Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

 

 

 

 

   

                                

      2024         01           17                                       2024/ШЦТ/15

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч Б.Дашням,

         хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нарантуяа,

         шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхзаяа,

         өсвөр насны шүүгдэгч И.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Тд холбогдох эрүүгийн 2319002910283 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт:И.Т

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Өсвөр насны шүүгдэгч И.Т нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Govi cinema  кино театрын урд талын сагсан бөмбөгийн талбайд Н.Цтэй “Чи гэж хэллээ” гэж маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Өсвөр насны шүүгдэгч И.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийг цохисон нь үнэн. Надаас 1 дүгээр сургуулийнх уу гээд дээрэлхсэн маягтай асуусан. Тэгэхээр нь би тулж очоод цохисон. Хохирогчтой дахиж уулзаагүй. Би гэм буруутай гэсэн мэдүүлэг,

         -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нарантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 08 дугаар сарын 31-ний орой сагс тоглоод ирэхдээ нүүр нь цус болчихоод ирсэн. Би 103 руу очоод хамар нь хугарсан, баруун гарын шууны шивнүүр яс цууралттай гэж байсан. Ар гэрээс нь хүн ирж уулзаж бариагүй. 18 нас хүрэхээр нь хамрын хагалгаанд ороорой гэсэн. Хагалгааны зардал 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн эмчилгээнд 250.000 орчим төгрөг зарцуулсан. Баримтаа бүрдүүлээгүй, баримт нь цүнхэнд явж байгаад тоо нь арилчихсан байсан гэсэн мэдүүлэг,

        -Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эцэг эхийн хараа хяналт муу байсныг хүлээн зөвшөөрнө. Энэ хэргийн талаар цагдаагийн газраас дуудах үед мэдсэн. Ар гэртэй нь уулзаагүй нь буруу. Хохирлыг төлнө. Эмчилгээний зардал 250.000 төгрөгийг төлнө гэсэн мэдүүлэг,

         -Насанд хүрээгүй хохирогч Н.Цогтгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тэр хүүхдээс “чи нэгдүгээр сургуульд сурдаг билүү” гэж асуусан чинь тэр хүүхэд “чи намайг чи гэлээ” гээд миний баруун хамар руу гараа зангидаж байгаад 2 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийнхөө биеийг хамгаалаад тэр хүүхдийн зүүн талын шанаа руу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэрнээс хойш би тэр хүүхэдтэй харилцан хэд хэдэн удаа цохилцсон. Гэхдээ хэдэн удаа цохисныг санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 8, 62 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02/383 дугаартай дүгнэлтэнд: 

 1.Н.Цогтгэрэлийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 17-18 ху/,

         -Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор үйлчлүүлэгсдийн карт /хх 19-23 ху/,

         -Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 29-31 ху/,

         -Өсвөр насны шүүгдэгчийн насыг тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 35-36 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51 ху/,

         -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41-43, 50 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Өсвөр насны шүүгдэгч И.Т нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Govi cinema  кино театрын урд талын сагсан бөмбөгийн талбайд Н.Цтэй “Чи гэж хэллээ” гэж маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өсвөр насны шүүгдэгч И.Тгийн “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийг цохисон нь үнэн. Надаас 1 дүгээр сургуулийнх уу гээд дээрэлхсэн маягтай асуусан. Тэгэхээр нь би тулж очоод цохисон. Хохирогчтой дахиж уулзаагүй. Би гэм буруутай” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нарантуяагийн “2023 оны 08 дугаар сарын 31-ний орой сагс тоглоод ирэхдээ нүүр нь цус болчихоод ирсэн. Би 103 руу очоод хамар нь хугарсан, баруун гарын шууны шивнүүр яс цууралттай гэж байсан. Ар гэрээс нь хүн ирж уулзаж бариагүй” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч Н.Цогтгэрэлийн Би тэр хүүхдээс чи нэгдүгээр сургуульд сурдаг билүү гэж асуусан чинь тэр хүүхэд чи намайг чи гэлээ гээд миний баруун хамар руу гараа зангидаж байгаад 2 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийнхөө биеийг хамгаалаад тэр хүүхдийн зүүн талын шанаа руу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэрнээс хойш би тэр хүүхэдтэй харилцан хэд хэдэн удаа цохилцсон” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/383 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор үйлчлүүлэгсдийн карт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өсвөр насны шүүгдэгчийн насыг тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

          Өсвөр насны шүүгдэгч И.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч И.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг 2 дахин  багасгаж, 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор шийдвэрлэв.

 Өсвөр насны шүүгдэгч И.Тд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

        Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Цогтгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хамрын хагалгааны зардал 2.000.000 төгрөг, эмчилгээ хийлгэсний зардал 250.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийг нэхэмжилж байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

Хохирогч талаас хохирын баримтуудыг ирүүлээгүй боловч өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээний зардал 250.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байх тул нэхэмжлэлээс 250.000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.

Харин хамрын мэс заслын зардал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхилоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ талаарх баримтаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Өсвөр насны шүүгдэгч Шар овогт Ичинноровын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тг 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч И.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч И.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-аас 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-д олгож, нэхэмжлэлээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

          7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА