Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 0140

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга:Д.Чинзориг

улсын яллагч: М.Эрдэнэзаяа

шүүгдэгчийн өмгөөлөгч :С.Дашдорж

шүүгдэгч:Р.Гэрэлжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайж овогт Рагваагийн Гэрэлжаргалд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201725010282 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Тайж овогт Рагваагийн Гэрэлжаргал,1964 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,Тэнүүн-Огноо ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 21-3-26 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:ЦВ64102172,

Холбогдсон хэргийн талаар:

          Р.Гэрэлжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 12 дугаар байрны 26 тоотод С.Жаргалсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь архины шилээр зүсэж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

      Шүүгдэгч Р.Гэрэлжаргал   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед Нямдаваагийн гэрт буюу 12 дугаар байрны 26 тоотод Жаргалсайхан, Нямдаваа бид гурав 2 шил архи хувааж уусан. Нямдаваа согтоод унтсан. Жаргалсайхан бид хоёр хоорондоо “би ах, чи дүү” гэдгээс болж маргасан. Би Жаргалсайханд ахархахад тэр миний дүү болохгүй гэснээс болж хоорондоо маргасан. Тэгээд согтуу байсан учир би архины шил хагалаад Жаргалсайханы нүүрнийх нь баруун шанаанд нь нэг удаа зүссэн. Үүндээ одоо би их харамсаж байна. Тэгээд Жаргалсайханы нүүрнээс цус гарахаар нь би гэрээс гарч гүйгээд түргэн, цагдаа дуудсан. Түргэний эмчтэй нь цуг би Жаргалсайханыг 3 давхраас өргөж буулган машинд оруулсан. Маргааш нь Жаргалсайханыг би Госпиталын эмнэлэгт хагалгаанд оруулан, бүх зардлыг нь гаргасан. Эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Бүх зүйлийг би гаргасан. Эмнэлэгээс гарахад нь хохирол гэж 1.4 сая төгрөг өгсөн гэв.

   Хохирогч  С.Жаргалсайхан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр орой 21.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нямдаваагийн гэрийн гадаа байрлах дэлгүүрээс 2 шил стандарт архи аваад гарч явж байгаад Нямдаваа бид 2 Гэрэлжаргал гэх ахтай таарсан. Би тэр хүнийг өмнө нь таньдаг байсан бөгөөд хэд хэдэн удаа хамт архи ууж байсан. Ингээд Нямдаваа намайг гэрт орьё манайд хүн байхгүй гэж хэлэхээр нь Гэрэлжаргал ахыг дагуулаад Нямдаваагийн гэрт орсон. Гэрт ороод авсан архиа бид 3 хувааж  уусан. Архи ууж байх үед Гэрэлжаргал жоохон согтчихоод надтай хэрүүл хийгээд энд тэндхийн зүйл хамж яриад байсан. Яг юунаас болоод маргаад байснаа санахгүй байна. Ингээд би ширээний хажууд сууж байсан чинь Гэрэлжаргал уугаад дууссан байсан архины шилийг бариад толгойн дээр цохьсон. Шил ч хагарсан. Тэгснээ хагарсан шилээрээ миний баруун хацар луу хатгасан. Миний хацраас цус гараад би доошоо сандал дээрээсээ унаад жоохон байж байгаад ухаан алдсан байна лээ. Гэрэлжаргал намайг цохьчихоод  над руу агсраад чи намайг барахгүй шүү гээд байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-н 15-/

    Шүүгдэгч Р.Гэрэлжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сэрчин Дэмбэрэл гэх хүнтэй 1 шил архи  ууж дуусаад салж явж байгаад Жаргалсайхантай тааралдсан. Тэгээд Нямдаваагийн гэрт орсон. Гаднаас орохдоо 2 шил архи авч орсон бөгөөд тэр архийг Жаргалсайхан худалдаж авсан. Тэнд ороод архиа хувааж ууж байхдаа хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн би Жаргалсайханыг насилкан дээр эмчтэй өргөөд шатаар буулгаж байхдаа бүдэрч унаад ухаан орсон. Тэгээд гэртээ ороод унтсан. Өглөө гэртээ унтаж байхад цагдаа гэрт ирээд намайг барьж авч явсан. Би их амархан согтдог юм. Тэгээд юу хийснээ мэддэггүй юм. Тухайн үед Нямдаваа унтаж байсан гэсэн. Жаргалсайхан бид хоёр үлдсэн гэсэн тэгэхээр надаас өөр хэрэг хийсэн хүн байхгүй байх гэжээ. /хх-ийн 33/

     Гэрч  Д.Нямдаваа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гэрэлжаргал манай хажуу талын 21 дүгээр байранд амьдардаг юм. Бие биенийгээ таньдаг найзууд байгаа юм. Жаргалсайхан  бол 72 дугаар хотхонд хувийн  хаусанд амьдардаг. Хамт архи ууж танилцсан найзууд байгаа юм. 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр орой 23.00 цаг болох гэж байхад Жаргалсайхан манай  хажуу талын дэлгүүрээс 1 ширхэг 0.33 л, 1 ширхэг 0.75 л стандарт архи аваад манай гэрт орж ирсэн. Архи ууж байхдаа би нойл орчихоод гараад ирсэн чинь Жаргалсайхан Гэрэлжаргал 2 чи  би дээрээ тулчихсан бие биенийгээ хэл амаар доромжлоод хоорондоо маргалдаж байсан. Тэгээд би бүүр согтоод тасраад уначихсан байлаа. Би тасраад уначихсан байхад Жаргалсайхан миний хөлийг татаад найзаа сэрээрэй найз нь болохоо байлаа эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Би босоод харсан чинь Жаргалсайханы баруун эрүүнээс нь цус олгойдож гарч байсан. Ингээд би эмнэлэг дуудах гэсэн боловч утас байхгүй байсан учир гарах гэсэн чинь Гэрэлжаргал өөдөөс орж ирж таарсан ба тэрээр би түргэн дуудчихлаа гэсэн. Намайг Жаргалсайхан сэрээхэд Гэрэлжаргал гэрт байхгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа түргэн 2 зэрэг шахам ирсэн. Тэр хоёр зүгээр архи ууж сууж байснаа л хуц хулгайч дээрээ хүрээд хэрэлдээд байсан.  Тэгээд би боль боль гэж болиулсан. Уг нь тийм их сүрхий маргалдхаар зүйл болоогүй юм. Бид өмнө нь хамт архи ууж л байсан гэхдээ ийм зүйл болж байгаагүй гэжээ.  /хх-н 17/

      Гэрч Д.Цэрэндаш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Гэрэлжаргалын эхнэр Байгалмаагийн төрсөн ах нь байгаа юм. Гэрэлжаргал манай хүргэн болоод 30 гаран жил болж байна. Манайд хүргэн болсноос хойш гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.  Хааяа нэг архи уудаг юм. Одоо энэ хоёр 2 хүүхэдтэй ба хүүхдүүд нь том болцгоосон. Гэрэлжаргал үг дуу цөөтэй томоотой залуу байгаа юм. Би хамт архи ууж байгаагүй болохоор ямар зантайг нь сайн мэдэхгүй гэжээ.  /хх-н 18/

     Гэрч  Д.Байгальмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гэрэлжаргал бол миний нөхөр байгаа юм. Бид хоёр хамт амьдраад 30 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Гэрэлжаргал өөрийн хүү Жамсранжавын гэрт ач охиноо харж байсан болохоор гэртээ байгаагүй. Тэр өдөр Гэрэлжаргал гэртээ ганцаараа өнжсөн. Би маргааш нь цагдаа дээр дуудагдаж очоод хэргийн талаар мэдсэн. Гэрэлжаргал архи хааяа л уудаг. Архи уухаараа янз бүрийн зан гаргадаггүй л юм. Архийг хааяа л уудаг. Их дуугүй хүн байгаа юм. Манай нөхөр 1964 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Автобусны жолоочоор 20 гаран жил ажиллаж байна гэжээ. /хх-н 19/

     Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-н 20/

     Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1257 тоот акт:

1.С.Жаргалсайханы биед баруун хацарт нүүрний мэдрэл гэмтээсэн том гүн шарх, дух, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-н 21/

     Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-н 22/

   2017.01.24-гий өдрийн 914 дугаартай  шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн шилний хагархай хэсэг дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна гэжээ.  /хх-н 25/

    2017.01.13-ны өдрийн 459 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн архины шилний хагархай хэсгүүдээс гарын мөр нь илэрсэнгүй гэжээ. /хх-н 23-24/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 26-29/

  Шинжээч эмч М.Энхтайван мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Дээрх гэмтэл нь нүүрний баруун хацрыг хамарсан зөөлөн эдийн зүсэгдсэн шарх байсан. Нүүрний засаршгүй хүнд гэмтэл гэдэг нь нүүрний хэлбэр дүрсийг алдагдуулж, нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан тохиолдолд хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь засрашгүй, нүүрний төрхийг илтэд өөрчилсөн гэмтэлд хамаарахгүй бөгөөд эрүүл мэндийг сарниулах хугацаагаараа хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.  /хх-н 58/

 Р.Гэрэлжаргалыг Д.Цэрэндаш, Д.Байгальмаа  нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 30-31/

       Р.Гэрэлжаргалаас хохирогч С.Жаргалсайханд хохирлын мөнгө 1.400.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт/ хх-н 38/, өвчний түүхийн хуулбар /хх-н 39-52/

        Р.Гэрэлжаргалыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл,яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-32-35/

          Р.Гэрэлжаргалын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 56/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 61-62/ зэрэг болно.

         Р.Гэрэлжаргал нь  2017 оны 01 дүгээр сарын 03-ны орой 19.00 цагийн үед  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 12 дугаар байрны 26 тоотод С.Жаргалсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь архины шилээр зүсэж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

        Хохирогч С.Жаргалсайханы биед баруун хацарт нүүрний мэдрэл гэмтээсэн том гүн шарх, дух, эрүүнд шарх гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-н 21/

  Хохирогч  С.Жаргалсайханы  мөрдөн байцаалтад  өгсөн …. Архи ууж байх үед Гэрэлжаргал жоохон согтчихоод надтай хэрүүл хийгээд энд тэндхийн зүйл хамж яриад байсан. Яг юунаас болоод маргаад байснаа санахгүй байна. Ингээд би ширээний хажууд сууж байсан чинь Гэрэлжаргал уугаад дууссан байсан архины шилийг бариад толгойн дээр цохьсон. Шил ч хагарсан. Тэгснээ хагарсан шилээрээ миний баруун хацар луу хатгасан. Миний хацраас цус гараад би доошоо сандал дээрээсээ унаад жоохон байж байгаад ухаан алдсан байна лээ. Гэрэлжаргал намайг цохьчихоод  над руу агсраад чи намайг барахгүй шүү гээд байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг  /хх-н 15/

    Шүүгдэгч Р.Гэрэлжаргалын өгсөн …  Жаргалсайхан бид хоёр хоорондоо “би ах, чи дүү” гэдгээс болж маргасан. Би Жаргалсайханд ахархахад тэр миний дүү болохгүй гэснээс болж хоорондоо маргасан. Тэгээд согтуу байсан учир би архины шил хагалаад Жаргалсайханы нүүрнийх нь баруун шанаанд нь нэг удаа зүссэн. Үүндээ одоо би их харамсаж байна. Тэгээд Жаргалсайханы нүүрнээс цус гарахаар нь би гэрээс гарч гүйгээд түргэн, цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

        Р.Гэрэлжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Хохирогч С.Жаргалсайханд эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуусан ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэх зохих   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Р.Гэрэлжаргал нь  цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.3,55.1.9 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хорыг арилгасан  зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Тайж овогт Рагваагийн Гэрэлжаргалыг бусдын биед хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Р.Гэрэлжаргалыг  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснааар  Р.Гэрэлжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Р.Гэрэлжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Р.Гэрэлжаргалд оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст  даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Гэрэлжаргалд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

  

 

 

                           ДАРГАЛАГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН