Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч Б.Дашням,

         хохирогч М.Э,

         шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2319001630298 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Ж.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Дүүдээ баатарын 712а тоот хашаанд байрлах автомашины гражийн дээврийн өнгөт төмрийг хатгаж, нийт 66 удаа цоолж гэмтээн, М.Эт 735.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, Дүүдээ баатарын 712а тоот хашаанд байрлах автомашины гражийн дээврийн өнгөт төмрийг хатгаж, нийт 66 удаа цоолж гэмтээн, М.Эт 735.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Эын "... 2023 оны 04 дүгээр сарын 15-наас 21-ний өдрийн хооронд манай грашийн дээврийг энд тэндгүй юмаар цохиж, цоолж эвдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 20, 25, 30, 57 ху/, хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хх 32-39 ху/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 45-51 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69 ху/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 70-71 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ж.Бы “...хэргийн хувьд маргахгүй. Миний буруу. Хохирлыг төлнө. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч М.Эын “Надад 735.000 төгрөгийн хохирол учруулсан. Хохиролд хавар хэдэн ямаагаа самнуулъя гэж бодож байгаа. Бид хоёр тохирсон. Маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Бы бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Ж.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Эын эд хөрөнгөд 735.000 төгрөгийн учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баас 735.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Эт олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баас 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Э-д олгосугай.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА