Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 01727

 

       “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/01306 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 83 500 000 төгрөг, алданги 41 750 000 төгрөг нийт 125 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ц 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Б” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг, 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр 92 000 000 төгрөг, алданги 46 000 000 төгрөг, нийт 138 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Гэрээний хугацаанд хүүнд 2 000 000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан ба үүнээс хойш нийт 6 удаагийн төлөлтөөр 18 500 000 төгрөг төлснөөс 1 сарын хүү 2 000 000 төгрөгийг хасч, үлдэх 16 500 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр 100 000 000 төгрөгөөс хасч 83 500 000 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлийн гэрээний 5-д заасны дагуу төлөөгүй үлдсэн 83 500 000 төгрөгөөс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул 50 хувиар хязгаарлан алдангид 41 750 000 төгрөг гаргуулна. Иймд хариуцагч Д.Ц-оос зээлийн гэрээний үндсэн төлбөр 83 500 000 төгрөг, алданги 41 750 000 төгрөг, нийт 125 250 000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 12 750 000 төгрөгөөр бууруулсан гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн захирал У.Б-гийн Хаан банкны 5058095241 тоот дансаар 2 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөн 5058095241 тоот дансанд 1 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5058095241 тоот дансруу 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5058095241 тоот дансруу 1 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр У.Баатарсүрэн захирлын 5058095241 тоот дансаар 10 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар тохирч шилжүүлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн компанийн хуулийн зөвлөх ажилтай Б.М-ны Хаан банкны 5845005321 тоот данс руу үндсэн зээл төлөлтөөс 3 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөн У.Баатарсүрэн захирлын Хаан банкны 5058095241 тоот данс руу 2 000 000 төгрөг, үндсэн зээлээс 13 000 000 төгрөг хасахаар тохирсон байдаг. Иймд “С” ХХК-д үлдэгдэл мөнгөтэй холбоотой асуудлаа тохиролцоно гэж ярилцсан. Энэ гэрээтэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр “С“ ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК, иргэн Д.Ц нартай холбоотой нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний 16:00 цагт тус Чингэлтэй дүүргийн шүүхэд дээрх гэрээтэй холбоотой асуудал шийдвэрлэхээр болсон.

Зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөг авсан талаар маргахгүй. Нийт 20 500 000 төгрөгийн төлөлт хийсэн. Хэдийгээр гэрээний хугацаа 2 сар боловч гэрээний хугацааг сунгаад явж байгаа гэж ойлгож байгаа. Анх энэ 100 000 000 төгрөгийг зээлэхэд “Ф” ХХК-ийн захирал Д.Б мөн 100 000 000 төгрөг зээлсэн. “Б” ХХК нь “С” ХХК-д өртэй байсан тул Д.Ц, Д.Б нарын авлагыг шууд “С” ХХК-д шилжүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Синчи-Ойл” ХХК-ийн төлөөлөлтэй тул Д.Ц, Д.Б уулзаад мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохирсон. Энэ уулзалтын дагуу Д.Ц хөөргөө “С” ХХК-д барьцаалсан. “С” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ.Талууд тооцоо нийлэх зайлшгүй шаардлагатай. Д.Ц огт төлөхгүй гэж хэлээгүй. Төлбөр төлөх үүргийг шилжүүлсэн хирнээ алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн “Бүрдэн говь групп” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул зээлийн гэрээний дагуу ашиг олох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн 20 500 000 төгрөгийн 13 000 000 төгрөгийг үндсэн зээл 100 000 000 төгрөгөөс хасч 87 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц-оос 125 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 848 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 784 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Ц давж заалдах гомдолдоо: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ц-д холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг хангахгүйгээр өөр шүүх дээр энэ хэрэгтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хурал хийж нэг талыг барьсан шийдвэр гаргаж намайг хохироож байгаа тул гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч "Б" ХХК-ний захирал У.Б хариуцагч Д.Ц нарын хооронд 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн боловч тэд харилцан тохиролцож хэлцлийн үндсэн дээр "Б" ХХК-иас "С" ХХК-д төлөх 203 000 000 төгрөгийн өрийг Д.Ц болон "Фэско" ХХК-ийн захирал Д.Б нарт өмнөөс нь төлөх үүрэг үүсгэсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "Синчи-Ойл групп" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Э, хуулийн зөвлөх С.Т, Д.Б, Д.Ц нар уулзаж 2017 оны 12 дугаар сарын 15-нд 203 000 000 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцож протокол үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ үед барьцааны асуудал яригдсан Д.Ц өөрийн арав гаруй сая төгрөгийн үнэтэй шүрэн толгойтой пийсүү хөөргөө 5 000 000 төгрөгийн барьцаанд "С" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Э-д өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаанд байгаа хөөргийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Хүсэлтийн гол утга нь барьцаалсан хөөргөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай юм.

Нэхэмжлэгч тал "С” ХХК-д "Б" ХХК-ийн төлөх 203 000 000 төгрөгийн барьцаанд Д.Ц-ын хөөрөг байгаа талаар маргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Д.Ц өөрөө барьцаалсан байсан хөөргийг “С” ХХК-д барьцаалсан гэх боловч энэ хэрэгт холбоогүй, өөрөө хөөргөө авах боломжтой. "Б" XXК-ийн захирал У.Б хариуцагч Д.Ц-д өөрөө “С” ХХК-д өр төлөх үүрэг хүлээлгэсэн энэ үүргийн дагуу Д.Ц өөрийн үнэ бүхий эд хөрөнгөө өмнөөс нь барьцаалсан байхад энэ хэрэгт хамааралгүй гэж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар хариуцагч тайлбар өгснөөр талуудын хооронд маргаан байгаа нь тодорхой байхад шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаагүй нь шүүх нотолгооны ажиллагаа явагдаагүй гэж үзэж байна. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаагүй, барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг боломжийг олгосонгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Д.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83 500 000 төгрөг, алданги 41 750 000 төгрөг нийт 125 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 100 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсны дагуу мөнгөн хөрөнгө болох 100 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн /хэргийн 8-9 дүгээр тал/, хариуцагч 20 500 000 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алдангийн талаар хийсэн талуудын тохиролцооны талаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэжээ.

Иймд шүүх хариуцагч Д.Ц-оос зээлийн гэрээний үндсэн үүрэгт 83 500 000 төгрөг, алдангид 41 750 000 төгрөг нийт 125 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч хэргийн 32-33 дугаар талд авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн уулзалтаар хариуцагчийн төлөх 100 000 000 төгрөгийг “С” ХХК-д төлбөрийг шилжүүлж төлөхөөр тохиролцсон гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Мөн хариуцагчийн гомдолд дурдснаар энэ хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө өөр шүүх дээр энэ маргаантай холбоотой хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/01306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                                      ШҮҮГЧИД                                            Ч.ЦЭНД

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА