Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа

Улсын яллагч Ц.Ирэрмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч М.Цэцэнхүү нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар  татах тогтоол баталж ирүүлсэн Бүргэд овгийн Мөнхжаргалын Цэцэнхүүд холбогдох 201714000017 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Бүргэд овгийн Мөнхжаргалын Цэцэнхүү, Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-19-44 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:РЭ88091366/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч М.Цэцэнхүү нь 2016 оны 12 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт байрлах “Эрдэнэт хүнс” хүнсний дэлгүүрт Л.Батчимэгтэй хэрүүл маргаан хийж, харилцан зодолдсны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлжээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.Батчимэгийн “Манай төрсөн дүү Батбаатар Солонгос улс руу явсан юм. Тэгсэн манай байрны хажууд байдаг дэлгүүрийн худалдагч Цэцэнхүү манай дүүд 120 000 төгрөг зээлсэн, тэрнийгээ авна гэж надаас мөнгө нэхсэн. Тэрнээс болж бид хоёр хэрүүл маргаан хийх болсон. Энэ асуудал 2016 оны 11 сараас эхэлсэн. Сүүлдээ миний мессенжерээр таны зургийг фейсбүкээр цацлаа, хадмуудад чинь хэлнэ гэх мэтээр юм бичээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь 2016 оны 12 сарын 13-ны өдөр 5-23 дугаар байрны ард байрлах хүнсний дэлгүүр дээр нь очсон. Цэцэнхүүд яахаараа чи ингэж байгаа юм гэж хэлэхэд миний дэлүүрээс зайл, удмын луйварчид гэх мэтээр хэлж лангууныхаа араас гарч ирж, миний хоолойг багалзуурдаж толгойгоор хана руу мөргүүлж, хүзүү, гараас маажиж, дэлгүүрээс түлхэж гаргасан. Намайг үүдээр гарч амжаагүй байхад хөлийг минь хаалгаар хавчиж савуулан хаасан. Би дэлгүүрээс гараад хаалгыг нь эргэж шагайгаад танай дэлгүүрийг 2 дахь өдөр архи зардгийг хэлнэ гэж хэлээд явсан. Гэртээ орсноос хойш бараг 2 цагийн дараа араас Цэцэнхүү орж ирээд хэрүүл маргаан хийж, мессенжерээр элдэв янзаар хэлээд байхаар нь цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар шинжээчийн дүгнэлтэнд “Л.Батчимэгийн биед тархи доргилт, хүзүү, зүүн сарвуунд 10 тооны шалбархай, зүүн бугалга, зүүн өвдгөнд зөөлөн эдэд 5 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Шалбархай нь үзүүр ирмэгтэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-17-р хуудас/

 

3. Шүүгдэгч М.Цэцэнхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2016 оны 12 сарын 13-ны өдөр надаас мөнгө зээлээд Солонгос явсан Батбаатар гэж залуугийн эгч Батчимэг 20 цаг өнгөрч байхад миний түрээслэн ажиллуулдаг 5-23-р байрны ард талд байрлах Эрдэнэт хүнсний дэлгүүрт орж ирээд мессенжерээр бичсэн зүйлийг уншчаад хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би гар гээд Батчимэгийг түлхсэн чинь намайг үсдээд нуруу руу цохисон. Тэгээд бид хоёр харилцан зодолдсон. Тэгээд Батчимэгийг гаргаж явуулсан. Тэгээд гэртээ ирсэн чинь мана йнөхөр Батчимэгийг ирж хаалга нүдэж өшиглөж байгаад явлаа гэж хэлж байсан. Тэгхээр нь би Батчимэгийг гэрт очиж Батчимэг болон нөхөртэй нь уулзаж хэлсэн. Тэгсэн шал өөр юмны талаар яриад, намайг намайг өшиглөж аваад гэрээсээ түлхэж гаргахаар нь хаалгыг нь савж хаахдаа хөлийг нь хавчуулсан. Тэгээд хэрүүл маргаан хийгээд өнгөрлөө гэж бодож байсан чинь маргааш нь Батчимэг цагдаад өргөдөл гаргасан байсан” гэсэн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Хохирогч М.Батчимэг нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ “М.Цэцэнхүүд холбогдох эрүүгийн хэргийн хохирогч Л.Батчимэг миний бие хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол санал байхгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цэцэнхүү нь мэдүүлэг өгөхгүй гэсэн бөгөөд түүний өмгөөлөгч М.Энхтуяа мэтгэлцэхдээ “М.Цэцэнхүүгийн өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас оролцож байгаа. Цэцэнхүүгийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчоос уучлалт гуйж сайн дураар эвлэрсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Хохирогч өөрийн биеэр ирж хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлтээ гаргаж өгсөн. Иймд М.Цэцэнхүүд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шүүгдэгч хохирогч нар сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Цэцэнхүү нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт хүнс” хүнсний дэлгүүрт Л.Батчимэгтэй маргалдаж харилцан зодолдсны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Л.Батчимэгийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Цэцэнхүү нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бүргэд овгийн Мөнхжаргалын Цэцэнхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч М.Цэцэнхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цэцэнхүүд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС