Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00907

 

“А” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00708 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А” ХЗХ-ийн хариуцагч Б.Т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 308 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХЗХ нь хариуцагч Б.Ттой 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 20161034 тоот зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийн зээлийг сарын 3.6 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Тын нэр дээр бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороонд байршилтай үйлчилгээний зориулалттай 622 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Барьцааны хөрөнгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын бүртгэл кадастрын хэлтэст бүртгүүлж, “А” ХЗХ-ны нэр дээр барьцаанд тавьсан. Хариуцагч зээл авснаас хойш үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй. 2016 оны 3, 4 саруудад 610 710 төгрөгийг ашигласан хугацааныхаа хүүнд төлсөн. Б.Т нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэлийг өөрөө бий болгосон. Б.Т нь зээлийн гэрээний 2.3-т заасан зээлийн гэрээний хугацаа дуусах нь гишүүн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, 2.4-т заасан гишүүн хавсралт 1-д тохиролцсон графикт хугацааг чанд баримтлах нь энэ гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг зөрчвөл гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул, Хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх албанаас албан мэдэгдэл өгч байсан. Улаанбаатар хотын захиргаанаас санхүүжилт орж ирнэ гээд байсан тул хүлээсээр, өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дээрх гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүнээс гадна, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэлд, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож,  зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй зэрэгт үндэслэн Б.Тоос үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээл төлөгдөөгүй хугацааны зээлийн хүү 4 424 150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 884 830 төгрөг нийт 11 308 980 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “А” ХЗХ-той байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй нь шинээр үүссэн нөхцөл байдлаас болсон. Нотлох баримт болгон хэрэгт хавсаргасан прокурорын тогтоол бусад бичиг баримтаар батлагдах галын гамшгийн улмаас би үлэмж хохирол хүлээн зээлийн эрсдэл гарвал менежер хийх буюу бусад орлогоос дайчлах эх үүсвэр маань бүрэн сүйдэж 300 000 000 төгрөгийн гарз гарснаар бид 200 000 000 төгрөг орчим өр зээлтэй хоцорсон. Ийм ноцтой шалтгааны улмаас би гэрээ сунгах ямар ч чадамжгүй болсон. Төлбөрийн чадваргүй болсныг нотлох шүүхийн болон бусад баримт байгаа тул уг зээлийн үндсэн гэрээний нэг жилийн хугацаанд олгогдох хүү, алдангийг би цаашид төлөх эрмэлзлэл, ёс зүй гаргаж болох ба түүнээс хүү алданги төлөх ямар ч боломжгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасан үндэслэлээр миний хүсэлтийг шүүх харгалзан хүүгийн хэмжээг 50 хувиар, алдангийг 100 хувь тус тус чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Тоос 10 866 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Арвиндэм ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 442 415 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Арвиндэм ХЗХ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 893 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тоос 188 815 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Арвиндэм ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ҮЗГ-1403-27/01 тоот зээлийн гэрээ байгуулж 7 500 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж гэж бичсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсгийг хавтгайруулан хэрэглэн нэг талын эрх ашгийг хангасан. Өөрөөр хэлбэл, хариуцагчид гал түймэр тооцоологдох боломжгүй, аюулт гамшиг тохиолдсоны улмаас эрсдэлд гол үүрэгтэй орлого олох хөрөнгө устсан талаар зээлдэгчид хэлсэн байтал санаатайгаар зээлийг зогсоогоогүй ба нэн даруй үндсэн гэрээний 6 сар дууссаны дараа шүүхэд хандаагүй нь шударга бус байна. Мөн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан эрхээ үнэнчээр хэрэгжүүлэх зарчимд нийцээгүй байна гэж заасан атлаа гамшигт нэрвэгдсэн иргэний талаар нэн хохиролтойгоор шийдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг  хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “А” ХЗХ нь хариуцагч Б.Тоос үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээл төлөгдөөгүй хугацааны зээлийн хүү 4 424 150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 884 830 төгрөг нийт 11 308 980 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасны /хх.1-2/ зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч зээлийн хүү, алдангийг багасгах ёстой гэж маргажээ. /хх.38/

 

Зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь 6 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлэх, хариуцагч зээл, хүүг хуваарийн дагуу эргэн төлөх үүргийг харилцан хүлээж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй. /хх.19-21/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

Талуудын гэрээний 3.2.5-д хэтэрсэн хугацаанд үндсэн хүү болон үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг төлөх талаар заажээ. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр 24.3 дах хэсэг, 25.2 дах хэсэгт заасан хэтэрсэн хугацаанд төлөх хүү, нэмэгдүүлсэн хэмжээний талаар гэрээнд тусгах заалтад нийцсэн болно. Иймд хариуцагчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг үүснэ.

Зээлийн гэрээний 2.3-т заасан төлбөр төлөх үүргийг биелүүлэх хугацаа дууссан нь зээлдэгчийг хууль болон гэрээний дагуу төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх хүү, үндсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар бууруулах хууль зүйн үндэслэл байхгүй боловч энэ тухайд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд зохигчийн гомдол гаргаагүй асуудлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт зааснаар тусгай харилцааг зохицуулсан хэм хэмжээг өөр харилцаанд төсөөтэй хэрэглэхийг хориглосон. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгуулах тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлийн дагуу буюу эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийг буцаан төлөх үүргийн харилцаанд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний нэг төрөл болох Иргэний хуулийн 281-282 дугаар зүйлээр зохицуулагдах энгийн зээлийн гэрээний зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ