Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 118/ШШ2021/0016

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлага бүхий иргэн Н.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар Хөдрөг багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан юм. Гэтэл сумын Засаг дарга Ч.******* нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/11 дүгээр захирамж гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөллөө. Сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалт, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн боловч баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэр гаргана гэсэн заалтаа зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, багийн Засаг даргыг чөлөөлөх талаар иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй байхад багийн Засаг даргын ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. ...Б/11 дүгээр захирамжид Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэл байх боловч, хуульд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон талаар иргэдийн Нийтийн Хурлын санал байхгүй байж, ямар нөхцөл байдал, шийдвэрийн улмаас бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хэмээн үзэж байгаа нь мөн тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн багийн Нийтийн Хурал хуралдаагүй дараагийн багийн Засаг даргыг хуулийн дагуу томилоогүй атал ийнхүү шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Аливаа захиргааны байгууллага эсхүл түүний төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий этгээд шийдвэр гаргахаас өмнө тухайн хэрэгт оролцогчийг урьдчилан сонсох буюу тайлбар авах санал гаргах боломжоор хангах ёстой талаар Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг. Гэвч сумын Засаг дарга нь Б/11 дүгээр захирамж буюу захиргааны акт гаргахаасаа өмнө надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, тайлбар, санал авалгүй шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж байна. Иймд ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н.******* би Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Ч.*******т холбогдуулан гаргасан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхээр даалгах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү. Энэ асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь ******* сумын Засаг даргад холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Н.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан болохыг баталсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар Н.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ