Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 102/2018/01395/и |
Дугаар | 01737 |
Огноо | 2018-07-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 01737
Д.Б-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч, С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01881 дүгээр шийдвэртэй, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, А.Л-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 39 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлэй,
Хохиролд 34 072 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сард зарын дагуу А.Л надтай утсаар яриад “рапсны үр хэрэгтэй байна, зээлээр өгөх үү“ гэхээр нь танихгүй боловч урьдчилгаа авахгүй 21 000 000 төгрөгийн үрийг 19 000 000 төгрөгт тооцож, хамт ирсэн н.Г-д 8 500 000 төгрөгийн үр өгсөн. А.Л 2016 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөх байсан боловч хугацаа дуусахад төлөөгүй. Ингээд мөнгөө нэхэхээр “энэ жил ургац аваагүй, мөнгө байхгүй, 100 га газар авах уу” гэсэн. Газар нь Улаанбаатараас хол учир 100 га газрыг авах боломжгүй, харин 200, 300 га газар өгөх боломжтой эсэхийг асуухад Х.Л 3 хоногийн дараа тэгье гээд харилцан тохирсон. Тухайн үед би байсан 9 000 000 төгрөгөө А.Л-ын данс руу шилжүүлсэн, тэгээд 300 га газрын 100 га газарт тариалалт хийгээд дараа нь төлөхөөр амаар тохиролцсон. Дараа нь хуулийн зөвлөхөө явуулж гэрээ хийлгэсэн. Гэвч 300 га газарт тариалалт хийгээд ургац авч чадаагүй, 100 га газрын 24 000 000 төгрөгөө төлж чадаагүй. Миний хувьд 24 000 000 төгрөгийг төлөх санхүүгийн боломж байхгүй, зээл авахаар хөөцөлдсон боловч олгоогүй.. Нэгэнт тохироогүй учраас гэрээнээсээ татгалзаж, шилжүүлсэн 39 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч А.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Б-тэй утсаар ярьж, танилцаад 19 000 000 төгрөгийн рапсны үр авсан нь үнэн. Үүнийхээ төлбөрт 100 га газар шилжүүлэхээр тохиролцсон. Д.Б цаашид тариалан эрхлэх хүсэлтэй, газраа нэмж өгөх боломжтой юу гэсэн. Би боломжтой үнэ 25 000 000 төгрөг гэсэн боловч 22 000 000 төгрөгөөр тохирсон. Гэрээнд төлбөрөө төлж дууссаны дараа газар эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон. Гэтэл 24 000 000 төгрөгөө төлөөгүй, газраа шилжүүлж аваагүй. Би нэхэмжилж байгаа 39 000 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Хариуцагч А.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б-өөс 19 000 000 төгрөгийн үнэ бүхий рапс таримлын үрийг худалдаж авсан. Төлбөрийг 100 га газрыг шилжүүлэхээр бартераар тохирсон. Мөн 200 га газрыг 44 000 000 төгрөгөөр тооцож газар эзэмших эрх шилжүүлэхээр болж, 20 000 000 төгрөгийг өгсөн, одоо үлдэх 24 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Д.Б миний 300 га газарт тариалалт хийгээд үнэнд нь надад 600 га талбайд уринш хийж өгөхөөр тохирч, уринш хийхэд гарах шатахуунаа би бэлдэхээр болж, 1110 литр дизель түлшийг хүлээлгэж өгсөн, гэтэл трактор жолоодох хүнгүй байсаар тариалалтаа хийж чадаагүй. 1110 литр түлшнээс 480 литр түлшийг буцааж авсан, 630 литр түлш үлдсэн. Иймд 630 литр түлшийг 2020 төгрөгөөр тооцож 1 272 600 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн 300 га талбайгаас 190 га газрын үнийг төлсөн гэж үзээд 110 га талбайд тариалалт хийснийг түрээсэлсэн гэж үзэж 80 000 төгрөгөөр тооцож 8 800 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд гэрээгээр тохирсон 24 000 000 төгрөг, түлшний үнэ 1 272 600 төгрөг, түрээсийн төлбөрт 8 800 000 төгрөг нийт 34 272 600 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би 2016 оны 07 дугаар сараас уринш хийж өгнө гэж ярилцаж байсан. Төлбөрийг ярилцаагүй. 1 га газрын боловсруулалтын дундаж ханш 25 000 төгрөг байгаа. 600 га газрыг боловсруулахад 15 000 000 орчим төгрөгийг нэмж өгөхөөр болж байна. Би уринш хийхээр очсон боловч тракторын жолоочийн ах нь нас барсан учраас ажиллуулж чадаагүй. Тэгээд түлш, трактороо орхиод явсан. Буцаж очиход тракторыг айлын гадаа орхисноос дугуй байхгүй, аппартур нь эвдэрсэн байсан. Надад шууд 1 700 000 төгрөгийн хохирол учирсан, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1, 205.2.2 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1, 260-р зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Л-аас 39 000 000 /гучин есөн сая/ төгрөг гаргуулж Д.Б-д, Д.Б-өөс 13 272 600 /арван гурван сая хоёр зуун далан хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж А.Л-д тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 21 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 454 061 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.Л-аас 352 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, Д.Б-өөс 227 311 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. А.Л бид 2 газрын түрээсийн талаар анхнаасаа тохиролцоогүй, ярилцаагүй, гэрээ байгуулаагүй байхад шүүх санаачилгаараа 300 га газрыг 40 000 төгрөгөөр түрээсэлсэнд тооцон 12 000 000 төгрөгийг хангасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Хэрэв түрээслэхээр тохиролцсон бол бид гэрээг бичгээр хийх, түүнчлэн үг хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэй байсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүйг хуульчилсан байгааг анхаарсангүй.
Мөн 1110 литр дизель түлшийг намайг хүлээн авсан гэж шүүх дүгнээд 1 272 600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Миний хувьд 1110 л түлш хүлээж аваагүй, хэдэн литрийг хэрэглэсэн, хэдэн литрийг буцааж авч явсан талаар мэдэхгүй, нотлох баримтгүй байхад сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Дээрх 2 үндэслэлийн нийлбэр дүн 13 272 600 төгрөгийг зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б хариуцагч А.Л-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 39 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 34 072 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу А.Л нь 1940 кг рапсны үрийг Д.Б-д 19 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар M Canter маркийн 95-88 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалан, барьцааны гэрээг худалдагч талтай байгуулсан байна. /хэргийн 3-4 дүгээр тал/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Б рапсны үрийн үнэд нийт 39 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
Хариуцагч А.Л нь нэхэмжлэгч Д.Б-д 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тариалангийн зориулалттай 300 га газрын 100 га газрыг үрээр бартер хийсэн, 200 га газрыг 44 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу худалдан авагч Д.Б 20 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлөхөөр худалдагч талтай тохиролцсон байна. /хэргийн 5 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Б гэрээнээс татгалзаж, 39 000 000 төгрөгийг буцаан авахаар шаардсан бөгөөд хариуцагч А.Л газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үлдэгдэл 20 000 000 төгрөг, дизель түлшний үнэ 1 272 600 төгрөг, 300 га талбайгаас 110 га талбайг 80 000 төгрөгөөр түрээсэлсэн гэж тооцож, 8 800 000 төгрөг нийт 34 272 600 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнээс нэг тал татгалзаж байгаа тохиолдолд нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй юм. Иймд талуудын тохиролцсон 300 га газрын түрээсийг 2016 онд га газрын түрээс 40 000 төгрөг гэх нэхэмжлэгчийн үнэлгээгээр тооцож, 12 000 000 төгрөгийг хариуцагчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Л нь 1110 литр түлшнээс 630 литр түлшний үнэ 1 272 600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тодруулбал, хэрэгт түлш хүлээлгэж өгсөн, түлшний үнийн талаарх баримт авагдаагүй.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 13 272 600 төгрөгөөс түлшний үнэ 1 272 600 төгрөгийг хасч 12 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 260 дугаар зүйлийг баримталсан нь тухайн маргааны үйл баримттай нийцээгүй байх тул залруулах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01881 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “205.2.2 дахь хэсэг, 260-р зүйлийн 260.1” гэсний хасч, “13 272 600” гэснийг “12 000 000” гэж, “21 000 000” гэснийг “22 072 600” гэж, 2 дахь заалтад “227 311” гэснийг “206 950” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 313 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА