Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2026/0412

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Г*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Н.Г*******

Нэхэмжлэгч: Н.Г*******

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.Ж*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Архивын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгах.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2026/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******

Гуравдагч этгээд Г.Ж*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 125/2025/0073/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Г*******оос Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Архивын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгах”-аар маргасан.

2.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 125/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр:

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ховд аймгийн Архивын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3, 6.7-д ... Н.Г******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8-д заасан төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчсөн гэжээ. Гэтэл миний бие албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглээгүй бөгөөд албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэдэг ойлголт нь ажлын байр дээрээ ажиллаж байх тухай ойлголт юм. Би тухайн өдрийн 14 цагт ажлаасаа гарсан бөгөөд ажлын байран дээр байгаагүй.

3.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.4-т “байгууллагын дотоод журмын 9.2-т сахилгын ноцтой зөрчил гэдэгт ...ажлын цагаар ... архидан согтуурсан... гэж заасныг зөрчсөн гэжээ. Шүүхийн үндэслэл болгосон байгууллагын дотоод журам нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журам юм. Ховд аймгийн Архивын хэлтэс нь 2026 оны 3 дугаар сард Засгийн газрын тогтоолын дагуу Засаг даргын харьяа агентлаг буюу хэлтэс болж Тамгын газрын харьяаллаас гарсан байдаг. Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд уг дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр Архивын хэлтсийн алба хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах нь хууль бус. Төрийн албаны тухай 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д ... Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ... халахыг хориглоно гэж заасан. Шүүх хуулиас давсан, албан хаагчид хамааралгүй журмыг үндэслэн шийдвэр гаргасан.

3.3.Мөн шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны А/124 дугаар захирамжийг зөрчсөн гэж үзсэн байна /шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.8, 6.9,10/ Уг тогтоол, захирамжид “...ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд архидан согтуурсан... гэж хоёрдмол утгагүйгээр заасан байдаг.

3.4.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 6.11, 6.12, 6.13-дёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогдсон бол заавал ёс зүйн дэд хорооноос ямар нэгэн дүгнэлт гарсан байхыг шаардахгүй гэжээ. Хариуцагч маргаан бүхий захиргааны актын хуулийн үндэслэлд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.8-д заасныг зөрчсөн гэж заасан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д зааснаар ёс зүйн дэд хорооны дүгнэлт гарсан байхыг шаардана. Ёс зүйн зөрчил мөн эсэхийг ёс зүйн дэд хороо хуульд заасны дагуу тогтоох ёстой болохоос биш томилох эрх бүхий албан тушаалтан эсвэл цагдаагийн байгууллага ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтоохгүй.

3.5.Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 6.15-д ...сонсох ажиллагааны мэдэгдлийг өгснөөс хойш 56 хоногийн дараа сахилгын шийтгэл оногдуулсан байхад ... сонсох ажиллагаа хэзээ явагдах талаар мэдээлэл тусгаагүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй ... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 27.3.1-д “... сонсох ажиллагаа явуулах он, сар, өдрийн талаарх мэдээллийг заавал тусгахаар заасан. Гэтэл хариуцагч энэ талаарх мэдээллийг мэдэгдэлд тусгаагүй бөгөөд зөвхөн бичгээр тайлбар өгөхийг нэхэмжлэгчид даалгасан мэтээр тайлбарладаг. Хэргийн материал шинжлэн судлахад сонсох ажиллагааны мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 27.4-т заасан бүх хэлбэрээр тайлбар санал ирүүлэхээр заасан болох нь тогтоогддог. /шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа/ Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд хариуцагчийн дээрх тайлбар нь өөрөө үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн энэ үндэслэл нь хуульд нийцээгүй бөгөөд миний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй болохоос биш сонсгох ажиллагаа явуулах үүрэггүй юм.

3.6.Маргаан бүхий захиргааны акт болох Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/57 дугаар захирамжийн 1-д “... ажлын өдөр, ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан ... тул” гэсэн байдаг. Хариуцагч тус захирамжид болон 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарын 1-д “...ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан...”, тайлбарын 2-т “...нэхэмжлэгчийн хувьд 2025 оны 4 дүгээр сарын 07, мөн оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн... гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...удаа дараа гэж байгаа боловч сүүлд гаргасан зөрчилд нь шийтгэл ногдуулсан...” гэдэг. Шүүх хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан ганцхан тайлбарыг үндэслэл болгон 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэж шийдвэрээ гаргасан.

Удаа дараа 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь үндэслэлгүй байдаг. Хэрэгт авагдсан Цагдаагийн газраас ирүүлсэн баримтад ...2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг 37 минут гэж бичигдсэн байдаг. Энэ нь ажлын бус цаг юм. Хариуцагч шүүх хуралдааны явцад шүүгчийн асуултад хариулахдаа гаргасан зөрчлийн хувьд өмнөх зөрчлийг харгалзсан... гэдэг бөгөөд сахилгын шийтгэл ногдуулахдаа 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зөрчил гэх үйл баримтыг үндэслэн удаа дараа гэж шийтгэл ногдуулсан болохоо өөрөө нотолдог.

Мөн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гэх зөрчлөөс хойш 6 сар 15 хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа удаа дараа гэж шийтгэл ногдуулсан байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48.5-д заасныг зөрчиж байгаа бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хувьд миний бие Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нь Тамгын газрын даргын тушаалаар томилогддог албан тушаалтан тул 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн "зөрчил"-д аймгийн Засаг дарга шийтгэл ногдуулах, харгалзан үзэх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48.4-д заасан төрийн албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулна гэснийг мөн зөрчиж байна.

3.7.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэснийг ажлын байран дээр, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэнтэй адилтгаж үзнэ гэж тайлбарладаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.8 дугаар зүйлийг төсөөтэй хэрэглэх тухай хариуцагчийн тайлбарыг шүүх үнэлэн ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хууль зөрчиж байна.

Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслээгүй, дан ганц хариуцагчийн тайлбарт үндэслэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шууд зохицуулсан байхад "төсөөтэй” хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн албан хаагчийн хуулиар олгосон баталгааг алдагдуулсан, хууль зөрчсөн байх тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 125/ШШ2026/0004 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Төрийн албаны хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.8-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх”-ийг хориглоно гэж заасан, нэхэмжлэгч Н.Г*******ийн тухайд 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 16-17 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр, Залуус хорооллын орчим согтуу байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон, иймд нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэлдээ “…ажлын байранд ажлаа хийж байхдаа согтууруулах ундаа хэрэглээгүй, ёс зүйн зөрчил мөн эсэхийг тогтоогоогүй…” гэх зэргээр маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь тухайн өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б****гээс тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд өгсөн “төрийн албан хаагч гудамжинд согтуу сууж байна” гэх дуудлагын дагуу газар дээр нь шалгахад нэхэмжлэгчийн согтолтын зэрэг 3.89% байсан, улмаар гэрт нь хүлээлгэж өгч шийдвэрлэсэн талаар аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 49-а/2963 дугаар албан бичигт тодорхой тусгасан, энэхүү үйл баримтыг үгүйсгэж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс маргадаггүй, гагцхүү ажлын байран дээр уугаагүй гэх боловч энэ нь нэхэмжлэлийг хангах үр дагаварт хүргэхгүй.

Тухайлбал хуулийн дээрх заалтыг зөвхөн “ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж хязгаарлагдмал хүрээнд тайлбарлахгүй, өөрөөр хэлбэл зөвхөн ажлын байр гэлтгүй албан үүргээ гүйцэтгэж байхдаа ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон агуулгатай гэж ойлгоно.

2025 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нь хуанлийн хоногоор Мягмар гараг буюу ажлын өдөр, давж заалдах гомдолд энэ өдрийн 14 цагт ажлаасаа гарсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.5-д гэрч Х.Б****, М.М**** нарын мэдүүлгээр 14-17 цагийн үед буюу ажлын цагаар архи уусан болох нь тус тус тогтоогдсон болохыг дүгнэсэн байх тул Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ зөрчиж, ажлын өдөр, ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурсан гэсэн үндэслэлээр Н.Г*******ийг аймгийн Архивын хэлтсийн даргын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсаныг буруутгахгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Н.Г*******ийг тухайн өдөр биеийн байдал нь эвгүйрхсэний улмаас ажлаасаа түр чөлөө авсан гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй, түүнчлэн баримт байсан эсэхээс үл хамаарч энэхүү тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл энэ тохиолдолд эмнэлэгт, эсхүл гэртээ байж болох ч дээрх байдлаар согтуу явсныг биеийн байдлаас шалтгаалсан гэж үзэхгүй.

            2.Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиуд, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын холбогдох заалт, аймгийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Хууль тогтоомж, төрийн сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээний тухай” А/124 дүгээр захирамжийг тус тус удирдлага болгосон, харин шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.4-т “…байгууллагын дотоод журмын 9.2-т сахилгын ноцтой зөрчил гэдэгт …ажлын цагаар болон ажлын байранд архидан согтуурсан…” зэргийг ойлгоно гэснийг уг журмыг үндэслэж, маргааныг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

            Шийдвэрийн Тогтоох хэсэгт зөвхөн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримталсан, Үндэслэх хэсгийн 6.3-т маргаанд шууд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг, 6.5-д Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн хориглох зүйл болон Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг чиг үүргээ зөрчсөн талаар дүгнэсэн байна.

            Иймд “…шүүх хуулиас давсан албан хаагчдад хамааралгүй журмыг барьж шийдвэр гаргасан…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

            3.Нэхэмжлэгчид Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасны дагуу “Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” ёс зүйн хариуцлага бус харин Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх тул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д заасан “төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоон, дүгнэлт гаргах, үндэслэлийг тусгах” зэрэг гомдол, мэдээллийн дагуу хянан шийдвэрлэх процесс ажиллагааг, мөн нэхэмжлэгчийг буруутгасан үйл баримтыг тогтоох ажиллагааг шийдвэр гаргахаас өмнө дахин явуулах шаардлагагүй.

4.Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагчаас хэрхэн явуулсан талаарх шийдвэрийн 6.15-д хийсэн дүгнэлтүүд үндэслэлтэй, тухайлбал 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон “Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл”-ийг 27-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн, уг мэдэгдэлд холбогдох саналаа бичгээр, биечлэн уулзаж, утсаар, цахим хэлбэрээр төлөөлөгчөөрөө дамжуулах зэргээр өгч болохыг, мөн санал ирүүлэх хаяг болон холбогдох утасны дугаарыг тус тус бичсэн байгаагаас үзэхэд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д заасан “сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”-ийг мэдэгдэлд тодорхой тусгаагүй нь шийдвэр гаргахад нөлөөлөхгүй, энэ нь тушаалыг хүчингүй болгох үндэслэлд үл хамаарна.

5.Тушаалд “…удаа дараа архидан согтуурсан…” гэж, хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн гэх боловч шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр мөн адил ажлын цагаар архидан согтуурсан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон талаар дурдсан, нэхэмжлэгч Н.Г******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа мөн өдрийн 17.38 цагийн үед 3.21 %-ийн хүнд зэргийн согтолттой байсан, харин энэхүү үйл баримтыг баримтжуулсан цаг хугацаа нь ажлын цаг дууссаны дараа мэт боловч согтолтын зэргээс үзэхэд тэрбээр ажлын цагаар архи ууж эхэлсэн, иймд ямар ажил эрхэлж байснаас үл хамаарч гаргасан үйлдэл нь адил байх тул удаа дараа “архидан согтуурсан” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Давж заалдах гомдолд “…2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш 6 сар 15 хоногийн дараа, өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан…” гэх боловч тушаалд энэ зөрчлийг удаа дараа гэдэгт харгалзан үзсэн болохоос бус сүүлийн буюу 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зөрчилд хариуцлага хүлээлгэснээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан хугацаа зөрчигдсөн гэж үзэхгүй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Г*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлий 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                       ШҮҮГЧ                                               Л.ОДБААТАР

                  ШҮҮГЧ                                             Д.ОЮУМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН