| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03241/И |
| Дугаар | 181/ШШ2020/02671 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2020/02671
| 2020 оны 10 сры н 29 өдөр | 181/ШШ2020/02671 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б- д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г, хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.О Б.Б тай 2011 онд танилцаж, 2013 оноос хамт амьдарч, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.О Б.Б нарын дундаас охин Б.Г төрсөн Улмаар хувийн таарамжгүй харилцаанаас болж 2016 оны 03 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн.
Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.О охиноо ганцаараа өсгөж, цэцэрлэгийн зардал болон бусад зардлыг өөрийн ээж аавтай хамт гаргадаг байсан. Энэ хугацаанд охины аав Б.Б нь ямар нэг зардал, тэтгэлэг өгч байгаагүй.
Б.О Б.Б нар нь цаашид хамт амьдрах боломжгүй, гэрлэлтийн баталгаагүй, тус тусын амьдралтай болсон тул охин Б.Г г өөрийн асрамжид үлдээж, Б.Б ас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би хүүхэдтэйгээ жил болгоны баяр ёслолуудад хамт байдаг. Цэцэрлэгийн төлбөрийг нь 2 удаа төлж байсан. Би Б.О д тусламж, туслалцаа гарвал хэлж байгаарай гэж хэлдэг. Би охиныхоо дансанд сар бүр 150,000 төгрөг өгч байя гэж хэлж байсан. Гэтэл Б.О 11 нас хүртэл 230,000 төгрөг, 18 нас хүртэл 300,000 төгрөг авна гэж нэхсэн” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Б д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.О , хариуцагч Б.Б нарын дундаас 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Г төрсөн болох нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж олгосон 1116003944 дугаартай төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч Б.Б нь өөрийн төрсөн охин Б.Г г тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Г г сар бүр 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Б ас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Г г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б ас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ас 37,030 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР