Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 27

 

MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0032/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга                 А.Цэрэндулам,
Улсын яллагч                Я.Сансар,
Хохирогч                   Б.Ариунаа, Б.Хэрлэнбаяр,
Иргэдийн төлөөлөгч           А.Эрдэнэтуяа
Иргэний нэхэмжлэгч          Б.Орхон, 
Хохирогч нарын өмгөөлөгч       Б.Жавхлан,    
Шүүгдэгчийн өмгөөлөгч            Б.Баасандорж ,
Шүүгдэгч                   Б.Мөнхбаяр нарыг  оролцуулан

    Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лувсанцэрэн овогт Батзоригийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201623000152 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг  Ноёны 9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Лувсанцэрэн овогт Батзоригийн Мөнхбаяр (РД: ДР90123101)
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Овоотын ар” гэх газар “хьюндай грейс” маркийн 61-00 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.
Мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”
Мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Э.Батдэлгэрийн жолоодож явсан “аванти” маркийн 95-20 ХЭА улсын дугаартай автомашиныг мөргөж тус автомашинд зорчиж явсан Ц.Цэцгээ, Д.Есөнтөмөр нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт  болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
Хохирогч Б.Ариунаагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач Д.Есөнтөмөр нь миний төрсөн хүү. Талийгаач маань 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн төв рүү эгчийндээ очоод ирье гээд явсан яг ямар машинд суусан талаар мэдээгүй 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой нас барсан талаар мэдсэн... Би бичгээр гаргасан хүсэлтдээ өөрийн гаргаж буй нэхэмжлэлийн талаар дэлгэрэнгүй бичиж зардлын баримтуудыг нь нэг бүрчлэн өгсөн. Талийгаач хүүгийнхээ буяны ажил явдалд 9.313.452 төгрөгийн зардал гаргасан, мөн сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ, хүү маань энэ гэр бүлийг тэжээх гол хүн байсан. Мөнхбаяр надад оршуулгын зардалд 3.500.000 төгрөгийг одоогийн байдлаар барагдуулсан, үлдэх 5.813.452 төгрөгийг бичгээр хэлцэл хийж 2 хуваан төлж дуусгахаар тохиролцсон. Иймээс шүүгдэгчээс нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50, 51 тал/,
 Хохирогч Б.Хэрлэнбаярын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Талийгаач Ц.Цэцгээ миний төрсөн ээж байгаа юм би өөрийн хүсэлтээр хохирогчоор оролцож байна. Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос эхнэр, хүүхэд талийгаач ээжийнхээ хамтаар Нарантуул зах дээрээс Хэнтий аймгийн таксинд суусан юм. Машин зөв талдаа рультэй машин байсан жолоочийн ард талд талийгаач залуу суусан түүний наад талд талийгаач ээж хажууд нь манай эхнэр Пүрэвдулам, тэгээд би суугаад хүүгээ өвөр дээрээ авсан юм. Жолоочийн хажуу талд хүүхэдтэй эмэгтэй сууж явсан Мөрөн сум өнгөрөөгөөд Хэнтий аймгийн төв рүү орох үед засмал замаас гараад шороон замаар явсан тэр үед 19 цаг 40 минут орчим болж байсан юм шороон зам дээр гараад явж байх үед урдаа явсан хоёр том машиныг гүйцэж түрүүлсэн 2 дахь машиныг гүйцэж түрүүлээд явж байтал өөдөөс ногоон өнгийн микро автомашин ирж яваа харагдсан тэр үед яг баруун талынхаа зам арай ороогүй явж байтал өөдөөс ирж явсан машин тод замаар явж байгаад өөдөөс бид нарын явж байгаа замаар арай бүдэг замаар нь явсан микро автомашиныг өөдөөс замдаа орохоор нь манай машин баруүн гар талынхаа бүдэг замдаа ортол нөгөө микро автомашин буцаад эсрэг урсгал буюу бид нарын явж байгаа зам руу өөдөөс орж тулаад ирэхээр манай машины жолооч баруун гар тал руугаа огцом дараад хөдлөх гэтэл зүүн талаас нөгөө микро автомашин ирж мөргөсөн. Осол болсны дараа машинаас буух гээд хаалгаа онгойлгох гэтэл нуруу маань болохгүй байхаар нь хаалгаа онгойлгож байгаад хүүгээ түлхээд буулгаад өөрөө газар гараараа тулаад машинаас буусан тэгээд эргээд харахад эхнэр маань буугаад ирчихсэн байсан буцаад машины ар тал руу шагайгаад хартал талийгаач ээж, залуу хоёрын нүүр ам битүү цус болсон ухаангүй байдалтай, талийгаач залуу ёоё гээд орилоод байсан тэр үед эмнэлэг дуудсан гээд машины жолооч хэлж байсан тэгтэл нөгөө талийгаач залуу орилоод гараа савчаад талийгаач ээж бид хоёрын толгой дээгүүр тийчлээд байхаар нь жолоочийг мөргүүлсэн талынхаа хаалгаа онгойлго гэж хэлсэн тэгээд хаалгыг онгойлгох гээд дийлээгүй тэгээд ямар ч байсан ээжийгээ буулгая гээд машинаас өргөөд газар тавьсан тэгээд эргээд хартал нөгөө залууг буулгасан байсан. Ээж маань ямар ч ухаангүй нуур хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан удалгүй Мөрөн сумын эмч аймгаас 103 эмч ирсэн, цагдаа нар ирсэн манай ээжийг үзээд өнгөрчихсөн байна гэж хэлээд нөгөө залууг аваад явсан. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, ойр орчмын юм харагдаж байсан урдаа явсан болон өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг харах бүрэн боломжтой байсан гадаа гэгээтэй байсан. ... микро автомашины жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас осол гарсан гэж үзэж байна намайг харж байхад тормос дарж байгаа, хурд нь саарч байгаа харагдаагүй,... буяны ажил болон эмчилгээний зардал, ажилгүй байсан 1 сарын цалин 7.681.125 төгрөг зарцуулсан тул үүнийг нэхэмжилсэн. Мөнхбаяр миний нэхэмжилсэн нэхэмжлэлийг барагдуулсан тул одоо түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55, 57 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Орхоны мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Миний ээж Цэцгээ 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осолд орж зуурдаар нас барсан билээ. Ээжийнхээ буян номын ажилд зориулж өөрийн ажилладаг “Хүннү гүрэн констракшн” компаниас 3.000.000 төгрөг зээлж авсан. Уг зээлийг би ээжийнхээ буяны ажилд зориулсан бөгөөд одоо энэ зээлээ сар бүр цалингаасаа 250.000 төгрөгөр төлж барагдуулж байгаа. Иймд Мөнхбаяраас ээжийнхээ буян номын ажилд зориулж зээлсэн 3 сая төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 тал/, 
Иргэний нэхэмжлэгч Г.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Миний хадам дүү Есөнтөмөр нь 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан. Би хадам дүүгийнхээ буяны ажилд оролцох гэж ажлын газраасаа чөлөө авч ирсэн, мөн өөрийн машинаар буян номынх нь ажилд бензин тос зарцуулж үйлчилсэн. Би энэ бүх зардлаа тодорхой баримттай нь бичиж нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа. Би өөрийн гаргасан нэхэмжлэлийнхээ дагуу гэм буруутай этгээдээс зардлаа нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 тал/,
Иргэний нэхэмжлэгч Э.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: Зам тээврийн ослын улмаас миний 95-20 ХЭА улсын дугаартай суудлын автомашин эвдэрч гэмтсэн, автомашинд учирсан эвдрэл гэмтлийн үнэлгээг үнэлгээний байгууллагаар гаргуулсан иймд гэм буруутай этгээдээс нь үнэлгээний байгууллагаас тогтоосон хэмжээгээр нь нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 69 тал/,
Гэрч Н.Пүрэвдуламын мөрдөн байцаалтад өгсөн: ... Мөрөн сумын наана шороон замд орсон. Цуварч явсан том оврын ачааны хоёр автомашиныг гүйцэж түрүүлээд багцаагаар 100- аад метр орчим газар явсан байсан. Тэгтэл бидний явж байсан замаар өөдөөс микро автомашин ирж явахаар нь бидний сууж явсан автомашины жолооч баруун гар тийшээ зам тавьж өгтөл микро автомашины жолооч дагаж зүүн гар тал руугаа дагаад манай машиныг чиглээд ирэхээр нь манай жолооч нэмж баруун тийш огцом дарахад манай машины хажуу талаас нь ирээд мөргөсөн. Бид автомашины баруун хаалгаар цуварч буухад автомашинд талийгаач хадам ээж, залуу хоёр үлдсэн. Тэр залуу нүүрэн хэсэг нь нэлэнхүйдээ цус болсон байсан. Манай хадам ээж ч гэсэн нүүрэн хэсэг нь цус болсон өөрийн гэсэн ухаангүй байсан. ... микро автомашины жолооч яах ийхийн зуургүй манай машин руу чиглээд ирэхээр нь манай машины жолооч баруун тал руугаа дараад байтал хажуу талаас ирээд манай машиныг мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/,
Гэрч П.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн: ... Мөрөн сумын наад талд зам засаж байсан учраас шороон замаар ороод явсан. Урд хоёр том машин нэлээд удаан явж байхаар нь жолооч тэр хоёр машины хажуугаар гүйцэд түрүүлсэн. Сүүлийн автомашиныг гүйцэж түрүүлээд нэлээд явсан байсан. Өөдөөс ирж байгаа автомашинд ямар ч саад болохооргүй хугацааг туулсан байсан. Тэгтэл бидний явж байсан урсгалд өөдөөс нэг микро автомашин ирж явсан тэр үед миний сууж явсан машины жолооч баруун гар талынхаа зам руу шилжиж орсон тэгтэл тэр микро автомашин зүүн гар тал руугаа дараад манай автомашины жолоочийн талаас ирээд хүчтэй мөргөсөн тэгээд миний сууж явсан машин мөргүүлээд хойшоо хараад зогссон, манай машиныг мөргөсөн микро автомашин урагшаа хараад зогссон. ... мөргүүлдэг талын хаалганы хажуу талд сууж явсан залуу түүний хажуу талд сууж явсан настай эмэгтэй хоёр автомашинаас бууж чадахгүй байсан, хүү нь ээжийгээ газар хэвтүүлсэн энэ үед Мөрөн сумын эмч үзээд эмэгтэйг өнгөрчихлөө гэж байсан. ... тэр машин нэлээд хурдтай явсан байх манай машиныг мөргөлөө дөө гээд хартал ирээд жолоочийн талаас арын хаалгатай давхар мөргөчихсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-25 тал/,
Гэрч Э.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 05 дугаар сарын 21- ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 95-20 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хэнтий аймаг руу 13 цагийн үед гарсан. Тэгээд орой 19 цагийн уед Хэнтий аймгийн Мөрөн сум өнгөрөөд зам засвартай байсан учир засмал замаас буугаад замын урд талын тод шороон замаар нилээн явж байтал урд талд 2 том ачааны автомашин явж байхаар нь тэр 2 ачааны автомашиныг гүйцэж түрүүлээд эргээд нөгөө явж байсан тод шороон замдаа ороод бараг 200 метр хэртэй газар явж байтал өөдөөс хар хөх өнгийн микро автомашин замаас буугаад өөдөөс дөхөж ирж яваа харагдсан. Тэгээд би тэр микрод зорчиж байсан тод шороон замын урд талын бүдэг эдгэрсэн шороон зам руу орж зам тавьж өгтөл нөгөө микро дөхөж ирээд зүүн гар тийшээ дараад урсгал сөрөөд өөдөөс тулаад ороод ирсэн тэгээд би жолоогоо баруун гар тал руу дараад зайлах гэтэл нөгөө машин зүүн гар тал руугаа дарсан чигээрээ ирээд миний автомашины зөв талын хажуу буюу 2 хаалганы яг голоос нь мөргөөд тэр чигтээ урагшаа хараад зогссон харин миний автомашин тэр микрод мөргүүлээд бүтэн эргээд хойшоо хараад зогссон байсан. ... Осол болсон газар нь Хэнтий аймгийн чиглэлд өгсүүр байсан болохоор би ойролцоогоор 40 орчим км цагийн хурдтай явж байсан. Нөгөө автомашин засмал замд тавьсан хаалтнаас бууж ирэхийг нь би харсан багцаагаар 100 орчим метр байх. ... Засмал замаас буугаад машин явдаг нэг л тод шороон замтай би болон нөгөө микро тэр тод шороон замаар явж байсан тэгээд би тэр микрод зам тавьж өгөх гээд хажуу талынх нь эдгэрсэн бүдэг шороон зам руу баруун гар тал руугаа дарж ороод явж байтал нөгөө микро өөдөөс орж ирээд мөргөсөн. Би ослын дараа бууж ирээд нөгөө жолооч хүүхнээс чи яаж байгаад мөргөчихвөө гэхэд би тэгээд чигээрээ явж байгаад тэр том тэргэнд мөргүүлэх юмуу гэж надад хэлсэн. Миний бодлоор би тэр 2 ачааны автомашиныг гүйцэж түрүүлээд явж байгаад замаа чөлөөлөөд баруун гар тийшээ болоход миний араас ирж явсан 2 том ачааны автомашиныг хараад сандраад зүүн гар тал руугаа дарж орж ирээд намайг мөргөсөн байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 тал/,
Шинжээчийн дүгнэлт: 2016.06.14 №24 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт: 1. Талийгаач Д.Есөнтөмөрийн биед цээж, хэвлийн битүү гэмтэл, цээжний хөндийд цус хуралдалт, 1 хавирганы хугарал, нүүр, нүд, хөмсөг, хамар, доод уруулын зулгарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2. Дээрх цээж, хэвлийн битүү гэмтэл, цээжний хөндийд цус хуралдалт, бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин 1 хавирганы хугарал, дтор эрхтнүүдийн доргилт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт нүүр, нүд, хөмсөг, хамар, доод уруулын зулгарсан шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд  хамаарна. 3.Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн Д.Есөнтөмөрийн гэх цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй. 5. Талийгаач Д.Есөнтөмөрийн гэх цус нь ABO системээр O/|/ бүлгийн харъяалалтай  байна. 6. Талийгаач Д.Есөнтөмөр нь дээрх хүнд гэмтлийн улмаас хурц амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ, 
Шинжээчийн дүгнэлт: 2016.06.14 №25 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт: 1. Талийгаач М.Цэцгээгийн биед цээжний битүү гэмтэл, цээж болон хэвлийн хөндийд цус хуралдалт, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхан доорхи цус хуралт, элэгний язрал, зүүн хөмсөгний язарсан шарх, 2 гуя, цээж, баруун гарын бугалга, шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2. Дээрх цээжний битүү гэмтэл, цээж болон хэвлийн хөндийд цус хуралдалт, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин дотор эрхтнүүдийн доргилт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйхан доорхи цус хуралт, элэгний язрал, зүүн хөмсөгний язарсан шарх, 2 гуя, цээж, баруун гарын бугалга, шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэлд  хамаарна. 3.Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Шинжилгээнд ирүүлсэн М.Цэцгээгийн гэх цус нь ABO системээр O/|||/ бүлгийн харъяалалтай  байна. 6. М.Цэцгээ нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас хурц амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ,  
Шинжээчийн дүгнэлт 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн № 707  дугаар: Хариулт 1. 61-00 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батзоригийн Мөнхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 
8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Жолооч Мөнхбаяр нь баруун гар тийш жолооны хүрдээ эргүүлсэн тохиолдолд осол гарахгүй байх боломжтой байсан гэж үзэж байна. 
2. 95-20 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Энэбишийн Батдэлгэр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:
а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлөөгүй боловч хохирол учирхад нөлөөлсөн байх магадлалтай. Хэрэв арын суудалд 3-н зорчигч байсан бол гэмтэл бага байх магадлалтай гэж үзэж байна. 
3. 1 ба 2-р асуултаар хариулагдсан.
4. Урьд гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй болно. Яагаад зогсоох арга хэмжээ аваагүй  гэж үзсэн нь тодорхойгүй байна. /1-р хх-ийн 178 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 194 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 195 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 11-13 дугаар тал/, 
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-20, 25-26, 31-32, 40-47 дугаар тал/ зэрэг болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Мөнхбаярыг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Овоотын ар” гэх газар “хьюндай грейс” маркийн 61-00 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. Мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Э.Батдэлгэрийн жолоодож явсан “аванти” маркийн 95-20 ХЭА улсын дугаартай автомашиныг мөргөж тус автомашинд зорчиж явсан Ц.Цэцгээ, Д.Есөнтөмөр нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.  
Хохирогч Б.Хэрлэнбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаяраас нэхэмжилж байсан хохирол төлбөрөө бүрэн авсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогч Б.Ариунаа нь шүүгдэгчээс хохирол 5.813.452 төгрөгийг шүүх хуралдаанаас хойш 2 хувааж авахаар бичгээр хэлцэл хийсэн тул одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймээс шүүх шүүгдэгч Б.Мөнхбаярыг хохирогч Б.Хэрлэнбаярт төлөх төлбөргүй, хохирогч Б.Ариунаад 5.813.452 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба маргаангүй гэж үзлээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Батдэлгэр нь автомашиныхаа хохирлыг даатгалын байгууллагаас авсан гэх боловч үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Орхон нь талийгаач Ц.Цэцгээгийн оршуулгын зардалд 3,000,000 төгрөгийг зарцуулсан үүнийг шүүгдэгч Б.Мөнхбаяраас нэхэмжилнэ гэсэн байх боловч түүний нэхэмжлэлийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.  
Иймээс иргэний нэхэмжлэгч Э.Батдэлгэр, Б.Орхон, Г.Өсөхбаяр нар нь өөрийн нэхэмжилж буй нэхэмжлэлээ хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирогч нарт учруулсан хохирлыг сайн дураар тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь 8 сартай жирэмжсэн байх тул шүүх түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 297,  298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Лувсанцэрэн овогт Батзоригийн Мөнхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лувсанцэрэн овогт Батзоригийн Мөнхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 05 жил 01 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мөнхбаярт оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаяраас 5 813 452 /таван сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ариунаад олгож, хохирогч Б.Хэрлэнбаярт төлөх төлбөргүйг дурдаж, иргэний нэхэмжлэгч  Б.Орхон, Г.Өсөхбаяр, Э.Батдэлгэр нар нь нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж  иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Б.Мөнхбаярын №818564 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.  
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 05 жил 01 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулахаар тогтоосугай.
9. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүүг, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА
                                     ШҮҮГЧИД                                  Д.ГАНЗОРИГ
                                                           Л.УЯНГА