| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2023/0070/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/02 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн 2324000440054 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, * настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт * оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* /РД:*******/.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох.", 11.3 дугаар зүйлд заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөний улмаас Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэр Толгойн шил гэх газрын асфальтан зам дээр зам тээврийн осол гаргаж хохирогч *******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний дүүг аваарт орсон гэж над руу утсаар залгаж хэлсэн. Би өөрөө цагдаа дуудсан. Дүүгээ Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү аваачсан. Яаралтай хот руу явах хэрэгтэй гэхээр нь Тосонцэнгэл сумын түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэнд очоод гарыг нь эмчлээд хадаас хадуулж 7 хоног эмнэлэгт хэвтээд ирсэн. Ирсний дараа эмчилгээ хийлгэнэ гээд Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү 2 удаа явсан. 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэгдээд 5-6 цагийн үед нас барсан. Дүү манайд 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл амьдарсан. Өвчин намдаах эм уугаад байсан. Гайгүй байна гэж хэлээд байсан. Аваарт орсноос хойш шүүгдэгч нэг ч уулзаагүй. Хохирлыг яаж гаргуулах талаар мэдэхгүй байна. Яаж нэхэмжлэх талаар мэдэхгүй байсан. Баримт байхгүй. 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь хот руу эмчилгээнд явсан зардал...” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлөөгүй. Хохирогчийн нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Баримтгүй байсан ч төлнө. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Үүнийгээ бичгээр гарган өгч, баталгаа гаргахад татгалзах зүйлгүй. ...Хохиролд 2,500,000 төгрөг төлсөн...” гэв.
Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2324000440054 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэр Толгойн шил гэх газрын асфальтан зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох, 11.3 дугаар зүйлд заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөний улмаас хохирогч *******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж шийдүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Хохирлын тухайд хэрэгт авагдсан баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд 2,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн байгаа учраас уг мөнгийг гаргуулах нь зүйтэй байна. ...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Тийм учраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих саналыг гаргаж байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч түүнд төлөх хохирол төлбөргүй байна. Тухайн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч *******ы “...2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 10 цагийн орчим Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хороолол 12-01 тоотод байрлах ******* гэх хүний дэлгүүрээс манай 10 жилийн нөгөө ангийн хүүхэд болох ******* гарч ирсэн тэгээд мэнд ус мэдэлцээд хамт гол орж жаахан сууя гээд би найзынхаа жолоодож явсан хөх өнгийн портер маркийн машинд суугаад сумын төвөөс баруун зүгт байрлах Толгойн шилийн урагшаа Идэр голын эрэг дээр очиж машинд нь пиво ууж байгаад ******* хөдөө явах ёстой гээд намайг хүргэж өгөхөөр сумын төв рүү орж ирэх замдаа Толгойн шилийн замд буюу Од нэртэй буудлын урд замын хажуу тал руу машинтайгаа орсон. Тухайн үед би урд шилээ мөргөсөн, мөн миний баруун гар эвгүй болсон байсан. Тэгээд тухайн газар ******* хүн рүү яриад түргэн дуудаад өгөөч гээд байсан тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байгаа нэг мэдэхэд *******ийн ах, эгч хоёр нь манай Зарт багийн эмчийн хамт ирээд намайг сумын эмнэлэгт хүргэсэн. Сумын эмнэлгээс Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэгдсэн. Өөр зүйл болоогүй. Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Бид хоёр голын зах дээр тус бүр нь 0.5 литрийн 4-5 лааз пиво уусан. *******ээс чи гайгүй юу гээд асуухад би гайгүй согтоогүй байна гээд байсан. Миний тухайд бол согтсон зүйл байгаагүй. Сумын төвийн Толгойн шилийн урд талын Идэр голын захаас буцаж ирээд тухайн осол болсон зам хүртэл ойролцоогоор 3 километр орчим машинаа жолоодсон. Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг ороод үзүүлэх үед баруун гар хугаралтай, толгой доргилттой бас духны яс бага зэрэг цууралттай байна Улаанбаатар хот явах шаардлагатай гээд одоо Улаанбаатар хот руу хүргүүлж байна. Жолоогоо ******* бариад би баруун талд нь суусан явсан өөр хүн байгаагүй. Жолооч хамгаалах бүсээ зүүсэн, би зүүгээгүй байсан. Би тухайн үед чи зөөлөн яваарай арай их хурдлаад байна хурдаа хас гээд хэлж байсан гэнэт л замын хажуу руу давхиад орсон. Жолооч явж байсан замынхаа баруун гар талд буюу замын хөдөлгөөний дүрмийн дагуу явж байсан тэгээд гэнэт замын эсрэг талын далан руу очиж мөргөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
-Хохирогч *******ы 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дахин өгсөн "...Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Гар сарвууны тасагт хэвтэн 7 хоног эмчлүүлээд улмаар тухайн эмнэлгээсээ гараад гадуур эмчилгээ хийлгэж байгаа бусад эмчилгээгээ сумынхаа эрүүл мэндийн төвд үргэлжлүүлсэн хийлгэхээр өнөөдөр сумынхаа төвд гэртээ ирж байна... Би гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд миний баруун гар бяцралттай, толгой доргилттой, духны арьс хууларсан шархтай байна гээд миний гарыг тохойны үенээс дээшээгээ бяцарсан гээд хагалгаа хийж 9 ширхэг хадаас хадсан, толгой духны хэсэгт 10 гаруй оёдол тавиулсан. Өөрөөр гэмтэл бэртэл байхгүй. Миний зүгээс гаргаж өгөх ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Надад өөр ярих зүйл алга байна. Миний эмчилгээ дуусаагүй байгаа цаашид ч гэсэн эмчилгээ үргэлжилнэ хэдэн төгрөгийн зардал гарахыг хэлж мэдэхгүй байна. Энэ хүнээс миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй.
Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...Миний дүү 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зам тээврийн осолд орсон юм. Дүү маань тухайн осолтой холбоотойгоор эмчилгээ үйлчилгээ хийлгээд биеийн байдал нь сайжраад сумандаа ирсэн байсан. Гэтэл дүүгийн маань бие гэнэт муудаж Их-Уул сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очоод нас барсан. Миний зүгээс дүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон хохирогчоор мэдүүлэг өгч байна. Миний дүү албан ёсны гэр бүлтэй, нөхөр нь гэж хүн байдаг боловч тухайн зам тээврийн ослоос өмнө болон хойно тусдаа амьдарч гэр бүлээ цуцлуулах гэж байсан бөгөөд тухайн тусдаа амьдрах хугацаандаа миний дүү манай гэрт амьдарч байсан. Миний зүгээс зам тээврийн ослын улмаас болж миний дүү үхэлд хүрсэн эсэхийг мэдэхгүй байна, юунаас болж нас барсан талаар нь шүүхийн шинжилгээний дүгнэлт гарахаар бүх юм тодорхой болох байх, миний зүгээс өөр ямар нэгэн ярьж хэлэх зүйл алга байна. Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө бусад асуудлын талаар ярьсан байгаа. ...Би хүний муу муухай үзнэ гээд байхгүй бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх байх. Миний зүгээс гомдол санал байхгүй байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
-Гэрч ийн “...2023 оны 06 дугаар сарын 10-ны орой манай эхнэр гэрээсээ гараад явсан юм тэгээд гэртээ ирж хоноогүй, би эхнэрийгээ ирэхгүй болохоор нь ах, эгч рүү нь залгаад эхнэр өчигдрөөс хойш ирэхгүй байна бүгдээрээ хайх уу гэж ярьсан юм. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим манай хадам эгч болох над руу залгаад эхнэр чинь аваарт орсон байна, сая эмнэлгээс ярилаа гээд би эмнэлэг дээр очсон. Намайг эмнэлэг дээр очих үед өмсөж явсан хувцас нь цус болсон толгой нь хагарсан байдалтай байсан. Тэгээд би сумынхаа эмнэлгээс эхнэрийг эмнэлгийн машинтай аваад Тосонцэнгэл сум орж сахиж хоночхоод маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс эхнэрийг Улаанбаатар хот руу зөөвөрлөх үед нь сумдаа бууж үлдсэн. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн портерыг унаж явсан гэх ******* болон манай эхнэр хоёр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж архидаж яваад тухайн зам тээврийн осол болсон гэж бодож байна. Би яг очиж хараагүй Тосонцэнгэл явахдаа хажуугаар нь хараад гарахад машин нь замын зүүн тал руу орсон, далан мөргөсөн байсан. Би яг очиж хараагүй Тосонцэнгэл явахдаа хажуугаар нь хараад гарахад машин нь замын зүүн тал руу орсон далан мөргөсөн байсан. ******* бол эмнэлгийн үүдэн дээр тасраад унасан юм уу эсвэл унтсан байсан юм уу сайн мэдэхгүй ямар ч байсан хэвтсэн байдалтай байсан. согтолттой байсан. Манай эхнэрийн духны арьс зүсэгдээд цус гоожсон байсан мөн баруун гар нь хөдөлгөхөөр шажигнаж дугараад хугарсан нь мэдэгдээд байсан. *******ийг бол анзаараагүй. Тосонцэнгэл сум орж зураг авхуулахад манай эхнэрийн баруун гар тохойноос дээшээ хугарсан бяцарсан байна, нуруу нугас, толгойдоо цус хуралт үүссэн байх магадлалтай яаралтай хот явах шаардлагатай гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. ******* бол эмнэлэгт үзүүлээгүй байх би сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
-Гэрч ийн "...2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед манай төрөл садны хүн буюу *******ийн ах гэгч над руу залгаад ахаа машинаа замын хажуу тал руу оруулчихсан байна та хүрээд ирээч гээд залгасан. Тэгээд би очих үед сумын төвийн баруун тал буюу Толгойн шилийн наана Од нэртэй буудлын урд замд замынхаа зүүн тал руу далан руу *******ийн машин орсон байсан. Тэгээд би тухайн үед юу болов яав ийв хүний бие гайгүй юу гээд сумынхаа эрүүл мэндийн төв орсон тэр үед *******тэй явсан гэх хүн эмнэлэгт байсан. Удалгүй манай хэсгийн төлөөлөгч ирж мөн Тосонцэнгэл сумаас бүрэлдэхүүн ирж үзлэг хийгээд машиныг нь саатуулсан. Тухайн гэмтсэн гэх хүнийг нь Тосонцэнгэл сум руу эмнэлгийн машин хүргэсэн гэсэн би өөр зүйл мэдэхгүй. Намайг машин дээр очих үед жолооч болон зорчигч нь эмнэлэг явсан байсан. Машин нь замын зүүн тал руу орсон, жолооч талын урд хэсгээрээ замын далан мөргөсөн урд салхины шил болон цонх нь хагарсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
-Гэрч ын “...: 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед хөдөөгөөс орж иртэл манай дүүгийн найз гэгч над руу утсаар яриад ******* сумын төвийн дээд талд машинаа замын хажуу тал руу оруулчихсан байна гэнэ, та очооч гээд би хаана байгаа газрыг нь асуучхаад яваад очих үед бараг сумын төв дотор шахуу Тосонцэнгэл сумаас орж ирдэг толгойн шилийн наана Од буудлын урд замд *******ийн машин Толгойн шил талаасаа ирсэн бололтой зүүн талаараа замын хажуу тал руу ороод далан мөргөөд зогссон байсан. Намайг очих үед машин дээр нь хэн нэгэн хүн байгаагүй. Би тухайн газраас шууд эмнэлэг дээр иртэл хамт явсан хүнийг нь дотогшоо оруулчихсан шарх, цусыг нь цэвэрлэж байгаа гээд манай дүү ******* эмнэлгийн үүдэнд дээр сууж байсан. Тэгээд тухайн хамт явсан гэх хүнийх нь ах цагдаа дуудсан гээд байсан манай сумын Хонгор овооны баяр болж байсан тул сумын төвд цагдаа байгаагүй. Тэгээд удаагүй байтал хэсгийн төлөөлөгч ирээд, Тосонгоос цагдаа нар ирээд үзлэг хийгээд машиныг постны журмын хашаа руу оруулсан өөр зүйл болоогүй. Намайг машин дээр очих үед жолооч болон зорчигч нь эмнэлэг явсан байсан. Машин нь замын зүүн тал руу орсон байсан. *******, нар архи уусан байна гэж манай багийн эмч Пүүжээ хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
-Гэрч *******ын “...2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай сумын эрүүл мэндийн төвөөс танай дүү осолд орсон байна гэж дуудаад би эмнэлэг дээр очиход миний дүү ухаан нь орон гаран байдалтай эм тариа залгасан цусыг нь цэвэрлээд байж байсан. Тэгээд цусыг нь цэвэрлэж дуусаад яаралтай Тосонцэнгэлийн нэгдсэн эмнэлэгт хүргэнэ гээд авч явсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тэр өдөр Их-Уул сумын Хонгор багт овооны тахилга наадам болоод цагдаа нар хамгаалалт хийхээр ажлаар явсан байсан. Намайг дүүгээ аваад Тосонцэнгэл сум явах гэж байхад манай сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Тэгээд Тосонцэнгэлээс бүрэлдэхүүн дуудсан гэж байсан. Би өөрийн дүү ыг Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт хүргээд тэнд очиж зураг авхуулаад маргааш нь Улаанбаатар хот руу хамт авч явсан. Тосонцэнгэлийн нэгдсэн эмнэлэг дээр гарын зураг авхуулах үед ы баруун гарын тохойноосоо хойш бяцралттай байна. тархи нь цус хуралттай байж магадгүй яаралтай Улаанбаатар яв гэсэн. Манай дүү Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гараа хадуулсан, духны арьсандаа маш олон оёдол тавиулан эмчилгээ хийлгэж байгаад ирсэн одоо бас сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би тухайн газарт очсон. Тус газар нь Их-Уул сумын төв Баян-Ухаа багийн нутагт байрлах Дээд Толгойн шил газрын асфальтан зам байсан бөгөөд Тосонцэнгэл талаасаа буюу баруунаас зүүн чиглэлд явж байсан бололтой явж байсан чиглэлийнхээ замын ард талын далан руу орсон машины урд шил цацарч хагарсан, шил нь цус болсон байдалтай байсан. Миний дүү ы духны арьс хуулраад цус гоожсон байсан мөн баруун гарыг нь хөдөлгөхөөр шажигнаж дугараад хугарсан нь мэдэгдээд байсан. *******ийг бол анзаараагүй. ******* бол эмнэлэгт үзүүлээгүй байх би сайн мэдэхгүй байна. Ямар нэгэн зогсоох оролдлого хийсэн тормозны мөр огт байгаагүй. Миний харснаар бол шууд дараад л тухайн далан руу орсон бололтой харагдсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06
дугаар сарын 30-ны өдрийн 000000237 дугаартай: “*******ы биед гэмтэл учирсан байна. ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой баруун бугалга ясны доод хэсгийн хөндлөн зөрүүтэй хугарал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. *******ы биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
-Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Тухайн портер-2 маркийн, улсын дугаартай, хөх өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх *******ийн ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан. “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох.", 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зөрчдөг замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой..." гэсэн магадалгаа /хх-ийн 29-р хуудас/,
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.43 хувийн спиртийн агууламж илэрсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-р хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-71-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох.", 11.3 дугаар зүйлд заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг зөрчсөний улмаас Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэр Толгойн шил гэх газрын асфальтан зам дээр зам тээврийн осол гаргаж хохирогч *******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаагаар, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Мөн хохирогч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зам тээврийн осолд орж биедээ хүндэвтэр гэмтэл авсан хэдий ч суурь өвчний улмаас нас барсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000000042 дугаартай “...Амь хохирогч ******* нь бөөрний цочмог дутагдлаар зүрх гэнэт зогсож нас баржээ...” гэсэн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийн хуулбараар нотлогдож байна.
Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд *******ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүх шүүгдэгч *******эд ялын төрөл, оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ахуй амьдралын нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, улсын яллагч нь шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг санал болгосон хэдий ч:
-Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон,
-Хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан,
-Мөн шүүгдэгч бэлчээрийн мал аж ахуй эрхэлж амин зуулгаа залгуулдаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах хуулийн зохицуулалттай бөгөөд ******* нь урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан дээд хэмжээгээр хасах нь үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг
хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь үндэслэлтэй гэж үзэж буй тул уг шийдвэрийг биелүүлэхийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй юм.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******эд анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН