| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03523/И |
| Дугаар | 181/ШШ2020/02782 |
| Огноо | 2020-11-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2020/02782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Х-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Ж-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х , хариуцагч Н.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Н.Ж тай ресторанд хамт зөөгч хийдэг байхдаа танилцсан. Н.Ж бид 2 хоёул хүүхэдтэй болохыг хүсээд, 9 сар үерхээд хүүхэдтэй болсон. Хүүхэдтэй болсны дараа нэг жил 7 сар хамт амьдарсан. Н.Ж цуг амьдрахаа больсноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа хүүхэдтэйгээ уулзаагүй, хүүхдээ асууж байгаагүй, хүүхдийн тэтгэлэг болон эдийн засгийн тусламж үзүүлж байгаагүй.
Н.Ж бар, ресторанд ажилладаг байсан. Н.Ж нь өөрийнхөө хүрээллийн хүмүүстэй архи ууж, гадуур хонодог байсан. Би гадуур хоноод явж байгаа хүнийг хардахгүй байна гэж байхгүй шүү дээ. Н.Ж гадуур хонохоороо утсаа авдаггүй, хаана хонож байгаагаа хэлдэггүй. Надтай гэртээ суугаад хүүхдээ харж, хоолоо хийх ёстой юм шиг харьцдаг. Надад хүмүүс Н.Ж ыг өөр охинтой явж байна гэж хэлдэг, би өөрөө Н.Ж ыг өөр охинтой хамт явж байхыг нь харсан. Би Н.Ж тай уулздаг охиныг нь танина, надад утасных нь дугаар хүртэл байгаа. Н.Ж нөгөө охинтойгоо хамт явж байгаад манай эгч, дүүтэй таарсан. Гэтэл үүнийгээ дандаа үгүйсгэдэг.
Н.Ж хүүхдийнхээ төрсөн өдөр болон сэвлэг үргээх ёслол зэрэг бүх л зүйлд нь ирдэггүй. Би Н.Ж ыг хүүхдээ тоохгүй байгаад нь үнэхээр гомдолтой байна. Тусдаа амьдраад 9 сар болоход би өөрөө Н.Ж аас нэхэж байгаад 100,000 төгрөг авч байсан. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Н.Ж бид хоёрыг цуг амьдардаг байхад манай аав ээж хоёр жилийн түрээсийн байрны төлбөрийг төлж байсан. Дараа жилээс бид хоёр өөрсдөө төлж эхлэхэд Н.Ж намайг хүүхэдтэй маань хаяад яваад өгсөн. Надад хүнд хэцүү байх үед аав ээж хоёр минь л тусалсан. Н.Ж цуг хүсэж хүүхэдтэй болчихоод одоо хүүхэдгүй юм шиг зугаа цэнгэл хөөгөөд явж байгаад нь гомдолтой байна.
Би хүүхэдтэйгээ аавынхаа нэг өрөө байранд амьдардаг. Би одоо л ажил хийгээд хүүхдээ авч явах хэмжээнд хүрч байна. Н.Ж байнга мөнгө өгөхгүй юм аа гэхэд эм тариа болон витаминыг нь авч өгөх сэтгэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Г.Х нь гэртээ суугаад ааш зан нь өөр болсон. Г.Х бид 2 хоёр биенийхээ талаар ярилцсан. Г.Х ы яриад байгаа эмэгтэй нь манай ажил дээр ажлын журмаар ирдэг байсан хүн юм. Манай ажил коронавирусын улмаас хаагдаад ямар ч орлогогүй болсон. 2020 оны 05 сард буцаад хэвийн үйл ажиллагаандаа орж, цалинг 60 хувиар өгдөг болоход нь би 2 зээлээ хүүгийн хамт төлдөг байсан. Одоо л миний цалин 100 хувь олгогддог болж, би зээлээ төлж дуусгаж байгаа. Би Г.Х д хүүдээ мөнгө өгнө, гэхдээ түр хүлээж байгаач гэж хэлсэн. Би Г.Х аас хүүгээ асуухаар чамд хамаагүй гэж хэлдэг, ядаж сардаа ганц удаа зургийг нь харъя гэж хэлдэг. Би хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаагаар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Н.Ж д холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Х , хариуцагч Н.Ж нарын дундаас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүү Ж.Б төрсөн болох нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж олгосон 1110000814 дугаартай төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ж.Б ийг эцэг Н.Ж аар овоглосон ба хариуцагч Н.Ж нь хүү Б-ийн төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч Н.Ж нь өөрийн төрсөн хүү Ж.Б ийг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ж.Б ийг сар бүр 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Н.Ж аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ж.Б ийн төрсөн эцэг нь Н.Ж мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Ж.Б ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Ж аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ж аас 107,230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР