| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0008/З |
| Дугаар | 221/МА2026/0322 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0322
|
|
|
|
“Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б***
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ж*******” ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн хууль бус ажиллагаанаас учирсан хохиролд 174.356.000 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б****
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн хууль бус ажиллагаанаас учирсан хохиролд 174.356.000 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах”-аар маргаж байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаар шийдвэрээр:
“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаснаар “Улсын бүртгэлийн хууль бус ажиллагаанаас учирсан хохиролд 174,356,000 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“…Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0247 дугаар шийдвэрийг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нэг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ "...захиргааны байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох хоёр шаардлагыг ижил үндэслэлтэй гэж үзэхээргүй байна... Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэж байгаа болохоос бус өмчлөх эрхийг хөндөөгүй..." гэж тодорхойлсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтад болон холбогдох хуульд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлтийн агуулгаас үзэхэд шүүгч "урьд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон энэ захиргааны хэрэгт хамааралтай маргааны үйл баримт", "энэ хэргийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах маргааны үйл баримт"-ыг огт ойлгоогүйгээс маргааны үйл баримтад хамаарах Монгол Улсын Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны), Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн хувьд “өмчлөгчөөр тогтоолгох" агуулга бүхий үндэслэл, шаардлагыг шүүхэд гаргаагүй, харин "өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болсон бүртгэлийн байгууллагын ажилтны хууль бус үйл ажиллагаанаас улмаас учирсан хохирлыг арилгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Монгол Улсын Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт үл хөдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульчилсан ба энэ зүйлд заасныг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "...Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ..." гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна", 4.2 дахь хэсэгт "...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно..." гэж тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь бүртгэлээр баталгааждаг.
Гэтэл шүүх "эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэж байгаа болохоос бус өмчлөх эрхийг хөндөөгүй..." гэж дээрх хуулийн зохицуулалтуудад нийцээгүй дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч "Ж*******" ХХК нь "Баянгол дүүрэг, **** (цаашид "маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө” гэнэ)-ны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан", "улсын бүртгэгч нар уг өмчлөх эрхтэй давхардуулан А.Э******* гэх хүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль бус байсан" болохыг тус тус захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдсон байхад шүүх "өмчлөх эрхийг хөндөөгүй" гэж дүгнэсэн нь дээрх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болно.
Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хожим өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан иргэн Х.Ж******* маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд “...Х.Ж*******т маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдсан Л.Б******* нь тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш гэдгийг тэрээр мэдэх боломжгүй байсан, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу Х.Ж*******ыг өмчлөгч байна..." гэсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Дээр дурдсан захиргааны болон иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр бүртгэлийн байгууллагын ажилтнууд иргэн А.Э*******, түүний төрсөн ах А.Э*******ийн "Ө*******" ХХК-иас гаргасан хуурамч, хууль бус нотлох баримтыг нягталж, шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан бүртгэл хийх журам зөрчсөн зэрэг хууль бус үйлдлүүдийг тогтоосон, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч "Ж*******" ХХК маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхээ алдаж хохирсон, улсын бүртгэлийн байцаагч нарын хууль бус үйлдэл, "Ж*******" ХХК-д учирсан хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байгаа.
Иргэний хэргийн шүүхийн тус шийдвэрүүдийн улмаас "Ж*******" ХХК нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх боломжгүй болсон тул өөрт учирсан хохирлыг хууль бус шийдвэр гаргасан бүртгэлийн байгууллагын ажилтны ажилладаг Улсын бүртгэлийн газраас нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100 1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлага юм.
3.2. Анхан шатны шүүх "...нэхэмжлэгч "Ж*******" ХХК нь 64 тоот байрны үнэлгээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй...” гэх ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
Миний бие "хохирлоо 174.365.000 төгрөг гэж тооцон нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнтэй хариуцагч маргаагүй. Нэхэмжлэлийн үнийн дүнг зах зээлийн үнээс 20-оос 30 хувиар бага дүнгээр нэхэмжилж байгаа..." хэмээн маш тодорхой тайлбарласан.
Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн үнийн дүнг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үүнийгээ баримтаар нотлон маргах, албан ёсны үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргах эрх байсан боловч тэрээр энэ үнийн дүнтэй огт маргаагүй.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн үнийг үндэслэлтэй эсэхийг тогтоох ажиллагаа явуулах боломжтой байсан атлаа "байрны үнэлгээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй" гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
3.3. Анхан шатны шүүх "...нэхэмжлэгч "Ж*******" ХХК нь улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж өмчлөгчөөр бүртгүүлсэн буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 4-д "Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө..." гэж заасантай нийцэхээр байна..." гэх дүгнэлтийг хийхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийг буруугаар тайлбарлан хэрэглэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн зохицуулалт нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ажилтны хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байх, түүнийг зөрчсөн үйлдлийг нь зөвтгөх үндэслэл болохгүй.
Маргаан бүхий орон сууцны бүртгэлтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр бүртгэлийн ажилтнуудын үйлдэл нь хууль зөрчсөн болохыг тогтоосон байхад түүнийг бүртгүүлэх өргөдөл гаргасан этгээдэд нялзаан үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдэд ч өргөдөл гаргасан этгээдийн буруутай үйлдлээс бүртгэл хийгдсэн үйл баримт огт тогтоогоогүй болно.
3.4 Шүүх "... Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1976 дугаартай тогтоолоос үзэхэд "Баянгол дүүргийн улсын бүртгэл статистикийн хэлтсийн улсын эрхийн бүртгэгч нарыг А.Э*******ийн гаргаж өгсөн "Ж*******" ХХК-ийн тамга, тэмдэггүй баримт бичгийг үндэслэн компанийн эзэмшлийн орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн..." гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааснаас үзвэл энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах боломжгүй байна гэж үзлээ..." хэмээн хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэл болгон дүгнэлт хийжээ.
Энэ захиргааны хэргийн маргаанд үйл баримт нь хамаарах захиргааны хэрэг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны журмаар шийдвэрлэгдэж 128/ШШ2020/0676 дугаар шийдвэр гарсан ба тус шийдвэр нь Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1976 дугаар тогтоолоос үл хамаарч гарсан.
Тодруулбал, тус тогтоол нь тухайн шийдвэр бүхий хэрэгт авагдсан байсан ба энэ баримт шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
3.5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх тохиолдлуудыг заасан ба тус хэсгийн 75.2.4 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан.
Нэхэмжлэгч "Ж*******" ХХК нь хариуцагч улсын бүртгэлийн ажилтны хууль бус үйлдлийн улмаас маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхэд гэм хор учруулснаас үүссэн хохирлыг арилгуулах үүргийн шаардлагад хамаарах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаанд хамаарна.
Х.Ж******* Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/02696 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба энэ нь Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс "Ж*******" ХХК маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхгүй болж хохирол учирсан гэж үзнэ.
Тиймээс "Ж*******" ХХК нь хариуцагч улсын бүртгэлийн ажилтны хууль бус үйлдлийн улмаас маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхэд гэм хор учруулснаас үүссэн хохирлыг арилгуулахаар шаардах эрх энэ өдрөөс үүссэн ба тухайн өдрөөс хойш гурван жил таван сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.
Дээр дурьдсан тайлбар, үндэслэлийг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2026/0247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй, холбогдох хуулийн зохицуулалтын ялгаа заагийг бүрэн гүйцэд тайлбарлаж хэрэглээгүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Улсын бүртгэгч мэргэжлийн алдаа гарган бүртгэлийг буруу хийсний улмаас өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон бусад эрх эзэмшигчид хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хариуцлагын даатгалд даатгуулна”, 37.2-т “Улсын бүртгэгчийг хариуцлагын даатгалд даатгуулах даатгалын байгууллагыг сонгон шалгаруулах асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна”, 37.3-т “Улсын бүртгэгчийн хариуцлагын даатгалын хураамжийг төр хариуцна” гэж тус тус заажээ.
Гэтэл шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дээрх зохицуулалтын чухам аль нь энэ тохиолдолд хэрэглэгдэх, аль нь хэрэглэгдэхгүй болох, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчээс анхнаасаа иргэний болон захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй, гагцхүү Баянгол дүүргийн **** 67,06 мкв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс шалтгаалж, нэхэмжлэгчийн хувьд уг орон сууцны өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсний хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн, гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д “…орон сууцны бүртгэл хийсэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн хэдий ч өмчлөх эрхийн маргааныг шийдвэрлээгүй, худалдах, худалдан авах болон барьцааны гэрээний үр дагаврыг шаардах эрхийг хөндөөгүй тул Улсын бүртгэлийн газраас шууд 174.3 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэх нь …хуулийн заалтыг зөрчихөөр байхаас гадна …орон сууцны үнэлгээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, захиргааны байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох хоёр шаардлагыг ижил үндэслэлтэй гэж үзэхгүй…” гэсэн нь, энэ дүгнэлтээрээ чухам юуг илэрхийлээд байгаа нь ч тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ***тоот орон сууцыг өмчлөх эрх маргаан бүхий бүртгэлүүдийн улмаас зөрчигдсөн болохыг түүний гаргасан нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар нэгэнт дүгнэсэн төдийгүй холбогдох бүртгэлүүдийг хүчингүй болгосон, шийдвэрт дурдсан Иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчид хууль бус бүртгэлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж нь уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор бус, харин хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх байдлаар маргах нь илүү ач холбогдолтой гэж үзсэн байна.
2.Түүнчлэн “…шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9-д “…эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эрх хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа болохоос өмчлөх эрхийг хөндөөгүй…” гэсэн нь давж заалдах гомдолд дурдсанчилан огт үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэлд хууль бус бүртгэлийн улмаас өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон талаар, энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан буюу мэдүүлэгт хавсаргасан баримт бичгийн бүрдэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотлох баримтууд хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, өмнө нь өмчлөх эрх бүртгэгдсэн байсан зэргийг нягтлах, шалгах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй шууд холбоотой гэдгийг тодорхой тайлбарласан байхад эдгээрт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр, талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудалд дээрх байдлаар ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээтэй маргасан тохиолдолд нэхэмжлэгчээс тодруулах, шаардлагатай бол шинжээч томилох боломжтой, гэтэл шүүхээс энэ талаар ямар ч ажиллагаа явуулаагүй атлаа “…***тоот байрны үнэлгээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй…” гэж дүгнэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэнгүй.
3.Мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуульд заасан захиргааны байгууллагын гаргасан хууль бус үйлдлын улмаас учруулсан хохирлыг барагдуулах, төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах зохицуулалтыг тус тус тайлбарлахдаа “…гэм хор учруулагчийн үйлдэл, учруулсан гэм хор 2 шалтгаант холбоотой байх шаардлагатай…” гэж үзсэнээс бус энэхүү маргаанд харьцуулж дүгнээгүй, өөрөөр хэлбэл улсын байцаагчийн хийсэн бүртгэлийг шүүхээс хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон ч тухайн байцаагчийн гэм бурууг тогтоогоогүй, эсхүл ийнхүү тогтоосон эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчид хууль бус бүртгэлийн улмаас гэм хор учраагүйн чухам аль нь болох, эсхүл эдгээрийн аль аль нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “…тухайн бүртгэлийг хийсэн мэргэжилтэн н.Үүрийнтуяаг төрийн албанаас чөлөөлөн, давхардуулан бүртгэсэн бүх бүртгэлийг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосноор манай зүгээс зөрчил арилсан гэж үзэж байгаа…” гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “…нэр бүхий улсын бүртгэгч нарт хариуцлага хүлээлгэсэн, гэхдээ “Ж*******” ХХК-иас болсон үгүйг сайн мэдэхгүй…” гэж тус тус тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгагдсан, иймд хохирол шаардаж буй энэ тохиолдолд хууль бус бүртгэл хийсэн улсын байцаагчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн үндэслэл, холбогдох баримтыг цуглуулах нь маргааныг нэг мөр хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой.
4.Нөгөөтэйгүүр захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан гэх хохирлыг нэхэмжлэгчээс захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 жилийн дараа нэхэмжилсэнийг шийдвэрт дурдах болсон шалтгаан ойлгомжгүй, өөрөөр хэлбэл үүнийг хохирол нэхэмжлэх хуульд заасан хугацаатай холбоотой дүгнэлт гэж үзэхгүй.
Нэгэнт хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах гомдлын, тухайлбал Иргэний хуульд заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар, бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ алдсан болон улсын байцаагчийн хууль бус үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой байсан эсэх талаар, учирсан гэх хохирлыг 174.365.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй эсэх талаар тус тус дүгнэлт хийх боломжгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН