Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

  2024        01          15                                   2024/ШЦТ/74

 

 

                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

          Улсын яллагч Ц.Сайнхүү

          Шүүгдэгч Ө.Н****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** овогт ******-ын ******-д холбогдох эрүүгийн 2306 01931 3745 дугаартай 1 хавтас хэргийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ****** хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ****** тогооч ажил эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүрэг ** дугаар хороо ** дүгээр хэсэг ****** гудамж *** тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ****** тоотод оршин суудаг,

****** овогт ******-ын ****** /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

           Шүүгдэгч ****** нь цахим орчинд байр түрээслэх зарыг байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч ******-т Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а байрны 1 тоот байрыг өөрийн байр мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хажуу өрөөг нэг сарын 400.000 төгрөгөөр, 3 сарын хугацаагаар түрээслэхээр тохиролцож, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг өөрийн ээж болох ******-ийн хаан банкны ****** тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр тал/, хохирогч ******-ийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, гэрч******-ийн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, Хаан банкны 5039**** дугаар тоот дансны хуулга /хх-ийн 32-33 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч ****** нь цахим орчинд байр түрээслэх зарыг байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч ******-т Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а байрны 1 тоот байрыг өөрийн байр мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хажуу өрөөг нэг сарын 400.000 төгрөгөөр, 3 сарын хугацаагаар түрээслэхээр тохиролцож, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг өөрийн ээж болох ******-ийн хаан банкны 503915**** тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “... Би 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр фейсбүүк “G******” гэх хаягтай хүн хажуу өрөө түрээслүүлнэ гэхээр нь очиж үзсэн. Тэгсэн тэр хүн “хажуу өрөөгөө 3 сараар 400.000 төгрөгөөр түрээсэлнэ, одоо шууд мөнгөө өгөх юм бол манай том өрөөг түрээслээд байж болно. Би хажуу өрөөндөө байя” гэж хэлээд бид хоёр тохиролцсон. Маргаан нь би тэр эгчийн ээжийнх нь данс гэх 503915**** дугаарын Хаан банкны ****** овогтой ******  гэх хүний данс руу 400.000 төгрөг хийгээд эд зүйлээ аваад байрандаа нүүж орсон. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр уг  данс руу дахиад 800.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түрээсэлж байсан байрандаа байж байтал хүн хаалга цохихоор нь онгойлгосон чинь “би энэ байрны эзэн байна. Манай байрыг түрээсэлж байсан эмэгтэй мөнгөө өгөхгүй алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Уг хүнийг ******-ын ****** гэдэг, регистрийн дугаар нь ******, гар утас нь ******

Би тухайн байрыг түрээслэх үед ****** гэх хүн нь “манай нөхрийн нэр дээр байдаг байр байгаа юм. Байрны бичиг баримт нь манай ээжийн гэрт байгаа. Та хоёр яаралтай байр хайгаад байгаа бол манай байранд шууд нүүгээд орчих, хажуу өрөөнд байгаа хүмүүс хэд хоногоос гарчихна. Та хоёр том өрөөндөө хэд хоночих. Тэгээд энэ хүмүүс гараад явахаар нь би байрныхаа бичиг баримтыг авч ирээд та хоёртой гэрээ хийе” гэж хэлсэн. Тухайн байранд анх ороход том өрөөнийх нь хананд ******-ийн нөхөртэйгөө авхуулсан хуримын зураг байсан. Мөн өөрийнх нь эд зүйлс, хувцас зэрэг зүйлс нь байсан ба тухайн эд зүйлсээ тус байрандаа үлдээгээд явсан. Би тэр байранд яг хэд хоносноо бол сайн санахгүй байна. Ямар ч байсан 10 гаран орчим хоног болсон байх. Тэр байранд хажуу өрөө нь байсан хүмүүс 3 хоноод гарсан байх. Тэгээд тэр байранд 10 орчим хоног болсны дараагаар тухайн байрны эзэн гэх хүн байрныхаа бичиг баримтыг аваад ирсэн юм. Би тухайн үед 1.200.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Энэ байрнаас гарсны дараагаар ****** гэх хүний нөхөртэй холбоо барьж болсон зүйлийн талаар хэлж 450.000 төгрөг буцааж авсан. Нөхөр нь үлдсэн мөнгийг өгнө гэсэн боловч утсаа салгаж алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 70-71 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******-ийн өгсөн: “... Тийм ээ би танина. Миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а байрны 1 тоотыг 2021 оны 7 дугаар сараас эхлэн 1 жилийн хугацаатай түрээсэлж эхэлсэн, тэгээд байрны мөнгө хааяа хоцроод цагтаа хийгээд явж байсан. Тэгээд гэрээний хугацаа дууссан ч бид хоёр огт гэрээ хийлгүйгээр түрээслээд яваад байсан. Тэгсэн сүүлийн 2022 оны 3 дугаар сараас эхлээд түрээсийн төлбөрөө хийхгүй байгаад байхаар нь гэртээ яваад очихоор байхгүй, гэр утас руу нь залгахаар “өгнө” гэж хэлж байгаад сүүлдээ холбогдохгүй болчихсон. Тэгээд 2022 оны 10 дугаар сард дахиад яваад очтол давхар хүмүүст өрөө өрөөгөөр нь түрээслээд хүмүүсийг хохироогоод алга болчихсон байсан. Одоо ч ямар ч холбоогүй байгаа.

            Би байрыг давхар түрээслэх талаар зөвшөөрөл өгөөгүй, мөн анх хийсэн гэрээнд тийм заалт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 27-28 дугаар тал/,

            503915****  тоот: “... 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 800.000 төгрөг 50398***** тоот данснаас шилжиж орж ирсэн...” гэх дансны хуулга /хх-ийн 32 дугаар тал/,

шүүгдэгч ******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/ бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

        Улсын яллагч “Шүүгдэгч ****** нь цахим орчинд байр түрээслэх зарыг байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч ******-т Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а байрны 1 тоот байрыг өөрийн байр мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хажуу өрөөг нэг сарын 400.000 төгрөгөөр, 3 сарын хугацаагаар түрээслэхээр тохиролцож, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 800.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг өөрийн ээж болох ******-ийн хаан банкны 503915**** тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ****** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 1.200.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ****** мөрдөн шалгах ажиллагааны шатанд 450.000 төгрөг /хх-ийн 70-71 дүгээр тал/ төлсөн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эрдэнэбилэгт олгохоор шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч ******-ийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчийн зүгээс: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг

Шүүгдэгч ******-ийн зүгээс: “... Торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч ******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан*****-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/ авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа /хх-ийн 51-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч ******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн /450.000 төгрөг, ... нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Улсын яллагчийн зүгээс “нийтэд тустай ажил хийлгэх ял”, шүүгдэгчийн зүгээс “торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

Учир нь эмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлж болох хэдий ч шүүгдэгч ******  нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд ял шийтгэл тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Алтансүх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч ****** нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ****** овогт ******-ын ******-ийг “хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******-д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******-ээс 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эрдэнэбилэгт олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч ******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

                              

                                     ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС