| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2019/0319/Э |
| Дугаар | 2020/ДШМ/30 |
| Огноо | 2020-04-15 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2020/ДШМ/30
2020 оны 04 сарын 15 өдөр Дугаар: 30 Зуунмод
Э.А-, Ж.С- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Гансувд,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/231 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/231 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдолдоо: “Тус шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүхээр Ж.С-, Э.А- нарт холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн хэрэгт 4-3.8 жилийн хорих ял оноож шийтгэсэн шүүхийн шийдвэрт Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн хэмээн хүлээн аваагүй тул хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатанд гаргасныг 2020.03.13-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Миний бие нэмэлт өмгөөлөгчөөр оролцохоор ар гэрийн хүсэлтийн дагуу гэрээ хийж 2010.02.19-ний өдөр хэргийн материалтай АШ-ны шүүх дээр ирсэн үед нь танилцахад, дөнгөж манайд ирээд байгаа хугацаа нь болоогүй, гэсэн бөгөөд шүүгдэгч магадлалаа хэзээ авсаныг бичээгүй, туслахаас ч асуугаагүй, анзааралгүй, буруу бодоод явсан, давах дээр танилцах боломжгүй байсан. Энэ хугацаанд тэмдэглэлт баяр болоод улс орон даяар тогтоосон онцгой дэглэмийн улмаас гомдлоо өгөх 4 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Хэргийн материал бол бусад зүйлийг судлах, шүүгдэгчтэй уулзах зэрэгт зарцуулахад нийтдээ амралт, баяр ёслолын болоод хорионы хугацаатай давхцан, нийт ажлын 9-н өдөр л таарсан буюу надад олдсон бол би амжиж гомдлоо бичиж дууссан /шүүгдэгч маань ШШГЕГазрын харьяа Улаанбаатар дахь хорих дамжингаас Өвөрхөнгай аймаг, Хархорин дахь хорих ангид шилжин очсон тул гомдлоо танилцуулах цаг хугацаа орон зайн хувьд богино амжуулахыг хичээсэн боловч хэтэрсэн байх боловч ЭХХШТ Хуулийн 38.2 дугаар зүйлийн хугацаа хэтрүүлсэн болохыг хүсэлт гаргасан өөрөө нотлохыг заасны дагуу хүсэлтдээ дурьдаагүй нь миний буруу бөгөөд би элэгний хорт хавдрын улмаас хагалгаанд орсон хяналтад байдаг бөгөөд тухайн үед бие халуурч, 2020 оны өдрөөс эмчдээ үзүүлж, шинжилгээ өгч, зөвлөгөө аван “эрсдэлтэй бүлэгт орох хүн тул хорих дэглэм сахиж өөрийгөө тусгаарла” гэсний дагуу /өөрийн хувийн болон өвчний нууцын тухай дэлгэхээс аргагүй болсонд хүлцэл өчье/ улс орон даяар төдийгүй дэлхий даяар дэгдсэн аюулт өвчний улмаас удаа дараа өндөржүүлсэн хөл хорио хязгаарлалт тавьж, аймшигт өвчний сэрэмжлүүлэг болоод, мөн өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй, эмчийн зөвлөгөө дүгнэлтийн дагуу хугацаа дуустал явж чадаагүй, дээрх шүүгдэгч Ж.С- УДШ-ийн гомдлыг хүргэж амжилгүй 4 хоног хугацаа хэтрүүлсэн тул миний хувийн цэвэр хүндэтгэх шалтгаан, болон дээрх аргагүй нөхцөл байдлуудыг ойлгож, харгалзан мөн шүүгдэгчийн гомдол гаргах эрхийг хүндэтгэж үзэж гаргасан гомдлыг хянан үзэж, гомдлын хугацааг сэргээж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээж авсан баримт хэрэгт авагдсан байна. 02 дугаар сарын 10-ны өдөр нэмэлтээр А.Энхбуйр өмгөөлөгчтэй гэрээ байгуулж өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан байсан. 03 сарын 06-ны хооронд Улсын Дээд шүүхэд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Өмгөөлөгчид гомдол гаргах хугацаа хангалттай байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг оролцогч нарт гардуулсан тэмдэглэл бол маш тодорхой хэргийн материалд авагдсан байгаа. Гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны магадлалыг хүчин төгөлдөр болгох хугацааг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ДШМ/04 дугаартай магадлалыг шүүгдэгч Ж.С- 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг 2020 оны 02 дугаар сарын 06-ний өдөр тус тус гардаж авсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болж байна.
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч Ж.С-ын ах Ж.Баянбаатар өмгөөлөгч А.Энхбуйртай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, шүүгдэгчийн өмгөөлөгч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцсан баримт хэрэгт авагджээ. Өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байх бөгөөд шүүх 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 2019/ШЗ/231 дугаартай шүүгчийн захирамжаар түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа нь “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ болон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан өдрүүдэд хамаарч байгаагаас гадна өмгөөлөгч дээрх хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар хөл хорионы дэглэм сахих шаардлагатай байсан болох нь түүний тайлбар, эмнэлгийн болон эмчлэгч эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаанаар өмгөөлөгч гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах...эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг хангах суурь зарчимд нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 2019/ШЗ/231 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 11.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/231 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 38.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.А-, Ж.С- нарт холбогдох 1934000000103 дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
3. Давж заалдах шатны шүүхийн тогтоолд хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Г.БОЛОРМАА