Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 124/ШШ2018/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ...-р багт оршин суугч, иргэн Ш овгийн Дийн Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагч Р овогтой Б-д холбогдох, Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагчийн 2018 оны 3 сарын 20-ны өдрийн 20/70 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дийн Т миний бие нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ам бүл 4 боловсролын салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байгаа. 1992 онд Улсын Багшийн их сургуулийн СӨНХ-ийн сурган хүмүүжүүлэгчийн анги, 2004-2005 онд УБ хотод МУБИС-ийн боловсролын нийгмийн ажилтны мэргэжлээр суралцаж, боловсрол судлалын магистр хамгаалсан. 2000-2017 онд үндэсний хэмжээний Боловсролын удирдлага болон боловсрол судлал, сургалтын менежерийн мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны 10 гаруй сургалтуудад хамрагдаж, боловсролын удирдлагаар мэргэшсэн. Мөн бүсийн болон аймгийн сургалтуудад 20 гаруй удаа хамрагдсан. Багшлах эрхтэй, тэргүүлэх зэргийг 2004, 2010, 2016 онд 3 удаа хамгаалсан. 1992-1999 онд Хархираа сумын 8 жилийн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгч, дуу хөгжмийн багш, 2000-2006 онд Улаангом сумын ахлах 4-р сургуульд хүмүүжлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, 2006-2013 онд Шинэ-Ирээдүй цогцолбор сургуульд нийгмийн ажилтан, 2013-2016 онд ахлах 4-р сургуулийн захирал, 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс ахлах 3-р сургуулийн сургалтын менежерээр тус тус ажилласан. Би тус сургуульд сургалтын менежерээр ажиллах хугацаандаа сургалтын чанар, орчин, арга зүйг дээшлүүлэх, багш нарын хамт олныг бүрдүүлэн, аливаа ажлыг чин шударгаар хариуцлагатай гүйцэтгэж ажилласан. Боловсролын хяналтын улсын байцаагч Р.Б нь Улаангом сумын ахлах 3-р сургуулийн захирлын 2018 оны 2-р сарын 1-ний өдрийн албан тоотын дагуу 2018 оны 3-р сарын 20 -ний өдөр миний талаар дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр миний бие нь МУБИС-ийн сургуулийн өмнөх боловсролын сурган, сэтгэл судлал гэсэн бакалаврын зэрэгтэй тул ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны шаарлагад тэнцэхгүй гэж дүгнэсэн байна. Энэхүү дүгнэлтийг гаргахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие 2018 оны 8-р сарын 29-ний өдөр дүгнэлттэй танилцлаа. Хэрэв миний эрх ашиг, сонирхол зөрчигдөхүйц дүгнэлт хийж байгаа бол надад заавал мэдэгдэх ёстой гэж үзэж байна. Энэ талаар Төрийн хяналт шалгалтын тухай болон Захиргааны ерөнхий хуулинд тодорхой заасан байдаг. Уг дүгнэлттэй танилцаад хуулийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

-            Миний материалтай хангалттай бүрэн дүүрэн танилцаагүй

-            ТХШТХ-ийн 4.4.1,2-г зөрчиж эзэнд нь мэдэгдээгүй

-            4.1,4-өөр шалгуулагчийн тэгш эрхийг хангаагүй

-            5.9-өөр шалгалтын тэмдэглэлийг 2% үйлдэж 1 %-ийг өгөөгүй

-    5.2.3-д зааснаар төлөвлөгөөт бус шалгалтыг үндэслэл, удирдамжийн хүрээнд хийнэ гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Боловсролын улсын байцаагчийн 2018 оны 3-р сарын 20-ний өдрийн 20/70 тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байгууллагад Улаангом сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Сургалтын менежер ажилтай Дийн Т-ийн мэргэжлийн диплом нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн 29 тоот албан бичиг, тус сургуулийн хүний нөөц, бичиг хэргийн ажилтан М.Уранбайгалийн ахалсан ажлын хэсэг боловсруулж, 2018 оны 1-р сарын 9-ний өдөр сургуулийн захирал баталгаажуулсан ажлын байрны тодорхойлолт, Т-ийн дипломын хуулбарын хамт ирүүлснийг 2018 оны 2-р сарын 1-ний өдөр газрын даргын цохилтоор хүлээн авч холбогдох бичиг баримтад үндэслэн дүгнэлт гаргасан. 2017 онд Д.Т-ийн хуурамч дипломтой холбоотой гомдол манай байгууллагаар шалгагдаж, Увс аймгийн Прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 5/51 тоот прокурорын тогтоолоор хуурамч баримт үйлдэж, ашигласан нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лавлагаа гаргуулахад Улсын багшийн дээд сургуулийг Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэгч мэргэжлээр 1988 онд 14697 дугаарын дипломтой төгссөн гэсэн хариу ирсэн. Энэ бичиг баримт болон ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Энэ үйл ажиллагаанд хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй гэж үзэж байна. Харин дүгнэлтийг холбогдогч этгээд Д.Т-д мэдэгдээгүй процедурын алдаа гаргасан байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Увс аймаг дахь ЕБ-ын ахлах 3 дугаар сургуульд сургалтын менежерээр 2016 онд ажилд томилогдож 2 дахь жилдээ ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа багш, сургуулийн нийгмийн асуудал, сурагчийн хүмүүжлийн асуудлуудыг сургалтын хэмжээнд хөгжүүлж ирсэн. ЕБ-ын ахлах 3 дугаар сургуульд 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын боловсролын улсын байцаагч Р.Б-ын дүгнэлт ирснээр тухайн дүгнэлтэд тулгуурлан мэдэгдэл өгч 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гомдлын дагуу Увс аймаг дахь Мэргэжлийн хяналтын даргад хандахад 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ирсэн бичгийг бид шийдвэрлэх боломжгүй, хугацаа дууссан гэх хариу өгсөн учир Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн үед дүгнэлт ирснийг би мэдээгүй байсан. Р.Б нь дүгнэлтийг гаргахдаа намайг огт шалгаагүй ба холбогдох баримт бичигт тулгуурлан дүгнэлт гаргасан гэж хэлсэн. Намайг МУБИС-ийг 1988 онд төгссөн гэж бичиг баримтууд дээр дурдагдсан байсан. Би МУБИС-ийг 1992 онд төгссөн ба намайг шалгаж дүгнэлт гаргаагүй гэдэг нь батлагдаж байгаа юм. Боловсролын сайдын 2003 оны 351 дугаар ажлын байрны тодорхойлолтыг бүх сургууль удирдлага болгож явдаг. Р.Б нь намайг сургуулийн өмнөх боловсролтой гэж үзсэн боловч 2000 оноос хойш боловсролын бүх салбарыг дипломын боловсролгүй болгож, бүх багш нарыг бакалавр болгож, удирдах ажилтнууд нь магистр болгох заалттай болсон. Миний МУБИС төгссөн дипломын голч 4.3 байсан тул бакалавраар тооцож, магистрт сурах эрх үүсэж, магистрын 3 жилийн судалгааны үндсэн дээр 2 ном гаргаж, 2004 онд магистр төгссөн. Би 1992 онд МУБИС төгсөж, 2000 онд Хархираа сумын 8 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар 7 жил, давхар хүмүүжлийн эрхлэгч албан тушаалыг 15 жил хариуцан хийж байсан. Тухайн үед хүмүүжлийн эрхлэгч албан тушаал нь хөрвөж, нийгмийн ажилтан болсон ба түүнээс хойш нийгмийн ажилтны судалгаа шинжилгээг хийж байгаад 2004 онд нийгмийн ажилтны магистр хамгаалж, тус ондоо багшлах эрхийн гэрчилгээ авч, тэргүүлэх зэрэг 3 удаа авсан. Миний бие багшаар 7 жил, хүмүүжлийн эрхлэгчээр 15 жил, нийгмийн ажилтнаар 10 жил, сургуулийн захирлаар 4 жил, сургалтын менежерээр 2 жил тус тус боловсролын байгууллагад 30 жил амжилттай ажил үүргээ давуулан биелүүлж байсан. Удахгүй 2 жил ажиллаад тэтгэвэрт гарах гэж байхад намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Боловсролын байгууллагад сургуулийн захирал, сургалтын менежер гэсэн 2 албан тушаал байдаг ба эдгээр албан тушаал нь боловсролын байгууллага төгссөн, ажлын ур чадвараар хийдэг 2 албан тушаал байдаг. 2013 онд Увс аймгийн дахь ЕБ-ын ахлах 4 дүгээр сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2016 онд ЕБ-ын ахлах 3 дугаар сургуулийн сургалтын менежерээр томилогдон ажиллаж байсан. Би боловсролын байгууллагад 30 жил ажиллах хугацаандаа Хархираа сумын 8 жилийн дунд сургууль, Ахлах 4 дүгээр сургууль, Цогцолбор 1 дүгээр сургууль, Ахлах 3 дугаар сургууль гэсэн 4 сургууль дамжин ажиллаж ирсэн. Өнөөдрийн улс төрийн байдлаас болж манай нөхөр бид хоёр ажилгүй болсон ба орон сууцны 10.000.000 төгрөгийн зээлтэй тул амьдрал хэцүү байна. Боловсролын байгууллагын бүх шатны сургалтад хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлж, сургалтын менежерээр төгссөн батламжаа хүртэл эх хувиар нь аваад ирсэн байхад яг юу болохгүй байгааг сайн ойлгохгүй байна. Боловсролын мэргэжлээр сургууль төгссөн хүмүүс ямар ч ажил мэргэжлээр хөрвөж суралцаж, мэргэжил дээшлүүлэн ажиллах бүрэн боломжтой байдаг. 2018 оны 1 дүгээр сард Р.Б нь Увс аймаг дахь ерөнхий боловсролын ахлах 3 дугаар сургуульд дээр ирээд манай ахлах менежерт Д.Т багш дээр гомдол ирсэн гэж хэлээд гарсан байсан. Би шалгуулахдаа бэлдээд байж байтал надтай огт уулзаагүй явж байгаад тухайн дүгнэлтийг гаргасан. Увс аймаг дахь ЕБ-ын ахлах 3 дугаар сургуулийн захирлын гарын үсэгтээ миний хуурамч ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөцийн ажлын хэсгийн ахлагч, нарийн бичиг Уранбайгаль гаргасан байсан. Хүний нөөцийн нарийн бичгийн дарга Уранбайгаль гаргасан бол тухайн ажлын байрны тушаал болон хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж ажилласан эсэх талаар тодорхой байх ёстой байсан боловч тодорхойгүй байсан. Би Уранбайгалиас энэ хэзээ ийм ажлын хэсэг байгуулагдаж, ийм зүйл болсон талаар асуухад Захирал орж ирээд гарын үсэг зур гээд зуруулсан. Би сайн мэдэхгүй байна гэж хариулсан. Р.Бын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20/70 тоот дүгнэлтийг би аваагүй, мэдээгүй байж байтал Увс аймаг дахь ЕБ-ын ахлах 3 дугаар сургуулийн захирал 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хурал дээр тухайн дүгнэлтийг хавтаст хэрэг дотор хийсэн байсан. Ингээд шүүх хуралдааныг хойшлуулж, тухайн дүгнэлттэй танилцаж шүүхэд гомдол гаргасан гэжээ.

Хариуцагч Р.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 29 тоот албан бичгээр Д.Т-д холбогдох гомдлоор Увс аймаг дахь Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Д.Тд холбогдох гомдлыг уншиж танилцуулаад гомдлын дагуу 2003 оны 37 дугаар Засгийн газрын тогтоолд дурдагдсанаар Улсын Мэргэжлийн хяналтын газрын нийтлэг дүрмийг үндэслэн тухайн баримт бичигт тохируулан дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын байгууллага нь төлөвлөгөөт шалгалт болон иргэд байгууллагын өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийж дүгнэлт гаргадаг. 2017 онд Д.Т-ийн сурган хүмүүжүүлэгч мэргэжлийн дипломтой холбоотой асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага нь шалгалт хийж байсан. Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас лавлагаа авч лавлагаагаар Д овогт Т нь 1992 онд МУБИС-ийг сургуулийн өмнөх боловсролын хүмүүжүүлэгчээр суралцан төгссөн гэж ирсэн лавлагааны материал нь бүртгэлтэй байна гэх бичиг ирсэн. Энэ асуудлаар 2017 онд Увс аймгийн Прокурорын ерөнхий газрын дүгнэлт гарч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тухай хэргийг хаасан байдаг. Д.Т нь сургууль төгссөн цагаасаа хойш хүмүүжлийн чиглэлээр ажиллаж ирсэн гэж тайлбартай дурдсан. Гэтэл тухайн үеээс хойш сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй хуурамч дипломыг ашиглаж ирсэн юм болов уу гэж бодож байлаа. Ажлын байрны тодорхойлолт нь 2007 оны 351 дугаар сайдын тогтоолын дагуу мөрдөгдөж байгаа ба тухайн мөрдөгдөж байгаа тогтоолын хэмжээнд сургуулиуд өөрсдөө ажлын хэсэг томилон тухайн ажлын хэсгийн ахлагч нь ажлын байрны тодорхойлолтод нийцүүлэн журмыг баталдаг. Увс аймаг дахь ЕБ-ын ахлах 3 дугаар сургуулийн ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн Д.Т-ийн эзэмшсэн мэргэжил нь тухайн ажлын байрны тодорхойлолттой таарахгүй байгаа тул дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг 2 хувь гаргаж, 1 хувь нь манай байгууллага дээр үлддэг ба нөгөө хувь нь хүсэлт гаргасан талд өгдөг. Хүсэлт гаргасан тал нь Д.Т-д мэдэгдсэн үгүйг би сайн мэдэхгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад ийм дүгнэлт гарч таныг ажлаас чөлөөлж байна гэдгийг мэдэгдсэн байх ёстой. Д.Т нь хүсэлтдээ маргаан бүхий дүгнэлтийг мэдэгдээгүй гэж хэлсэн. Би мэдэгдээгүй учраас дүгнэлтийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Д.Т-г Увс аймаг дахь ЕБ-ын ахлах 3 дугаар сургуулийн захирал нь Д.Т-г ажлаас халсан тушаалын үндэслэл дээр Увс аймаг дахь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гэж дурдсан байгаа тул ажлаас халах тушаалын үндэслэл болсон дүгнэлт дээр маргаан үүсгэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Р.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа Би эрх бүхий этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу дүгнэлтээ гаргаж, 2 хувь хийгээд нэгийг нь авч үлдээд нэгийг нь хүсэлт гаргасан тал руу явуулсан тул Увс аймаг дахь ерөнхий боловсролын ахлах 3 дугаар сургууль нь Д.Т-д мэдэгдэх ёстой байсан гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага нь Захиргааны байгууллага тул хувь хүний ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоох, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг бүрдүүлэх 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Увс аймаг дахь ЕБ-ын ахлах 3 дугаар сургуулиас бичиг явуулахдаа Д.Т-ийн 1992 онд МУБИС-ийн боловсролын өмнөх сургуулийн сурган сэтгэл зүй мэргэжлээр төгссөн дипломын хуулбар байсан. Үүнээс хойш боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллах хугацаандаа авч байсан 27 боловсролын байгууллагын сертификат, диплом, хөрвөн суралцсан бичиг баримтууд болон боловсролын сайдын гарын үсэгтээ багшлах эрхийн үнэмлэх, тэргүүлэх багшийн үнэмлэх, багш хөгжлийн институтээс гаргасан бичиг баримтуудыг Р.Б нь дүгнэлт гаргахдаа Д.Т-г 30 гаруй жил ажиллах явцдаа яаж хөрвөж суралцсан талаар үзэж судлаагүй байтлаа зөвхөн Увс аймаг дахь ЕБ-ын ахлах 3 дугаар сургуулиас ирсэн гомдолд тулгуурлан дүгнэлт гаргасан. Р.Б нь Д.Т-тай холбогдолтой дүгнэлт гаргахдаа сонсох ажиллагаа явуулж Д.Т-г хуульд заасан эрхээр нь хангах ёстой байсан ба холбогдох баримт бичиг цуглуулахдаа Д.Т-д мэдэгдэж, асууж тодруулах ёстой байсан. Хэрвээ хавтаст хэрэг дотор байгаа баримтуудыг Р.Б үзсэн бол ийм дүгнэлт гаргах байсан үгүй нь эргэлзээтэй учир бичиг баримтын дутуу дулимаг байдлаас болж нэг талыг барьсан дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд хяналт шалгалтыг төлөвлөгөөт буюу төлөвлөгөөт бус явуулах талаар тодорхой заасан байдаг ба шалгалт бүр дээр хувийн хэрэг нээх ёстой байдаг боловч Д.Т-ийн хяналт шалгалтыг хийхдээ хувийн хэрэг нээгээгүй.

Боловсролын сайдын 2007 оны 351 дүгээр ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн дүрэмд сургалтын менежер нь багш мэргэжилтэй, багшлах эрхтэй хүн байна гэж заасан байгаа боловч Увс аймаг дахь ЕБ-ийн ахлах 3 дугаар сургуулийн захирал нь Д.Т-г халах зорилгоор тухайн 351 дүгээр сайдын тушаал дээр нэмж ЕБС-ын багш бөгөөд багшлах эрхтэй, тэргүүлэх зэрэгтэй, 10-аас доошгүй жил багшаар ажилласан байна гэж нэмэлт шаардлага тавьсан. Д.Т-г сургуулийн өмнөх боловсролын сурган сэтгэл зүй учир цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй ажиллах болохоос биш ЕБ-ын сургуульд багшлах эрхгүй гэж дүгнэсэн. Боловсролын сайд нь Д.Т-д багшлах эрхийн үнэмлэх өгсөн мөн багшлах эрхийн институтээс тэргүүлэх эрхийн үнэмлэх 2 удаа өгч байсан байтал энэ хүнийг багшлах эрхгүй гэх үндэслэл байхгүй. Иймд маргаан бүхий дүгнэлт нь Захиргааны Ерөнхий хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль мөн Увс аймаг дахь ЕБ-ын ахлах 3 дугаар сургуулийн сургалтын менежерт тавьж байгаа нийтлэг шаардлага нь бусад сургуулиудаас онцгой буюу зөвхөн хувь хүн Д.Т-д зориулан гаргаж, халах зорилгоор гаргасан учир Монгол улсын Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим болон холбогдох хуулиудыг тус тус зөрчсөн тул маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч Р.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа хүлээн зөвшөөрч буюу байдлаа илэрхийлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагчийн 2018 оны 3 сарын 20-ны өдрийн 20/70 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Боловсролын улсын байцаагч Р.Б-ын гаргасан дүгнэлтийг Д.Т эс зөвшөөрч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Ц.Мөнхбаярт хандан гомдол гаргасан байх ба уг гомдлыг тэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд хянаад 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 298 тоот албан бичгээр Уг гомдлыг МХЕГ-ын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын 13.1-д заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор гаргаагүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн өргөдлийг буцаан хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ тухайн дүгнэлтийг гаргахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие 2018 оны 8 сарын 29-ний өдөр дүгнэлттэй танилцсан гэсэн байгаа бөгөөд хариуцагч дүгнэлтийг холбогдогч этгээд Д.Тд мэдэгдээгүй процедурын алдаа гаргасан гэдгээ хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-д зааснаар Захиргааны байгууллага нь захиргааны актыг хаяглагдсан этгээд болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй ба энэхүү мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага өөрөө хариуцан гүйцэтгэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах үүрэгтэй байна. Түүнчлэн энэ хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах-аар зохицуулжээ. Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд улсын байцаагч нь маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул гомдлыг хугацаанд нь гаргаагүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс шүүх нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч Д.Т улсын байцаагч төлөвлөгөөт бус шалгалтыг үндэслэл, удирдамжийн хүрээнд хийгээгүй, материалтай хангалттай бүрэн танилцаагүй, шалгуулагчийн тэгш эрхийг хангаагүй, шалгалтын тэмдэглэл үйлдээгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 5.9, 5.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж маргасан.

Хариуцагч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэхийг хүссэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улаангом сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Сургалтын менежер ажилтай Дийн Т-ийн мэргэжлийн диплом нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн 29 тоот албан бичгийн дагуу Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагч Р.Б нь хяналт шалгалт хийж, тус сургуулийн сургалтын менежер ажилтай Дийн Т-ийн дипломд бичигдсэн мэргэжил нь 2018 оны 1-р сарын 9-ний өдөр баталгаажуулсан ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод заагдсан мэргэжлийн шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ.

2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20/70 тоот улсын байцаагчийн дүгнэлт нь ямар эрх зүйн актыг үндэслэж гарсан нь тодорхойгүй, уг дүгнэлтийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг зааж өгөөгүй өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт заасан захиргааны актад тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй байна.

Д.Т нь Улсын багшийн их сургуулийг 1988-1992 онд Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэгч мэргэжлээр суралцаж төгссөн болох нь №14697 дугаартай дипломын хуулбар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6/1131 дугаартай албан бичгээр тогтоогдож байх ба 1992 оноос хойш ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн багш, хүмүүжлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, сургуулийн захирал, сургалтын менежер зэрэг ажлуудыг эрхлэн тасралтгүй нийт 27 жил ажилласан нь мөн холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

Тэрээр 2004-2005 онд Боловсролын Их сургуульд нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж, боловсрол судлалын магистр хамгаалсан ба түүнд 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас Багшлах эрх-ийн үнэмлэх, 2008, 2010, 2017 онуудад Увс аймгийн Боловсрол, соёлыг газрын даргаас Тэргүүлэх багш мэргэжлийн зэргийн үнэмлэхийг тус тус олгожээ.

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 318 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот Менежерийн ажлаас чөлөөлж, багшаар авч ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Т-г тус сургуулийн Сургалтын менежер-ийн ажилд эгүүлэн тогтоон шийдвэрлэжээ.

Үүний дараа Ерөнхий боловсролын 3-р сургуулийн захирал нь тус шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр түүнийг ажилд нь эгүүлэн томилон ажиллуулсан боловч 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт болон улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сургалтын менежерийн ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргажээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ёстой. 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 207 дугаар тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт-ын 4.1-д Мэргэжлийн хяналт шалгалт гэж хуульд заасны дагуу эрх олгогдсон улсын байцаагч хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, стандарт, норм нормативын хэрэгжилтийг хянан шалгаж, захиргааны хяналт шалгалтыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгохоор тодорхойлж өгсөн байна.

Хариуцагч улсын байцаагч нь 3-р сургуулийн захирлын хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийхдээ тус сургуулийн хүний нөөц, бичиг хэргийн ажилтан М.Уранбайгалийн ахалсан ажлын хэсэг боловсруулж, 2018 оны 1-р сарын 9-ний өдөр сургуулийн захирал баталгаажуулсан сургуулийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг Д.Т-ийн эзэмшсэн мэргэжил хангасан эсэх талаар дүгнэлт гаргасан байна. Үүнээс үзэхэд улсын байцаагчийг байгууллагын дотогшоо чиглэсэн актын /ажлын байрны тодорхойлолтын/ хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан гэж үзэхээр байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх захиргааны актын хэрэгжилтэд дүгнэлт хийгээгүй байна. Мөн хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу хийсэн нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Түүнчлэн ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй талаарх дүгнэлт гаргуулах тухай болон ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах тухай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт нь мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлууд биш ажээ. Учир нь: Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2-д заасан ажилтан мэргэжил, ур чадварын ... хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын ... албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан байна.

Ажил олгогч ажлын байрны шаардлага хангасан ажилтныг ажилд томилдог. Өөрөөр хэлбэл ажилтны мэргэжил, ур чадвар тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд ажил олгогч өөрөө дүгнэлт хийж шийдвэрлэдэг. Харин энэ асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллага албан тушаалтны хүсэлтийг хүлээн авч хяналт шалгалт хийх шаардлагагүй юм.

Хариуцагчийн тайлбарт дурдагдсан хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэх асуудал нь багшийн ёс зүйтэй холбоотой бөгөөд энэ нь маргааны үйл баримттай холбогдолгүй учраас шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Улсын байцаагч мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Дипломын тухай 20/70 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын байцаагч Р.Б-ын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20/70 тоот дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.ОЮУНГЭРЭЛ