Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/63

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

          улсын яллагч Б.Ундрах,

          шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2308 00000 1905 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******** оны ******** дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ********** дугаар хороо, ***** ********* тоотод түр оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 cap 20 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, **********.**********.***********

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2308 00000 1905 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 38 дахь тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26, 44-46 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-21 дэх тал), шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), шүүгдэгч ******** сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 60 дахь тал),

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч ********* дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), авто тээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), хавдар судлалын үндэсний төвийн албан бичиг, эмнэлгийн үзлэгийн хуудас (хавтаст хэргийн 87-88 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********** нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо Хангайн ******* тоот хаягт байрлах ******** гэрийн цоожийг эвдэн орж самсунг маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ********* “...миний бие 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо, ********* ***** тоотод өглөө гэрээсээ хүү ******* хамт гарсан бөгөөд би ажилдаа яваад хүү сургууль руугаа явсан. Тэгээд өдөр 13 цагийн үед хүү ******* гэртээ ирээд над руу утсаар яриад “ааваа гэрт хулгай орсон юм шиг байна зурагт байхгүй байна, та хүрээд ир” гэсэн бөгөөд би гэртээ 14 цаг өнгөрч байх үед ирэхэд гэрийн цоожийг эвдээд гэрээс Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Би дээрх зурагтыг 2 жилийн өмнө 399,000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан... Тухайн өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчихөөд буцах замдаа дэлгүүр болон авто засварын газар луу орж камерын бичлэг хуулж аваад харахад багын найз ******* гэдгийг танисан юм... гэрийн цоожийг 5000, цүү 2000 төгрөгөөр тус тус авч байсан. Миний хохирлыг төлж барагдуулсан бөгөөд бэлнээр 320,000 төгрөг болон цоож, цүү авч өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 37-38 дахь тал),

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-21 дэх тал), “...цоожтой байсан гэрийн хаалганы цүү эвдэж 32 инчийн самсунг маркийн зурагт алдагдсан...” гэх шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал), “...Сонгинохайрхан дүүргийн ******дүгээр хороо, ***** тоотод хулгай орсон байна...” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Ц-781, Ц-841 дугаартай “Самсунг 32 инчийн зурагт 325,000 төгрөг, дөрвөлжин хэлбэртэй цоож, цүү 6,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 25-26, 44-46 дахь тал),

шүүгдэгч ****** сэжигтнээр өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр найз ******* манай гэрт хүүхэдтэйгээ ирсэн бөгөөд нэг шил архи бид 2 архи ууж хоносон. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ********* хүүхэдтэйгээ манай гэрээс явсан. Тэгээд миний архи сайн гараагүй байсан бөгөөд гэрээсээ гарч яваад *********** гэрт ирсэн чинь хүн байхгүй болохоор нь гэрийн цоожийг эвдэж ороод гэрт нь байсан хар өнгийн 32 инчийн зурагтыг хулгайлаад дэлгүүрт тавиад архи авч уусан юм яг аль дэлгүүрт барьцаанд тавьсан гэдгээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), шүүгдэгч *********** яллагдагчаар өгсөн “...би хохирол мөнгийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог бөгөөд ... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамааран уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Хууль тогтоогчоос орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж Эрүүгийн хуульд аутентик тайлбар хийсэн бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хохирогчийн хашаанд байрлах монгол гэр нь хүн амьдрах зориулалттай орон байр гэж үзнэ.

 

Шүүгдэгч ********* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа шунахайн сэдэлтээр, идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Бусдын амьдрах орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй хориглосон орон зай байх ба уг хоригийг мэдсээр байж зөрчин хаалганы цоож, цүүг эвдэн гэрт нэвтрэн орж Самсунг 32 инчийн зурагтыг авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Хохирогч ******** Самсунг 32 инчийн зурагт, гэрийн цоож, цүү нь хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 331,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд (хавтаст хэргийн 25-26, 45-46 дахь тал), хохирогч нь “...хохирлыг төлж барагдуулсан, бэлнээр 320,000 төгрөг болон цоож, цүү авч өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт хийлгэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ...хэлнэ гэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

 

Улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 331,000 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулах санал гаргасан бөгөөд уг гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоож, уг хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулан хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн.

Харин шүүгдэгч ******** нь хохирогчийн зурагтыг дэлгүүрт барьцаанд тавьж архи уусан гэх боловч ямар дэлгүүрт, хэдэн төгрөгөөр барьцаанд тавьж өөртөө хэдэн төгрөгийн ашиг, орлого бий болгосон талаар тодорхой санадаггүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгчийн өмөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх...”, шүүгдэгчээс “...миний хөлний хадаасаа авахуулах хугацаа болсон, хугацаа хэтэрвэл хөлөө тайруулдаг. Иймд бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд бусад төрлийн ялаас сонгох боломжгүй, зөвхөн 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч ******** нь хохирогчид 320,000 төгрөгийг бэлнээр төлж, гэрийн цоож, цүүг шинээр авч өгөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод нийцэх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэж болохоор хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, 2015 онд хорих байгууллагаас суллагдсан боловч түүнээс хойш гэмт хэрэгт дахин холбогдоогүй хувийн байдал, эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс хорих ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шүүгдэгч ********* цагдан хоригдсон 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******.************.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ********* 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ********* оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* эдлэх хорих ялыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРАНЖАРГАЛ