Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0009

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0468/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000629 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эцэг, эх, ах, бэр эгч 4 дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* ,

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум 5*******,******* тоотод байх гэртээ иргэн******* “гэрт ирж мөнгө нэхэн хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж баруун нүдний доор язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12/,

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн******* гэрийнх нь үүд хэсэгт нь зогсоод “мөнгө өг” гэж хэлэхэд нь “гэрээс гар” гэж хэлээд хоёр гараараа миний цээж рүү түлхээд байхаар нь би гал тогооны өрөө рүү нь ороод “мөнгө өгчихвөл явлаа” гэж хэлээд зогсож байтал******* хүүхэд гэх 15 орчим насны залуу ирээд “та манай гэрээс гар” гэж хэлээд хоёр гараа миний цээж хэсгээр тэвээр зогсож байхад уг хүүхдийн ах нь гэх гэх нэртэй залуу нь том өрөөнөөсөө гал тогооны өрөө рүү орж ирээд миний өөдөөс харж байгаад баруун гараараа миний баруун нүд рүү 1 удаа цохисон юм. Тухайн үед би нүдний шилтэй байсан болохоор миний нүдний шил хагарч баруун нүдний доод шархандаа 3 ширхэг оёдол тавиулсан. Миний цамцыг ах гал тогооны өрөөнд зогсож байхад гэрээс гар гээд цамцнаас татаж байхдаа урчихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19/,

Хохирогч******* 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “... Би өөрийнхөө хагарсан нүдний шил мөн цамцаа нэхэмжлэхгүй, миний нүүрэнд үүссэн сорив нь гэмтлийн хөнгөн зэрэг гарсан тухайн гэмтэлд хохирлоо нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 21/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... бид хоёр Улаанбаатар хотоос цугтаа ирсэн, дүүгийнхээ нэр дээр ББСБ-д айлын хашаа байшин тавиад тэр мөнгө нь төлөгдөхгүй байгаа талаар мэдэж байсан, тэр талаар тухайн хүмүүстэй уулзах гээд Дархан сумын 5******* Хүнсчидийн 8-15 тоотод очиход тухайн айлын хүн “манайд ороод суугаач” гэхэд “үгүй ээ, нялх хүүхэдтэй юм байна, үүдэнд чинь ярилцъя” гээд манай дүү “мөнгөө өгөөч 54 хоног өнгөрчихлөө” гэхэд том өрөөнөөс нэг залуу гарч “ирээд манайхаас гар, мөнгийг чинь өгнө” гээд, би миний дүүгийн мөнгийг өгөөч, байр саваа банк бусад тавьчхаад ингэж амьдарч яадаг юм гэж хэлэхэд ээж нь миний амьдрал, гэр оронг доромжиллоо гээд маргаан үүссэн. Цаад өрөөнөөс хоёр залуу гарч ирээд манай дүү рүү дайраад, би дүүгээ битгий хүн цохиорой гэж хэлсэн. Тэр үед миний дүүг нэг залуу нь баруун нүд рүү нь цохиод цус гоожиж байсан... Намайг цохиж зодоогүй. Гэхдээ миний куртикийг аав нь урчихсан би утсаараа бичлэг хийхэд миний утсыг булааж авах гээд надтай зууралдаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34/,

Гэрч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн "... Би урагдсан куртикээ нэхэмжпэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1075 дугаартай: “...******* биед баруун нүдний доор язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48/,

Иргэн******* 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 49-50/,

Шинжээч эмч П.Одмаагийн “... Тухайн хүний биеийн өндөр, жин, булчингийн масс зэргээс хамааран хүнээс гарах хүч харилцан адилгүй байдаг. Гараараа цохисон тохиолдолд аль гараараа ямар хүчээр цохиход үүсэж болохыг тогтоох боломжгүй. Мөн тухайн хүний гарт ямар нэг бөгж хэрэгсэл зэрэг байсан үгүйгээс мөн хамаарна. Үүссэн хөхрөлт язралтыг мохоо зүйлийн үйлчлэлээр гэж үзэж болох ч ямар байрлал байдлаар цохиж гэмтээснийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би зээлээ төлүүлэхээс гадна нүдэндээ учирсан сорвио арилгуулах хүсэлтэй байна, ...Хагалгаа хийлгээд сорви арилгадаг талаар мэдээлэл авсан. Тодорхой баримт одоогоор байхгүй” гэжээ.

 

Хохирогч нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн эмнэлэг гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч SO1.1 оношоор 90,000 төгрөгийг эмчилгээ хийлгэсэн болох нь:

 

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18/376 дугаар албан тоот /хавтаст хэргийн 24/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нэгдсэн эмнэлэг гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч SO1.1 оношоор 90,000 төгрөгийг эмчилгээ хийлгэсэн 90,000 мянган төгрөгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/ зэргээр тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож******* эмчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 90,000 төгрөг нэхэмжилсэн, Иргэний хуулийн 513 дугаар зүйлд зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй тул шүүгдэгч *******гаас 90,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч ******* шүүхийн хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж завсарласан хугацаанд 90,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч нь хохиролтой холбоотой баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******н үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД