Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/458

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          11            27                                                    2023/ШЦТ/458

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү,

Хохирогч Н.Л, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С-т холбогдох эрүүгийн дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  С, 1996 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.С нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Н.Лгийн эзэмшлийн монгол гэр болон гэр дотор байсан 56 нэр төрлийн эд зүйлийг шатааж 30 032 050 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.  

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “С нь 2023 оны 02 дугаар сарын буюу цагаан сарын үеэр манай бага хүү Отгонболдын хамт манай гэрт ирсэн. Тэгээд манай хүүтэй танилцаад хамт амьдрах талаар ярих үед нь тоохгүй өөр хоорондоо болох байлгүй гэж бодоод тухайн Сийг өөрийн гэрийн ойролцоо байх амралтын газруудад ажилд оруулсан боловч тухайн газруудаас хулгай хийгээд ажлаас нь гаргасан. Тэгээд Сийг 3-4 сарын хавьцаа манайх хүүхэдтэйгээ суулгахгүй гээд гэрт нь хүргэж өгсөн.

2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би Улаанбаатар хот руу 04 цагийн үед эхнэрийн дүүг эргэхээр явсан. Улаанбаатар хотод очиж хүн эргэчхээд гэр лүүгээ явж байхад амралтын газрын эзэн Энхмаа над руу залгаад амралтын газарт гал гарч байгаа талаар хэлсэн. Намайг очиход гэрийн 60-70 хувь нь шатсан байсан. Хөрөнгийн үнэлгээгээр гаргасан 30 032 050 төгрөгийн хохирлоос 6 750 000 төгрөгийг нөхөн төлсөн үлдэх 23 282 050 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Эхний удаад шатаагүй, дахин гүйж ирээд шатаасан байсан.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

Гэрч өгсөн: “Н.Л гэх хүнийг 2022 оны хавраас эхлэн таньдаг болсон. Би амралтын газраа сахиулаар ажиллуулж байгаа юм. 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад ойр орчмын хүмүүс над руу залгаад танай  хашаанд утаа гараад байна гэж хэлсэн. Тэгээд би манаач Н.Л руу утасдаж хэлсэн. Надад учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /хх 20-21, 23/,

Гэрч өгсөн: "...барилгын туслах ажилтан хийж байсан. 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед ажиллаж байсан газрын ертөнцийн зүгээр зүүн талын уулын энгэрээр нэг эмэгтэй хүн тухайн гал гарсан газрыг чиглээд алхаж явсан. Хэсэг хугацааны дараа тухайн эмэгтэй буцаад шороон зам дагаад алаг нохой дагуулсан гүйж байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй гарч явсан газарт гэрийн урд хэсгээр хар утаа их хэмжээгээр гараад шатаж эхэлсэн." гэх мэдүүлэг /хх 25-26/,

Гэрч өгсөн: "...бараан өмдтэй, яагаан, цагаан юмуу гэмээр цамцтай, ганцаараа алаг нохой дагуулсан байсан. Тухайн газар машин тээврийн хэрэгсэл харагдаагүй." гэх мэдүүлэг /хх 28-29/,   

Шүүгдэгч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай эгч Нарангэрэл Баянзүрх дүүргийн 17-р хороо Эрдэнэтолгойн-2 гэх газар Од нэртэй дэн буудал ажиллуулдаг. Би завтай үедээ очиж тусалдаг байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сараас эхэлж Отгонболд миний утас руу ярьж эхлээд таньдаг болсон. Тухайн үед Отгонболд эгчийн ажиллуулдаг дэн буудлын хажууд үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт ажилладаг байсан. Тэгээд Отгонболдтой ярьж, уулзсаар байгаад 2022 оны 12 дугаар сарын дундуур Отгонболд Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р баг Аялгуут амралтын газар газар очиж аавтайгаа танилцуулсан. Аав тус газар манаач хийдэг байсан. Аавтайгаа танилцуулснаас хойш Отгонболдын зан ааш эрс өөрчлөгдөж явсаар 2023 оны 4 дүгээр сард хоёр тийшээ болсон. Тэгээд 2023 оны 3 дугаар сард жирэмсэн болсноо мэдээд Отгонболдод хэлэхэд чиний гэдэс нь дотор байгаа шээс чинь миний хүүхэд биш гэж хэлсэн. Би хүүхдээ аавгүй болгочихгүйн тулд хойноос нь их явдаг байсан.

2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод байх Нарангэрэл гэдэг эгчийнхээс 12 цагийн үед гараад Налайх дүүрэг рүү автобусаар явж очоод цааш явган алхаж байгаад замын унаанд сууж явсаар Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэг ороод өмнө нь жирэмсний хяналтад тэнд байсныг Улаанбаатар хот руу шилжүүлэх гээд очиж уулзаад буцаж замын унаад суугаад Отгонболдын аавынх нь гэрийн ойролцоо буугаад цааш явган явсаар гэрт нь очиход хүнгүй байхаар нь хаалганых нь цоожийг татаж онгойлгоод гэрт нь орж орон дээр сууж байгаад гэрээс гараад хаалганы баруун талын хаяаны гадна цагаан даавууг нь гэрээс авч гараад чүдэнзээр асаачхаад бостол гал унтрахаар нь буцаж очиж асаагаад шууд доош төв зам руу яваад замын унаанд суугаад Улаанбаатар хот руу яваад Нарангэрэл эгчийнд байж байтал 23 цагийн үед Отгонболдын аав болон ах нар нь ирж намайг аваад явсан. Би Отгонболдод маш ихээр гомдож үүрэг хариуцлагаа хүлээх байтал тэгэхгүй өөрөөсөө холдуулж, байнга худлаа ярьж, миний хүүхэд биш гэж хэлж байгаад маш ихээр гомдсондоо ийм үйлдэл хийсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 6 200 000 төгрөг төлсөн, үлдэх хохирлоо төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх 31/,  

"ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ны 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 07/157 дугаартай: “Иргэн Н.Л-гийн эзэмшлийн 56 нэр төрлийн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ 2023.5.26-ны өдрийн байдлаар 30 032 050 төгрөг болно.” гэх үнэлгээний тайлан /хх 36-104/,

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-9/, хяналтын камерын бичлэг бүхий DVD, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.С нь хамтран амьдрагч хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар түүний эцэг Н.Л-гийн 5 ханатай гэр, гэр доторхи эд хөрөнгөд гал тавин шатааж 30 032 050 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

 

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон гэж үзэн байх тул шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох санал гаргав.

  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.С нь эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Дарви суманд засаг захиргааны бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өөр ногдох эд хөрөнгөгүй, орох орлогогүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Улсын яллагч шүүгдэгчид гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэн хүлээн авах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, өөрт ногдох хөрөнгө орлогогүй, 35-36 долоо хоногтой жирэмсэн болох нь шүүх хуралдаанд ирүүлсэн жирэмсний карт, эмчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнд торгох эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй болохыг дурдав.  

 

            Шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож,

            шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

                              

Шүүгдэгч Д.С  хохирогч Н.Л-д 30 032 050 төгрөгийн хохирол учруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлнээр 4 600 000 төгрөг, хувцасны шкаф, хоолны шүүгээ, зурагт, угаалтуур зэргийг биет байдлаар 2 150 000 төгрөгөөр тооцож нийт 6 750 000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх 23 282 050 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Лд олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгтэй 1 ширхэг DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

          

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бага хэмжээнээс дээш буюу 30 025 050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулсугай.            

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас 23 282 050 /хорин гурван сая хоёр зуун наян хоёр мянга тавь/ төгрөг гаргуулж Л-д олгосугай.

 

6.Шүүгдэгч Д.С-т оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгтэй 1 ширхэг DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8.Эрүүгийн - дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ