| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03258/И |
| Дугаар | 181/ШШ2020/02707 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2020/02707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э Г У Ц С ТӨХХК -д холбогдох
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,203,001.98 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Түрээсийн төлбөрөөс 34,775,728 төгрөгийг суутгуулах, засварын зардалд 68,004,513 төгрөг гаргуулах, Э Г У Ц С ТӨХХК-ийн эд хөрөнгө, баримт бичгийг К ХХК нь барьцаалан саатуулсан байгааг хүчингүй болгуулах, буцаан олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “К ХХК нь Э Г У Ц С ТӨХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Энканто таун хотхоны Оргил худалдааны төвийн 3 давхарт байрлалтай, 385 м.кв талбай бүхий оффисыг нэг сарын түрээсийн төлбөрийг 13,475,000 төгрөгөөр анх түрээсэлсэн. Түрээслэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, нэг сарын түрээс 11,000,000 төгрөгөөр, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, түрээсийн талбайг 200 м.кв талбайтай нэг сарын түрээсийн төлбөрийг 7,000,000 төгрөгөөр тохиролцсон.
Э Г У Ц С ТӨХХК-тай нь 2019 оны 08 дугаар сарыг хүртэлх сар бүр төлөх ёстой түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу цаг хугацаандаа тогтмол төлдөггүй байсан. 2019 оны 09 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрийг төслийн санхүүжилт зогссон үндэслэлээр тасалдуулж эхэлсэн. К ХХК-ийн зүгээс түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа хариуцагч талд мэдэгдсэн боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй. Түрээсийн гэрээний 10.2.2-д түрээслэгч нэг сарын түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрөө бүрэн төлөлгүй 10 хоног болсон бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож түрээсийн гэрээг цуцалсан.
Түрээсийн гэрээ цуцлагдсанаар Э Г У Ц С ТӨХХК-тай нь К ХХК-д 28,086,114.80 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн ба төлбөрөө даруй төлж барагдуулах болно гэдгээ мэдэгддэг боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу түрээсийн төлбөр 28,086,114.80 төгрөг, түрээсийн гэрээний 8.1-д заасны дагуу 289 хоногийн алданги 8,116,778.17 төгрөг, нийт 36,203,001,98 төгрөгийг Э Г У Ц С ТӨХХК-аас гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд Талууд 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээнүүдэд ажлын байрны зориулалттай хоосон талбай түрээслүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн шинж, чанарын талаар тохиролцсон. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5 дахь хэсэгт гэрээ байгуулах үед буюу хожим нь эд хөрөнгийн доголдол илэрсэн бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, тус хуулийн 290 дүгээр зүйлийн 290.7 дахь хэсэгт хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлыг арилгах үүргээ биелүүлэхгүй байвал хөлслөгч уг доголдлыг арилгаж, холбогдох зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажлын байрны зориулалттай хоосон талбайг түрээсэлж, дотор нь хана тааз гэх зүйлийг босгочихоод өнөөдрийг хүртэл тухайн хоосон талбай ажлын байрны зориулалтаар ашиглах боломжгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар ямар нэгэн хүсэлт гомдлыг К ХХК-д гаргаж байгаагүй. Энэ нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэгт зааснаар ашиглалтын шаардлага хангасан ашиглах боломжтой талбайг түрээслэгчид шилжүүлсэн гэдгийг харуулж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт түрээслэгч нь түрээсийн талбайг буюу ажлын байрны зориулалтаар үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлийг хангасан хоосон талбайг түрээслэгчид хүлээлгэн өгнө, 2.2-т түрээслэгч нь түрээсийн талбайд өөрийн үйл ажиллагааны онцлог, шаардлагад тохируулан, гэрээний хугацаа дуусахад түрээсийн талбайгаас салгаж авах боломжтойгоор өрөө тасалгаа гаргах, ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ, 2.7-д түрээслэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээсийн талбайд хийсэн өрөө тасалгаа, бусад салгаж болох засан сайжруулалтаа буулган авч, түрээсийн талбайг анх хүлээлгэн өгсөн байдалд нь оруулан цэвэрлэж, түрээслүүлэгчид ердийн элэгдлийг тооцон бүрэн бүтэн хүлээлгэн өгнө, 7.12-т түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн талбайд хийсэн өрөө тасалгааг авч, түрээсийн талбайг анхны байдалд нь оруулах үүрэгтэй гэж тус тус тохиролцсон.
Э Г У Ц С ТӨХХК түрээсийн талбайд өөрсдийн үйл ажиллагааны онцлог, шаардлагад тохируулан түрээсийн талбайгаас салгаж авах боломжтойгоор өрөө тасалгаа гаргах ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх ба гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн талбайд хийсэн өрөө тасалгаа, бусад салгаж болох засан сайжруулалтаа буулган авч, түрээсийн талбайг анх хүлээлгэн өгсөн байдалд нь оруулан түрээслүүлэгчид ердийн элэгдлийг тооцон бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 6 жилийн хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулсан атлаа элэгдэл хорогдол тооцохгүй, 2017 оны 05 дугаар сард нэмэлт засвар хийж тухайн засварынхаа зардлыг шаардаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Э Г У Ц С ТӨХХК нь түрээсийн талбайд битүүмжлэгдсэн эд хөрөнгө, баримт бичгүүдийг тухайн түрээсийн талбайн зарим өрөө тасалгаанд хуваарилан байршуулж, өөрсдийн лацаар лацдаж явсан. К ХХК нь түрээсийн талбайд Э Г У Ц С ТӨХХК-ийн эд хөрөнгө, баримт бичиг байгаа тул өнөөдрийг хүртэл түрээсийн талбайг ашиглаагүй, бусдад түрээслээгүй. Э Г У Ц С ТӨХХК нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/08 тоот албан бичгээр өөрсдийн ажлын байрны нөхцөлөө сайжруулах зорилгоор завсар хийх хүсэлтээ өгсөн. К ХХК нь 2017 оны гэрээний 2.2-т түрээслэгч нь түрээсийн талбайд засвар, өөрчлөлт, сайжруулалт хийх бол түрээслүүлэгчид засварын ажлын зураг төслөө урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авсны дараа засварын ажлыг эхлүүлнэ, 7.2-т түрээслүүлэгчид засварын ажлын зураг төсөлд урьдчилан танилцуулж, бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр түрээсийн байранд аливаа өөрчлөлт, засвар, засан сайжруулалт хийнэ, 7.14-т түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах тохижилтын зураг, дизайныг түрээслүүлэгчид танилцуулан батлуулсны дараа ажил эхлэх үүрэгтэй гэж заасан. Э Г У Ц С ТӨХХК-аас засварын ажлын зураг төсөл шаардсан боловч зураг төсөл гаргаж батлуулах төсөв байхгүй хэмээн засварын ажлын зураг төслийг танилцуулж, бичгээр зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн засвар хийсэн. Уг засварын ажилд К ХХК-ийн зүгээс бичгээр зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй, Э Г У Ц С ТӨХХК нь түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй зураг төслөө танилцуулж, зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн засварын ажил хийсэн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах гэж заасан. Түрээсийн гэрээнд талууд түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээслэгч нь түрээсийн талбайд хийсэн өрөө тасалгаа, бусад салгаж болох засан сайжруулалтаа буулган авч, түрээсийн талбайг анх хүлээлгэн өгсөн байдалд нь оруулан түрээслүүлэгчид ердийн элэгдлийг тооцон бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Э Г У Ц С ТӨХХК нь өөрсдийн орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор л засварын ажил хийсэн. Иймээс Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар засварын зардлыг нэхэмжлэгч тал хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6 дахь хэсэгт хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй гэж заасан ба хариуцагч Э Г У Ц С ТӨХХК нь түрээсийн талбайд хийсэн 68,004,513 төгрөгийн засварын зардал гэх нүдэн гэрэл, хулдаасан шал, шилэн хаалт, өрөөнүүдийн хаалга зэргээ салган авах боломжтой. Иймд нэхэмжлэгч К ХХК-ийн зүгээс засварын ажлын зардал 68,004,513 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цуцлагдсан ба талууд тооцоо нийлэхэд хариуцагч нь түрээсийн төлбөрт 28,086,114.80 төгрөгийг төлөх өглөгтэй гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс 28,086,114.80 төгрөгөө гаргуулж авах, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор түрээсийн зүйлийг анхны байдалд нь оруулах Э Г У Ц С ТӨХХК-ийн хүлээсэн үүргийг биелүүлэх зорилгоор түрээсийн талбайд байрлах Э Г У Ц С ТӨХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгө, баримт бичгийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлага хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж заасны дагуу саатуулан барьсан. Нэхэмжлэгч талаас саатуулан барьсан хөрөнгө нь Э Г У Ц С ТӨХХК-ийн эзэмшлийн хөрөнгө гэдэгт маргадаггүй ба гагцхүү хариуцагчийг түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх хүртэл Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд саатуулан барьсан.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөд явдаг байсан. Гэхдээ тодорхой шалтгааны улмаас түрээсийн төлбөр хойшлогдсон зүйл байгаа. Э Г У Ц С нь тусгай зориулалтын компани юм. Уг компани нь өөрийн гэсэн орлогогүй, захиалагчийн олж өгсөн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжээд явдаг. Бид нарын санхүүжилт Хөгжлийн банкнаас орж ирдэг байсан. Хөгжлийн банк санхүүжилтээ олгохгүй зогсоосны улмаас түрээсийн төлбөр цаг хугацаандаа төлөгдөхгүй хоцроогдсон зүйл байгаа. Түүнээс бусад үед түрээсийн төлбөрийг цаг тухай бүрт нь гэрээний үүргийн дагуу төлөөд явдаг байсан.
Нэхэмжлэгч тал 28,086,114.80 төгрөгийн түрээсийн төлбөртөө 2019 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг багтаасан байсан. Үндсэндээ нэхэмжлэгч тал 28,086,114.80 төгрөг биш харин 21,000,000 төгрөгийг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Э Г У Ц С ТӨХХК нь К ХХК-тай 2013 оноос хойш түрээсийн харилцаа үүсгэсэн. К ХХК нь гэрээнд ажлын байрны буюу оффисын зориулалттай ашиглах хэвийн нөхцөлийг хангасан хоосон талбайг түрээслүүлэгчид хүлээлгэж өгнө гэж заасан байдаг. Манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгсөн баримтаас харвал манайд задгай хоосон талбайг хүлээлгэж өгсөн. Гадна талын хана, хаалга, тааз байхгүй хоосон талбай байсан. Бид гэрээний утгыг үгийн шууд утгаар ойлгоно гэж үзэж байгаа. Манайх нэхэмжлэгч талаас оффисын зориулалттай болгоход гаргасан зардлыг шаардаж байгаа. Манайх 2017 онд нэмэлт засвар тохижуулалт хийсэн. Нэмэлт засвар тохижуулалт хийх зөвшөөрлийг К ХХК өгсөн. Үүний дагуу бид завсар хийсэн.
2020 оны 05 дугаар сард К ХХК-ийн ерөнхий менежер н.Гантөмөрийн зүгээс манай байгууллагын удирдлагын шийдвэр гарсан, танай талбайг ашиглахаар болсон тул яаралтай талбайг суллаж өг гэх шаардлага тавьсан. Уг шаардлагын дагуу манай байгууллага талбайг нь чөлөөлж өгөөд жижиг өрөө тасалгаанд байсан бичиг баримтаа хуваарилж байршуулсан. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш К ХХК нь оффисын талбайг өөрсдийн хэрэгцээнд ашигласан. Иймээс Иргэний хуулийн дагуу К ХХК түрээсийн төлбөр гүйцэтгэх үүргийн оронд өөр үүргийн гүйцэтгэл хүлээж авсан учраас түрээсийн гэрээнд заасан 2 үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд битүүмжилж авсан тавилга, эд хогшил, бичиг баримтыг чөлөөлж өгч Э Г У Ц С ТӨХХК-д буцаан олгоно уу гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компанийн үндсэн хийсэн ажил маань судалгааны баримт бичиг юм. Уг баримт бичиг байхгүйгээр манайх цаашид үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байна. Манай компанийн эд хөрөнгө төрийн өмчид хамаардаг. Төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг манай компанид байдаг. Ямар нэгэн байдлаар уг эд хөрөнгө устаж үрэгдэх болох юм бол хариуцлагыг нь бид нар үүрнэ. Иймээс дээрх байдлаар бичиг баримтыг буцаан гаргуулах шаардлага гаргаж байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр түрээслүүлэгчийн зүгээс гэрээг цуцлая гэхэд нь манай зүгээс түрээсийн талбайг чөлөөлж өгье гэж хэлсэн. Гэтэл түрээслэгчийн зүгээс барьцаанд авна гэж гэсэн. Иймээс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших асуудал нэхэмжлэгчийн өөрсдийнх нь асуудал юм.
Манайх оффисын талбайд хийсэн засварын зардалд 2013 онд 34,775,728 төгрөг, 2017 онд 68,004,000 төгрөг, нийт 102,780,241 төгрөгийг шаардаж байгаа бөгөөд үүнээс үндсэн нэхэмжлэлээр шаардаж байгаа 36,203,001.98 төгрөгийг хасаад үлдэх хэсгийг К ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн К ХХК-д барьцаалан саатуулагдсан байгаа эд хөрөнгө, бичиг баримтыг чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Э Г У Ц С ТӨХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,203,001 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Э Г У Ц С ТӨХХК нь эд хөрөнгө хөлслөх гэрээний улмаас учирсан хохиролд 102,780,241 төгрөг гаргуулах, компанийн өмч болон баримт бичгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгө, болон баримт бичгийг гаргаж өгөх боломжтой гэж зөвшөөрсөн.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Э Г У Ц С ТӨХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,203,001 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 2019 оны 9-11 сарын түрээсийн төлбөр 21,000,000 төгрөг байхад илүү мөнгө шаардсан, мөн манайх авлагатай тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, Энканто хотхонд байрлах Оргил худалдааны төвийн 3 давхарт байршилтай 385 м.кв талбайг ажлын байрны зориулалтаар эзэмшиж, ашиглахаар тохиролцож гэрээ байгуулжээ.
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэж үзэх ба хариуцагч нь хоосон талбайг өөрийн зардлаар тохижуулахаар тохиролцсон үйл баримт нь эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулж байна.
Талууд гэрээг жил бүр сунгахаар тохиролцож байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс талбайн хэмжээг багасгаж, 200 м.кв байхаар тохиролцож, нэг сарын хөлс 7,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2020 оны 03 дугаар сарын 05-ны 01/23 тоот албан бичгээр “...түрээсийн төлбөр 28,081,011 төгрөгийг ойрын хугацаанд танай компанийн дансанд шилжүүлэх болно” гэж зөвшөөрсөн, 2019 оны 9, 10, 11 дүгээр саруудын төлбөр 21,000,000 төгрөг, 7,086,114 төгрөг нь өмнөх саруудын түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр. Гэрээнд зааснаар алданги тооцсон” гэж тайлбарласан.
Талууд 2019 оны 9, 10, 11 дүгээр саруудын төлбөр 21,000,000 төгрөг төлөөгүй гэх үйл баримтад маргаагүй бөгөөд өмнөх сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 7,086,114 төгрөгийн үлдэгдэл байхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь 7,086,114 төгрөг хэдэн сарын хөлсний үлдэгдэл төлбөр болохыг баримтаар нотлоогүй тул уг төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д “0,1 хувиар алданги тооцож гүйцэтгэгчид төлнө” гэж тус тус заажээ.
Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь төлөх үүрэг хүлээх хариуцлагын хэлбэр юм.
Хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөөгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн 0,1 хувиар тооцоход 6,006,00 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Э Г У Ц С Төрийн өмчит ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,006,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,197,007 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Э Г У Ц С Төрийн өмчит ХХК нь нэхэмжлэгч К ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний улмаас учирсан хохиролд 102,780,241 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нь бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах” 289.2.6-д “хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “гэрээний хугацаа дуусахад түрээсийн талбайгаас салгаж авах боломжтойгоор өрөө тасалгаа гаргах болон цаашид түрээсийн талбайд засвар, өөрчлөлт, сайжруулалт хийх бол түрээслүүлэгчид засварын ажлын зураг төслөө урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авсны дараа засварын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй.” гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 2013 онд өөрөө тасалгаа тусгаарласан шилэн хананы засварын зардал 34,775,728 төгрөг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Ажлын байрны зориулалтаас хөлслөн авсан талбайг тусгаарлалтын хана байхгүй бол үйл ажиллагаа явуулах боломжгүй хэдий ч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу уг ханыг салгаж авах боломжтойгоор гүйцэтгэхээр тохиролцсон, мөн уг хана нь салгаж болох шилэн хаалт, вакум хаалт байх тул гэрээний дагуу салгаж авах нь зүйтэй байна.
Хариуцагч нь 2017 онд хийсэн засан сайжруулалтын зардал нь зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй бөгөөд гэрээнд зааснаар нэхэмжлэгч талаас зөвшөөрөл авсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Э Г У Ц С Төрийн өмчит ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,006,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,197,007 төгрөгт тооцогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч К ХХК нь Э Г У Ц С Төрийн өмчит ХХК-ийн хөрөнгө болон баримт бичгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,966 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага төлсөн 742,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э Г У Ц С Төрийн өмчит ХХК-аас 292,980 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д, нэхэмжлэгч К ХХК-аас 70,200 төгрөг гаргуулах хариуцагч Э Г У Ц С Төрийн өмчит ХХК-д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР