Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 53

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Улсын яллагч Ц.Ирэрмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч М.Ц- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар  татах тогтоол баталж ирүүлсэн Бүргэд овгийн Мөнхжаргалын Ц-д холбогдох 201714000017 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Б овгийн М-ын Ц-, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт ** аймгийн ** сум ** багийн ** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:хх**************/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч М.Ц- нь 2016 оны 12 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт байрлах “Эрдэнэт хүнс” хүнсний дэлгүүрт Л.Б-тэй хэрүүл маргаан хийж, харилцан зодолдсны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлжээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.Б-ийн “Манай төрсөн дүү Б- Солонгос улс руу явсан юм. Тэгсэн манай байрны хажууд байдаг дэлгүүрийн худалдагч Ц- манай дүүд 120 000 төгрөг зээлсэн, тэрнийгээ авна гэж надаас мөнгө нэхсэн. Тэрнээс болж бид хоёр хэрүүл маргаан хийх болсон. Энэ асуудал 2016 оны 11 сараас эхэлсэн. Сүүлдээ миний мессенжерээр таны зургийг фейсбүкээр цацлаа, хадмуудад чинь хэлнэ гэх мэтээр юм бичээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь 2016 оны 12 сарын 13-ны өдөр 5-23 дугаар байрны ард байрлах хүнсний дэлгүүр дээр нь очсон. Ц-д яахаараа чи ингэж байгаа юм гэж хэлэхэд миний дэлүүрээс зайл, удмын луйварчид гэх мэтээр хэлж лангууныхаа араас гарч ирж, миний хоолойг багалзуурдаж толгойгоор хана руу мөргүүлж, хүзүү, гараас маажиж, дэлгүүрээс түлхэж гаргасан. Намайг үүдээр гарч амжаагүй байхад хөлийг минь хаалгаар хавчиж савуулан хаасан. Би дэлгүүрээс гараад хаалгыг нь эргэж шагайгаад танай дэлгүүрийг 2 дахь өдөр архи зардгийг хэлнэ гэж хэлээд явсан. Гэртээ орсноос хойш бараг 2 цагийн дараа араас Ц- орж ирээд хэрүүл маргаан хийж, мессенжерээр элдэв янзаар хэлээд байхаар нь цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “Л.Б-ийн биед тархи доргилт, хүзүү, зүүн сарвуунд 10 тооны шалбархай, зүүн бугалга, зүүн өвдгөнд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-17-р хуудас/

 

3. Шүүгдэгч М.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2016 оны 12 сарын 13-ны өдөр надаас мөнгө зээлээд Солонгос явсан Б- гэж залуугийн эгч Б- 20 цаг өнгөрч байхад миний түрээслэн ажиллуулдаг 5-23-р байрны ард талд байрлах Эрдэнэт хүнсний дэлгүүрт орж ирээд мессенжерээр бичсэн зүйлийг уншчаад хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би гар гээд Б-ийг түлхсэн чинь намайг үсдээд нуруу руу цохисон. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Тэгээд Б-ийг гаргаж явуулсан. Тэгээд гэртээ ирсэн чинь мана йнөхөр Б-ийг ирж хаалга нүдэж өшиглөж байгаад явлаа гэж хэлж байсан. Тэгхээр нь би Б-ийг гэрт очиж Б- болон нөхөртэй нь уулзаж хэлсэн. Тэгсэн шал өөр юмны талаар яриад, намайг намайг өшиглөж аваад гэрээсээ түлхэж гаргахаар нь хаалгыг нь савж хаахдаа хөлийг нь хавчуулсан. Тэгээд хэрүүл маргаан хийгээд өнгөрлөө гэж бодож байсан чинь маргааш нь Б- цагдаад өргөдөл гаргасан байсан” гэсэн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Хохирогч М.Б- нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Л.Б- миний бие хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал байхгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц- нь мэдүүлэг өгөхгүй гэсэн бөгөөд түүний өмгөөлөгч М.Энхтуяа мэтгэлцэхдээ “М.Ц-гийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас оролцож байгаа. Ц-гийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчоос уучлалт гуйж сайн дураар эвлэрсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хохирогч өөрийн биеэр ирж хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлтээ гаргаж өгсөн. Иймд М.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шүүгдэгч хохирогч нар сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Ц- нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хүнс” хүнсний дэлгүүрт Л.Б-тэй маргалдаж харилцан зодолдсны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Б-ийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ц- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овгийн М-ын Ц-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч М.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС