Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 124/ШШ2018/0038

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ... дүүрэг, ...-р хороо, ... байр ... тоотод байрлах “Ч В М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад холбогдох,

“Ч В М” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ч В М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.Т, хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Ч В М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч В М” ХХК нь Увс аймгийн Зүүнхангай сумын Элбэг нэртэй газарт орших 5263.22 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх, ХУ-018617 дугаартай, Эрдэнэ нэртэй газарт орших 528.84 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх, ХУ-018613 дугаартай тусгай зөвшөөрлийг “Ц" ХХК-иас Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлж авсныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 312 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулж, бүртгэсэн болно.

“Ч В М” ХХК нь дээрх ХУ-018617, ХУ-018613 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, эрх бүхий байгууллагын бүртгэснээр Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулан харьяаллын дагуу Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн боловч Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 тоот албан бичгээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг өгснөөр ХУ-018617, ХУ-018613 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болж, улмаар нууцлагдах нөхцөл байдал үүсээд байна.

“Ч В М" ХХК-ийн зүгээс Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 44 тоот албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлүүд нь 1/ өөрт ногдсон эрх мэдлээ хэтрүүлсэн,2/ Монгол улсад ашиг малтмалын хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллагын гаргасан зөвшөөрөл,шийдвэрт халдсан,3/ лиценз эзэмшигчийн эрхийг зөрчсөн, 4/ өмнөх Засаг даргын шийдвэр, зөвшөөрлийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн зэрэг эрх мэдлийн хууль бус ажиллагаа өгсөн гэж үзэж байна.

Засаг даргын албан бичигт дурдсан үндэслэл нь хууль бус болох нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж. түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих зэрэг чиг үүрэгтэй байна.

Гэтэл Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг “Ч В М" ХХК Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлсэн атал өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудлыг "Ч В М” ХХК-д хамааруулж хариу өгч байгаа нь үндэслэлгүй юм. “Ц” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг “Ч В М” ХХК-д шилжүүлж, төрийн захиргааны байгууллага холбогдох баримтыг нягталж, хуульд харшлах шалтгаангүй гэж үзсэний үндсэн дээр тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж, уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээг хийсэн. Иймд "“Ч В М”" ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн эрхийг хэрэгжүүлэх процессын ажиллагаанд хамаарал бүхий менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй болно.

“Ц” ХХК 2015 онд анх тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн саналыг аваагүй, хайгуулын ажил хийгээгүй атлаа жил бүр тайлан хамгаалж тусгай зөвшөөрлөө сунгуулж байсан, нөхөн сэргээлтийн мөнгийг орон нутгийн дансанд байршуулж байгаагүй зэрэг асуудлыг 1/ эрх шилжүүлж авсан “Ч В М" ХХК-д хамааруулах эрх зүйн боломжгүй, 2/ тухайн асуудал нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэн шийдвэрлэх асуудал болно.

Иймд Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлыг үндэслэл болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Нөгөөтээгүүр манай компанийн эрх, үүргийг үргэлжлүүлэхдээ өмнөх компанийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицон шийдвэрлэх бүрэн боломжтой.

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна" гэж заасны дагуу төлөвлөгөөг боловсруулж, “Ч В М" ХХК нутгийн захиргааны байгууллагад хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 7.3-т "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно" хэмээн заасныг зөрчиж. нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлох зэргээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүд байгааг үгүйсгэхгүй.

Нутгийн захиргааны байгууллага бол тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл эзэмшигч буруутай үйл ажиллагаа явуулсан тохиолдолд түүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болсон эсэх, тухайн орон нутагт хохирол учирсан эсэх талаарх нөхцөл байдал тодорхой тогтоогдсон тохиолдолд орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий этгээд юм. Гэтэл орон нутгийн иргэд эсэргүүцдэг гэх хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай төдийгүй хуульд заасан зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж буй хуулийн этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Үүнээс үүдэн гарах хохирлыг буруутай шийдвэр болон эс үйлдэл гаргасан албан тушаалтан, хуулийн этгээд хариуцдаг эрх зүйн зохицуулалттай болно. Тухайн асуудал хөндөгдөх үед эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг зогсоох болсон хууль зүйн үндэслэл нь асуудлын зөв буруу болохыг тогтоодог болохыг тэмдэглэж байна.

3. Засаг даргын зүгээс Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн е-д заасныг зөрчсөн гэж хуулийн заалтын агуулгыг буруу тайлбарлажээ. Тухайн заалт нь харин эсрэгээрээ нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын үйл ажиллагааны талаар хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах үүргээ зөрчиж, Засаг дарга өөрөө энэ үүргээ эс биелүүлж, нутгийн иргэдэд буруу ташаа ойлголтыг төрүүлж байгаад харамсаж байна.

Нутгийн захиргааны байгууллага нь нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах үүрэгтэй. Гэтэл Засаг дарга тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг тодорхой бус үндэслэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан хууль бус үйлдэл гэж үзэж байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ " гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд 1/ Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахыг хуулиар шаардсан байдаг ба энэ тохиолдолд хайгуулын шинжилгээ хийх шаардлагагүй, 2/ хуульд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж Засаг даргад хүргүүлснийг хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх эрх зүйн боломжгүй гэжээ.

Хариуцагч Зүүнхангай сумын засаг дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай байгууллагын инженер Ц.Мягмаржав нь тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Эрдэнэ, Элбэг нэртэй талбайд хайгуулын ажил 2018 онд хийхээр, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Баянгол багийн Засаг дарга, Даланбулаг багийн Засаг дарга болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ирсэн зорилгоо ярьж, хамтарч ажиллах саналаа дэвшүүллээ. Сумын удирдлагууд хэлэлцээд дараах үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариуг хүргүүлж байна.

1.”Ц” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 29-нд хайгуулын тусгай зөвшөөрлийг авахдаа тухайн үед буюу 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дүгээр заалтын дагуу Орон нутаг /сумын Засаг дарга, ИТХ/-ын саналыг аваагүй.

2. Уг компани нь хайгуулын зөвшөөрөл олгогдсоноос хойш буюу 2015, 2016, 2017 онуудад зөвшөөрөгдсөн хоёр талбайд геологи хайгуулын ажил хийгээгүй атлаа жил бүр тайлан хамгаалж, тусгай зөвшөөрлийг сунгуулж, 2018 оны 03 дугаар сард “Ч В М” ХХК-д худалдсан байна.

3.”Ц” ХХК нь энэ онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирж байгаагүй бөгөөд нөхөн сэргээлтийн мөнгийг орон нутгийн дансанд байрлуулж байгаагүй

4.Элбэг нэртэй хайгуулын талбайд Баянгол багийн малчдын 10 өвөлжөө, Эрдэнэ нэртэй талбайд Даланбулаг багийн малчдын 15 өвөлжөө байдаг нь ашигт малтмалыг хайх, ашиглахад иргэд болон төрийн бус байгууллагын эсэргүүцэлтэй тулгарч байна.

5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын /нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход нь хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх/ гэж заасан заалтыг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлах боломжгүй бөгөөд орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж, энэ талаар гарын үсгээ зурж өгсөн. Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх, гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээ, эсрэг аливаа үйл ажиллагаанд оролцох боломжгүй байна.

6.Тусгай зөвшөөрлийг худалдан авсан компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах /2018.06.29-нд дууссан/-аас 1 сарын өмнө төлөвлөгөө батлуулахаар ирсэн нь хайгуулын шинжилгээ хийх хугацаагүй ба тусгай зөвшөөрлийг дахин сунгахыг бидний зүгээс зөвшөөрөхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Ч В М” ХХК нь “Ц” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын XV-18617, XV-18613 дугаартай тусгай зөвшөөрлийг 2018 оны 5 дугаар сард “Ч В М” ХХК шилжүүлэн авсан. Лицензийн 3 жилийн хугацаа дуусах гэж байхад нь шилжүүлэн авсан учир хугацаа дуусахаас 1 сарын өмнө 2018 оны 5 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, ашигт малтмалын газарт өгөх ёстой байсан учир “Ч В М” ХХК-ийн 2 геологич Увс аймгийн Зүүнхангай суманд очиж 2018 оны байгаль орчны менежмент төлөвлөгөөг батлуулах гэсэн боловч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга баталж өгөх боломжгүй гэх хариуг бичгээр өгсөн. Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь хуульд зааснаар “Ч В М” ХХК-ийн байгаль орчны менежмент төлөвлөгөөг баталж өгөх үүрэгтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компани нь хайгуулын ажлыг жил бүр хийх ёстой байдаг. Хайгуулын ажил хийгдээд дуусах үед байгаль орчны менежментийн төлөвлөгөөн дээр тусгагдсанаар хайгуул хийгдэж байх явцад сум орон нутагт хохирол учирсан тохиолдолд уг зардлыг нөхөн төлөх агуулгатай төлөвлөгөө байдаг. Тухайн төлөвлөгөөг заавал сум орон нутгийн даргаар батлуулсан байх шаардлагатай байдаг тул байгаль орчны нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлуулж, сунгуулах зорилгоор 2018 оны 5 дугаар сард “Ч В М” ХХК-ийн хайгуулын баг Увс аймгийн Зүүнхангай суманд очиход Засаг дарга батлахаас татгалзсаны учир “Ч В М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцалсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч В М” ХХК нь “Ц” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн аваад Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн жилийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Гэтэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулаад Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагчид батлуулахаар хүргүүлсэн боловч тухайн сумын ард иргэд дэмжихгүй байна гэсэн үндсэн шалтгаанаар “Ч В М” ХХК-ийн төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс болж, “Ч В М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан тул манай компанид их хэмжээний хохирол учирсан. Иймд Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргыг “Ч В М” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Ж.Б нь “Ц” ХХК-аас “Ч В М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан аваад хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирж ашигт малтмалын хайгуул хийх зорилгоор 2018 оны байгаль орчны менежмент төлөвлөгөөг батлуулахаар ирсэн гэсэн буруу ойлголттой байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь 12 сараар үргэлжлэх хугацаатай байдаг. “Ц” ХХК-аас авсан тусгай зөвшөөрөл нь 2015 онд авсан тусгай зөвшөөрөл байсан. 3 жил тутамд 1 удаа тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийдэг тул хуулийн дагуу “Ч В М” ХХК нь сунгалтаа хийлгэхээр материалаа бүрдүүлэн өгсөн боловч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нь “Ч В М” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон хайгуулын ажлын төлөвлөгөөг батлахаас татгалзсан тул “Ч В М” ХХК-ийн ашигт малтмалын ажил зогсонги байдалд орж, багагүй хэмжээний хохирол амсаад байна гэжээ.

Хариуцагч Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч В М” ХХК нь анх “Ц” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан авсан байсан. “Ц” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг зөрчиж, сум, багийн иргэдийн нийтийн хурлаар орж Засаг даргатай тохиролцсоны үндсэн дээр тулгуурлан зохих дээд байгууллагаас ашигт малтмалын гэрчилгээг авах ёстой байсан тул энэхүү ашигт малтмалын гэрчилгээг хууль журмын дагуу аваагүй гэж үзэн, баталж өгөөгүй. “Ц” ХХК нь анх 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 2018 он хүртэл хайгуул хийж байгаагүй ба 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болох хугацаанаас хэдхэн хоногийн өмнө “Ч В М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зарсан байсан. “Ц” ХХК нь хууль бусаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдан авсан байсан тусгай зөвшөөрлийг “Ч В М” ХХК нь худалдан авсан тул тус сумын Засаг даргын зүгээс зөвшөөрөхгүй гэдэг хариуг бичгээр хүргүүлсэн. “Ч В М” ХХК нь 2018 оны байгаль орчны менежмент төлөвлөгөөний нөхөн сэргээлтийг мөнгийг орон нутгийн дансанд байршуулж байгаагүй. Эрдэнэ нэртэй ашигт малтмалын хайгуулын талбай дээр Увс аймгийн Зүүнхангай сумын малчдын 10 өвөлжөө байдаг тул тухайн өвөлжөөний эзэд эсэргүүцэл илэрхийлсэн. Нутгийн иргэдийн өвөлжөөний гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан эх хувиар нь авч ирсэн гээд шүүхэд гаргаж өгөв. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсэгт зааснаар Нутаг дэвсгэрийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу багийн иргэдийн нийтийн хурал санал өгөх ёстой гэж заасан байгаа хуулийг зөрчсөн. “Ч В М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө 2018 оны байгаль орчны менежмент төлөвлөгөө батлуулахаар ирсэн тул энэ хугацаанд хайгуулын үйл ажиллагаа, шинжилгээ хийх хугацаагүй гэж үзэж уг төлөвлөгөөг батлахаас татгалзсан гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч В М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд “Ч В М” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Бт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад батлуулахаар хуулийн хугацаанд хүргүүлсэн атал өмнөх зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудлыг “Ч В М” ХХК-д хамааруулж хариу өгч байгаа нь үндэслэлгүй, Засаг дарга өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлыг үндэслэл болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан, Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгын хувьд буруу тайлбарласан, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгуулах тохиолдолд хайгуулын шинжилгээ хийсэн байх шаардлагагүй, татгалзал хууль бус, Засаг дарга байгаль орчин менежментийн төлөвлөгөө баталж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж тодорхойлжээ.

Хариуцагч Зүүнхангай сумын Засаг даргын зүгээс “Ц” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдөр анх хайгуулын тусгай зөвшөөрлийг авахдаа тухайн сумын Засаг дарга, ИТХ-ын санал, зөвшөөрлийг аваагүй, тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан, тус компани нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирж байгаагүй, 2015, 2016, 2017 онуудад зөвшөөрөгдсөн хоёр талбайд геологи хайгуулын ажил хийгээгүй, нөхөн сэргээлтийн мөнгийг орон нутгийн дансанд байрлуулж байгаагүй, зөвшөөрөл олгогдсон уг талбай нь сумын Засаг даргын захирамжаар малчдад олгосон өвөлжөөний газартай давхацсан, нутгийн иргэд болон төрийн бус байгууллагын эсэргүүцэлтэй тулгарч байгаа, хугацаа дуусахаас нэг сарын өмнө батлуулахаар ирсэн нь хайгуул хийх хугацаагүй болгосон гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ.

2018 оны 05 дугаар сарын 04 ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-008856, TR-008857 дугаартай өргөдлүүдийг хянаж үзээд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дахь Элбэг нэртэй газарт орших 5263.22 гектар талбайд XV-018617 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Эрдэнэ нэртэй газарт орших 528.84 гектар талбайд XV-018613 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг “Ч В М” ХХК-д шилжүүлснийг бүртгэхээр, мөн тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулах, зохих байгууллага, олон нийтэд мэдээлэхийг холбогдох ажилтанд даалгасан 312, 313 дугаар шийдвэрийг гаргасан байна.

Үүний дагуу “Ч В М” ХХК-д Увс аймгийн Зүүнхангай сумын Элбэг, Эрдэнэ нэртэй газарт орших 5263.22, 528,84 гектар хоёр талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч XV-018613, XV-018617 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай олгожээ.

“Ч В М” ХХК ийн геологич Ц.Мягмаржав Зүүнхангай суманд хүрэлцэн ирж тус сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга, Баянгол, Даланбулаг багийн Засаг дарга иргэдийн төлөөлөлтэй нартай уулзаж, ирсэн зорилгоо танилцуулж, Элбэг, Эрдэнэ нэртэй газарт 2018 онд хийгдэх хайгуулын ажлын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах, хамтарч ажиллах саналаа дэвшүүлсэн боловч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариуг өгсөн талаар Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 тоот албан бичигт дурдагдсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан харьяаллын дагуу Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн гэсэн байгаа бөгөөд хариуцагчаас холбогдох баримтыг шаардахад ямар нэгэн албан тоот бичгээр тус сумын ЗДТГ-т хандаагүй, компанийн ажилтан ирж тус сумын удирдлагуудтай уулзсан гэсэн тайлбарыг гаргасан ба тус сумын бичиг хэргээр дамжиж “Ч В М” ХХК-иас 2018 оны 05, 06 сард албан ёсны бичиг ирээгүй нь үнэн болно гэсэн бичиг хэргийн ажилтан А.Анхтуяагийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр компаниас явуулсан Засаг даргын нэр дээр хаяглагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай албан бичиг байхгүй, байгууллагын 2 геологичийг төлөвлөгөө батлуулахаар явуулсан гэж тайлбарлажээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “Ч В М” ХХК-ийн захирал Зүүнхангай сумын Засаг даргад хандан төлөвлөгөө батлуулах тухай албан тоот бичгийг хүргүүлээгүй байгаа ба харин төлөвлөгөөг батлуулахаар компанийн ажилтандаа уг төлөвлөгөөг өгч явуулсан гэж үзэхээр байна.

Гэрч Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Батбаяр 2018 оны 07 дугаар сарын 02-нд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирж хянуулсан гэж мэдүүлжээ. Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсны дараа батлагдаагүй төлөвлөгөөг орон нутгийн байгаль орчны албанд хүргүүлж хянуулсан байна.

Урьд нь “Ц” ХХК 2005 оны 06 дугаар сарын 29-ны өдөр уг XV-018613, XV-018617 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 3 жилийн хугацаатай авсан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1, 38.1.3, 38.1.5, 38.1.8-д зааснаар Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, уг төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх, хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх, байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зэрэг үүргүүдийг хүлээсэн байна. Энэхүү зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь тусгай зөвшөөрөл авсныхаа дараа сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулах , уг төлөвлөгөөг Засаг даргад хүргүүлж батлуулах, мөн орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хянуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хайгуулын ажил хийх ёстой юм байна.

Гэвч хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан “Ц” ХХК-ийн хувьд энэхүү хуулинд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан нь тогтоогдохгүй байна. Тухайлбал хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудаар “Ц” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авсны дараа хуульд заасан хугацаанд /хуулийн хугацаа өнгөрсний дараа 2016, 2017 онуудад мөн адил/ Зүүнхангай сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг батлуулан хайгуулын ажил хийсэн нь тогтоогдохгүй байна.

Гэрч Зүүнхангай сумын байгаль орчны улсын байцаагч Б.Мөнхжаргал Сумын Засаг дарга байгаль орчны төлөвлөгөө баталсан тохиолдолд би мөн гарын үсэг зурах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөө Зүүнхангай сумын Засаг даргаар батлуулахаар “Ц” ХХК-ийн зүгээс ирүүлээгүй, 2015-2017 онуудад хайгуулын ажил хийгдээгүй гэж мэдүүлжээ. Увс аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Б.Батбаяр “Ц” ХХК нь манай байгууллагаар 2015, 2016, 217 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөө хянуулж батлуулаагүй болно гэсэн тодорхойлолтыг 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 211 тоот албан бичгээр ирүүлсэн байна. Мөн Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “Ц” ХХК нь Зүүнхангай сумын төрийн сангийн Байгаль хамгаалах сангийн 150655402 тоот дансанд 2015 оноос хойш байгаль орчны нөхөн сэргээлтийн мөнгө шилжүүлээгүй тухай санхүүгийн албаны даргын тодорхойлолт, 2015, 2016 онуудын орлогын дансны хуулгыг хариуцагч шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Ц” ХХК, “Ч В М” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах , худалдан авах гэрээг ирүүлсэн боловч шүүхийн шаардсан эрэл, хайгуулын анхдагч материал, хайгуулын ажлын тайлан зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “Ч В М” ХХК-ийн эзэмшилд байсан XV-018613, XV-018617 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хувийн хэргээс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн АМГТГ-ын геологи, хайгуулын хэлтсийн болон төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүдийн 387, 388 тоот тодорхойлолтууд, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Зүүнхангай сумын Засаг даргын Татгалзсан хариу хүргүүлэх тухай 44 тоот бичиг зэрэг 4 хуудас баримтыг ирүүлсэн байна. Харин хувийн хэрэгт авагдсан байх ёстой шүүхээс шаардсан “Ц” ХХК-ийн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт, мөн байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй нь Ашигт малтмал , газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ц” ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д заасан шаардлагыг хангасан тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хүлээн аваагүй юм байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллага холбогдох баримтуудыг хүлээн авч нягталсан нь тогтоогдохгүй байна.

2018 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн АМГТГ-ын геологи, хайгуулын хэлтсийн болон төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүдийн “Ч В М” ХХК 2015, 2016, 2017 онуудад жилийн төлөвлөгөө, тайлан хянуулсан, геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг 2016 онд баталгаажуулсан гэх утга агуулга бүхий тодорхойлолт нь анхан шатны нотлох баримтаар баталгаажиж нотлогдохгүй байгаа ба Засаг дарга батлаагүй төлөвлөгөө, тайланг яаж хянасан нь ойлгомжгүй байх тул уг баримтыг үнэлэх боломжгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж, дараах баримт бичгийг хавсаргана гээд мөн хуулийн 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байхаар заажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасныг мөн хуулийн 38, 49 дүгээр зүйлүүд дэх Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах гэсэн зохицуулалттай уялдуулж холбон тайлбарлах нь энэ хуулийн агуулга, зорилго, шаардлагад нийцнэ гэж үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын анхдагч материал, тайлан зэрэг холбогдох мэдээллийг худалдаж зохих татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлэх-ээр зохицуулсан байна. Нэхэмжлэгч “Ч В М” ХХК нь “Ц” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсныг Кадастрын хэлтэс бүртгэсэн байгаа боловч ийнхүү тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсныг бүртгэхдээ өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс эрэл хайгуулын ямар материал, тайлан , мэдээлэл худалдан авсныг нягталсан нь тогтоогдохгүй байна. Үүнтэй холбоотой баримтуудыг төрийн захиргааны байгууллага шүүхэд ирүүлээгүй талаар дээр дурдсан болно.

Иймээс “Ч В М” ХХК нь өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шилжүүлэн авсан хайгуулын ажлын төлөвлөгөө , тайлангүй учраас Эрдэнэ Элбэг нэртэй хайгуулын талбайд 2018 онд гүйцэтгэх хээрийн ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинээр боловсруулан Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад батлуулахаар ажилтандаа өгч явуулсан гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж гэснийг тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасны дагуу өмнө нь сумын Засаг даргаар батлуулсан төлөвлөгөөгөө дахин өөрчлөн шинэчлэн боловсруулж гэж ойлгохоор байна.

Иймээс “Ч В М” ХХК нь хуулийн шаардлага хангасан, шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлээгүй байх тул Засаг даргыг уг төлөвлөгөөг батлаагүй гэж буруутгах үндэслэл байхгүй байна гэж үзлээ.

 

Хариуцагчийн “Ц” ХХК анх хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн удирдлага, өөрөө удирдах ёсны байгууллагаас зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан, уг тусгай зөвшөөрөл олгосон талбай нь малчдын өвөлжөөний газартай давхацсан, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэх тайлбар, уг тайлбартай холбоотой нотлох баримтууд нь маргааны үйл баримттай холбогдолгүй, анх тусгай зөвшөөрөл авсан захиргааны акттай холбоотой байх тул шүүх энэ асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

“Ч В М” ХХК-ийн Эрдэнэ, Элбэг нэртэй газарт олгогдсон хайгуулын XV-018613, XV-018617 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 503 шийдвэрээр сунгахаас татгалзсанаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон байна.

Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгч “Ч В М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн гаргасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч В М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн “Ч В М” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ОЮУНГЭРЭЛ