Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 118/ШШ2021/0027

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий иргэн Ц.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар ******* сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Харин хариуцсан ажлаа хууль журмын дагуу явуулахын тулд бусад албан хаагчдад зохих ёсны шаардлага тавьж ажилладаг байсан. Гэтэл намайг ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа дараа хэрэглэсэн гэх үндэслэлээр хууль зөрчиж 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн. Энэ захирамжийг хүчингүй болгуулахаар Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч гомдлоо сумын Засаг даргадаа хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг 2021 он 05 дугаар сарын 20-ны 2/562 дугаар албан бичгээр ирүүлсэн. Би ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд байхгүй тул үндэслэлгүйгээр ажлаас халсан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсэн тогтоол болон бусад холбогдох баримтуудтай танилцаад хариу тайлбарыг хүргүүлж байна. Миний бие 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс Завхан аймгийн Засаг даргын захирамжаар ******* сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон учраас өмнөх Засаг дарга ямар шалтгаанаар орлогчоо ажлаас чөлөөлсөн талаар тодорхой мэдээлэл алга байна. Ажлаас чөлөөлөхдөө удаа дараа ажлын байр, албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж захирамж гаргажээ. Ажлаас чөлөөлөх захирамж гаргахдаа Ц.*******ийг ажлын байр, албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь тогтоогүй, мөн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн зөвлөлөөр асуудлыг хэлэлцсэн баримт алга байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатын Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилсан танилцуулж зөвшилцсөн байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт Сум дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан байгаа ч сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.*******ийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч дээрх 2021 оны Б/08 дугаар захирамжийн улмаас хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж, уг захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.*******/ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсний дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* сумын Засаг дарга /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Хандаа/-аас төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар хөнгөлж, 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулж гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ