаад сууж байсан. Би тэдний гэрт утсаар тоглоод сууж байтал маргаан болсон. Тэгтэл М гэх ах гэрээс гараад явлаа гэсэн чинь Дэлгэртогтох, М гэх хүн рүү Мын гэрт байсан улаан өнгийн сандлыг аваад араас нь цохисон. Тэгтэл М гэрийн хаалгаар гараад унасан тэгээд би араас нь хувцсаа аваад гартал Амартүвшин ах М гэх ахын дээрээс дараад хэвтсэн та нар боль гээд хэвтэж байсан. Тэгсэн нөгөө хэд холдоод явсан чинь М босоод зугтаахаар нь би нөгөөдөх чинь гараад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгтэл манай найз Энхтайван араас хавсраад унагаад Энхтайван дээрээс нь 2 удаа бөгс хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан. Би утсаа унагаагаад хайгаад явж байгаад утсаа олоод иртэл Мгийн нүүрнээс нь цус гарсан байсан. Тэгээд М наадхаа явуул гэхээр нь би нэг удаа хавсраад унагая гэж бодоод хавсарсан чинь унагаж чадаагүй. Тэгсэн Дэлгэртогтох намайг унагаж чадахгүй байж боль явцгаая гээд тэгээд яваад Мын гэрт очсон тэгээд тэдний гэрээс гараад би гэртээ харьсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 36/,

Гэрч Ч.Амартүвшингийн өгсөн: “...Би тухайн өдөр сумын төвд Жамбаа гэх найзынхаа Жамбаагийн хамт гэрт Шомбооно, Гармаа нарын хамт байж байтал Хоовно хочит М, эхнэр Наранцэцэг нар Жамбаагаас машиныг гуйж ирсэн. Тэгээд Жамбаагийн машиныг Хоовно жолоодон Шомбооноо, Гармаа бид гурав замд нь 3-р хороонд буусан тэр гурав шилэн хүлэмжрүү яваад буцах замдаа эргэж бид 3-г замаар авч сумын төв рүү бид хэд бөөнөөрөө Жамбаагийн гэрт ирээд Нараа нөхөр Мын хамт Жамбаатай хамт усанд яваад Гармааг Сэлэнгэ аймаг руу явахаас нь өмнө гээд 1 хараа нэртэй 0.75 граммын архи авч уусан. Тэгсэн Нараа нэг хүнтэй утсаар ярьж байгаад мөнгө авч дахин хараа нэртэй 0.75 граммын архи авч дахиад хувааж уусан. Тэгээд М гэх айл руу явах болоод түрүүлээд Жамбаа, М, түүний эхнэр Нараа гурав түрүүлээд Мын гэр рүү явж би үсчин орж үсээ засуулаад араас нь очих болоод явж байтал М надтай таарч бид хоёр үсээ засуулаад М гэрлүүгээ ээжтэйгээ хамт явсан. Эргээд утсаар ярина гээд миний дугаарыг аваад явсан. Тэгээд би М гэх айлд очоод байж байтал араас Шомбоон хочит Батгэрэл ирээд ууж сууж байгаад би хүнээс мөнгө гуйж аваад дахиад нэг шил архинд Нараа, Жамбаа, М нарыг дахиад нэг архинд явуулж ирээд тухайн архийг ууж байтал М, эхнэр Наранцэцэг гэх хүнийг Жамбаатай хардаж маргаан үүссэн. Тэгсэн Жамбаа би танай эхнэртэй тийм асуудал байхгүй гээд Жамбаа, М нар маргалдаад байхаар нь бид хэд салгаад Жамбаа, Батгэрэл, бид гурав явах гэтэл Мын эхнэр гарч ирээд хамт явсан. Тэгээд сумын төвд Жамбаагийн гэрт байж байтал М над руу утсаар залгаж хаана байна гэхээр Жамбаагийн гэрт байна гээд тэгсэн 1 шил архи нэг хайрцаг тамхи аваад ирсэн. Тэгээд нөгөө архи хувааж ууж дуусаад дахиад 1 архи авч хувааж уугаад Жамбаа гэртээ тасраад унасан Батгэрэл гэрлүүгээ яваад Нараа, М, бид гурав Мын гэрт очоод 1 шил архи хувааж уугаад байж байтал гаднаас М дүү Догоо, Догоогийн 4-н найзын хамтаар М гэртээ орж ирээд тэгээд хэсэг зуур юм ярьж сууж байгаад би Мын гэрийн баруун талын ор налж хэсэг зүүрмэглэж тэгтэл Мын дүү Догоо над руу уурлаж юм авч шидээд байхаар нь би сэрээд гэрээс нь явлаа гээд гараад гадаа байж байтал намайг нэг хүн тонгорч унагах шиг болоод би унаад босоод иртэл М миний хажууд намайг аллаа болиоч ээ гэхээр нь би очоод та нар боль хүн аллаа гээд Мгийн дээрээс дараад хэвттэл Мг цохиж байгаад салаад явсан. Би тэгээд Мгийн дээрээс босоод шууд гэр лүүгээ явсан. М мөн гэрлүүгээ бид хоёр хоёр тийшээ салаад явсан. Би нэг мэдсэн гэртээ харьсан байсан юм. Би тухайн үед их согтсон байсан учраас сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 40-42/,

Гэрч У.Наранцэцэгийн өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань сумын сүүн зовудын 01-01 тоот хашаанд хамтран амьдрагч Мын хамт амьдардаг юм. Тухайн өдөр манай хамтран амьдрагч М ажилд орохоор болоод Жамбаагийн машиныг гуйгаад явж ажилд орохоор бүртгүүлээд буцаад Жамбаагийн гэрт иртэл Амартүвшин, Шомбооноо хоёр нэг шил архи задалсан сууж байсан. Тэгээд тэр архийг нь хувааж уугаад сууж байтал манай найз хоёр эмэгтэй хотоос ирэхээр болоод би гэртээ очиж хоол ундаа бэлдэхээр болоод би Жамбаатай, М нарын хамт гэртээ очоод байж байтал манай гэрт Амартүвшин, Шомбооноо нар архи аваад араас ирээд авч Сангираа нэртэй дарс аваад манай гэрт очоод М, Жамбааг чи дарс авч байхаар ганц шил архи авахад яасан юм гэж маргаж эхэлсэн. Тэгэхээр нь би бүгдийг нь гэрээсээ гаргаж хамт Жамбаагийн гэрт ирээд байж байтал М гэх залуу Жамбаагийн гэрт орж ирээд М нэг шил архи авч ирээд энэ хэд ууцгаагаад тэгтэл манай хоёр найз эмэгтэй суманд ирсэн байна би ээжийн гэр лүү авч явах гэтэл М та надаас мөнгө зээлэх үү гэхээр нь би зүгээрээ гэж хэлээд гарч яваад буцаад Жамбаагийн ортол М, Жамбаа, М Амартүвшин, Шомбооноо нар архи уугаад сууж байсан. Тэгээд би хамтран амьдрагч Мыг хамт гэр лүү авч явах санаатай явья гэтэл нөгөө хэдтэйгээ юм яриад суугаад байхаар би Жамбаагийн гэрээс түрүүлээд гарч явтал миний араас М, Амартүвшин нар дагаад гараад ирсэн. Тэгээд би нөгөө хоёр найз эмэгтэйгээ үлдээсэн газраа яваад очтол нөгөө хоёр найз хүүхэн буцаад явсан байсан. Тэгээд манай гэр лүү хамт Амартүвшин, М нартай гэртээ ороод дэлгүүрээс авсан архийг уух санаатай сууж байтал гаднаас М, дүү Дэлгэртогтох, түүний найз нарыг дагуулсан гэртээ араас орж ирээд тэгээд манай гэрт нөгөө архийг хувааж ууж байгаад М Амартүвшин гэх залуу руу агсарч эхлэн хэрүүл болж байгаад М гэрээс явлаа гээд гарах гэтэл Дэлгэртогтох Мгийн араас манай гэрт байсан пивар улаан өнгийн сандлаар Мгийн араас цохихоор нь би боль гэсэн чинь миний үгэнд орохгүй манай гэрээс гараад Мг зодоод байх шиг байсан. Би тухайн зодоон болж байхад гэртээ байж байсан. Манай гэрт архиа хувааж ууж байгаад маргалдсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

Шинжээч Л.Бямбатуяагийн өгсөн: “Хохирогч Б.Мгийн биед учирсан баруун 4 дүгээр хавирганы хугарал, баруун гялтангийн хөндийд хий хугаралт /цээжний баруун гялтангийн хөндийд гуурс байрлуулах ажилбар/ зэрэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг

ба түүнээс дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой Баруун нүдний дээд, доод зовхи, дээд урууланд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-н 57/,

            Шүүгдэгч М.Мын өгсөн: “Би Төв аймгийн Баянчандмань сумын 2-р баг Илтийн 16-4 тоотод ээж, аав, дүүгийн хамт амьдардаг. Би өвлийн улиралд аавын хамт хувиараа автомашин засдаг. Зуны улиралд хувиараа барилгын ажил хийдэг юм. Би У.Наранцэцэг гэх эмэгтэйтэй хамтран амьдраад 4 жил болж байгаа. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчим хамтран амьдрагч У.Наранцэцэгийн хамт түүний 2 найзыг тосохоор бид 2 хамт гэрээсээ гарсан. Тухайн үед гэрийн хаалгыг би цоожлоод түлхүүрийг нь кармандаа хийсэн байсан. Сумын төвд дэлгүүрийн үүдэнд У.Наранцэцэг би 2 найзыгаа тосно гээд түрүүлээд явсан. Би 2, 3 найзтайгаа уулзаж 0.5 литрийн Хараа архи хамтдаа уучхаад буцаад гэр рүүгээ явахаар дэлгүүрийн зүг явж байхад миний төрсөн эгч болох Ө.Дэлгэрмөрөнгийн том хүү болох Д.Дэлгэртогтох, түүний найзууд болох Энхтайван, Очиржанлав, Санжка нартай таараад гэр рүүгээ хүргүүлсэн. Гэртээ очиход гэрийн хаалганы цоож эвдэж дотор нь ороод Тамираа ах, У.Наранцэцэг М, Амартүвшин нар 0.75 литрийн Хараа архи ууж байсан. Тэгээд би гэрт ороод таньж мэдэхгүй хүн авчирч архи уулаа гэж У.Наранцэцэгт бухимдсан. Өмнө нь Тамираа гэх ахыг таньдаг хамт ажилладаг байсан учир надад 3 удаа архи хийж өгсөн. Тэгээд хэсэг сууж байсны дараа М явлаа гээд гарах гээд хаалган дээр байхад нь араас нь Дэлгэртогтох улаан өнгийн пиавр сандал шидсэн. Би тэгээд араас нь гарахад М эргэж хараад миний цээжин хэсэгт гараараа 1 удаа цохиход би хариу хавсарч унагаагаад цээжин хэсэгт нь 2 удаа хөшиглөсөн. Тэгээд манай дүү нар намайг Мгээс салган гэр рүү оруулсан. Тэгээд би Тамираа гэх ахтай үлдсэн архиа хувааж ууж үлдсэн. Бусад хүмүүс явж би хамтран амьдрагч У.Наранцэцэгтэй үлдэж амарсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Гэрийн үүдэнд баруун хөлөөрөө хавсарч унагаагаад 2 удаа цээжин хэсэгт нь өшиглөж гэмтээсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-80-82/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн: “1.Б.Мгийн биед баруун 4-р хавирганы хугарал, баруун гялтангийн хөндийд хий хуралдалт цээжний баруун гялтангийн хөндийд гуурс байрлуулах ажилбар), баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 52-54/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн: “Б.М-гийн биед баруун 4-р хавирганы хугарал, баруун гялтангийн хөндийд хий хуралдалт цээжний баруун гялтангийн хөндийд гуурс байрлуулах ажилбар бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэг, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-н 59-62/,

 

Б.М-гийн өвчний түүх /хх-н 121/, гэмтлийн эмчийн үзлэг /хх-н 125-129/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо /хх-н 130/, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-н 132/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Улсын яллагчийн шүүгдэгч М.М-ыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Б.Мг "чи хаана байдаг залуу бэ, энэ суманд чамайг хараагүй юм байна" гэх зэргээр өдөөн хоргоож улмаар эрх чөлөөнд нь халдаж цээжний баруун хэсэг рүү өшиглөсөн эрүүл мэндэд нь баруун 4-р хавирганы хугарал, баруун гялтангийн хөндийд хий хуралдалт цээжний баруун гялтангийн хөндийд гуурс байрлуулах ажилбар бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч М.Мыг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага  хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар "Миний үйлчлүүлэгч М.М нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүхээс гаргуулсан хохирол төлбөрийг нөхөн төлөх гэсэн боловч хохирогчтой холбоо барьж чадаагүй, хохирогч олдохгүй байна. Торгох ял оногдуулж өгнө үү." гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Баянчандмань сум 2 дугаар баг Илтийн 16-4 тоотод оршин суух хаягтай, өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 99/ авагджээ. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын шүүгдэгчид гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг шүүгдэгч тогтсон орлого байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт ногдох хөрөнгөгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Х-гийн эрүүл мэндэд биед баруун 4-р хавирганы хугарал, баруун гялтангийн хөндийд хий хуралдалт цээжний баруун гялтангийн хөндийд гуурс байрлуулах ажилбар), баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учирсан байх бөгөөд,

 

хохирогч Б.М нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн зардал 237 450 төгрөгийн /хх-н 14/ хохирлын баримт хэрэгт ирүүлсэн байх тул хангах үндэслэлтэй гэж үзэв.  

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл тогтоогдсон байх тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг  нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М-од холбогдох хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хүлээн авсан бөгөөд М.М нь шүүхээс оргон зайлсны улмаас шүүхийн шийдвэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж улмаар Цагдаагийн байгууллага М.М-ыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны шүүхэд албадан ирүүлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Иймд түүний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс шүүх хуралдаан эхэлсэн буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг,

 

   эрүүгийн 2334000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ын цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-оос 237 450 /хоёр зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж  хохирогч М-д олгосугай.  

 

6.Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ