| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2020/0366/Э |
| Дугаар | 2020/ДШМ/716 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2020/ДШМ/716
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Түмэн-Өлзий,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/714 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Мөнхтуяагийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.Бд холбогдох 1906016250194 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Бийн Б, 1961 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Орон сууц, нийтийн аж ахуйн газрын зүүн түгээх төвд машинист ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, хонхор 3 гудамжны 86а тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 78 дугаар байрны 5 тоотод түр оршин суух;
Архангай аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 6 сар хорих ялаар тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан 1 жил хорих ялаар шийтгүүлж байсан,
Б.Б нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 78 дугаар байрны 5 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Гийг үсдэж, цээж, мөр рүү нь цохих зэргээр зодож, доод уруул, баруун мөр, баруун зүүн гарын бугалга, шуу хэвлийд цус хуралт бүхий, хүү Б.Аын нүүр, гар, хөл рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, цээж, баруун гуя, шуу, зүүн суганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Бийн Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор П.Мөнхтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “... 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн шалгах болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж хуульчилсан байна. Хуулийн дээрх зохицуулалтаар анхан шатны шүүхээс Б.Бд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/714 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор П.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх 1-2/, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал /хх 3-9/, Д.Г /хх 15-16, 21-24/, Б.А /хх 17-18, 27-29/ нарын хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн, Б.Бгийн гэрчээр өгсөн /хх 30-31/ мэдүүлгүүдээр 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хэрэг учрал болсон атал Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 43-45/-д “...Баасангийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ... эхнэр Д.Г, хүү Б.А нарын ... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ...” гэж, яллах дүгнэлт /хх 72-73/-д “...Т.Баяржаргал нь иргэн Ч.Лувсандолгорыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогджээ. ...Яллагдагч Баасангийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ... эхнэр Д.Г, хүү Б.А нарын ... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх ...” гэж, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх 95-96/-д “...Баасангийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ... эхнэр Д.Г, хүү Б.А нарын ... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ...” гэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/1326 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж /хх 108-109/-д “...Баасангийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ... эхнэр Д.Г, хүү Б.А нарын ... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ...” гэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/714 дугаартай шийтгэх тогтоол /хх 120-125/-д “...Баасангийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ... эхнэр Д.Г, хүү Б.А нарын ... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ...” гэж, прокурор П.Мөнхтуяагийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцэл /хх 128-129/-д “...Баасангийн Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ... эхнэр Д.Г, хүү Б.А нарын ... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ...” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг тодорхойлоогүй эргэлзээтэй байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар тодруулаагүй шийдвэрлэжээ.
Дээр дурдсан нотолбол зохих байдлыг дутуу шалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 16.2, 32.3-т зааснаар мөрдөгчийн мөрдөн шалгах, прокурорын хянах чиг үүргийн хүрээнд зайлшгүй шалгах, хянах зохих нөхцөл байдлуудыг хангалттай сайн тодруулаагүйг анхаарах нь зүйтэй.
Мөн Б.Бгийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 78 дугаар байрны 5 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Гийг үсдэж, цээж, мөр рүү нь цохих зэргээр зодож, доод уруул, баруун мөр, баруун зүүн гарын бугалга, шуу хэвлийд цус хуралт бүхий, хүү Б.Аын нүүр, гар, хөл рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, цээж, баруун гуя, шуу, зүүн суганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр /хх 43-45/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр /хх 95-96/ яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулжээ.
Анхан шатны шүүх дээрх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолохоор” зохицуулсан бөгөөд дээрх хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Төрийн мэдээлэлд хэвлэгдэн 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн байна.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан зохицуулалт нь хуулийн өөрчлөлтийн аль цаг хугацаанд үйлчилж байгаагаас хамааран яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох ойлголтыг 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Яллагдагчаар татах хүртэлх хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэвээр үлдээж, түүнтэй зөрчилдөж байсан шүүхээр шийдвэрлэх хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хуулиас хассан тул яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох ойлголт нь буцаан хэрэглэгдэж байгаа гэж үзэхгүй.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн шалгах болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж, 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэгт эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа хамаарахаас гадна тухайн шийтгэх тогтоолд прокурор эсэргүүцэл бичсэнээр хуулийн хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ.
Энэхүү зохицуулалттай холбогдуулан шүүгдэгч Б.Бгийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь процессын шинжтэй хэм хэмжээг агуулсан бөгөөд материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх эсэх нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна.
Тодруулбал, материалллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг агуулж байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх боломжтой байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Б.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/714 дугаартай шийтгэх хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ