| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/1112/З |
| Дугаар | 221/МА2026/0376 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0376
А.М*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Ш.А*******
Нэхэмжлэгч: А.М*******
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэгчийг сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0285 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/1112/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.М*******оос Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг даалгах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0285 дугаар шийдвэрээр:
“Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.5.1 дэх заалт, 7.9, 7.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.М*******оос Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын сайн дурын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу сайн дурын даатгалын дунджаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тэтгэвэр тогтоохыг даалгаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Ш.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Иргэн А.М*******ын 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудын шимтгэл төлөлт 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн зохицуулалтад хамаарна. Гэтэл 2024 оны Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг барьж сайн дурын даатгалын төлөлтийг сонгон тэтгэвэр тогтоохыг даалгасан нь буруу гэж үзэж байна. Хэдий иргэний талд аль боломжтой ашигтайгаар шийдвэрлэх эрх зүйн үндсийг хайж шийдвэрлэж байгаа ч хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа төрийн байгууллагыг хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа нь буруу юм.
2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0285 дугаар бүхий шийдвэрт иргэн А.М*******ын гомдлоор Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагч 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “...ажил олгогчийн буруугаас А.М*******ын нийгмийн даатгалын шимтгэлийг буруу тайлагнасан...” гэж үзэж улсын байцаагчийн акт тавьсан. Ажил олгогчийн буруу үйлдлийг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт хариуцуулан, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өндөр насны тэтгэврийн тогтоохыг даалгасан нь буруу гэж үзэж байна. Хэрэв өндөр насны тэтгэвэр тогтоох ёстой бол актын залруулга хийгдсэнээс хойш хугацаанаас тогтоох нь зүйтэй.
Иймд иргэний эрх зүйн байдлыг дордуулахгүй аль ашигтайгаар тайлбарлаж хэрэглэх зарчмыг барьж, хууль хэрэглээг зөрчин шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны “Хариу хүргүүлэх тухай” 04/2578, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын мөн оны “Өргөдлийн хариу өгөх тухай” 01/296, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/90 дүгээр албан бичиг болон хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бичгийн тайлбарын аль алинд нэхэмжлэгчийн 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар сард Зам тээврийн хөгжлийн төвд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан болон мөн хугацаанд сайн дурын даатгалын шимтгэл төлсөн орлогыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох цалин хөлсөнд давхардуулан тооцохгүй гэх татгалзлын үндэслэлээ давж заалдах гомдолд дурдсанчилан хууль хэрэглээний хувьд энэ хугацаа “…1994 оны Нийгмийн даатгалын хуулийн зохицуулалтад хамаарна…” гэсэн агуулгаар бус харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /2024.01.01-нээс дагаж мөрдөгдсөн/ 7 дугаар зүйлийн 7.9-т “Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан хугацаанд сайн дураар давхар даатгуулахгүй” гэж заасантай холбон тайлбарласан, гэвч энэ тохиолдолд 1994 оны бус 2023 оны Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ хэрэглэгдэнэ.
Тухайлбал хариуцагчаас дээрх байдлаар одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоохдоо 2023 онд сайн дурын даатгалд шимтгэл төлсөн цалин хөлсийг оруулж тооцохгүйгээр тэтгэврийг нь тогтооно гэсэн атлаа давж заалдах гомдолд энэхүү хуулийг хугацааны хувьд мөрдөгдөхгүй мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй юм.
2.Харин ч шийдвэрт зөвхөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, түүнд ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглээгүй, дээрх хуулийн 7.9, 7.10-ыг энэ тохиолдолд хэрхэн ойлгож, хэрэглэх талаар зөв дүгнэлт хийжээ.
Тухайлбал уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т “Даатгуулагч сайн дураар даатгуулсан хугацаанд энэ хуулийн 19.1.2-т заасан гэрээгээр ажил гүйцэтгэсэн бол энэ хуулийн 7.9 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан, иймд хариуцагчийн татгалзах гол үндэслэл болсон 7.9-ын зохицуулалт нэхэмжлэгчид хамаарахгүй.
Зохицуулалтын хувьд 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2023 оны Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн аль алинд нийгмийн даатгал нь албан журмаар, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байх талаар заасан боловч одоогийн хуулийн 7.9, 7.10-ын заалт өмнөх хуульд байсангүй.
Түүнээс гадна нэхэмжлэгч А.М******* 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэл тооцох орлогыг сар бүр 5.5 сая төгрөг, үүнээс төлөх шимтгэл 742.500 төгрөг байхаар Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй албан журмаар бус сайн дураар даатгуулах гэрээ байгуулж шимтгэл төлсөн, мөн оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад Зам тээврийн хөгжлийн төвөөс нэхэмжлэгчид Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн гишүүний хувьд зөвлөлийн хуралд оролцсон 1 цагийн хөлсийг 55.000 төгрөгөөр тооцож олгож байсан, хэдийгээр тухайн үед үүнээс нийгмийн даатгалын шимтгэл дутуу суутган тооцож байсныг улсын байцаагчийн 2025 оны 250235 тоот актаар тогтоож, ажил олгогчоос шимтгэлийг нөхөн төлүүлж, хугацаа хэтэрсэний алданги ногдуулсанаас гадна тухайн саруудад олгосон хөлсийг нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд өмнө нь “40” гэсэн төрлөөр тусгаж байсныг “2” болгож өөрчилсөн, энэ талаарх эрх зүйн зохицуулалт, холбогдох тушаал, “Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам”-ын талаар шийдвэрийн Үндэслэл хэсгийн 8-11-т дэлгэрэнгүй дүгнэжээ.
3.Түүнчлэн нэхэмжлэгчээс сайн дурын даатгалын гэрээг 2025 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаагаар дахин байгуулсан нь хэрэгт авагдсан гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдох бөгөөд тэрбээр зөвхөн 2023 онд төдийгүй 2024 оны 5-12, 2025 оны 1-7, 9 дүгээр саруудад Зам тээврийн хөгжлийн төв, ШУТИС, “ББСМО” ХХК, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын алба, Механик инженер, тээврийн сургуульд гэрээгээр ажилласан цалин хөлснөөс шимтгэл төлсөн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/2578 дугаар албан бичигт “…нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаж цалин хөлсийг тогтоохдоо сайн дурын даатгалд даатгуулсан орлогоос гадна 2024-2025 онд дээрх байгууллагуудаас олгосон шимтгэл төлсөн цалин хөлсийг тус тус оруулан тооцох болохыг мэдэгдэж, энэхүү бичгийн хувийг хариуцагчид хүргүүлсэн байгаагаас үзэхэд он, сарын хувьд л өөр болохоос холбогдох гэрээ, шимтгэл төлөлтийн хувьд яг адилхан нөхцөл байдалд 2023 оны 5 сарын тухайд Зам тээврийн хөгжлийн төвд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан болон мөн хугацаанд сайн дурын даатгалын шимтгэл төлсөн орлогыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох цалин хөлсөнд давхардуулан тооцохгүй…” гэсэн нь үндэслэлгүй болно.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хэрхэн тооцсон талаар Ерөнхий газрын дээрх хариунаас зөрүүтэй буюу “…иргэн А.М*******ын 2023 оны 3, 5, 6, 10, 12 дугаар саруудад сайн дурын даатгал болон албан журмын даатгал давхацсан тул дээрх саруудад Зам тээврийн хөгжлийн төвд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингаас дундаж цалин хөлсийг тооцон, өндөр насны тэтгэвэр тогтоосон…” гэж агуулгын хувьд өөрөөр тайлбарлажээ.
Гэвч аль ч тохиолдолд 2023 онд нэхэмжлэгчийн сайн дураар даатгуулсан хугацааны шимтгэлийг тэтгэвэр тогтоолгох хугацаанд оруулахгүйгээр зөвхөн дээрх саруудад Зам тээврийн хөгжлийн төвийн шимтгэл төлсөн хөлсийг тооцох байдлаар тэтгэврийг тогтоох нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчинө.
4.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно” гэж зохицуулсан.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т заасны дагуу 2023 онд сайн дурын даатгалд даатгуулж сар бүр тогтмол дүнгээр шимтгэл төлж байх хугацаандаа уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан “Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс”-ийг Зам тээврийн хөгжлийн төвөөс авч, түүндээ зохих шимтгэл төлж байсан нь нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор сонгосон дараалсан 5 жилийг тооцоход хугацааны хувьд ч, мөн шимтгэл төлсөн дундаж цалин хөлсийг тооцоход нийлбэрийн хувьд ч аливаа хэлбэрээр хасагдах үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Ш.А*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН