Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01762

 

 

Т.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01118 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Бийн хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, дутуу олгосон цалин хөлс болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн нөхрийн хамт Дундговь аймгийн Баянжаргалан суманд ажиллаж байгаад ээлжийн амралтаараа Улаанбаатар хотод ирсэн байх үед буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ж ХХК-ны захирал н.Баттулга өөрийн компанидаа хятад хоолны тогоочоор ажиллуулах хүсэлтэй байна, маргааш буюу 01 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн 404 тоотод хүрээд ир гэсэн. Маргааш өдрийн үдээс хойш н.С захиралтай уулзаж, 1 100 000 төгрөг, нөхөр П.Б нь 900 000 төгрөгийн цалинтай туслах тогоочоор ажиллаж, сар бүрийн 21-ний өдрөөс дараа сарын 05-ны өдрийн хооронд цалинг олгож байхаар 11 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн өдрийн 20 цагт Өмнөговь аймаг Ханбогд сумын Цагаанхад гэдэг газарт ажиллахаар явсан. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүүгийн танил жолооч нар хил хаагдсан учир гэр гуанз ажиллуулах гээд авчирсан 43 ширхэг мах хадгалж байгаач, удахгүй ирж авна гэж гуйсан тул нярав н.Заяаг гуйж махнуудыг хоосон контейнерт хийлгэсэн. Махны эзэн Л.Авир 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр махаа авах талаар менежер н.Базараад хэлэхэд тэрээр цагдаагийн газар мэдээлэл өгсний улмаас миний бие болон нөхөр, мөн нярав н.Заяаг ноцтой зөрчил гаргасан гээд ажлаас халсан. Улмаар 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн ба 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр огноо дугааргүй ажлаас халах тушаалыг гардаж авсан.

Махны эзэн Л.Авирт зөрчлийн хуулиар арга хэмжээ авч Т.Б, П.Б нарыг холбогдолгүй гэсэн тодорхойлолт байгаа. Ажлаас халах болсон үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, мах хадгалснаас компанид учирсан хохирол байхгүй, мөн хөдөлмөрийн харилцаатай хамааралгүй асуудал гэж үзэж байна. Эрхэлсэн ажилтай байхад өндөр цалинтай тогтвор суурьшилтай ажиллуулна гэж ажилд авчхаад буруугүй байхад ажлаас халсан тул шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2,3,4 сар хүртэл 3 сарын цалин 3 300 000 төгрөг, 5 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдөр хүртэл 382 687 төгрөг, дутуу авсан 727 033 төгрөг, нийт 4 782 660 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан асуудал нь компанийн нэр хүндэд муугаар нөлөөлж, харилцагч байгууллагуудын манай компанид итгэх итгэл алдрал, компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч болзошгүй үйлдэл гаргасан юм. Манай компанийн Цагаанхад дахь кемп нь Гаалийн хяналтын бүсэд тооцогддог байхад энэ хүмүүс холбогдох дүрэм журмыг зөрчин их хэмжээний мах кемп дээр нуун дарагдуулж байсан явдал нь компанийн дотоод журмын ноцтой зөрчил хэсэгт хамаарах үйлдэл учраас ажлаас халсан. Нэхэмжлэлд дурдсан П.Авир гэгч хүн нь манай компанийн ажилтан биш байсан бөгөөд тус этгээд П.Бтай ямар холбоо сүлбээтэй байсныг бид сайн мэдэхгүй ч тэрээр манай компанийн агуулахад дур мэдэн мах хадгалсан үйлдэл нь өөрөө Хөдөлмөрийн хууль тогтоомж төдийгүй Гаалийн тухай хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчиж байгаа үйлдэл болно гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б хариуцагч Ж ХХК-ийн ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 577 033 төгрөгийг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгт хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж ХХК-иас 88 182 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Б 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ж ХХК-ийн ахлах тогоочоор туршилтын хугацаанд ажиллаж байх явцдаа Ханбогд сумын, Цагаан хаданд байрлах гаалийн хяналтын бүсэд хориотой бараа буюу мах хадгалуулж, нуун дарагдуулсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үед гомдол саналгүй гэдэг тайлбарыг гаргаж байсан нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн компанийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Анхан шатны шүүх гэрч асуулгах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүдийг үл харгалзан нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан шийдвэрлэх комисст хандалгүйгээр шууд шүүхэд хандсан, шүүх үүнийг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, дутуу авсан цалин хөлс 727 033 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 3 682 687 төгрөг, нийт 4 409 720 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргажээ. /хх.15/

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 5524 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлгүүний гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 5 дугаар сарын 11-ний өдрөөр товлон хойшлуулжээ. /хх.33-34/

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтад /хх.35/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 5 дугаар сарын 05, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 5 дугаар сарын 04, 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд гарын үсэг зурсан байх боловч 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөр огноолсон “Шүүхийн мэдэгдэх хуудас”-т /хх.36/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганцэцэгт шүүх хуралдааныг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болсон талаар зөрүүтэйгээр мэдэгдсэн байна. 5 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаан болсон эсэх, ямар шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж 5 дугаар сарын 15-ны өдөр хийхээр товлосон талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогчид товыг 2 өөрөөр мэдэгдсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзнэ.

Шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчид 4 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, хариу тайлбар ирүүлэх хугацааг 4 дүгээр сарын 23-ны өдрөөр тогтоосон /хх.12/ байх бөгөөд хариуцагч нь 4 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр хариу тайлбар ирүүлжээ. /хх.15/ Уг баримтыг хариуцагч нь “Хүсэлт гаргах тухай” гэж гарчиглаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг илэрхийлснээс гадна нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа үндэслэл, тайлбараа хамт бичсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн тайлбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх бөгөөд зохигчид шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдолд шүүх мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж тайлбар, татгалзлыг шүүх хуралдаанд танилцуулах ёстой. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд /хх.56/ хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй гэж даргалагч хэлсэн талаар дурдсанаас үзэхэд хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг шүүхийн шийдвэрийн агуулгад тусгаагүй, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэл нь хэрхэн няцаагдсан талаар дүгнээгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсгийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим хангагдсан гэж үзэх боломжгүй тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гарсан дээрх зөрчлүүдийг арилгахгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2018/01118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

           

                                 ШҮҮГЧ                                       Б.НАРМАНДАХ

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ