| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2023 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Насанжаргал /цахимаар/,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 2324000000063 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * улсын иргэн, *төрсөн, халх, * настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт * хаягаар оршин суудаг, урьд эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* овогт *******ын ******* /РД:*******/.
Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, * настай, эрэгтэй, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт * хаягаар оршин суудаг, урьд эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ы ******* /РД:/.
Шүүгдэгч ******* ******* нар нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Булнайн тоот хашаан дотор байсан УБН улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээс эд анги болох радиатор, баа турбо 2 ширхэг, радиаторын жалюз, хөргөлтийн радиатор зэргийг комоор нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч т 463,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
-Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: "...Тосонцэнгэл сумын төв буюу Хайрхан багийн Булнай хэсэг тоот хашаанд манай төвийн гэр байдаг... Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед хөдөөгөөс орж ирээд гэр болон хашаанд байсан УБН улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ 469 маркийн машинаа шалгаж үзэхэд эд анги бүрэн бүтэн байсан. Би гадуур ажил хөөцөлдөж яваад өдөр 14 цагийн үед ирэхэд манай хажуу хашааны өдөр танай хашааны үүдэнд улаан өнгийн мотоциклтой үл таних 2 залуу ирээд хашаа руу орчхоод гараад явсан. Гэрийнхээ эд зүйлүүдийг шалгаж үзээрэй хулгай хийсэн байж магадгүй шүү гэхээр нь гэр болон байшингийн хаалга, үүд, цонх бүтэн байхаар нь машиныхаа жолооч талын хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь үзэхэд машины бүхээг дотор байсан аржатор, баа турбо, зайлуулагч, хөргөлтийн аржатор зэрэг эд зүйлүүд комоороо алга болсон байсан. Тэгэхээр нь улаан мотоциклтой үл таних 2 залууг хайж үзэхээр явж байхад Энхбат гэх цагдаатай тааралдаад нийлээд хайсан боловч олоогүй. Буцаад гэртээ ирэхэд манай хашааны үүдэнд улаан өнгийн мотоцикл байсан бөгөөд мотоцикл дээр хүрэн өнгийн дээлтэй, цэргийн цоохор малгай өмссөн залуу сууж байсан тэгтэл манай хашаан дотроос хар цоохор дээлтэй залуу гарч ирсэн. Тэгэхээр нь юу хийж яваа юм бэ? гэхэд тантай уулзах гэж ирлээ гэсэн зүйл ярьж байсан. Би уг залуучуудыг өмнө нь харж байгаагүй танихгүй залуучууд байсан. Өвөл нэг хүүхэд аавтайгаа Хөвсгөл аймгаас миний машиныг үзэхээр ирж байсан би тэр залууг чи мөн үү гэхэд би бишээ манай ах ирж байсан гэсэн зүйл ярьж байсан. Манай хашаан дотроос өөр алдагдсан эд зүйл байхгүй гэр, байшин руу нэвтэрсэн зүйл байхгүй. Цоожтой машин дотор байсан аржатор эд ангитайгаа алдагдсан байсан. Тэгтэл үл таних 2 залуу миний машины аржаторыг хулгайлж аваад засмал замын хажууханд харган дотор нууж тавьсан байсан. Уг залуучууд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ирсэн гэсэн... Би хулгайд алдагдсан машины аржатороо буцааж бүрэн бүтэн хүлээн авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 17-18, 20 дугаар хуудас/ гэжээ.
-Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлийг буцаан өгсөн. Хохиролд манай аав мөнгө өгсөн. Хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. Гэмшиж байна....” гэв.
-Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлийг буцаан өгсөн. Хохиролд манай аав мөнгө өгсөн. Хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй..” гэв.
-Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2324000000063 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Булнайн тоот хашаан дотор байсан УБН улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээс эд анги болох радиатор, баа турбо 2 ширхэг, радиаторын жалюз, хөргөлтийн радиатор зэргийг комоор нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч т 463,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч нар нь хохирогчид 463,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч нар хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа учраас бусдад төлөх хохирол төлбөргүй байна. Тухайн хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр төгсдөг бөгөөд шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан дүгнэлттэй байна. Тухайн гэмт хэрэг шунахайн сэдэлтэйгээр үйлдэгдсэн байгаа. Тийм учраас шүүгдэгч нарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. ...Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлүүлэх саналтай. Тухайн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. Хохирогчид одоогоор төлөх төлбөргүй дурдаж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Насанжаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд 21 настай, ял шийтгэгдэж байгаагүй. Шүүгдэгч нар нь гэнэн, цайлган байдлаасаа болж энэ гэмт хэргийг үйлдсэн байгаа. Цаашид энэ хэрэгт маш их гэмшиж байгаа. Улсын яллагчийн санал болгож буй 1 жилийн хорих ялыг шүүгдэгч нарт оногдуулаад, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирлоо төлснийг баримтлан тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нарын хувийн байдлын тухайд ажил хийж байгаа. Ажил хийж байгаа учраас ял оногдуулах боломжгүй байна. Шүүгдэгч нар гэмшиж байгаа, амьдралын гараагаа дөнгөж эхэлж байгаа зэрэг бүх хувийн байдлыг харгалзан тэнсэж шийдвэрлэж өгнө үү. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй хүмүүс байгаа...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Гэрч С.*******ын “...Хүү ******* маань Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Могойн голын нүүрсний уурхайд 2023 оны 08 дугаар сарын сүүлээр өрмийн туслахаар ажилд орсон. Түүний найз ******* нь мөн хамт ажилладаг хамт цэргийн алба хаагаад халагдаж ирсэн. Манай хүү 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ орой 20 цагийн үед ирэхэд манай хүү найз *******гийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу явж УАЗ 469 маркийн машин үзээд ирье гээд миний өмчлөлийн Мустанг 5 маркийн мотоциклоор хоёулаа явсан байсан. Орой 21 цагийн үед хүү ******* руу залгахад би Тосонцэнгэл сум руу орох гээд явж байна гэж ярьсан. ...12 цагийн үед залгахад машинаа одоо очиж үзэх гэж байна гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж залгаагүй тэгтэл оройхон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагаас залгаж байна. Танай хүүхэд найзтайгаа нийлээд хүний машины эд зүйл хулгайлсан байна, та хүрээд ир гэхээр нь би Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/
-Гэрч ын “...Хоёр залуу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр намайг гэртээ байхад гаднаас орж ирээд та хашаандаа байгаа УАЗ 469 маркийн машинаа зарах уу? гэхээр нь зарна 1,000,000 төгрөгөөр өгнө гэхэд үзэж үзэж байгаад явсан. Тэгээд гэртээ очсон хойноо та машинаа мотоциклоор солих уу? гэхээр нь би сольсон ч яахав гэж хэлсэн. Тэгтэл өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 12:00-13:00 цагийн үед манайд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклтой нэг нь хүрэн өнгийн дээлтэй, нөгөөх нь хар цоохор өнгийн дээл өмссөн манайд ирээд миний машиныг асааж үзээд авахаар болоод гэр рүүгээ шууд унаад явна гээд байхаар нь миний дүү наад машин чинь засвар их хийнэ, танай гэр рүү бараг явахгүй, сайн машин мэддэг хүнээр юмнуудыг нь үзүүлж харуулаад янзлуулаад зарим нэг эд ангиудыг нь солиод явахгүй бол эвдэрнэ шүү гэхэд хүн дагуулж ирж үзүүлнэ гээд явсан. Дахиж манайд ирээгүй. Миний машин хааз авахгүй болохоор явах бараг боломжгүй...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
-Гэрч Ш.гийн “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед намайг охиныхоо дэлгүүрт худалдагч хийгээд сууж байхад засмал зам өгсөөд улаан өнгийн хуучивтар гэмээр Мустанг-5 маркийн мотоциклтой үл таних 2 залуу ирээд манай дэлгүүрийн хажуу талд зогссон. Би үл таних 2 залууг манай дэлгүүрт орж ирэх байх гэж бодоод байж байтал орж ирээгүй. Манай дэлгүүр кассаас ийн хашааны үүд харагддаг тэгтэл үл таних 2 залуу тэдний хашаан дээгүүр сэжиг бүхий өнгийж хараад байхаар нь эзэнгүй айлаас хулгай хийж магадгүй гэж дотроо бодсон. Тухайн үед манай дэлгүүрт хүмүүс үйлчилж байсан болохоор цааш нь сайн хараагүй. Хэсэг хугацааны дараа хар цоохор дээлтэй үл таних залуу ийн хашааны үүдэнд байсан мотоциклоо хойшоо ганцаараа түрээд явж байсан хамт байсан хүрэн дээлтэй залуу нь харагдахгүй байсан. Удалгүй хашааныхаа үүдэнд ирж зогсохоор нь саяхан танай хашаа руу үл таних 2 залуу орсон байж магадгүй шүү гэж хэлтэл хашаа гэрээ шалгаад хашаан дотор байсан бор ногоон УАЗ 469 маркийн машин дотор тайлж тавьсан аржатор алга болсон байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх- ийн 30 дүгээр хуудас/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-9-р хуудас/,
-"Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Завхан салбарын хөрөнгийн үнэлгээчин Н.Эрдэнэцэцэгийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаартай “...2002 онд үйлдвэрлэгдсэн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн радиатор, баа турбо 2 ширхэг, радиаторын жалюз, хөргөлтийн радиаторын үнэлгээг 463,000 төгрөг гэж тогтоолоо...” үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* ******* нар нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Булнайн тоот хашаан дотор байсан УБН улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээс эд анги болох радиатор, баа турбо 2 ширхэг, радиаторын жалюз, хөргөлтийн радиатор зэргийг комоор нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч т 463,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Мөн шүүгдэгч ******* ******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогч Н.Түмэнжаргалд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх ба холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд ******* ******* нарын дээрх үйлдлийг Завхан аймгийн
Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ахуй амьдралын нөхцөл зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Тодруулбал, улсын яллагч нь шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг санал болгосон хэдий ч:
-Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон,
-Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан,
-Мөн шүүгдэгч нар нь Хөвсгөл аймгийн “Могойн гол” ХХК-д ажил эрхэлдэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгч нарт хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт үйлдэлдээ гэмших, ухамсарлах хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид тэднээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд тэдэнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дардан овогт *******ын *******, ******* овогт *******ы ******* нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.
3. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******, ******* нарт анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН