Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/715

 

Т.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Т.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1481 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цэрэнжамцын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцлээр Т.Дд холбогдох 2006000000939 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д овгийн Тийн Д, 1980 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 58-814 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Т.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 240 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоотод иргэн Ц.Хосбаяртай маргалдаж, улмаар огурцины шилээр толгойн тус газар нь цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн бол хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хавтас хэргийн 86 дугаар талд “яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл” гэх баримтыг үйлдсэн байна. Энэхүү баримтад Т.Дт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан болон яллах дүгнэлтийн хувийг гардуулж өгсөн талаар тэмдэглэжээ.

Яллагдагч Т.Д нь прокуророос гаргасан ялын саналтай танилцаж, яллах дүгнэлтийн хувийг гардаж авсан байна. Харин ялын төрөл, хэмжээг зөвшөөрөөгүй байна.

Прокурорын саналыг танилцуулсныг яллагдагч өөрт нь оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдал нь хуулийн шаардлага болох “... хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж ...” гэснийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Т.Д нь улсын яллагчийн оногдуулахаар санал болгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байх ба тэрээр торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал, хүсэлтийг шүүх хуралдаанд олон удаагийн давтамжтайгаар гаргасан болно.

Шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруутай маргаагүй, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулан эвлэрсэн байх хэдий ч гэмт хэргийн улмаас хүлээх ялын төрлийн хувьд улсын яллагчийн санал болгосон ялаас өөр төрлийн ялыг хүлээх санал, хүсэлттэй байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж үзэхээр байна.

Энэ байдал нь хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсгэж байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.6 дахь заалтад заасан нөхцөл шаардлага хангагдаагүй нь шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Цэрэнжамц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдлын талаар шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт даргалагч болон прокурорын асуултад хариулахдаа 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын талаар тохиролцон ялын саналыг зөвшөөрснөө өөрөө мэдүүлж, яллах дүгнэлтийг гардаж авсан тэмдэглэлээр прокурор ялын саналыг танилцуулсан. Ялын саналтай танилцаж, гарын үсэг зурсан. Түүнчлэн, яллах дүгнэлтийг гардаж авсан талаараа мэдүүлснээр дээрх нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдээгүй ба шүүгдэгч нь гаргасан хүсэлтээсээ татгалзаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Учир нь, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ илэрхийлсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь тогтоогдсон. Иймд прокурорын саналыг мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрсөн болохоо мэдүүлж, мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтээсээ татгалзаагүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1481 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүйд болгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1481 дугаартай шүүгчийн захирамжийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Т.Даваадорж нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 78/, хохирогч Ц.Хосбаяр нь шүүгдэгч Т.Даваадоржтой эвлэрсэн талаарх хүсэлт /хх 77/ гаргаж өгсөн байх ба энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болжээ.

Гэтэл шүүгдэгч Т.Дын хуульд заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гаргасан хөнгөн ял, шийтгэл оногдуулах талаарх тайлбарыг анхан шатны шүүх түүнийг хэргээ богино хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ зүйлд заасан дүгнэлт, тайлбар хэлэх эрхтэй.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь түүнийг хүсэлтээсээ татгалзсаныг илэрхийлэхгүй ба прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй байдал тухайн хурал дээр болоогүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан” гэдэгт тухайн шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж байгаагаа шүүхэд амаар болон бичгээр илэрхийлсэн байхыг ойлгоно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1481 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Цэрэнжамцын бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Т.Даваадоржид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл Т.Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ