Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/476

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          12            11                                                    2023/ШЦТ/476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Г.Цогтгэрэл,   

Хохирогч Т.Э, Ш.Э, Г.Ө, Б.Б, Б.Б,

Хохирогч Г.Ө, Б.Б, Б.Б нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Шүүгдэгч Г.М,  М.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, 

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хоохной Гаваагийн М, Хоохной Гаваагийн Н, Хоохной Мын Г, Хошууч Оюунцэцэгийн Б нарт холбогдох эрүүгийн 1834008090395 дугаартай, 9 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол Улсын иргэн, М, 1973 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2.Монгол Улсын иргэн, Н, 1977 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Урьд Налайх Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3  жилийн хорих ялыг хасч нийт эдлэх ялыг 2 жил 1 хоногийн тогтоосныг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

3.Монгол Улсын иргэн, Г, 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 4.Монгол Улсын иргэн, Б, 2000 оны 3 дугаар сарын 11-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М, Г.Н, М.Г, О.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Г.М, О.Б, Г.Н, М.Г нар нь бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Тахилт" гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө иргэн Б.Баянзулын 9 тооны адууг хулгайлж 6 360 000 төгрөгийн хохирол,

            Төв аймгийн Баяндэлгэр сумын Эрдэнэ 4 дүгээр багийн нутаг "Тахилт" гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө иргэн Ш.Эрдэнэбатын 7 тооны адууг хулгайлж 5 480 000 төгрөгийн хохирол,

            Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Тахилтын ам" гэх газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд иргэн М.Оюуны 11 тооны адууг хулгайлж 11 700 000 төгрөгийн хохирол,

            Төв аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг "Тахилтын ам" гэх газраас 2018 оны 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн Т.Эрэнтовчийн 3 тооны адууг хулгайлж 11 750 000 төгрөгийн хохирол,

            Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Сүүл ар" гэх газраас 2018 оны 7 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө иргэн Ө.Нын 3 тооны адууг хулгайлж 2 170 000 төгрөгийн хохирол,

            Шүүгдэгч Г.Н, М.Г, О.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Тогосын гүүр" гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Г.Өсөхжаргалын 5 тооны адууг хулгайлж 3 970 500 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 1834008090395 дугаартай хэрэгт авагдсан   

 

Хохирогч Т.Эрэнтовчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний төрсөн хүү Ууганбаяр өдөр бүр адуугаа мотоциклоор хардаг юм. Тэгтэл 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би өөрөө адуугаа бүртгэхэд, миний адуу бүрэн байсан. Багануур дүүрэг рүү яваад 2018 оны 8 дугаар сарын 01-ний өглөө адуун дээрээ ирэхэд миний адуунаас хүрэн зээрд азарга, хүрэн гүү, хүрэн үрээ зэрэг 3 тооны адуу байхгүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 31-ний орой харуй бүрий болж байхад 20-21 цагийн үед улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой Г гэх залуу манай адууг туугаад явж байхыг нутгийн иргэд харсан байсан. Миний адуу азарга Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын алдарт уяач Отгонбат гэх хүний хурдан хүрэн азарганы төл байгаа юм. Би уг адууг үрээ байхад нь 15 сая төгрөгөөр худалдан авч байсан. Миний адуу үрээ байхдаа Төв аймгийн наадмуудаар айраг түрүү зөндөө авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 91/,

 “Манайх Төв аймгийн Баянхангай сум, Аргалант сумуудад мал маллаж, морь уяж ажиллаж амьдарч ирсэн хүмүүс байгаа юм. Аав маань 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уушгины хорт хавдар өвчний улмаас нас барсан. Тийм учраас би аавынхаа хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Аав бид хоёр 2018 оны өвөл адуу малтайгаа Төв аймгийн Баяндэлгэр суманд отроор явж байгаад манай аавын 11 толгой адуу алга болсон. Түүнээс хойш Баяндэлгэр сумын цагдаа Мөнгөнхүүд мэдэгдээд би ганцаараа 1 сар орчим хугацаанд адуугаа эрж хайж байгаад тус суманд нутагладаг Г.М, Г, Б гэх хүмүүсийг манай аавын алга болсон 11 тооны морьдыг туугаад явж байсан гэх мэдээллийг аваад тэдгээр улсуудыг манай аавын адуунууд авсан нь хэрэв үнэн бол миний адуунуудыг бас авах байх гэж бодоод өөрийнхөө хүрэн азаргатай адууг Мын гэрийн ойролцоо хурааж орхиод 7 хоног нууцаар ажигласан. Гэтэл Б, Г нар манай адууг 7 хоногийн дараа орой нар шингэхээс өмнө мотоциклтой гэр рүүгээ туугаад явахыг хараад шууд хэсгийн төлөөлөгчид биеэр очих мэдэгдээд холоос ажиглатал гэрийн гаднаа хурааж хашчихаад нядлахгүй байгаад байсан. Ингээд маргааш өдөр нь манай адууг буцаагаад байсан газар руу нь туучихсан байхаар нь адуун дээрээ очоод бүртгээд үзтэл манай хүрэн азарга, хүрэн гүү, хүрэн үрээ нийт гурван адуу байхгүй байсан. Ингээд би шууд Мын гэрт очоод Мтай уулзаад та нар манай азарга, гүү, үрээ гурвыг авчихлаа гэж хэлтэл эхнэр нь хэл амаар доромжлоод М аваагүй гээд намайг гэрээсээ хөөгөөд гаргасан. Ингээд би хэсгийн төлөөлөгчид хэлээд маргааш өдөр нь төлөөлөгчтэй хамт эргээд гэрт нь яваад ирэхэд М болон Б, Г нар манай 3 адууг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ингээд шалгалтын ажиллагаа эхлээд манай аавын 11 морьдыг бас авсан гэдгээ хүлээж гэдэс дотрыг нь Эрдэнэ сумын нутагт засмал замын доод талын нүхэн хоолойд хаяснаа зааж, толгой шийрийг нь модон дотор хаяснаа хүлээж заасан болох нь дараа хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдсан байсан. Манай аав Тэрбишийн 11 тооны морьдыг бүгдийг нь нийлүүлээд тухайн үеийн махны үнэлгээний ханшаар үнэлж 15 000 000 төгрөг болсон юм. Миний хүрэн азарга, хүрэн гүү, хүрэн үрээ гурвыг нийтэд нь 15 000 000 төгрөгөөр үнэлсэн юм. Миний алдсан хүрэн азарга аймаг суманд олон дахин айрагдаж түрүүлсэн хурдан удмын эцэг мал учраас бүх гэрчилгээ, медалийг нь үндэслэж азаргыг дангаар нь 12 000 000 төгрөгөөр нөгөө гүү, үрээ хоёрыг махны ханшаар тус бүрийг нь 1 500 000 төгрөгөөр үнэлж хийт 15 000 000 төгрөг болсон. М, Н, Г нар надтай ирж уулзаж азарга болон гүү, үрээ гурвын үнэлгээтэй маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо бүрэн төлнө гэдгээ хэлээд хохирлоо 50 хувь төлчхөөд байгаа. Хохиролд 3 адуу болон 3 000 000 төгрөг бэлэн авчирч өгсөн байгаа. Үлдсэнийг ойрын хугацаанд төлнө гэдгээ амласан.” гэх мэдүүлэг,

"14 настай сартай хар морь, 12 настай саргүй хар морь, 12 настай хээр морь, 11 настай сартай хүрэн халзан морь, 11 настай саргүй хүрэн морь, 7 настай хүрэн морь, 11 настай зээрд халзан морь, 9 настай хар хүрэн морь, 8 настай хээр гүү, 7 настай цагаан цоохор морь, 7 настай хээр морь, миний өөрийн нас бие гүйцсэн 8 настай хурдан удмын хүрэн зээрд азарга, 8 настай хүрэн гүү, 3 настай хязаалан үрээ алдагдсан. Эдгээр адуугаа зах зээлийн ханшаар үнэлнэ. Аавын алдсан 11 адуун дотроос 14 настай сартай хар морь, 12 настай саргүй хар морь, 12 настай хээр морьдыг аав маань амьд ахуйдаа уяж сойж айраг түрүү авч байсан. Гэхдээ улс бүсэд байр эзэлж байгаагүй сум орон нутгийнхаа жижиг наадмуудад айраг түрүү авч байсан. Зах зээлийн үнээр үнэлэхэд гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /6-р хх-н 179, 7-р хх-н 25, 90/,

 

Хохирогч Л.Тэрбишийн өгсөн: “Энэ жил буюу 2017 оны 10 дугаар сард манай суманд адуу өвөлжих боломжгүй байсан учир манайх 5 азаргатай 105 тооны адуугаа Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улаан багт өвөлжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын сүүлчээр манай хээр азаргатай, хүрэн азаргатай адуу морьдын хамт Төв аймгийн Баяндэлгэр Хушинга, Тахилт гэх газруудаар бараг 2 сар орчим болсон. Эдгээр адуунуудыг манай төрсөн хүү Т.Эрэнтовчийн хүү Ууганбаяр өдөр болгон хардаг байсан. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд миний хээр азаргатай 28 тооны адуунаас нийт 11 тооны адуу ор сураггүй алга болсон. Хүүгийн хамт зөндөө хайж явсан боловч олоогүй. Уг адуунууд бүгд ширээтэй 3 нүд чандмань тамгатай байсан. Тэгээд байж байтал 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-ний шилжих шөнө миний хүү Эрэнтовчийн 3 тооны адуу алга болсон. Тэгэхээр нь би Төв аймгийн Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгсөн. Намайг адуугаа хайгаад явж байхад Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч залгаад таны адууг хулгайлж зарсан хүмүүсийг барьчихлаа гэсэн. Намайг очход 3 эрэгтэй хүн барьж аваад байж байсан. Миний алдсан адуунууд сартай хар морь, саргүй хар морь, хээр морь, сартай хүрэн морь, саргүй хүрэн морь, хүрэн, зээрд халзан морь, хар хүрэн морь, хээр гүү, цагаан цоохор морь, хээр морь зэрэг байсан. Уг адуунууд бүгд ширээтэй 3 нүд чандмань тамгатай байсан.Уяж хурдлуулж байсан адуунууд байгаа үнэлгээний газарт хүлээлгэж өгнө.” гэх мэдүүлэг /1-р хх-н 192-193/,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюуны өгсөн: "Тэрбиш бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж 54 жил хамт амьдарсан. Нөхөр маань өвчний улмаас бурхан болсон. Манай нөхөр амьд ахуй байхдаа 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд отроор явж байгаад 11 тооны адуугаа алдсан. Энэ хэрэг дээр би хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор оролцож байна. 11 тооны адууны үнэлгээ 11 750 000 төгрөг гарсантай холбогдуулан санал хүсэлт байхгүй, зөвшөөрч байна. Гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /8 хх 226/,

 

Хохирогч Ө.Нын өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 18-аас 20-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Сүүл-Ар гэх газраас өөрийн 3 тооны бор морь, хээр морь, хүрэн халзан үрээг хулгайд алдсан. Би алдсан 3 тооны адуугаа хайж Тахилт, Баянбулаг, Рашаант гэх газруудаар хайж авсан боловч олоогүй. Бор морь хундаган тамгатай, хүрэн халзан үрээ, хээр морь 2 нар саран тамгатай байсан. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Бор морь 7 настай, хээр морь 6 настай, хүрэн халзан үрээ 5 настай үрээбайсан. Би хохирол барагдуулж аваагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Би 2 170 000 төгрөгийн хохирол дээрээ үнэлгээний төлбөр болох 50 000 төгрөгөө нэмж нэхэмжилж байна. Нийт 2 200 000 төгрөг.” гэх мэдүүлэг /2-р хх-н 90-91, 7-р хх-н 66/,

 

Хохирогч Г.Өсөхжаргалын өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг Тогосын гүүр орчимд бэлчиж байсан өөрийн 7 тооны адуунаас 5 тооны хонгор халзан азарга, хонгор морь, бор шарга морь, хул морь, зээрд хүрэн морь хулгайд алдагдсан. Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Тонюкигийн хөшөө рүү салдаг замд миний 5 адууны толгой, шир, шийрийг шууданд хийж хаясан байсныг олж харсан ба манай адуу мөн байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-н 181-182/,

 

Хохирогч Б.Баянзулын өгсөн: “Би 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Тахилтын ам гэх газраас Г.Мын хаваржааны зүүн талаас бэлчиж байсан зээрд халзан азаргатай 18 тооны адуунаас 1 тооны цагаан морь, 2 тооны хөх саарал гүү, 1 тооны хүрэн халзан гүү, 1 тооны халиун гүү, 1 тооны хул гүү, 1 тооны хар гүү, 1 тооны цагаан гүү, 1 тооны хөх буурал гүү нийт 9 тооны адуу хулгайд алдсан. Тухайн үед адуу бэлчиж байсан Тахилтын ам, Хужиртай, Талбулаг, Гүннуур, Галуут гэх газруудаар хамт явсан боловч адуугаа олоогүй. Тэгээд 3-4 хоног эрж хайж байгаад цагдаад мэдэгдэж азаргатай адуунаас 9 тасарч алга болсон байсан учир би хулгайд алдсан байна гэж мэдсэн. 2018 оны 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сум “Хуучин Эрдэнэ” сумын баруун талаас 10 гаруй адууны толгой, 40-50 ширхэг адууны шийр, гэдэс байсан. Тэр газар шийр, толгой, гэдэс хаячхаад явсан байдалтай давхар дугуйтай тээврийн хэрэгслийн мөр зүүн урагш сэжиглэж байсан Мын зүг явсан. Би энэ хэрэгт Г.М, Г.Н, М.Г, О.Б нарыг үйлдсэн талаар сэжиглэж байна. Яагаад гэвэл 2017 оны 8 дугаар сард айлын 3 адуу алдагдсан. Энэ үеэр 2018 оны 10 дугаар сард хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Мөнгөнхүү манай гэрт ирээд танай адууг хулгайлсан тухай мэдүүлэг өгсөн энэ талаар бичлэг үзсэн. Энэ бичлэг 2 янзын бичлэг байсан. 1-р бичлэгт байшин дотор Г сууж байсан. Г нь ярьж байх явцад Баянзулынхаас 9, Эрдэнэбатынхаас 7 адуу хулгайлсан талаар ярьж байсан. Мөн Өсөхжаргалынхаас бас өөр таньж мэдэхгүй айлуудаас мал хулгайлсан талаар  ярьж байсан. 2-р бичлэгт Б нь миний очсон буюу хэрэг болох өдөр очсон адууны толгой, шийр, гэдэс байсан гэх газарт Б зогссон энэ газарт толгой, шийр, гэдэс үлдээгээд портер машинаар эргээд гэрийн зүг явсан талаар ярьж байсан. Энэ толгой шийр, гэдэсний зурганд миний алдсан 9 тооны адуунаас 7 толгой, шийр байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-н 160, 7-р хх-н 21-22/,

 

Хохирогч Л.Цолмонгийн өгсөн: “Би Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг Тахилт гэх газарт нутагладаг юм. Манай хүүг Батжаргалын Баянзул гэдэг ба хэрэгт хохирогчоор тогтоогдож явж байсан. Одоо Өмнөговь аймаг руу ажлаар явсан. 2023 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр ирнэ. Манайх Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг Тахилт гэх газраас өөрийн 18 тооны адуунаасаа 9 тооны 5 настай хул гүү, 5 настай хар гүү, 6 настай 2 тооны саарал гүү, 6 настай хөх буурал гүү, 7 настай зээрд халзан гүү, 7 настай халиун гүү, 7 настай настай цагаан гүү, 8 настай цагаан бор морь хулгайд алдсан. Манай адуу галтай чойндон тамгатай ба хүмүүс тус тамгыг бундан тамга гэж нэрлээд байдаг. Манай  малын А данс миний нэр дээр Баяндэлгэр суманд тоологддог юм. Баянзулын нэр дээр А данс анхнаасаа байгаагүй юм.” гэх мэдүүлэг /8-р хх-н 37-38 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Эрдэнэбатын өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Тахилт гэх газраас хүрэн азаргатай 14 тооны адуунаас 7 тооны гүү хулгайд алдсан. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 7 тооны адуугаа Баяндэлгэр сумын урд тал Хонхор нуурын баруун талаас олж авсан. Үлдсэн 7 тооны адуугаа хайгаад олоогүй. Би Г.М, Г.Н нарыг сэжиглэж байгаа. Манай саахалт айлын хүмүүс эдгээр хүмүүс манай адууг сайн мэдэх хүн байхгүй. Намайг морио алдахаас өмнө 3 хоногийн өмнө 3 өдөр дараалан манай гэрт М.Г орж ирээд байсан. Тэгэхдээ зурагт үзэж сууж байгаад явж байдаг. Заримдаа малчин Халзаа /О.Б/-ийг асууж орж ирдэг байсан. Тэгээд л манай адуу алга болсон. Г.М, Г.Н нар нь олон жил хулгай хийсэн баригдахгүй байсан. Г.М нь манайд согтуу ирж агсардаг байсан.”,

"Би анх 2018 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сумын зааг нутгаас 7 тооны адуу алдаж хэрэгт хохирогчоор тогтоогдож явж байгаа. Тус 7 тооны адууны 5 нь манай малаа маллуулдаг Загд-Очир гэх хүний адуунд байсан. 1 адуу нь мөн А.Батболд гэх манайтай саахалт нутагладаг хүний адуу байгаа юм. 1 адуу нь миний өөрийн адуу. Гэхдээ Загд-Очир өөрийн гэсэн А данс байдаггүй. Манай А дансанд малаа тоолуулдаг. Загд-Очирын 5 адуунууд бүгд саран дэвсгэртэй хас тамгатай. Зарим адууны тамганы хас нь бүдэг гараад мэдэгддэггүй дан сартай юм шиг харагддаг. Батболдын 1 тооны адуу нь хонгор гүү байгаа. Тамгаа өөрөө мэдэж байгаа байх. Миний 1 адуу зээрд зүсмийн 8 настай гүү байгаа. Саран дэвсгэртэй зуузай тамгатай. Одоо бол 1 адууны хохирлоо нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2-р хх-н 123-125, 7-р хх-н 59-61/,

 

Хохирогч А.Батболдын өгсөн: “Манайх 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Эрдэнэбат ахын адуунд азарганд хураалгахаар тавьсан байсан 8 настай хонгор гүүгээ алдсан. Тус гүүг Эрдэнэбат ахын 1 гүүтэй мөн Эрдэнэбат ахынд малаа маллуулж байсан Загд-Очир гэх хүний 5 тооны адуутай хамт хулгайлсан байсан. Дараа нь Баяндэлгэр сумын Н, М гэх хүмүүсийг хулгайлсан гэж нутгийн хүмүүсээс сонссон. Үнэлгээний байгууллага 790 000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Энэ үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /7-р хх-н 52-53/,

 

Хохирогч Б.Буянжаргалын өгсөн: “Манай нөхрийг Цэрмаагийн Загд-Очир гэдэг. Нөхөр маань хувийн бизнес эрхэлж хөдөө гадаа ажлаар их явдаг учраас хэрэгт би нөхрийнхөө орноос хохирогчоор оролцож байна. Манайх 2000 оноос хойш Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Шижээбалжирын Эрдэнэбат гэх хүнээр малаа маллуулж ирсэн. 2018 оны цагаан сарын өмнө Эрдэнэбат утсаар залгаж танай адуунаас 5 тооны манай нэг адуутай мөн Батболдын 1 адуутай хамт алга болчихлоо гэхэд нь бид тухайн үед чамд хариуцуулж цалинг чинь өгөөд маллуулж байгаа учраас чи хариуцаад Цагдаагийн байгууллагад өг гэж хэлсэн. Тухайн адуу алдагдах 2018 онд манайх А дансгүй Эрдэнэбатын А данс дээр тоолуулдаг байсан. 2020 оноос хойш манай нөхөр Ц.Загд-Очирын нэр дээр малын А данстай болсон.” гэх мэдүүлэг /7-р хх-н 45/,

 

Гэрч Л.Цолмонгийн өгсөн: “Г.Н нь 2018 оны 3 дугаар сарын сүүлээр манай гэрт согтуу үүрээр 04 цаг өнгөрч байхад ирээд “Чи авгай минь зүгээр байгаарай” танай малыг би хулгайлсан юм уу. Та нар намайг хулгайд сэрдэж цагдаад өгсөн байна гээд манай хүү Баянзулыг гараад ир хоёулаа үзье, ална шүү би та нарыг гэх мэтчилэн дарамталж агсан тавиад явсан. Нутгийн хүмүүс хулгай хийдэг талаар ярьдаг. Одоогоос 3-4 жилийн өмнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр зурагтаар гарч байсан. Г.М гэдэг ах нь хүртэл хамт хулгай хийдэг гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /6-р хх-н 166-168/,

 

Гэрч Б.Санзайдоржийн өгсөн: “Би Г.Н, Г.М, М.Г нарыг сайн танихгүй. Манай ажил дээр адууны мах авчирч зардаг учраас царайг нь сайн танина. 2018 оны 7 дугаар сарын 31-нд юм уу 2018 оны 8 дугаар сарын 01-нд юм уу цагаан өнгийн 85-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн өвгөн портер машинтай ирээд адууны мах авах уу гэхээр нь аваагүй явуулсан. Учир нь уг мах нь чанар хангахгүй харласан мах байсан. Уг хүмүүс гурвуулаа ирсэн. Нэг залуу нь залуухан 20 орчим настай, нөгөө залуу нь хөгшиндүү 40 орчим настай, эмэгтэй нь тэр орчим настай байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 94-95/,

 

Гэрч Д.Пионерийн өгсөн: “Гаваагийн Н, Гаваагийн М нарыг нэг нутгийн хүмүүс гэдэг утгаар нь мэднэ. Н, М нар нь надаас гарал үүслийн бичиг авахдаа ихэвчлэн хийсэн малаа харуулахгүйгээр махалж, янзалчхаад авчирч бичиг авдаг байсан. Амьдаар авч явах нөхцөлд өөрийн тэжээлийн адуугаа хот руу намар оруулаад хавар авчирч байна гэх зэргээр бичиг авдаг байсан. Арьс шир, им тамгыг нь харж шалгаж байгаагүй, надад шалгуулахгүйгээр өөрсдөө хэлээд бичүүлээд авдаг байсан. Амьдаар ачиж явахдаа л харуулдаг байсан. Ер нь 40 гаруй адуу, 20 гаруй үхэр, хонь, ямаа нийлээд 300 гаруй нийт 400 орчим малтай. Тэгэхдээ миний бодож байгаагаар энэ хоёр эдгээр адууны махыг өөрсдийн адуунаас хийсэн бол өдийд адуу нь дуусчихсан байгаа байх гэж бодож байна. Би эдгээр хүмүүсийг наймаа хийдэг гэж бодож байсан. ” гэх мэдүүлэг /1 хх 96/,

 

Гэрч О.Эрдэнэчулууны өгсөн: “2017 оны 8 дугаар сарын сүүлээр хүүхдийн сургуулийн юм бэлдэнэ гээд надаар 4 тооны адуу нядлуулсан ба би эдгээр адууны зүсийг нь сайн санахгүй байна дараа нь уг адуу нядалснаас хойш 5-6 хоногийн дараа М миний утас руу залгаад намайг цагаан өнгийн портертой ирж авсан. Би 4 тооны адуу нядалж өгөөд буцсан. Уг өдрөөс 6-7 хоног бойчин Цогоо намайг өөрийн гэрт дуудаад адуу хийхээр явъя гээд Цогоогийн гэрээс нөгөө цагаан портертой М бид хоёрыг ирж аваад хөдөө очиж 6 тооны адуу нядалж өгсөн. Уг өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа М над руу залгаад чамаас өөр дахиад нэг бой хийчих хүн байна уу гэсэн. Би Гүррагчаа руу залгаад бид хоёр Мын гэр лүү яваад бид хоёроор 8 тооны адуу хийлгэсэн. Би эдгээр адуунаас санаж байгаа нь 2 ижилхэн хонгор халзан морь байсан. Адуунуудыг яг гэрийнх нь ойролцоо хийдэг байсан. 6, 8 тооны адууг гэрийнх нь хойно өвөлжөөн дээр хийсэн. Намайг очход гэрт нь малчин Б, хүү Г нар нь байдаг байсан. 4 тооноос дээш болохоор нь харанхуй үед машины гэрэл тусгаж байгаад нядалдаг байсан. М өөрөө толгой, шийр, арьс гэдэс дотрыг нь машин дээрээ ачаад аваад явдаг байсан. Бид Эрдэнэ сумаар дайраад Улаанбаатар хот явах төв замаараа явдаг байсан. Нэг удаа ажилласан адууныхаа ширийг Төв аймгийн Эрдэнэ сум орох замд давааны цаана зам дагуу шуудайтай ширээ машин дээрээс буулгаж замын хажуу руу шидсэн. М надад хэлэхдээ шийр нь хог болоод үлдээд байдаг болохоор хаяж байгаа юм гэж байсан. Г.М адууны шийр толгойгоо ихэвчлэн шар юм уу цагаан шуудайнд хийгээд явдаг байсан. Намайг хөдөө гэрт нь очход л хийлгэх адуунуудаа хашаад бэлдчихсэн байдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 97-98/,

 “Би Г.М гэх хүнд 2017 оноос хойш дуудсан цагт нь ирж адуу нядалж өгдөг байсан. 2017 оноос хойш надаас 4 удаа адуу нядлуулж байсан ба нийт 20 гаруй адуу нядлуулж байсан. Би адууны тамга мэддэггүй юм. Харанхуй болсон хойно адуу нядлуулдаг болохоор тамга нь нэг их харагддаггүй байсан. Янз бүрийн зүстэй адуунууд байдаг байсан. Миний нүдэнд хоёр ижил зүсмийн хонгор халзан морь тусч байсан. Би тэрийг сайн санаад байгаа. Г.М нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байх өөрийн өвөлжөөндөө нядлуулаад сэвс, баасыг нь өөрийн малын бууц, аргал дээр асгаад гэдэс, толгой шийрийг нь шуудайнд хийж ачиж авч яваад замын хажуу руу хаяж байсан. Г.М нь миний өөрийн адуу гэж адуунууд нядлуулдаг байсан. Нэг адуу 250000 төгрөгөөр нядлуулдаг байсан. Би ажилгүй бой хийж мөнгө олдог тул ажил гарахаар нь шууд л явдаг байсан. Өвөлжөө нь Төв аймгийн Баяндэлгэр суманд байдаг. Нэг удаа надтай цуг явж байхдаа төв засмал нийлээд л замын хажуу руу хаяж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-н 69/,

Гэрч О.Эрдэнэчулууны өгсөн: “...Анх би 2017 онд Налайх дүүрэгт гэртээ байж байхад надтай хамт бой хийдэг Баярцогт буюу Цогоо над руу утсаар яриад Төв аймгийн Баяндэлгэр сумын хөдөө айлд очоод хэдэн мал хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлтэл намайг Баяраа /Г.М/ гэх залуу цагаан өнгийн, 85-41 УНМ улсын дугаартай портер маркийн машинтай ирээд манай гэрийн баруун талын засмал зам дээрээс аваад Төв аймгийн Баяндэлгэр сум руу хөдөө гэр рүүгээ дагуулж ирээд тэгээд анх танилцсан.

Би хамгийн анх 2017 оны 8 дугаар сарын сүүлээр сургууль орохоос өмнө хүүхдийн хичээлийн юм бэлдэнэ гээд Г.М нь хөдөө гэртээ авчираад надаар 4 тооны адуу нядлуулсан ба би эдгээр адууны зүсийг нь одоо сайн санахгүй байна.

Дараа нь уг адуунуудыг нядалсан өдрөөс хойш 5-6 хоногийн дараа дахиж Г.М миний утас руу залгаад хөдөө очиж адуу хийнэ гээд мөн цагаан өнгийн портер маркийн машинтайгаа ирж аваад хөдөө гэр рүү нь яваад 4 тооны адуу хийж өгөөд ирсэн.

Уг өдрөөс дахин 6-7 хоногийн дараа бойчин Цогоо намайг өөрийнхөө гэрт дуудаад адуу хийхээр явъя гээд Цогоогийн гэрээс нөгөө цагаан портертой Г.М бид хоёрыг ирж аваад хөдөө гэрт нь очоод бид хоёр 6 тооны адуу нядалж өгсөн ба би эдгээр адууны зүс, им тамгыг нь санахгүй байна.

Уг өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ байж байхад Г.М над руу залгаад чамаас өөр дахиад бойн хийчих 1 хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Гүррагчаа гэх бойчин залууг өөртэйгөө хамт дагуулаад Г.М бид хоёрыг Багануур дүүрэг явдаг засмал зам дээрээс цагаан өнгийн портер машинтайгаа ирээд хөдөө гэр рүүгээ дагуулж яваад 8 тооны адуу бид хоёроор хийлгэсэн. Би эдгээр адуунаас санаж байгаа нь 2 тооны ижилхэн хонгор халзан морь байсан. Харин бусад адууны зүс болон им, тамгыг нь санахгүй байна. Би эдгээр адуунууд дундаас 2 тооны хонгор халзан морийг санаж байна гэхээр би тухайн үедээ энэ хоёр адуу зүс нь ижил гоё, хөөрхөн морь байна даа гэж бодсон учраас санаж байна. Үүнээс хойш би Г.Мтай холбогдож хөдөө гэр рүү нь очиж бой хийж өгч байгаагүй. Би 4 тооны адуунуудыг байгалийн гэрэлд нар жаргахаас арай өмнө хийгээд амждаг байсан. Олон тооны 4 тооноос дээш болохоор нь харанхуй үед машины гэрэл тусгаж байгаад нядалдаг байсан. Өөрөө толгой, шийр, арьс, гэдэс дотрыг нь машин дээрээ ачаад аваад явдаг байсан. Бид Эрдэнэ сумаар дайраад Улаанбаатар хот явах төв замаар явдаг байсан ба 1 удаа ажилласан адууныхаа шийрийг Төв аймгийн Эрдэнэ сум орох замд давааны цаана зам дагуу шуудайтай шийрээ машин дээрээсээ буулгаж замын хажуу руу шидсэн. Г.М нь надад хэлэхдээ шийр нь хог болоод үлдээд байдаг болохоор нь хаяж байгаа юм гэж хэлсэн. Би нэг адууг 20 000 төгрөгөөр бодож нядалдаг байсан. М махаа зарчхаад маргааш нь мөнгөө шилжүүлдэг байсан. Намайг хөдөө гэрт нь очход хийлгэх адуунуудаа хашаанд бэлдчихсэн байдаг байсан. Өөрийнх нь адуу гээд гэрийнх нь ойролцоо байх алаг азаргатай адууг зааж өгч байсан.” гэх мэдүүлэг /5-р хх-н 86-87/,

 

Гэрч Д.Гүррагчаагийн өгсөн: “Би О.Эрдэнэчулуун гэх хүнтэй хамт Мын хөдөө гэрт нь очиж адуу нядалдаг байсан. Г.Мын хөдөө гэрт очоод өвөлжөөн дээр нь очоод зүсийг нь санахгүй байна 7-8 тооны адуу нядалсан. Цогоо ахтай хамт Г.Мын хөдөө гэрт нь очиж 7 тооны адуу хийлгэсэн. Адууны гэдэс, толгой, арьс, шийрийг том шаргал шуудайнд хийгээд аваад ачаад авдаг. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр намайг Г.М гэрийн ойролцоо замаас ирж аваад хөдөө гэр лүүгээ дагуулж аваад хашаан дээрээ аваачаад 3 тооны  адуу хийлгэсэн ба цавьдар азарган үрээ хийсэн дараа нь сартай хүрэн соёолон зээрд азарга хийсэн дараа нь бүдүүн зээрд гүү хийсэн. Эдгээр адууг хийлгээд Г.М арьс үнэгүй байгаа сүүлийг нь тушаана гээд 3 ширхэг сүүлийг нь тайрч аваад гэдэс, дотор, арьс туурайг нь шууданд хийж авсан. Уржигдар буюу 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр над руу Г.М залгаад чам дээр цагдаа очсон уу гэж асуусан би ирээгүй гэж хэлсэн. Сүүлд хийсэн 3 тооны адууг ямар адуу хийсэн талаар асуувал 2 нь гүү байсан гээд хэлээд өгөөч гэхээр нь би яасан гэж тэгж хэлэх юм гэхэд манай дүү завааруулсан байна. 2 гүү 1 үрээ байсан гээд хэлээд өг гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-н 99-102/,

“2018 оны 8 сард утсаар М надтай утсаар ярьсан ба сүүлд хийлгэсэн 3 адууны талаар асуусан. Ямар адуу хийсэн бэ зүсийг нь надаас асуусан. Би 3 адууг зүсээр нь хэлсэн. Хүрэн гүү, зээрд үрээ, сартай зээрд азарга гэж хэлтэл 2 гүү байсан биз дээ гэж Г.М хэлэхээр нь үгүй гэж хэлтэл чамаас цагдаа нар очиж асуувал зүс, эр, эмийг нь өөрчлөөд хэлээд өгөөрэй гээд байсан. М тухайн 3 адууг нядлуулахдаа манай адуу гэж хэлээд намайг дагуулж явсан. Манай адуу гэж хэлж нядлуулдаг байсан. Нядлуулж байсан адууны дунд нь их сайн морь байгаад байдаг байсан. Би яагаад нядлаад байдаг талаар их гайхдаг байсан. Нядалсан адууныхаа гэдэс, шийр, толгой зэргийг улаан судалтай шуудай болон том хивэгний уутанд хийж авч яваад замдаа хаядаг байсан.”,

"Г.М гэх хүнтэй Баярцогт гэх бойчингоор дамжуулан танилцаж байсан. 2018 оноос хойш би Г.М гэх хүний дуудсан цагт очиж бой хийж өгдөг байсан юм. Өөр дотно харилцаа холбоо бол байхгүй. Надаар 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдөр 3 тооны сартай зээрд азарга, зээрд үрээ, хүрэн гүү нядлуулж байсан. Тэр 3 тооны адууны зүсийг буруу хэлээд өгөөч манай дүү хүний юм хулгайлчихсан байна гэж хэлж байсан өөрөөр дахиж ярьж холбоо барьж уулзаагүй. Би Г.М гэх хүнд 2018 оны 12 дугаар сараас хойш бой хийж өгч байсан. Одоо он сараа бол сайн санахгүй байна. Би Г.М гэх хүнд 3 удаа адуу нядалж өгч байсан. 2018 оны 12 дугаар сард байна уу 1 сард байна уу хүйтэн байх үед 9 тооны адуу нядалж өгч байсан. Эдгээр адуунууд дунд бор морь, гоёмсог биетэй хээр гүүтэй адуу байсан. Тэр хоёр моринд би нүдээ унагааж байсан. Их гоё морьд байна даа гэж тухайн үедээ бодож байсан. Дараа нь 7 тооны адуу байх сайн санахгүй байна бойчин Цогоо ахтай хамт 2018 оны 12-р сарын сүүлээр байх хийж байсан. Энэ дунд байсан адууны зүсийг нь сайн санахгүй байна. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын сүүлээр 3 тооны адуу нядалж өгч байсан. Өөрийнхөө өвөлжөөн дотроо хашаад өвөлжөөндөө нядлуулдаг байсан ба адуугаа хашсан хойноо харанхуй болсон хойно бид нарыг Налайх дүүргээс авчирч нядлуулдаг байсан. Адуу нядлуулахдаа орой болохоор нар буухаар хийлгэнэ гээд байдаг байсан ямар учраас орой болсон хойно адуу нядлуулдаг байсан талаар нь мэдэхгүй байна. Адууны гэдэс дотор, сэвсийг нь малчин гэх туранхай бор бандиар цэвэрлүүлж өвөлжөөний зүүн талд хураасан байсан аргал дээр асгуулаад байдаг байсан. Толгой, шир, шийрийг нь том улаан судалтай шуудайнд хийж ачиж авч явдаг байсан. Намайг тусад нь жижиг цагаан машинаар очиж авч, гэрт хүргэж өгдөг байсан. Өөрөө портероо унаад махаа ачаад явдаг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-н 21-23, 71-72/,

 “Би Г.М, Н нарыг танина. Эдгээр хүмүүс надаар Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байх хөдөө гэртээ адуу нядлуулж, махлуулж байсан. Би нийт 4 удаа Мын хөдөө гэрт нь очиж адуу нядалж өгч байсан.

1.2017 оны 8 дугаар сард он сараа сайн санахгүй байна. Би Эрдэнэчулуун гэх хүнтэй хамт Мын хөдөө гэрт очоод өвөлжөөн дээр нь очоод зүсийг нь сайн санахгүй байна 7-8 тооны адуу нядалсан. Г.М нь хийлгэсэн адууны гэдэс, толгой, арьс, шийрийг том шаргал шуудайнд хийгээд ачаад аваад  явдаг.

2.2018 оны 01 дүгээр сарын дундуур Цогоо гээд ахтай хамт Г.Мын хөдөө гэрт очиж 1 цагаан, 1 бор морьтой 9-10 тооны адуу хийсэн. Мөн эдгээр адууны арьс, шир, гэдэс дотрыг шуудайлсан.

3.2018 оны 5 дугаар ард мөн Цогоо ахтай хамт Мөнбаярын хөдөө гэрт нь очиж 7 тоон адуу хүрэн бараан зүсмийн бага адуу хийж өгсөн. Эдгээр адууны дунд содон зүстэй сайн санаж байгаагаар тарган хээр гүү байсан ба одоо санаж байна 3 бүдүүн, 4 бага адуу байсан.

4. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үел намайг М гэрийн ойролцоо замаас ирж аваад хөдөө гэр рүүгээ дагуулж яваад хашаан дээрээ аваачаад 3 тоон адуу хийлгэсэн. Эхлээд дэлтэй духандаа жижиг сартай цавьдар азарган үрээ хийлгэсэн. Дараа нь сартай хүрэн соёолон байрын зээрд азарга  хийлгэсэн. Дараа нь бүдүүн зээрд гүү хийлгэсэн. Эдгээр адууг хийлгээд Г.Мөнбаяр нь арьс үнэгүй байгаа сүүлийг нь тушаана гээд 3 ширний сүүлийг нь тайрч аваад гэдэг дотор, арьс зэргийг нь шуудайнд хийж авсан. Уржигдар над руу залгаад цагдаа асуувал 2 гүү байсан гээд хэлээд өгөөч гэхээр нь яасан гэж тэгж хэлэх юм гэхэд манай дүү завааруулсан байна 2 гүү, 1 үрээ хийсэн гээд хэлээд өг гэсэн. Би за гээд утсаа тасалсан. Өчигдөр бас залгаад цагдаа очсон уу гэж асуусан.” гэх мэдүүлэг /5-р хх-н 88-91/,

 

Гэрч Д.Баярцогтын өгсөн: "2017 оны 01 сараас хойш 3-4 тооны адууг 2 удаа Г.М Зарцуу хороо гэх газар надаар нядлуулж байсан. Тухайн адуунууд бараан зүсмийн морьд байсан. Тухайн үед адуу хийж байхад Мын төрсөн хүү Г бас малыг нь малладаг гээд хүү байсан. 2017 оны намар сарыг сайн санахгүй байна О.Эрдэнэчулууны хамт 6 тооны адуу 1 удаа, 7 тооны адууг бас 1 удаа хийж байсан. Адууны гэдэс, дотор, толгой шийрийг машин дээр шуудайнд хийгээд Улаанбаатар хот руу явж байхад Баяндаваа уруудаж явж байгаад замын баруун гар талд хаясан. 2018 оны 02 дугаар сарын эхээр 6-7 үед намайг Налайх дүүрэгт байхад М над руу утсаар залгаад хэдэн адуу хийлгэх гэсэн юм гээд Портер машинтай ганцаараа ирээд авсан. Мын өвөлжөөн дээр ирэхэд 7 тооны адуу хашчихсан байсан. Гүррагчаа бид 2 адууг нядалж хийсэн. Адууны гэдэс толгой шийрийг нь тусад нь шуудайлаад Эрдэнэ сум өнгөрөөд баруун гар тийш салсан шороон замаас салангуут шуудайтай нь хаясан. Тухайн адууны зүсийг сайн санахгүй байна хул, хонгор, нэг зээрд байсан. 2018 оны 5 дугаар сард өдөр судрыг нь сайн санахгүй байна. М залгаад 10 гаран адуу байна ахиад 1 бойчин олчих гэхээр нь Гүррагчаа гэдэг таньдаг бойчин руугаа залгаад Баяндэлгэр суманд ирээд шөнө 02-03 цагийн үед адуугаа хийж дуусаад М портер машиндаа дан махаа ачаад явсан. Тухайн нядалсан адуунд хонгор, 2 хар морь байсан. Адуу хийснээс хойш 5-6 хоногийн дараа санагдаж байна. М над руу залгаад Гүррагчааг дуудаад бид 2 Мын өвөлжөөн дээр ирэхэд 7 тооны адуу хашчихсан байсан. Гэгээтэй байхад 4 тооны адууг хийгээд үлдсэн 3 тооны адууг гэгээ тасарчихсан байхад хийж дуусаад бид 2 шөнийн 3-4 цагийн үед хүргэж өгсөн. 2018 оны 7 сарын сүүлээр Мын өвөлжөөн дээр нар жаргах гэж байхад үед бараан зүсмийн морь нөгөө нь засаатай үрээ байсныг нядалсан. М ярихдаа 3 тооны адуу хийлгэх гэж байгаад нэгийг нь алдаад явуулчихлаа гэсэн. Би Мын адууны тамгыг мэдэхгүй. Надаар хийлгэж байсан адуунууд янз бүрийн тамгатай байдаг байсан. Мотоциклийн гэрэл, духны гэрэл ашиглан харуй бүрий болох үед адуу нядалдаг байсан. Н, М, Г адууг нь малладаг хүү тэд нар л шуудайлдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 103-104/,

 

Гэрч А.Энхболдын өгсөн: “Би уг зураг дээрх 3 хүний хоёрыг нь өмнө нь харж байсан. Саравчтай малгайтай бор цамцтай ах хэн хэдэн удаа мах өгч байсан. Яг хэзээ гэдгийг санахгүй байна. Ногоон футболктой залуу бас өгч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 105-106/,

 

Гэрч Д.Алтанхуягийн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 09:10 цагт орж ирсэн байх. 2 тооны адууны мах өгсөн байна. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 09:30 цагт 3 тооны адууны мах өгөөд явсан байна. Ачиж ирсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, ирсэн цаг, хичнээн тооны мах өгснийг нь тэмдэглэж авдаг.” гэх мэдүүлэг /1-р хх-н 107-108/,

 

Гэрч Ц.Мөнхтогтохын өгсөн: “Адуу алга болсон өдөр Гомбодорж гэх залуутай таараад би Гомбодоржийг Баяндэлгэр сумын төв хүргэж өгөхөөр тохироод байж байхад Гомбодорж Ганаа гэх ахад ярьж байхыг сонссон. 11 тооны адууг Г, халзаа буюу Б хоёр мотоциклоор туугаад явж байсан хэний адуу юм бол хэл дуулгаад эзэнд нь өгчих юмсан гэж ярихад Ганаа ах харин тиймээ эзэнд нь дуулгаад туслах юмсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 196/,

 

Гэрч М.Батбилэгийн өгсөн: “О.Б нь 2018 оны 02 дугаар сарын сүүлээр ирээд манайд байж байгаад Багануур дүүргийн уурхайн наадам дуусгаад буцаж байсан юм. Манайд байх хугацаандаа надад туслаад байж байсан. Байх хугацаандаа 1-2 удаа хот руу явж байсан байх. М.Г нь манай гэрт нэг их байгаагүй. 2018 оны хавар болон зун сунгаанаар ирж байсан ба манайд ирэхдээ хонож байгаагүй. Өдөртөө буцдаг байсан ба портертой ирдэг байсан. Байнга манайд байгаад байсан юм байхгүй. О.Б бол манайд байж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 242/,

 

Гэрч Баатархүүгийн өсгөн: “2017 оны 7 дугаар сарын дундуур он сарыг нь сайн санахгүй байна Төв аймгийн Баяндэлгэр сумын нутгаас юм ачаад буцаад явж байтал Зурхайч гэх газар Рагчаа гэх хүний өвөлжөөний урдуур хоёр хөтөлгөө морьтой хүн 10 гаруй адуу хөөгөөд гарч ирсэн. Тэгэхээр нь би зогсоод дурандтал цэнхэр дээлтэй урт уурга барьсан эрэгтэй цэрэг ногоон малгайтай, эрээн цамцтай манай сумын халзаа буюу Болочулуун явж байсан. Тэр хүн адуу хөөгөөд явж байсан. Маргааш өдөр нь 11 цагийн үед байх өөрийн найз Баянзулын хамт адуу дурандах гээд Сэрвэн хайрханы орой дээр адуу дурандаж байтал урьд өдөр нь адуу хөөж явж байсан цэнхэр дээлтэй хүн Мөхбатын гэрт очсон. Тэгтэл зөрөөд халзаа хочит О.Б хөтөлгөө морьтой буцаад Хөндлөнгийн хөтөл даваад явахаар нь би араас нь дагаж хартал Өлийн мод руу явж орсон. Араас нь дурандтал өчигдөр нь Бы тууж явсан адуу модны захад байсан. Би Нын гэрт шууд яваад очтол гэрийнхээ ойролцоо цэнхэр дээлтэй байж байгаад гэрт нь ороход байхгүй байсан. Тухайн хоёр хүн 10 тооны сартай саарал, хондлой цоохор морь, нэг хул эсвэл хонгор унагатай адуу байсан. Б, Н нарыг сайн танина холоос дурандахад яг мөн байсан. Тэр тууж явсан адуу манай хавийн адуу биш огт танихгүй адуу байсан. Б, Н нар нь Өлийн мод гэх газар хөөсөн адуугаа манаж хоносон юм биш байна лээ. Ээлжилж модонд ороод байсан. Модонд хөөсөн адуу нь байсан.” гэх мэдүүлэг / 1-р хх-н 245-247/,

 

Гэрч Ч.Өлзийгийн өгсөн: “Н, М нарыг танина. Олон жил айл саахалт явж байгаа. Манай энэ хавийн малчдын малыг олноор хулгайлж зарсан гэж сонсогдсон. Ер нь бол малын хулгай хийдэг мэднэ.” гэх мэдүүлэг /2-р хх-н 25/,

 

Гэрч Д.Баярцогтын өгсөн: “Би Мтай 2014 онд танилцаж байсан. М нь адуу хийлгэж байсан. Тэр цагаас хойш М нь надаар адуу мал нядлуулдаг байсан. Би 2017 оноос хойш нийт хийж өгсөн адуу маань 40 гаруй адуу нядалж өгсөн байна. М нь эдгээр адуунуудыг манай өөрийн адуу гэж нядлуулдаг байсан. Нэг тамга бол биш янз бүрийн өөр, өөр тамгатай адуунууд байдаг байсан. Бид нараар адуу нядлуулахдаа дандаа харанхуй болсон хойно адуу нядлуулдаг байсан. Нядалж байсан адуун дунд хүн хайрлаад нядлуулахааргүй гоё адуунууд байдаг байсан. Миний санаж байгаагаар ижил хар морь, эрлийздүү өндөртэй адуу байсан. Г.М нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байх өөрийн өвөлжөөндөө нядлуулаад сэвс баасыг нь өөрийн малын бууц, аргал дээр асгаад гэдэс, толгой, шир, шийрийг нь шуудайнд хийж ачиж авч яваад замын хажуу руу хаядаг байсан. Яагаад шуудайлж авч яваад хаядаг талаар нь би нэг удаа асууж байсан. Гэтэл гэрийн гадаа хог болж хөглөрөөд байдаг юм гэж байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-н 70/,

 

Гэрч А.Гомбодоржийн өгсөн: “2018 оны 7 дугаар сард он сараа би сайн санахгүй байна М.Г, О.Б нар нь мотоциклтой жижиг хүрэн азаргатай 11 тооны адууг хөөгөөд явж байсан. Би тэр талаар хараад Гантөмөр гэх ахтай энэ хоёрыг адуу хөөгөөд явж байсан гэх талаар нь эзэнд нь хэл дуулгачихвал гэж хэлж байсан. Г, Б нар улаан өнгийн мотоциклтой, Б ногоон өнгийн цэрэг малгайтай, Г нь дээлтэй явж байсан шиг санаж байна. Г, Б, Н, М нар мэр сэр хулгай хийгээд байгаад сураг сонсогдоод байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-н 73/,

 

Гэрч Б.Баянзулын өгсөн: “2018 оны 7 дугаар сарын дундуур байх би он, сар, өдрөө сайн санахгүй байна. Би өөрийн найз Баатар гэх залуутай Баяндэлгэр сумын Тахилт гэх газрын Сэрвэнгийн орой гэх уулан дээр суугаад дурандаад байж байтал уг газраас ертөнцийн зүгээр баруун талд Хөх хадны модны хаяанд О.Б цэрэг малгай өмсчихсөн, мөн хажууд нь богино цэнхэр дээл өмссөн урт уурга барьчихсан хүнтэй хамт 10 гаруй тооны бараан зүсмийн адууг өдөржингөө модны хажууд шахаж, манаж байгаад Баянбулагийн Өлийн эх газар луу туугаад явсан. Дараа нь сураг сонсоод байхад цэнхэр дээлтэй урт уурга барьсан залуу нь Мөнхөө буюу Н гэх залуу байсан байна лээ. Тухайн адуунуудын тамга зүсийг нэг бүрчлэн харж чадаагүй, миний харснаар хар морь, хээр морь, хүрэн морь, цоохор юм уу буурал зүсмийн морьд харагдаж байсан.  Манай найз Баатар надаас салаад Г.Нын гэр рүү дурандахад 2 хүн гэрийнх нь гадаа байж байсан гэсэн. Тэгэхээр нь Нын гэрт яваад очход нэг хүн нь нуугдаад Н гэрийнхээ гадаа сууж байсан гэж надад ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 194-195/,

 

Шүүгдэгч О.Бы өгсөн: “2018 оны 7 дугаар сарын дундуур Багануур дүүрэгт байж байхад намайг Г.М ах дуудаад би гэрт нь очоод 3-4 хоноод байж байтал гэрийнх нь урд талд эзэнгүй олон хоносон хүрэн азаргатай 10 тооны адууг Г.М ах хөөгөөд ир гэхээр нь М.Г бид хоёр мотоциклоор яваад эдгээр адуунуудыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Тахилтын аманд" байрлах Г.М ахын хөдөө гэрийн өвөлжөөнд аваачиж хашаад 3 тооны хүрэн азарга, хүрэн гүү, хүрэн үрээ нийт 3 тооны адууг барьж аваад бусад адууг нь хашаанаас гаргаад М.Г хөөж явуулсан. Г.М ах Улаанбаатар хот Налайх дүүргээс бойчин Гүрээ гэх хүнийг авчирч эдгээр 3 тооны адууг нядлуулаад цус, сэвс хоёрыг нь өвөлжөөний баруун талд жалга руу асгуулаад гэдэс дотор, толгой, шир, шийрийг нь шар өнгийн улаан судалтай том шуудайнд хийж 85-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж аваад явсан. Би 2013 онд Г.М ахтай анх танилцаж байсан манай ээжийн найзаас Г.М ах Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Ботаникийн буудал дээр морь унадаг хүүхэд байгаа юу гэж асуухад манай ээжийн найз намайг хэлж өгөөд би Ботаникт очиж Г.М гэх хүнтэй уулзаад бид хоёр манай ээжийн ажил дээр хамт очоод Г.М ах ээжтэй уулзаад намайг сарын 300 000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцоод эхний сарын 300 000 төгрөгийг ээжид өгөөд намайг дагуулаад Төв аймгийн Баяндэлгэр суманд ирж байсан юм. Тэр цагаас хойш би тэдний малыг маллаж, морь малыг нь тэжээж тэндээ амьдраад одоог хүртэл байж байгаа юм.

2017 оны 8 дугаар сарын сүүлчээр 26-27-ны хавьцаа байх би он сараа сайн санахгүй байна Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хөөрөг гэх газраас 2 тооны хонгор халзан, 1 тооны сартай хүрэн, 1 тооны хүрэн халзан, 1 хонгор, 2 зээрд үрээ, 1 саарал нийт 8 тооны адууг М.Гын хамт мотоциклоор хөөж Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Г.Мын гэрийн гадна авч ирсэн ба эдгээр 8 тооны адууг өвөлжөөнд аваачиж хашаад Г.М ах О.Эрдэнэчулуун, Гүррагчаа гэх бойчин хүмүүсээр нядлуулсан ба эдгээр адууны гэдэс дотор, толгой, шир, шийрийг нь шуудайнд хийж авч яваад хаядаг байсан.

Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод байж байгаад ирэхэд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Бөөрөлжүүт гэх сувиллын ойролцоох пойлон дотроос саарал морь, хонгор морь, хул морь, хүрэн үрээ нийт 4 тооны адууг М.Гын хамт мотоциклоор хөөж Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Г.М ахын гэрийн гадна авч ирээд Г.Н ах өвөлжөөнд аваачиж хашаад Налайх дүүргээс бойчин Цогоо гээд ахыг авч ирээд нядлуулсан ба гэдэс дотрыг нь мөн адил ачаад аваад явж байсан.

2018 оны 01 дүгээр сарын сүүлээр М.Г нь Төв аймгийн Баяндэлгэр сумын үхрийн ферм буюу Даймаа гэх хүний өвөлжөөний хажуу талаас 7 тооны бараан голдуу зүсмийн адуунуудыг би морьтой, М.Г мотоциклтой хөөж өвөлжөөнд хашаад Г.М ах хотоос бойчин Цогоо ахыг авч ирээд нядлуулсан ба мөн уг адууны гэдэс дотор, толгой, шир, шийрийг нь ачиж аваад явсан.

2018 оны 02 дугаар сарын эхээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын хоолой гэх газрын ард байрлалтай үхрийн фермийн хажуу талаас 9 тооны 1 цагаан, 1 саарал, 3 байдас, сартай хүрэн даага, унагатай зээрд гүү, голцуу бараан зүсмийн адуу байсан ба эдгээр 9 тооны адуунаас унагатай гүү, даага гурвыг надаар Тэмээн хүзүү гэх нэртэй уулыг тойруулаад жалга руу хөөлгөсөн ба үлдсэн 6 тооны адууг нь Г.Мын өвөлжөөн дээр аваачаад бойчин Цогоо, Гүррагчаа нар хийсэн ба мөн гэдэс дотрыг нь шуудайнд хийж ачаад аваад явж байсан.

2018 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө Төв аймгийн Архуст сумын урд талын төмөр замын урд талаас 8 тооны 1 хуль морь, 1 халиун морь, уядаг байрын хадаг зүүсэн хонгор морь, бусад нь хүрэн, зээрд, бор зүсмийн адуунуудыг М.Г бид хоёр хөөсөн ба М.Г мотоциклоор би хулгайлсан 8 тооны адуунаас хонгор морийг барьж авч унаад Г.Мын гэрийн гадна авч ирсэн ба эдгээр адуунуудыг бойчин Цогоо, Гуррагчаа хоёр өвөлжөөн дээр нядалсан ба эдгээр адууны гэдэс дотор толгой, шир, шийрийг нь ачиж аваад явсан.

2018 оны 6 дугаар сарын дундуур миний төрсөн өдрийн дараахан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хөөрөг гэх газраас хээр азаргатай 28 тооны адуу М.Г бид хоёр мотоциклтой хөөж Г.М ахын гэрийн гадна авч ирээд хашиж байгаад дотроос нь шилж цагаан, хүрэн, хээр зүсмийн 11 тооны адууг авч үлдээд үлдсэн адуунуудыг нь М.Г хөөгөөд явсан. Эдгээр адуунуудыг Эрдэнэчулуун, Гүррагчаа гэх Налайхын 2 бойчин ах нядалсан ба гэдэс дотрыг нь ачиж яваад хаясан байх.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Тахилт гэдэг газраас М ахын урдхан талд Монхдой гэх хүний саарал морь, хонгор морь, халтар зүсмийн нийт 3 тооны адууг 2018 оны 6 дугаар сарын сүүлээр авчирсан боловч халтар морийг нь Г замаас нь уулан дээр алдсан юм. Тэгээд 2 тооны ахар дэлтэй саарал морь, урдаа чолктой хонгор морийг М.Г ганцаараа мотоциклоор хөөж ирээд бойчин Цогоо ганцаараа нядалсан ба Г.М ах эдгээр адууг нядлуулсан.

2018 оны 7 дугаар сарын эхээр Г.М ахын найз Мөнхөө гэх залуу айлын адуунаас 2 тооны хул морь, эрлийздүү хээр азарган үрээ барьж өгсөн түүнийг барьсан өдрийнхөө маргааш нь Г.Н, М.Г, Г.М бид нар хийсэн. Г.М нар нь адуу нядлуулах үедээ эдгээр бойчин хүмүүсээ дуудаж авч ирээд хийлгэдэг байсан. Надад 11 тооны адуу хийгээд мотоциклдоо бензин хийгээрэй гээд 40 000 төгрөг өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 8 тооны адуунаас 200 000 төгрөг өгсөн. Бусад үед нь мөнгө өгч байгаагүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хх-н 138-139/,

 

Шүүгдэгч М.Гын өгсөн: “Намайг Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг Тахилтын ам гэх газар хөдөө гэртээ байж байхад аав Улаанбаатар хотоос ирээд би хүнээс адуу авахаар болсон. Чи О.Бтай хамт мотоциклоор яваад манай гэрийн чанх урд талд байгаа хүрэн азаргатай 10 тооны адууг авчраад өвөлжөөндөө оруулж хашаад 3 тооны хүрэн зээрд азарга, хүрэн гүү, хүрэн үрээг хашиж үлдээгээд би сумын төв рүү яваад аав үлдээд эдгээр 3 тооны адууг бойчин дуудаж нядлуулсан байх. Би байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.

Би хамгийн анх 2017 оны 8 дугаар сарын дундуур байх он сараа сайн санахгүй байна манай малчин О.Б бид хоёр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Галуутын ар гэх газар тал дээрээс мотоциклоор 8 тооны адуу хөөж ирээд өвөлжөөн дээр аваачиж хашсан ба манай аав Г.М авга ах Г.Н хоёр Налайх дүүргээс хоёр бойн хийдэг хүн болох Гүррагчаа, Цогоо хоёроор нядлуулаад аав өөрийнхөө 85-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машин дээр махаа ачаад явсан. Толгой, шир, шийр гэдэс дотрыг нь ачаад аваад явсан байх. Тухайн үед бүрэнхий болж байхад адуугаа хийгээд шөнө харанхуй болж байхад явж байсан шиг санагдаж байна.

2017 оны 12 дугаар сарын сүүлээр он сараа сайн санахгүй байна. Г.Н ах намайг урдаас адуу хөөгөөд ир гэхээр нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Тогосын гүүрний хойд талаас морьтой яваад 7 тооны адуу зүсийг нь бас санахгүй байна хөөж ирээд өвөлжөөндөө аваачаад Г.Н ах бойчинтой хийгээд аавын 85-41 УНМ улсын дугаартай, цагаан өнгийн, портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж Улаанбаатар хот Улиастайн хуучин эцэст байдаг махны үйлдвэрт аваачиж зарсан. Тухайн үед эдгээр адууны толгой, шийр, гэдэс дотрыг нь шуудайнд хийж машин дээрээ ачиж авч яваад "Таньюуки"-н хөшөөний ойролцоо хаяад цааш явж байсан. Энэ үед аав байгаагүй. Солонгос улс руу явчихсан байсан. Эдгээр 7 адууны тамга нь хальт харахад саран тамгатай байсан.

2018 оны 01 дүгээр сарын сүүлээр О.Б бид хоёр Төв аймгийн Баяндэлгэр сумын Тахилтын ам гэх газраас Эрдэнэбат гэх хүний 20 гаруй тооны адуу мориор хөөж ирээд өвөлжөөнд оруулж хашаад 7 тооны адууг нь барьж аваад үлдсэн адууг нь өвөлжөөнөөс гаргаад гэр рүү нь хөөсөн ба эдгээр адуунууд хас тамгатай байх шиг байсан. Эдгээр 7 тооны адууг манай аав Г.М бойчин Цогоо, Гүррагчаа нарыг дуудаж нядлуулсан ба нядалсан адууны гэдэс дотрыг нь шуудайнд хийж, махтайгаа хамт 85-41 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж аваад явж байсан.

2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Тахилтын ам гэх газраас тус сумын иргэн Цолмон 3 хүний 9 тооны адууг бэлчээр дээрээс нь О.Б бид хоёр морьтой хөөж өвөлжөөн дээрээ авчирч хашаад аав Налайхаас бойчин Цогоо, Гүррагчаа нарыг авчирч нядлуулаад махыг нь 85-41 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад гэдэс дотор, толгой, шир, шийртэй нь шуудайнд хийж хаясан. Хаана хаясан талаараа сайн санахгүй байна. Эдгээр адуунууд бундан тамгатай байх шиг байсан.

2018 оны 6 дугаар сарын эхээр Төв аймгийн Тахилтын амны хойд эхээс халтар азаргатай 30 гаран тооны адууг О.Б бид хоёр морьтой өвөлжөөн дээрээ хөөж ирээд 11 тооны бараан зүсмийн адууг нь хашаад аав, Г.Н ах хоёр Налайх дүүргээс бойчин Цогоо ах, Гүррагчаа нараар нядлуулсан ба эдгээр адуунууд нь ширээтэй зуузай тамгатай байх шиг байсан. Аав махыг нь ачаад Улаанбаатар хот руу өөрийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Гэдэс дотор, толгой, шир, шийрийг нь аав шуудайнд хийж ачаад аваад явж байсан.

2018 оны 7 дугаар сарын 10-ны үеэр байх Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянхангай гэх газраас 3 тооны хээр, зээрд, буурал зүсмийн адуу мотоциклоор ганцаараа хөөж явж байгаад 1 тооны хээр адууг нь алдаад 2 тооны зээрд, буурал зүсмийн адууг нь өвөлжөөндөө авч ирж хашаад аав бойчингоор нядлуулсан байх би морь уяж байсан болохоор яваад өгсөн ба портер маркийн машиндаа ачаад энэ хоёр адууны тамга нь бүдэг байсан ба их сонин мэдэхгүй тамгатай байсан.

2018 оны 7 дугаар сарын дундуур наадмын дараа аав өөрийн найз Мөнхөө гэх хүнээс 2 тооны хул морь, хээр үрээ аваад эдгээр адуунуудаа Г.Н ахаар янзлуулаад Улаанбаатар хот руу аваад явсан. Аав, ах хоёр цагаан өнгийн 8541 УНМ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээ дундаа ашигладаг байсан. Б бид хоёр морь, мотоцикл ашигладаг байсан. Малын гэдэс, дотор хийх шуудайг Улаанбаатар хотоос авчирдаг байсан. Хулгайлсан адууны гэдэс, дотор, арьс ширийг зам дагуу Дөтлүүр, Баяндавааны цаад тал руу Таньюукин хөшөөний ойролцоо хаядаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 142-143/,

 

Шүүгдэгч Г.Мын өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотоос 18 цагийн үед Төв аймгийн Баяндэлгэр сумын "Тахилтын ам" гэх газарт хөдөө гэртээ очсон. Тэгтэл манай урдуур эзэнгүй удсан гэх хүрэн зээрд азаргатай 10 гаруй тооны адуу байсныг манай дүү Г.Н янзлуулахаар болоод би өөрийн хүү М.Г, малчин О.Б нарт хүнээс худалдаж авахаар тохиролцсон адуу байгаа юм аваад ир гээд мотоциклтой явуулаад өвөлжөөндөө аваачиж хашуулаад Улаанбаатар хот Налайх дүүргээс бойчин Гүррагчааг дуудаж эдгээр адуунаас хүрэн зээрд азарга, хүрэн гүү, хүрэн үрээ зэргийг барьж авч нядлуулсан. Нядалсан адууны махаа Улаанбаатар хот Улиастайд байх Хятад махны үйлдвэрт аваачиж зарсан.

2017 оны 8 дугаар сарын сүүлээр он, сар, өдрөө сайн санахгүй байна ямар ч байсан хүүхдийн хичээл орох дөхчихсөн байхад адуу нядалж мөнгө олох санаатай өөрийн төрсөн хүү М.Гыг мотоциклтой нь явуулаад адуу хөөгөөд ир гэсэн. Тэгэхэд манай хүү малчин О.Бы хамт яваад 8 тооны адуу өвөлжөөн дээрээ тууж ирээд хашчихсан байх хооронд нь Улаанбаатар хот Налайх дүүрэг рүү очоод бой хийдэг Эрдэнэчулуун, Гүррагчаа нарыг хөдөө гэрт өвөлжөөн дээрээ авчираад адуунуудаа нядлуулаад малын бичиг сумаасаа хувийн мал эмнэлгээр гаргуулж аваад Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 85-41 УНМ улсын дугаартай Хюньдай портер тээврийн хэрэгсэл дээр ачиж явдаг байсан. Би хийлгэсэн адууныхаа толгой, шир, шийр, гэдэс дотрыг нь шуудайнд хийж авч явдаг байсан. Би эдгээр 8 тооны адууны зүс, тамгыг нь сайн санахгүй байна. Эдгээр 8 тооны адууг нядлах үед О.Б, М.Г, Эрдэнэчулуун, Гүррагчаа бид нар байсан. Эдгээр адууны сэвс, баасыг өвөлжөөний баруун урд талд жалганд аваачиж хаясан.

 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр 2 удаа 7 болон 9 тооны адууг хийлгэж байсан. Эдгээр адууг бойчин Гүрээ манай дүү Г.Н нар хийсэн байх. Тухайн адуунуудыг манай хүү М.Г хөөж ирсэн ба нядлуулаад махыг нь би өөрийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад явсан. Эдгээр адууны им, тамга, зүсийг нь сайн санахгүй байна өвөлжөөн дээрээ нядлуулж байсан.

2018 оны 02 дугаар сарын дундуур цагаар сарын өмнө 8 тооны адууг манай хүү М.Г, малчин О.Б нар хөөж ирсэн. Би Налайх дүүргээс бойчин Цогоо, Гүрээ хоёрыг авчираад өвөлжөөн дээрээ хийлгүүлээд малын бичиг аваад өөрийн эзэмшлийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад аваад явж байсан. Эдгээр адууны гэдэс дотор, сэвс баасыг нь өвөлжөөний урд талд малын баасан доор хийж булаад хаясан.

2018 оны 6 дугаар сарын сүүлээр байх 11 тооны адууг манай гэрийн ойролцоо байхаар хүү М.Г, малчин О.Б нарыг явуулан өвөлжөөндөө хашуулж бойчин Цогоо ах хийж байсан байх сайн санахгүй байна. Эдгээр адууг махалж, нядлаад малын бичгийн хувийн малын эмнэлгээс аваад өөрийн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлдээ Улаанбаатар хот руу явсан. Эдгээр адууны зүс, им тамгыг нь санахгүй байна гэдэс дотрыг нь, толгой, шийртэй нь шуудайлсан ба манай дүү Г.Н хаясан байх.

2018 оны 7 дугаар сарын эхээр манай найз Мөнхөөд надад мөнгөний хэрэг гараад мөнгө байвал зээлээч гэж гуйтал хул морь, хээр үрээ хоёр надад өгөхөөр нь би махалж зарсан ба өөр адуу хулгайлж нядалж зарж байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-н 146-147/,

 

Шүүгдэгч Г.Нын өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 31-ны өдөр манай дүү Г, Б нар мотоциклоор хүрэн азарга, хүрэн гүү, зээрд үрээ нийлсэн 3 тооны адуу авчирсан. Уг адуунууд манай гэрийн ойролцоо нилээн хэсэг хугацааны туршид байсан адуунууд байгаа юм. Түүнийг нь Налайх дүүргээс М ах бойчин авч ирээд тэгээд нядлаад Улаанбаатар хот руу 85-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн портер машинаар ачиж яваад замдаа Чонжин болдог хөшөөний наад талын замын хажуу талын жалганд толгой, шийр, шир, дотор гэдэс зэргийг нь ногоон өнгийн шуудайнд хийгээд хаясан. Тэгээд махаа Улаанбаатар хот оруулаад Улиастайд байрлах урд өмнө өгч байсан Хятад ченжийн наад талын Хятад ченжид махыг нь зарсан.

2017 оны 11 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Галуутайн ар гэх газар ба Төв аймгийн Баянжаргалан сум руу явдаг шороон замын ертөнцийн зүгээр зүүн талаас буюу төмөр замын урд талын энгэрт зүсийг нь сайн санахгүй байна 5 тооны морь байсан. Түүнийг би дүү Гтой хамт мотоциклоор явж тууж ирээд гэрийнхээ гадаа өвөлжөөн дээрээ өөрөө нядлаад тэгээд Улаанбаатар хот руу 85-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн портер машинаар ачаад замдаа Чонжин болдог өнгөрөөд Таньюукугын замаар урагшаа эргээд 500 метр орчим яваад хар замын хажуугийн нүхэнд толгой, шийр, шир, гэдэс зэргийг нь хаясан. Толгой, шийр, шир, дотор гэдэс зэргийг нь тэжээлийн ногоон өнгийн шуудайнд хийж хаясан. Тэгээд Улаанбаатар хот оруулж махыг нь Улиастайн эцэст байрлалтай Хятадын махны ченжид өгсөн. Гарал үүслийн гэрчилгээг сумын төвийн малын эмч Пионер гэх хүнээс авсан. Тухайн адуунууд нь бүгд ахар дэлтэй хул хонгор зүсмийн 4 тооны адуу, 2 тооны адуу нь улаан бордуу байсан санагдаж байна.

Би 2018 оны 3 дугаар сар гаргаад Мартын 8-аас өмнө Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Галуутайн ар гэх газар ба Төв аймгийн Баянжаргалан сум руу явдаг шороон замын ертөнцийн зүгээр зүүн талаас буюу төмөр замын урд талын энгэрээс 3 тооны хонгортой адуунуудыг мотоциклоор ганцаараа туугаад гэрийнхээ өвөлжөөн дээр авч ирээд хашиж байж байгаад тэр оройноо 2 тооны адууг нь нядлаад маргааш нь үлдсэн 1 тооны адууг нь өөрийнхөө 2 тооны адуутай хамт нядалсан. Махыг нь 85-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн портер машинаар ачаад УБ хот руу явсан. Замдаа толгой, шийр, шир, гэдэс зэргийг нь шуудайнд хийгээд Төв аймгийн Эрдэнэ сум орох төв зам дагуу дөтлүүр гэх газрын замын хажуу талын жалганд хаясан. Тэгээд махаа ачиж яваад УБ хот оруулаад мөн Улиастайн эцэст байрлалтай хятад ченжид зарсан.

Би энэ мөчөөс хойш адуу нядлаагүй байж байгаад 2018 оны 6 дугаар сар гаргаад манай дүү Г бид хоёр манай гэрийн ойролцоо байгаад байсан хээр азаргатай 20 гаруй тооны адуу байснаас 11 тооны адууг нь хашиж авч үлдээд үлдсэн адуунуудыг нь хөөж явуулаад манай ах Г.М Налайх дүүргээс нэрийг нь мэдэхгүй байна 2 бойчин авч ирээд нядлуулаад аваад явсан. Энэ үйлдэлд би оролцоогүй.

 2018 оны 7 дугаар сарын 20-ны үед байсан байх хугацаагаа сайн санахгүй байна манай ах Г.М өөрийн найз Мөнхөө гэх залуугийн тууж явсан адуунаас нь Мөнхөөгөөр 2 тооны хээр, хонгор зүсмийн адуу бариулж аваад тэдгээр адууг би ганцаараа хийсэн. Эдгээр адууны тамга нь мэдэгдэхгүй байсан ба хэний адуу болохыг нь Мөнхөө мэдэж байгаа. Би өөрийн хөөж ирж нядалсан адуугаа өөрийн улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклоор хөөж ирдэг байсан ба Г.М ахтай нийлж адуу хийхэд О.Б, М.Г нар өөрсдийн унадаг хуучин улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн мотоциклоор явдаг байсан. Г.М ах өөрийн эзэмшилд байдаг 85-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр адууны махаа зөөж явдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 150-151/,

 

Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэлгэр Баян-Уул хувийн мал эмнэлгийн малын эмч Д.Пионерын 2017.01.14-ний өдрөөс хойших мал, махны гарал үүслийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 4-5/, малын гарал үүслийн бичиг /1-р хх-н 164-175/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 6-58, 2 хх 53-57,  161-163, 5 хх 79-84/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны 5 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "1.Шинжилгээнд ирүүлсэн 18310080903952 дугаартай хэргийн 1 дүгээр хавтаст материал дахь 114-р хуудасны доод хэсэгт, 125-р хуудасны доод хэсэгт, 125-р хуудасны ар талын доод хэсэгт, 130-р хуудасны доод хэсэгт, 130-р хуудасны ар талын хэсэгт, 131-р хуудасны ар талын дээд хэсэгт, 141-р хуудасны дунд хэсэгт, 142-р хуудасны доод хэсэгт, 142-р хуудасны доод хэсэгт, 142-р хуудасны ар талын доод хэсэгт, 143-р хуудасны доод хэсэгт, 143-р хуудасны ар талын дээд хэсэгт, 224-р хуудасны доод хэсэгт, 225-р хуудасны доод хэсэгт, 225-р хуудасны ар талын доод хэсэгт, 226-р хуудасны дунд хэсэгт зурагдсан гарын үсгүүдийг нэг хүн зурсан." гэх, гэрэл зураг /8 хх 163- 176/,   

 

 “УВАА УУЛ АУДИТ” ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/47 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “Бор морь 790 000 төгрөг, хүрэн хязаалан үрээ 665 000 төгрөг, хээр морь 715 000 төгрөг, нийт 2 170 000 төгрөг” гэх тайлан хохирогч Ө.Нын /2-р хх-н 95-98/,

“УВАА УУЛ АУДИТ” ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/45 дугаартай үнэлгээний: “Улаан хээр гүү 740 000 төгрөг, хонгор гүү 790 000 төгрөг, зээрд гүү 790 000 төгрөг, хүрэн гүү 790 000 төгрөг, хүрэн халзан гүү 790 000 төгрөг, хонгор гүү 790 000 төгрөг, хул гүү 790 000 төгрөг, нийт 5 480 000 төгрөг” гэх тайлан хохирогч Ш.Эрдэнэбат, А.Батболд, Б.Буянжаргал нарын /2-р хх-н 131-134/,

УВАА УУЛ АУДИТ” ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/43 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “Зээрд морь 676 500 төгрөг, хонгор азарга 799 000 төгрөг, бор саарал морь 799 000 төгрөг, хул морь 799 000 төгрөг, хонгор морь 897 000 төгрөг, нийт 3 970 500 төгрөг” гэх тайлан хохирогч Г.Өсөржаргалын /7-р хх-н 185-188/,

“УВАА УУЛ АУДИТ” ХХК-ны 2018 оны 10 сарын 16-ны өдрийн 02/46 дугаартай үнэлгээний: “Хул гүү 640 000 төгрөг, хар гүү 640 000 төгрөг, саарал гүү 1 380 000 төгрөг, хөх буурал гүү 690 000 төгрөг, зээрд халзан гүү 740 000 төгрөг, халиун гүү 740 000 төгрөг, цагаан гүү 740 000 төгрөг, цагаан морь 790 000 төгрөг, нийт 6 360 000 төгрөг” гэх тайлан хохирогч Б.Баянзулын /8-р хх-н 43-47/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 572 дугаартай үнэлгээний: “Ц.Эрэнтовчийн 3 тооны адуунаас хүрэн зүсмийн хурдан удмын гэх азаргын үнэ 2018 оны байдлаар 10 000 000 төгрөг.” гэх тайлан /7-р хх-н 94-102/

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07/336 дугаартай үнэлгээний: “2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Т.Эрэнтовчийн эзэмшлийн хүрэн гүү зах зээлийн үнэ 1 000 000 төгрөг, хүрэн үрээ 750 000 төгрөг нийт 1 750 000 төгрөг, хохирогч Л.Тэрбишийн эзэмшлийн 11 толгой адууны зах зээлийн үнэ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 11 700 000 төгрөг” гэх тайлан /7-р хх-н 107-121/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М: "Миний бие 2017 оны 11 дүгээр сард Бүгд найрамдах Солонгос улс яваад 2018 оны 01 дүгээр сард ирсэн. Ирэхэд адуу муухай болсон байсан тул махалсан. Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөөгүй тул би хийгээгүй. 2017 оны 12 дугаар сард 100 гаруй тооны адуу тоолуулсан. Ө.Нын адууг хийгээгүй энэ цаг хугацаанд адуу хийгээгүй." гэж,

Шүүгдэгч Г.Н: "Эрэнтовчийн 3 тооны адууг авсан нь үнэн. М.Г, О.Б нараар хөөлгөж ирээд авсан. Бусад адууг аваагүй.",

Шүүгдэгч М.Г: "Эрдэнэбат миний төрсөн эхийн төрсөн ах. 10 гаруй жил энэ айлд нэг ч ороогүй. Мөнгөнхүү бүгдийг нь чихээд эрүү шүүлт тулгаж хүлээлгэсэн. 2018 оны 6 дугаар сарын 20-25-ны хооронд бүлэглэсэн гээд байгаа энэ үед Хэнтий аймагт адуу уяад явж байгаад 7 дугаар сарын сүүлээр ирсэн. Баянзулын адуу алдагдах үед Улаанбаатар хотод байсан. Цэцэгмаа өмгөөлөгч надтай мэдүүлэг өгөөгүй байж өгсөн гээд байгаад гомдолтой байна.",

Шүүгдэгч О.Б: “Г.Мтай маргаантай байсан тул Улаанбаатар хотод байсан. 2018 оны 7 дугаар сарын сүүлээр ирсэн. 3 тооны адууг туугаад ир гэхээр нь тууж авчирч өгсөн. Мөнгөнхүү намайг зодож 12-14 хоног худагт байлгасан." гэж  улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргасан.

 

Шүүх дээр  дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гэрч Ц.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 17-ний өдөр эрүүгийн 1834006060243 дугаартай хэрэгт Г.М, Г.Н, М.Г, О.Б нар өөрсдөө над руу утсаар залгаж өмгөөлөл хууль зүйн туслалцаа авна гээд би Цагдаагийн газар ирж нэр бүхий 4 хүнтэй ганцаарчлан уулзаж хэргийн талаар өөрсөдтэй нь ярилцаад үдээс хойшоос эхлээд орой 20 цаг өнгөртөл 4 хүний мэдүүлэгт Цагдаагийн газрын тусгай  мэдүүлгийн камертай өрөөнд сууж мэдүүлэгт оролцож өгсөн мэдүүлгийг нь оролцогч бүрд уншиж танилцуулж гарын үсгийг нь зуруулж өөрөө бас баталгаажуулж гарын үсгээ зурсан. Ингээд шүүхээс тэднийг цагдан хорьж хэсэг хугацааны дараа цагдан хорихоос суллагдсаны дараа М эхнэртэйгээ ирж надтай уулзаж хорихоор явдаг Нараа гэх өмгөөлөгч авсан, одоо та нарыг хэргээс чөлөөлнө гэсэн таниас болино гээд би дээрх хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Миний дэргэд эдгээр 4 хүнээс мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс айлган сүрдүүлэх, зодож цохих, загнаж зандрах зэрэг эрүү шүүлт тулгасан зүйл байхгүй. Миний дэргэд тийм зүйл огт болоогүй. Мэдүүлгийн үеэр Мөнгөнхүү Тэмүүжин мөрдөгчийн хажууд байгаагүй. Хамгийн гол нь тусгай мэдүүлгийн камертай өрөөнд мэдүүлэг авсан шүү дээ. Камерийн бичлэгт тухайн хүмүүсийн өөрсдийн ярьж байгаа зүйл, мөрдөгчийн асууж байгаа асуулт, яллагдагч нарын өөрсдийн ярьж байгаа мэдүүлэг бүгд байгаа." гэх мэдүүлэг /8 хх 160-161/,  шүүгдэгч О.Болочулуунаас гаргасан гомдлоор Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянаж О.Бы гомдолд дурдсан 1.хэсгийн төлөөлөгч Д.Мөнгөнхүү зодсон, хийгээгүй хэрэг тохсон, айлын худагт 6 цаг, цагдаагийн байранд 11 хоног хууль бусаар хорьж эрүүдэн шүүсэн гэх үйл явдал тогтоогоогүй, 2....гомдол гаргагчаас мэдүүлэг авахад биед учирсан гэмтэл шарх учраагүй гэж мэдүүлсэн үндэслэлүүдээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналаар хэрэг бүртгэлтийн хэрэг  нээхээс татгалзсан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 473 дугаартай тогтооол зэргээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн,  шүүгдэгч нараас яллагдагчаар мэдүүлэг авахдаа хууль бус аргаар авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.М "Би тухайн цаг хугацаанд Солонгос улсад байсан гэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа Хил хамгаалах Ерөнхий газрын 2022.11.18-ны өдрийн 2-4в/5328 дугаар албан тоот "Монгол улсын иргэн Гаваагийн М нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын хилээр гарсан (БНСУ), 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна." няцаагдсан байна.

 

            Шүүгдэгч нар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

 

             Шүүх эрүүгийн 18340080900395 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М, О.Б, Г.Н, М.Г нарыг бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Тахилт" гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө иргэн Б.Баянзулын 9 тооны адууг,  

            Төв аймгийн Баяндэлгэр сумын Эрдэнэ 4 дүгээр багийн нутаг "Тахилт" гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө иргэн Ш.Эрдэнэбатын 7 тооны адууг /хохирогч А.Батболд, Б.Буянжаргал нарын 2 тооны адуу/,

            Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Тахилтын ам" гэх газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд иргэн М.Оюуны 11 тооны адууг,

            Төв аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг "Тахилтын ам" гэх газраас 2018 оны 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн Т.Эрэнтовчийн 3 тооны адууг,

            Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Сүүл ар" гэх газраас 2018 оны 7 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө иргэн Ө.Нын 3 тооны адууг,

            шүүгдэгч Г.Н, М.Г, О.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Тогосын гүүр" гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Г.Өсөхжаргалын 5 тооны адууг хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж тэдний дээрх үйлдэлд Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

     2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Н, Г.М, М.Г, О.Б нар нь 2017 оноос 2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны адууг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

 

            Иймд шүүгдэгч Г.М, Г.Н, М.Г, О.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

            Шүүгдэгч Г.М, О.Б, Г.Н, М.Г нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Баянзулын 9 тооны адуу буюу 6 360 000 төгрөгийн хохирол, хохирогч Ш.Эрдэнэбатын 5 тооны адуу буюу 3 900 000 төгрөгийн, хохирогч А.Батболдын 1 тооны адуу буюу 790 000 төгрөгийн, хохирогч Б.Буянжаргалын 1 тооны адуу буюу 790 000 төгрөгийн, хохирогч М.Оюуны 11 тооны адуу буюу 11 700 000 төгрөгийн, хохирогч Т.Эрэнтовчийн 3 тооны адуу буюу 11 750 000 төгрөгийн, хохирогч Ө.Нын 3 тооны адуу буюу 2 170 000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Өсөхжаргалын 5 тооны адуу буюу 3 970 500 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилсан. Олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг малыг ойлгох бөгөөд богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцох тул шүүгдэгч нар бусдын 38 тооны бод буюу адууг хулгайлсан нь  мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мт 6 жил 6 сар хорих, шүүгдэгч Над 7 жил хорих, шүүгдэгч Бд 5 жил 6 сар хорих, шүүгдэгч Год 6 жил хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

хохирогчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш: Шүүгдэгч нар хохирол нөхөн төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 5 жилийн хугацаанд хохирол нөхөн төлөөгүй байхад хөнгөрүүлэх нөхцөл байхгүй, хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгдээгүй тул улсын яллагчийн ялын саналыг дэмжиж,

шүүгдэгч М.Г, Г.М нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа: 2017 оноос хойш 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх,

шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Г.Ганцэцэг: Ж.Нарантуяа өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох,

шүүгдэгч Г.Нын өмгөөлөгч Б.Баярмагнай: Миний үйлчлүүлэгч хохирол төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Өршөөлийн хууль болон хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.   

 

Өмгөөлөгч нарын шүүгдэгч нарт холбогдох хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэх тул хүлээн авах боломжгүй болохыг дурдав. 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.М нь  ам бүл 2 хүүгийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй талаарх лавлагаа /8-р хх-н 236/,

Шүүгдэгч Г.Н, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сум Байдлаг 1 дүгээр баг “Тахилтын задгай”-д оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Налайх Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3  жилийн хорих ялыг хасч нийт эдлэх ялыг 2 жил 1 хоногийн тогтоосныг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан талаарх ял шалгах хуудас /8-р хх-н 235/,

М.Г, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастайн гудамжны 83 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй талаар баримт /8-р хх-н 237/,

О.Б, ам бүл 7, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг Улаанхуаран гудамжны 2055 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй талаарх баримт /8-р хх-н 238/ дугаар хуудаст тус тус авагдсан байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой тул дээрх хүндрүүлэх нөхцөл байдал болон тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан  шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Г.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял,  шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял тус тус оногдуулж, 

Шүүгдэгч Г.Н, Г.Мөнбаяр нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч М.Г, О.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй тул шүүгдэгч О.Б, М.Г нарт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч Г.М, О.Б, Г.Н, М.Г нар нь хохирогч Б.Баянзулын 9 тооны адууг хулгайлж буюу 6 360 000 төгрөгийн хохирол, хохирогч Ш.Эрдэнэбатын 5 тооны адууг хулгайлж 3 900 000 төгрөгийн, хохирогч А.Батболдын 1 тооны адууг хулгайлж 790 000 төгрөгийн, хохирогч Б.Буянжаргалын 1 тооны адууг хулгайлж 790 000 төгрөгийн /хохирогч Ш.Эрдэнэбатын адуунд хохирогч А.Батболд, Б.Буянжаргал нарын адуу байсан/, хохирогч М.Оюуны 11 тооны адууг хулгайлж 11 700 000 төгрөгийн, хохирогч Т.Эрэнтовчийн 3 тооны адууг хулгайлж 11 750 000 төгрөгийн, хохирогч Ө.Нын 3 тооны адууг хулгайлж 2 170 000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Өсөхжаргалын 5 тооны адууг хулгайлж 3 970 500 төгрөгийн хохирол тус тус учруулснаас,

            Хохирогч Т.Эрэнтовчийн 11 750 000 төгрөгийн хохирол нөхөн төлөдсөн бөгөөд хохирогч М.Оюун миний эх тул түүнд учирсан 11 700 000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан бөгөөд хохирогч М.Оюун эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүхэд хохирлоосоо татгалзсан талаар хүсэлт ирүүлээгүй тул Т.Эрэнтовч хохирогч  М.Оюуны өмнөөс хохирлоос нь татгалзах эрхгүй болохыг дурдав. 

 

            Шүүгдэгч Г.М, Г.Н, О.Б, М.Г нараас 6 360 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Баянзулд, 3 900 000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ж.Эрдэнэбатад, 790 000 төгрөг гаргуулж хохирогч А.Батболдод, 790 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Буянжаргалд, 11 700 000 төгрөг  гаргуулж хохирогч М.Оюунд, 2 170 000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Над,

            шүүгдэгч О.Б, Г.Н, М.Г нараас 3 970 500 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Өсөхжаргалд олгохоор шийдвэрлэв. 

           

            Шүүгдэгч нар хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хоног завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Н-аас хохирогч М.Оюунд          1 000 000 төгрөг нөхөн төлөхөөр хүсэлт гаргасан тул хүлээн авч шийдвэрлэв. 

 

Улсын яллагч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ Даюун маркийн мотоцикль, 6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслүүдийг “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭЙ” ХХК-н 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 09/440 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Г.Мын эзэмшлийн Даюун маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 55 200 төгрөг.” гэх тайлан /1-р хх-н 62-69/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭЙ” ХХК-н 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 09/440 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Бичил глобус групп” ХХК-н өмчлөлийн 6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 902 880 төгрөг.” гэх тайлан /1-р хх-н 77-83/ байдлаар үнэлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна." гэж заасан тул,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Мын эзэмшлийн 55 200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902 800 төгрөгийн үнэ бүхий  6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хурааж зарж борлуулсан орлогыг хохирогч нарын хохирол төлбөрт шилжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Мын эзэмшлийн 55 200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902 800 төгрөгийн үнэ бүхий  6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолуудыг /1 хх 59-83/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Н, Г.М нарын цагдан хоригдсон 21 хоног, шүүгдэгч О.Бы цагдан хоригдсон 17 хоногийг тус тус эдлэх ялд  нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, хэрэгт шүүгдэгч нар яллах дүгнэлт гардаж аваагүй талаархи бичлэг бүхий СД 1 ширхэг, өмгөөлөгч Б.Баярмагнайгийн прокурорын шатанд гаргасан гомдол хүсэлтэд хавсаргасан 2 ширхэг СД, Прокурорын байгууллагаас хэрэгт хавсаргаж ирүүлсэн СД 1 ширхэг зэрэг хэрэгт авагдсан болохыг тус тус дурдав.

 

   Шүүгдэгч Г.М, Г.Н, М.Г нарт хорих ял оногдуулсан тул тэдэнд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М, Н, Г, Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч Г.Ныг 7 /долоо/ жил хорих ялаар, шүүгдэгч М.Гыг 4 /дөрөв/ жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч О.Быг 4 /дөрөв/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг, шүүгдэгч Г.Над оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад,

 шүүгдэгч М.Год оногдуулсан  4 /дөрөв/ жил 6 сар хорих ялыг, шүүгдэгч О.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоног, шүүгдэгч Г.Нын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоног, шүүгдэгч О.Бы цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас 6 427 500 /зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо Дунд тархи 22-р гудамжны 1480Б тоотод оршин суух хохирогч Адууч Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/-д 1 590 000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн иргэн хохирогч Хушанга Шижирбалжирын Эрдэнэбат /РД:НУ67053114/-д 975 000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Мангирт гэх газар нутаглах хохирогч Боржигон Алтангэрэлийн Батболд /РД:АМ85042433/-д 197 500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 38-р байрны 96 тоотод оршин суух хохирогч Түшээ  гүн Буянхишигийн Буянжаргал /РД:ЧО72060367/-д 197 500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Эмгэдийн 7-р хэсэгт оршин суух хохирогч Мянган Монголын Оюун /РД:ХЖ44020200/-д 2 925 000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багт оршин суух хохирогч Баянмолцог Өлзиймэндийн Н /РД:НЧ64051515/-д 542 500 /дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг,

Шүүгдэгч Н.Наас 7 750 900 /долоон сая долоон зуун тавин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо Дунд тархи 22-р гудамжны 1480Б тоотод оршин суух хохирогч Адууч Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/-д 1 590 000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн иргэн хохирогч Хушанга Шижирбалжирын Эрдэнэбат /РД:НУ67053114/-д 975 000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Мангирт гэх газар нутаглах хохирогч Боржигон Алтангэрэлийн Батболд /РД:АМ85042433/-д 197 500 /нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 38-р байрны 96 тоотод оршин суух хохирогч Түшээ  гүн Буянхишигийн Буянжаргал /РД:ЧО72060367/-д 197 500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Эмгэдийн 7-р хэсэгт оршин суух хохирогч Мянган Монголын Оюун /РД:ХЖ44020200/-д 2 925 000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багт оршин суух хохирогч Баянмолцог Өлзиймэндийн Н /РД:НЧ64051515/-д 542 500 /таван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр 1-р баг хохирогч Ваанжил Гүрбазарын Өсөхжаргал /РД:НЧ77102018/-д 1 323 400 /нэг сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, 

Шүүгдэгч О.Баас 7 750 900 /долоон сая долоон зуун тавин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо Дунд тархи 22-р гудамжны 1480Б тоотод оршин суух хохирогч Адууч Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/-д 1 590 000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн иргэн хохирогч Хушанга Шижирбалжирын Эрдэнэбат /РД:НУ67053114/-д 975 000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Мангирт гэх газар нутаглах хохирогч Боржигон Алтангэрэлийн Батболд /РД:АМ85042433/-д 197 500 /нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 38-р байрны 96 тоотод оршин суух хохирогч Түшээ  гүн Буянхишигийн Буянжаргал /РД:ЧО72060367/-д 197 500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Эмгэдийн 7-р хэсэгт оршин суух хохирогч Мянган Монголын Оюун /РД:ХЖ44020200/-д 2 925 000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багт оршин суух хохирогч Баянмолцог Өлзиймэндийн Н /РД:НЧ64051515/-д 542 500 /таван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр 1-р баг хохирогч Ваанжил Гүрбазарын Өсөхжаргал /РД:НЧ77102018/-д 1 323 400 /нэг сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, 

Шүүгдэгч М.Гоос 7 750 900 /долоон сая долоон зуун тавин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо Дунд тархи 22-р гудамжны 1480Б тоотод оршин суух хохирогч Адууч Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/-д 1 590 000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн иргэн хохирогч Хушанга Шижирбалжирын Эрдэнэбат /РД:НУ67053114/-д 975 000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Мангирт гэх газар нутаглах хохирогч Боржигон Алтангэрэлийн Батболд /РД:АМ85042433/-д 197 500 /нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 38-р байрны 96 тоотод оршин суух хохирогч Түшээ  гүн Буянхишигийн Буянжаргал /РД:ЧО72060367/-д 197 500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Эмгэдийн 7-р хэсэгт оршин суух хохирогч Мянган Монголын Оюун /РД:ХЖ44020200/-д 2 925 000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багт оршин суух хохирогч Баянмолцог Өлзиймэндийн Н /РД:НЧ64051515/-д 542 500 /таван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр 1-р баг хохирогч Ваанжил Гүрбазарын Өсөхжаргал /РД:НЧ77102018/-д 1 323 400 /нэг сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг тус тус олгосугай.  

 

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.М-ын эзэмшлийн 55 200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902 800 төгрөгийзн үнэ бүхий  6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хурааж, зарж борлуулсан орлогыг хохирогч нарын хохирол төлбөрт шилжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Мын эзэмшлийн 55 200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902 800 төгрөгийн үнэ бүхий  6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлж,

 шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Хэрэгт шүүгдэгч нар яллах дүгнэлт гардаж аваагүй талаархи бичлэг бүхий CD 1 ширхэг, өмгөөлөгч Б.Баярмагнайгийн прокурорын шатанд гаргасан гомдол хүсэлтэд хавсаргасан 2 ширхэг CD, Прокурорын байгууллагаас хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргасугай.

 

   9.Шүүгдэгч Г.М, Г.Н, М.Г нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхнямд даалгасугай.   

 

   10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.М, Г.Н, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ