| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0923/З |
| Дугаар | 221/МА2026/0332 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2026/0332
Ө.Г*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******
Нэхэмжлэгч: Ө.Г*******
Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Г*******г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0292 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ө.Г*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******
Хариуцагчийн өмгөөлөгч С.У*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0923/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Г*******гөөс Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад холбогдуулан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Г*******г урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0292 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Г*******гийн нэхэмжлэлтэй, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад холбогдуулан гаргасан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/109 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Г******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Төрийн албан хаагч Л.Б*******ийг төрийн албанаас чөлөөлсөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар тогтоол гарсан. Тухайн үед нэхэмжлэгч нь энэхүү тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Уг нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд буюу 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрийн албан хаагч Л.Б******* нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Т.И*******т хандан “...тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2025 онд тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа. Иймд 2025 оны төсөвт тэтгэвэр тогтоохдоо авдаг нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг суулгаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Энэхүү хүсэлт нь Т.И******* даргаас Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт буюу нэхэмжлэгч Ө.Г*******д цохогдож ирсэн байсан. Уг хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Ө.Г******* 2025 оны төсөвт Л.Б*******ийн тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийнх нь зардлыг суулгуулсан.
Улмаар Л.Б*******ийн дээрх хүсэлтийн дагуу Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон байдаг. Уг тушаал нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа бөгөөд Л.Б******* нь уг тушаалтай холбоотой ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаагүй, түүнтэй холбоотой асуудал шийдвэрлэгдэж дууссан байхад түүнийг төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Л.Б*******ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Т.И*******т хандан гаргасан дээрх хүсэлтийг хэрэгт нотлох баримтаар гаргуулахаар өмгөөлөгч миний бие 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандан хүсэлт гаргасан боловч уг нотлох баримт ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болж, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж холбогдох чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон харьяа дүүрэгт шилжүүлсэн байдаг. Тухайн цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч шийдвэр гаргах боломжгүй болсон байхад 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр маргаан бүхий акт гарч төрийн албанаас халсан нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан үндсэн болон хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжгүй болж, түүний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн билээ.
Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 76.5-д “Энэ хуулийн 76.4-д заасан эрх бүхий этгээд нь мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 7 хоногийн дотор хариу мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд дээрх зохицуулалт нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтан буруутай байх нөхцөлд хэрэглэгдэх зохицуулалт юм.
Дээрхээс үзэхэд Л.Б*******тэй холбоотой гарсан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш бөгөөд энэ явцад буюу 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Л.Б******* өөрөө өндөр насны тэтгэвэрт гарах өргөдлөө гаргаж, түүний өргөдлийг үндэслэн нэг удаагийн тэтгэмжийг төсөвт суулгаж, өндөр насны тэтгэвэрт гаргасан нь мөн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш юм.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4, 76.5-д заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр “...Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 04/2522 дугаартай албан бичгээр “...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргын албан тушаалд Л.Б*******ийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг хуулийн хүрээнд гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг мэдэгдэж, ...энэ үүргээ биелүүлэхгүй бол үүрэгт ажлаас чөлөөлөхийг дахин мэдэгдсэн байна...”, гэвч нэхэмжлэгчээс 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 01/625 дугаартай албан бичгээр “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүлээн аваагүй хүлээж байна...” гэх утга бүхий албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, нэхэмжлэгчийн “...Л.Б******* тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан тул 2025 оны улсын төсөвт буцалтгүй тэтгэмжийн суулгуулах хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн...” гэх тайлбар үндэслэлгүй, учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэж байгаа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан болон Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/14831 дугаартай захирамж зэргээр Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
3.2.Э.Б*******ийг төрийн албанаас чөлөөлсөн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаар тогтоолоор хүчингүй болгож, Э.Б*******ийг Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилохыг үүрэг болгосон.
Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар өмнөх Б/66 дугаар тушаалаа хүчингүй болгож, Э.Б*******ийн өмнө ажиллаж байсан чиг үүрэг хасагдсан байсан учир түүний албан тушаалын зэрэглэлийг 1 шатаар ахиулж Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцагчийн албан тушаалд шилжүүлэн томилж, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлсэн билээ.
Гэтэл Э.Б******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явагдаж байгаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0215 дугаартай шийдвэр гарч Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Б*******ийг өмнө ажиллаж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгасан.
Уг шүүхийн шийдвэрийг тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/3138 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хүргүүлсэн байдаг. Хариуцагч давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байсан боловч давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй байх хугацаанд буюу Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж холбогдох чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон харьяа дүүрэгт шилжүүлсэнээр давж заалдах гомдол гаргах боломжгүй болж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. Дээрх нөхцөл байдал нь мөн Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4, 76.5-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна.
Гэтэл шүүхээс “...Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 286 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Б*******ийг Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилохоор заасныг биелүүлэхгүйгээр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцагчийн албан тушаалд томилсныг Э.Б******* эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0215 дугаар шийдвэрээр Э.Б*******ийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 5 дугар сарын 01-ний өдрийн Б/66 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтсийн албан тушаалд эгүүлэн томилсон нь нэхэмжлэгч Ө.Г*******г Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй болохыг нотолж байна. Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Г******* ньТөрийн албаны зөвлөлийн 2024 оны 27, 286 дугаар тогтоолуудыг биелүүлэхгүйгээр байсаар тухайн байгууллага татан буугдсан нөхцөл байдал нь Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Ө.Г******* нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 27, 286 дугаар тогтоолуудыг биелүүлээгүйгээс Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, төрийн албанаас чөлөөлөгдөх нөхцөл шалтгааныг үүсгэсэн байх тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Ө.Г*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/109 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0292 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, зарим үндэслэлийг зөвтгөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Нэхэмжлэгч Ө.Г******* Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Б/114 дүгээр тушаалаар Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Л.Б*******ийг “…тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу цаашид үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагагүй…” гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөнийг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 27 дугаар тогтоолоор;
-2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар “…Нийслэлийн Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар өөрчлөн байгуулагдаж, тус газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэний чиг үүрэг хасагдсан…” гэсэн үндэслэлээр Э.Б*******ийг төрийн албанаас түр чөлөөлсөнийг Төрийн албаны зөвлөлийн мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож, Л.Б*******, Э.Б******* нарыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан байна.
Маргаан бүхий тушаалыг гаргах болсон Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад хүргүүлсэн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02/169 дүгээр мэдэгдэлд нэхэмжлэгч Ө.Г*******г дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөхийг шаардсан байх бөгөөд харин шийдвэрт хийсэн дүгнэлтүүдийн 27 дугаар тогтоолыг биелүүлээгүйд хамаарах хэсэг нь үндэслэлгүй, 286 дугаар тогтоолд хамаарах нь үндэслэлтэй болжээ.
2.Хугацааны хувьд энэхүү мэдэгдэлд ч, мөн шийдвэрт ч нэхэмжлэгчийг 27 дугаар тогтоолын тухайд уг тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр нь үүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7040 дүгээр захирамжийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 818 дугаар тогтоол гарснаар биелүүлэх үүрэг үүссэн гэж дүгнэсэн, гэтэл Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэсний дагуу Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Ө.Г*******г Төрийн албаны зөвлөлийн энэхүү тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг бүруутгахгүй, мөн “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа “…Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар захирамжаар мөн л нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан…” талаараа Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 01/52 дугаар албан хүсэлтдээ дурдсан байгаагаас,
-түүнчлэн 27 дугаар тогтоолыг биелүүлж, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар “Л.Б*******ийг ажлаас чөлөөлсөн тухай” 2023 оны Б/144 дүгээр тушаалаа хүчингүй болсонд тооцож, улмаар түүний гаргасан хүсэлтийг үндэслэн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул мөн өдрөөр төрийн албанаас чөлөөлж, буцалтгүй тусламжид 29.203.702 төгрөг олгохыг Сүхбаатар дүүргийн Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн санхүүд зөвшөөрсөн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 27 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхгүй гаргасан гэж үзэхгүй.
Гэтэл шийдвэрт 27 дугаар тогтоолыг биелүүлээгүй гэж дүгнэхдээ Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 4831 дүгээр захирамжийг буруу тайлбарласан, энэ нь Л.Б*******ийн үргэлжлэн ажиллах бус харин өөрийг нь анх хууль бусаар чөлөөлсөн 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн ээлжийн амралтын цалин зэргийг гаргуулах шаардлага бүхий иргэний маргаан байна.
Гэхдээ Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Б*******ийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байгааг нэхэмжлэгчид үл хамаарах асуудал гэж үзлээ.
Иймд Л.Б*******ийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Т.И*******т гаргасан “…тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн тул 2025 онд тэтгэвэрт гарах хүсэлтэй байна. 2025 оны төсөвт нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг суулгаж өгнө үү…” гэсэн хүсэлтийг шүүх нотлох баримтаар авсан эсэхээс үл хамаарч энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай тогтоогдож байгаа, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.
Учир нь тушаалын үндэслэл болсон өмнө дурдсан мэдэгдэлд зөвхөн Л.Б******* төдийгүй мөн Э.Б*******тэй холбоотой тогтоолын хэрэгжилтийн талаар тусгасан байдаг.
3.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 286 дугаар тогтоолтой нэхэмжлэгчээс маргаагүй, гэхдээ мөн оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар өмнөх 66 дугаар тушаалаа хүчингүй болсонд тооцож, улмаар Э.Б*******ийг урьд эрхэлж байсан бус харин Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд шилжүүлэн томилсоноо уг тогтоолыг биелүүлсэн гэж, мөн ийнхүү өөр ажилд томилох болсон шалтгаанаа түүний өмнө ажиллаж байсан чиг үүрэг хасагдсан гэж тус тус тайлбарлах боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 215 дугаар шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу Э.Б*******тэй тохиролцолгүйгээр шилжүүлсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл түүний хүсэл зоригоос гадуур, Төрийн албаны зөвлөлийн тогтоолд зааснаас өөр байдлаар шийдвэр гаргасныг хуульд нийцээгүй гэж дүгнэсэн, түүнчлэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2025 оны А/01 дүгээр тушаалаар шинэчилэн баталсан тухайн байгууллагын албан тушаалын жагсаалтад нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалтай ойролцоо буюу Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтсийн Хамгаалал шаардлагатай хүүхдэд чиглэсэн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаал сул байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсоны дагуу уг албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн,
-улмаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж, холбогдох чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон харьяа дүүрэгт шилжүүлсэн тул тус газрын даргын мөн оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар Э.Б*******ийг мөн өдрөөс тус газрын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын Шуурхай тусламжийн үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилсон зэргээс тус тус дүгнэхэд нэхэмжлэгчийг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 286 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхгүй гаргасан гэж үзнэ.
Дээрх Б/98 дугаар тушаал гарснаас хойш ч Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 02/2574 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хандаж тус зөвлөлийн 286 дугаар тогтоол биелэгдээгүй байгаа талаар, тодорхой хугацаа тогтоож биелүүлэхийг мэдэгдсэн, хууль бус тушаалын улмаас иргэнд нөхөн олгосон цалин хөлс буюу төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ч дурдсан байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т заасны дагуу хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн мэдэгдлийг биелүүлж, Ө.Г*******г ажлаас чөлөөлсөн нь уг хуулийн 76.5-д нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлий 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН