Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/484

 

 

 

 

 

 

 

 

 

2023           12             12                                                   2023/ШЦТ/484

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнчимэг,

Хохирогч Д.Б /онлайн/, түүний өмгөөлөгч Д.Туяа,

Иргэний нэхэмжлэгч Э.Сүхбаатар, 

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон Нарангэрэлийн М-т холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийгэгдсэн,

2.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар 9 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Н.М нь иргэн Д.Батгэрэлийн эзэмшлийн улаан өнгөтэй 40 тонны контейнер болон доторх эд зүйлсийг хууль бусаар авч 27 533 750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.  

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны хавар Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Тахилт гэх газар байдаг хаваржааны газрыг Мөнхбаяр гэх хүнээс худалдан авч, хаваржааны гэрчилгээг Гомбодорж гэх хүний нэр дээр шилжүүлэн авч, малаа малладаг байж байгаад 2019 оны 9 дүгээр сард Дорнод аймаг руу малаа явуулахаар болоод малаа явуулсан. Малаа явуулчхаад хаваржаан дээрээ 40 тонн контейнэр үлдээгээд дотор нь 2 ширхэг иж бүрэн гэр, эд зүйлээ оруулж хийгээд контейнэрийг 4 ширхэг цоожоор цоожилж үлдээгээд явсан. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр контейнэрээ харахад бүрэн байсан, 5 дугаар сарын 08-ны өдөр хараад ирэхэд алга болсон байсан. Контейнэрийг харж байсан Баянаатай уулзахад манай малыг харж байсан Эрдэнэ сумын Цагдаагийн хойно гэр хороололд амьдардаг Нарангэрэлийн Намшир гэх залуу 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 15-16 цагийн үед крантай ачааны машинаар улаан өнгийн контейнэр ачаад үхрийн фермийн баруун талаар явж байсан гэж хэлсэн ба Цагдаагийн байгууллагад хандсан. Хаваржаан дээр байсан 40 тонн улаан хүрэн өнгийн контейнэр 1 ширхэг, 5 ханатай иж бүрэн хуучин гэр, 5 ханатай шинэ Хөвсгөлийн бортгон тоонотой цуулбар иж бүрэн гэр, гэрт хэрэглэгдэж байсан ахуйн хэрэглээний зүйлсүүд, улаан өнгийн Ямаха маркийн мотоцикл, оранж хөрөө, саарал өнгийн тог баригчийн аккумляторууд 30 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан. Алдагдсан эд зүйлээ гаргуулж хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Баянаад хонь өгөөд контейнэрийг харж байгаарай гэж захисан. Баянааг хот явсан хойгуур тэдний малыг харж байсан Намшир зарсан байсан. Баянааг хардаж байна. Энэ хэргээс болж наашаа цаашаа зөндөө явсан зардлаа нэхэмжлээгүй. Бусад ял завшиж байгаа хүмүүсийг шалгуулмаар байна. Контейнэр дээд, доод хэсэгтээ нууц хоёр хоёр нийт дөрвөн цоожтой, голдоо нэг цоожтой хэр баргийн хүн онгойлгохоогүй цоожтой байсан.” гэх мэдүүлэг /хх 16/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2023 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр Багануур дүүрэгт байдаг Алимаа гэх хүүхэн манай найз Намшир Төв аймгийн Баяндэлгэр суманд контейнэр зарна гэж байна чи хямдхан худалдаж авах юмуу гэхэд нь очиж үзье гээд Алимаатай хамт очиж үзсэн. Намшир манай найз надад өгсөн юм өөрөө урагшаа өөр хүний мал харахаар явсан гэсэн. Намшир 8 сая төгрөгөөр зарна гэхээр нь арай үнэтэй байнаа гэтэл эм ямаа оролцуулаад авч болно ш дээ гэхээр нь би 40 эм ямаа, 2 сая төгрөг, контейнэрээ тээвэрлэх зардлаа би өөрөө гаргая гэж тохирсон. 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Багануур дүүргийн зараас ачааны машин олоод 1 сая төгрөгөөр түрээслээд Баяндэлгэр сумын үхрийн фермээс хойд хаваржаан дээрээс ачаад Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 20-03 тоотод буулгасан. Намшир тухайн үед миний контейнэр байгаа юмаа дотор нь байсан 2 гэрийг өвөл алдчихсан юм манай найз надад өгсөн гэж хэлсэн. Би Намширт контейнэр авах гэж 1 750 000 төгрөг, бэлнээр 250 000 төгрөг, контейнэрийг тээвэрлэхэд зарцуулсан 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх 19, 23-24/,

 

Гэрч Л.Энх-Амарын өгсөн: “Би Багануур дүүргийн Цахилгаан түгээх төрийн өмчит компанид оператор жолооч ажилтай. 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Мөнхдөл над руу утсаар залгаж контейнэрийн ажил байна хоёулаа хүнтэй очиж ярилций гээд бид хоёр Багануур дүүрэг Нарийн гудамжинд контейнэрийн эзэн гэх залуутай уулзаад хөлс мөнгөө 500 000 төгрөг, ачих тээврийн хэрэгсэл болох Түвшинсанаад 500 000 төгрөг өгөхөөр тохиролцон Төв аймгийн Баяндэлгэр сумын фермийн хойно байрлах хаваржаа руу явсан. Багануур дүүргээс би автокран жолоодоод явсан ба Түвшинсанаа нь өөрийн өөрийн шалаанз том оврын ачааны машинаа бариад явсан. Тэгээд Баяндэлгэр суманд очоод би контейнэрыг кранаараа өргөөд шалаанз том оврын ачааны автомашин дээр ачиж өгөөд эргээд Багануур дүүрэг явж Нарийний гудамжинд хашаанд буулгасан.” гэх мэдүүлэг /хх 21/,

Гэрч Х.Мөнхдөлийн өгсөн: “2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цахим орчинд зарын дагуу над руу нэрийг нь сайн мэдэхгүй эмэгтэй хүн залгаж Төв аймгийн Баяндэлгэр  сумаас Багануур дүүрэг рүү хоосон 40 тонн контейнэр зөөлгөх гэсэн юм гэхээр нь 1 200 000 төгрөг гэхэд ахиж яриагүй байж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө ахин нөгөө эмэгтэй над руу залгаад 1 000 000 төгрөгөөр тээвэрлээд өгөөч гэхээр нь юу ч гэсэн контейнэр буулгах газраа үзээд ойрхон газар болохоор зөвшөөрч 13 цагийн үед Төв аймгийн Баяндэлгэр сум руу явж очход уулын энгэрт өвөлжөөн дээр улаан өнгийн контейнэр байсан ба ачих үед хоосон талаар асуухад хоосон гэж хэлж байсан. Контейнэрийн хаалга цоожгүй ба түгжээгээр нь онгойлгоход дотор нь хальт  харахад жижиг машины обуд л байх шиг байсан. Тэгээд шууд ачаад Багануур дүүрэг Нарийний гудамжинд хашаанд буулгасан.” гэх мэдүүлэг /хх 28/,

Шүүгдэгч Н.М-ийн өгсөн: "Би Баяндэлгэр суманд 2023 оны 02 дугаар сард Баянаа гэх айлынд туслах малчнаар очин байрлаж байсан. Тэгээд байрлаж байсан гэрээс баруун урд талд улаан өнгийн контейнэр байсан. Тухайн контейнэрийг эзэнгүй гэж бодоод Алимаа гэх хүнтэй ярьж манай найз өгсөн юм гэж хэлээд Сүхбаатар гэдэг хүнд зарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг,  

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07/132 дугаартай: “Иргэн Д.Батгэрэлийн эзэмшлийн 6 төрлийн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ үнэлгээний өдөр болох 2023.5.08-ны өдрийн байдлаар 27 533 750 төгрөг.” гэх үнэлгээний тайлан /хх 32-45/,

40 тонн улаан хүрэн өнгийн контейнэрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023.5.17-ний өдрийн тогтоол, тэмдэглэл /хх 8-13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Эрдэнэхуяг хохирогч Д.Батгэрэлийн контейнэрийг авснаа хүлээн зөвшөөрч дотор 5 ханатай хуучин гэр, 5 ханатай шинэ гэр, мотоцикл, бензин хөрөө, тог гаргагч аккумялтор зэргийг аваагүй, контейнэр дотор эдгээр эд зүйлс байгаагүй гэж маргасан бөгөөд хохирогч дээрх эд зүйл контейнэр дотор нь байсан талаар тогтвортой мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг иргэний нэхэмжлэгч Э.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Намшир буюу Эрдэнэхуяг тухайн үед миний контейнэр байгаа юм. Дотор нь байсан 2 гэрийг өвөл алдчихсан юм, манай найз надад өгсөн гэж хэлсэн." гэх мэдүүлгээр /хх 19, 23-24/ нотлогдсон гэж үзэв.  

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэгддэг, бусдын өмч хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн болгон бусдын эрхшээлд авах замаар өмчлөгчид эд хөрөнгийн хохирол учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй.  

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Эрдэнэхуягийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Тахилт гэх газраас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Д.Батгэрэлийн эзэмшлийн улаан өнгөтэй 40 тонны контейнэр болон доторх эд зүйлсийг хууль бусаар авч 27 533 750 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч Д.Б "Баянааг хардаж байна. Энэ хэргээс болж наашаа цаашаа зөндөө явсан зардлаа нэхэмжлээгүй. Бусад ял завшиж байгаа хүмүүсийг шалгуулмаар байна. Контейнэр дээд, доод хэсэгтээ нууц хоёр хоёр нийт дөрвөн цоожтой, голдоо нэг цоожтой хэр баргийн хүн онгойлгохоогүй цоожтой байсан." гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд хохирогч энэ хэрэгтэй холбогдуулан өөр хүн шалгуулах хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж байгаагүй, шүүгдэгч энэ талаар мэдүүлдэггүй, хэргийн оролцогч нар хэрэг шүүхэд ирсэнээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл ямар нэг хүсэлт ирүүлээгүй болно. Иймд хохирогчийн "Бусад ял завшиж байгаа хүмүүсийг шалгуулах." хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг дурдав.  

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: миний үйлчлүүлэгчийн бага насны 2 хүүхэд эхийнх нь асрамжид байдаг, хорих ялыг бага хугацаагаар оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргав.

  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.М, 1989 оны 10 дугаар сарын 15-ны төрсөн, 34 настай, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багт хувиараа мал аж ахуй эрхлэн амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

1.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийгэгдсэн,

2.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн,  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар 9 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 83-94, 80/-аар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг.

 

Шүүгдэгч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 5 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдалд дүгнэлт хийж хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар

           

Шүүгдэгч Н.М-ийн гэм буруутайд үйлдлийн улмаас хохирогч Д.Бт 27 533 750 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Сүхбаатарт хохирогч Д.Бийн контейнэрийг зарж 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 07/132 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 32-45/, иргэний нэхэмжлэгч Э.Сүхбаатарын "Би Намшир буюу Н.Мт контейнэр авах гэж 1 750 000 төгрөг, бэлнээр 250 000 төгрөг, контейнэрийг тээвэрлэхэд зарцуулсан 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг өгсөн." гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

 

     9 240 000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны улаан хүрэн өнгөтэй контейнэрийг хохирогч Д.Батгэрэлд буцаан олгож, шүүгдэгчээс 18 293 750 төгрөг гаргуулж хохирогч Д.Бт, иргэний нэхэмжлэгч Э.Сүхбаатарт 3 000 000 төгрөг гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэв.  

 

    Шүүгдэгчийн 2012.12.13-нд төрсөн 10 настай М.Мөнхзул, 2014.8.05-нд төрсөн 9 настай П.Мөнгөн-Од нар нь шүүгдэгчийн эхийн асрамжид байдаг талаар шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар бага насны М.Мөнхзул, П.Мөнгөн-Од нарт асран хамгаалалт тогтоохыг Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч эрүүгийн дугаартай хэрэгт хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 40 тонн улаан хүрэн өнгийн контейнэрийг битүүмжилсэн 2023 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг,

шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

           

            Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Д.Бт 18 293 750 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Сүхбаатарт 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 өдрийн завсарлага авсан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд хохирол нөхөн төлөөгүй болохыг дурдав.   

          

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан 5 жилийн хорих ялын хаалттай хорих нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

  4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.М-аас 21 293 750 /хорин нэгэн сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун тавь/ Б-д, 18 293 750 /арван найман сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, Сүхбаатарт 3 000 000 /гурван сая/ төгрөг тус тус олгосугай.

                                                                                             

  5.Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар М.М, М.М-д нарт асран хамгаалалт тогтоохыг Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргад даалгасугай.

 

  6.40 тонн улаан хүрэн өнгийн контейнэрийг битүүмжилсэн 2023 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 40 тонны улаан хүрэн өнгөтэй контейнэрийг хохирогч хохирогч Д.Б-д буцаан олгосугай.  

 

7.Эрүүгийн 233400270286 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ