Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 77

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч С.Баяртөгс нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхээгийн Баяртөгст холбогдох эрүүгийн 201725030137 дугаартай, 186/2017/0086/э индекстэй хэргийг 2017  оны 02 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29 дүгээр гудамж 440Б тоотод оршин суух гэх, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ял, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт Сүхээгийн Баяртөгс /РД:ЦВ80020611/, 

Холбогдсон хэргийн талаар:  / яллах дүгнэлтэд дурьдснаар/                                                                                          

С.Баяртөгс нь 2016 оны 12 дугаар сарын 25-ний өдрөөс 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 06-77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх  үедээ өөрийн найз Н.Цэндтэй маргалдаж улмаар ноцолдож байхдаа хайхрамжгүй хандсаны улмаас Н.Цэндтэй хамт газар унахдаа хутган дээр унаж түүний бие махбодид баруун өгзгөөр хатгагдаж давсагны хана гэмтээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дотор эрхтний цус алдалт  зэрэг хүнд  гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.Баяртөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2016 оны 12 дугаар сарын 25-ны орой Цэнд ирээд 0.5 л архи хувааж уусан. Тэгээд дахиад 0.75 л архи авчирч уугаад хоорондоо маргалдаж барилцаж аваад ноцолдож байгаад хамт давхралдаж унаад хутгалагдсан байсан. Тэгээд боож цусыг нь тогтоогоод түргэн дуудах уу гэхэд Цэнд хэрэггүй гэсэн. Тэгсэн маргааш өглөө нь шээс болохгүй байна гээд Цэндийн ахыг дуудаад гэмтлийн эмнэлэг явж яаралтай хагалгаанд орсон. Орой нь цагдаагаас дуудсан гэв.

      Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цэндийн:..Би Улаанбаатар хотод ирээд найз Баяртөгсийнд байсан. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр Сэрчин Баяртөгсийнд ирээд байж байгаад орой харьсан. Би Сэрчинг автобусанд суулгаж өгчихөөд замаараа дэлгүүр орж 0.5 граммын найрсаг нэртэй архи аваад орсон.  Тухайн үед Баяртөгсийн эхнэр Уранчимэг байсан, архинаас уугаагүй, бид хоёр л уусан.  Архи ууж дуусчихаад унтах гээд хэвтэж байхдаа Уранчимэгээс 10.000 төгрөг аваад 0.75 граммын  архи аваад  бид хоёр уусан. Тухайн үед гаднаас ямар нэгэн хүн орж ирээгүй, архи ууж байснаа санаад байгаа, түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Маргааш өглөө нь босоод бие засах гэсэн чинь бие засаж болохгүй байхаар нь эмнэлэг явсан.  Эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд эмнэлэгт хэвтсэн.  Баяртөгс бид хоёр хар багийн найз, нөхөд, архи ууж байхдаа бие биенийхээ үгийг даахгүй маргалдсан байж магадгүй, гэхдээ энэ талаар сайн мэдэхгүй байна. Миний найз бол намайг санаатай хутгалахаар хүн биш,  би хотод ирээд Баяртөгсийнд нилээд хэд хоносон хөдөөнөөс надад үхрийн хаа ирсэн байсан. Түүнийг нь би эвдэх гэж байгаад хөлдүү байхаар нь хутгаа орхичисон байсан.  Архи уугаад маргалдаж байгаад хутган дээр унасан гэж байсан, гай болж хутга нь махны завсар байсан тэр дээр ноцолдож байгаад унасан гэж байсан.  Надад нэхэмжлэх, зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх 15-16/,  

2.2. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч С.Баярсайханы:..Манай дүү Сүхээгийн Баяртөгс нь Улаанбаатар хотод 1980 онд төрсөн, айлын 3 дахь хүүхэд, ах, эгч доороо 1 дүүтэй, бага балчир насаа Баянзүрх дүүрэгт өнгөрөөсөн, хүүхэд байхдаа төлөв, даруухан, томоотой, их дуугүй, үг дуу цөөнтэй, 69 дүээр сургуульд суралцаад бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, цэргийн алба хааж байгаагүй, сургуулиа төгсөөд Төв аймгийн Заамар суманд гагнуурчин мэргэжил эзэмшсэн мэргэжлээрээ нилээн хэдэн жил ажилласан.  Ажиллаж байх хугацаандаа хүнтэй маргалдаж муудаад шоронд ороод гарч ирсэн.  Бид нарыг бага байхад аав маань өнгөрсөн, ээжийнхээ буянд бид нар өдий зэрэгтэй, өсч хүмүүжиж хөдөлмөрлөж яваа уг нь миний дүү их нямбай хүн, олон таван юм яриад байдаггүй гэх хүүхэд гэх мэдүүлэг. /хх-18/,    

2.3. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ц.Уранчимэгийн:..Бид нар архи ууж дуусчихаад унтах гээд хэвтэж байсан чинь Н.Цэнд босч ирээд надаас архины мөнгө нэхээд хэвтүүлэхгүй дахиад нэг шил архи ууя гээд байсан тэгэхээр нь би Цэндэд 10.000  төгрөг өгөөд явуулсан удалгүй 0.75 граммын найрсаг нэртэй архи барьчихсан орж ирээд Баяртөгстэй хувааж уусан ууж байхдаа Цэнд Баяртөгсийг банди гээд л Баяртөгс нь чи намайг банди байхыг хэзээ харсын гээд маргасан тэгсэн Цэнд нь Баяртөгсийн нүүрлүү өшиглөөд хамраас нь цус гаргасан тэгэхээр нь салгаад та хоёр битгий маргалдаж муудалцаад бай гэж хэлсэн тэгсэн тэр хоёр маргалдахаа болиод гайгүй болсон.  Би гэрт жаахан халуун давчдаад байхаар нь гарч нойл орчихоод ирсэн чинь Цэндийн бөгснөөс цус гараад байсан хөнжил гудас тэр чигээрээ цус болчихсон байхаар нь Баяртөгсөөс юу болсон талаар асуусан чинь юмаар хатгачихсан гэсэн, юу яриад байгаа юм бэ юугаар хатгачихсан юм бэ гэсэн чинь надад юу болсон талаар хэлээгүй хутгалчихлаа л гээд байсан.  Дараа нь харсан гудасны хажууд хутга цус болчихсон байсан.  Цагдаад дуудлага өгөх гэсэн чинь Цэнд өөрөө гайгүй ээ, зүгээрээ гээд дуудуулахгүй байсан.  Тэгээд цус нь тогтоод гайгүй болчихсон тэгээд унтацгаасан гэх мэдүүлэг. /хх 19-20/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Н.Сэрчингийн:.. Би 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 06-77 тоот хашаанд байх нийтийн байранд амьдардаг найз Уранчимэгийнд очсон Н.Цэнд Улаанбаатар хотод ирснээс хойш Баяртөгсийнд байгаа юм тэгээд бид нар хамт хоносон. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өглөө босоод 13 цагийн орчим Уранчимэгийнхээс гараад гадуур явж байгаад 17 цагийн орчим Уранчимэгийнд ирсэн тэгээд бид нар хоол унд хийж идчихээд хэсэг байж байгаад 21 цаг өнгөрч байхад би харихаар гарсан намайг Н.Цэнд гаргаж өгсөн намайг байх хугацаанд архи уугаагүй ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Тэгээд Н.Цэнд намайг их нялхасын автобусны буудал хүргэж өгчихөөд гэрлүүгээ буцаад явсан. Намайг гэртээ ирчихээд байж байхад 22 цагийн орчим Н.Цэнд надруу утсаар залгаад бид гурав гэртээ зурагт хараад байж байна 00:00 цагийн үед босч тариагаа хийлгэх ёстой байсан юм намайг унтаж байхад 00:00 цагийн орчим залгаад тариагаа хийлгээрэй гэж залгасан тэр үед ямар нэгэн архи уусан шинж тэмдэг илрээгүй зүгээр байсан гэхдээ тухайн үед унтаж байсан мөн утасны цаанаас болохоор архи уусан эсэхийг нь мэдээгүй. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг 30 минутын орчим Н.Цэнд рүү утсаар залгасан чинь нойрмог байгаа юм уу согтуу байгаа юм уу гэсэн чинь унтаж байна иргээд залгая гээд утсаа салгасан түүнээс хойш 10 цаг 30 минутын орчим Н.Цэндрүү залгасан чинь утсаа аваагүй 11 цагийн орчим Баяртөгс рүү залгасан чинь утсаа салгаад байхаар нь эхнэр Уранчимэг рүү залгасан чинь Уранчимэг жаахан асуудалтай байна иргээд залгая гээд утсаа салгасан дараа нь дахиад залгасан чинь Уранчимэг Н.Цэндийг их нялхасруу явж байна хүнд хутгалуулсан гэж хэлсэн тэгээд би ажлаасаа чөлөө аваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх 22-23/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ц.Жаргалын:...Миний хүү  Сүхээгийн Баяртөгс нь 1980 оны 02 дугар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын дундах, дээрээ ах, эгч нартай, доороо нэг дүүтэй, балчир насаа ээж дээрээ өнгөрөөсөн 3 настай байхад нь аав нь өнгөрчихсөн түүнээс хойш би хүүхдүүдээ өсгөсөн. Зан чанарын хувьд төлөв даруухан, хүнтэй дуугараад байдаггүй, архи тамхи хэрэглэдэггүй, гаж муу зуршил байхгүй.  Сургуульд сурч байхдаа олон нийтийн ажилд сайн оролцдог, сурлага сайтай, одоо гагнуурчин мэргэжилтэй, бүрэн бус дунд боловсролтой гэх мэдүүлэг. /хх-24/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1023 тоот актын:

1. Н.Цэндийн биед баруун өгзөгөөр хатгагдаж давсганы хана гэмтээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дотор эрхтний цус алдалт /1 литр/  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт. /хх-26/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд     3.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 5-8/, шинжээчийн мэдүүлэг / хх-27/, өвчний түүх /хх 30-39/,  С.Баяртөгсийг  сэжигтнээр тооцсон тогтоол, тэмдэглэл / хх 45-48/, С.Баяртөгсийг яллагдагчаар татсан тогтоол тэмдэглэл /хх 49-52/,  Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны  засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн  шийтгэх тогтоол, магадлалыг  хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.   

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

С.Баяртөгс нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны  өдрөөс  2016 оны 12 дугаар сарын 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 06-77 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ өөрийн найз Н.Цэндтэй маргалдаж улмаар ноцолдож байхдаа хайхрамжгүй хандсаны улмаас Н.Цэндтэй хамт газар унахдаа хутган дээр унаж түүний бие махбодид баруун өгзгөөр хатгагдаж давсагны хана гэмтээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, дотор эрхтний цус алдалт  зэрэг хүнд  гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Н.Цэнд, гэрч С.Баярсайхан, Ц.Уранчимэг, Н.Сэрчин, Ц.Жаргал нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1023 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Долгормаагийн ... хохирогчид  учирсан гэмтэл нь хутган дээр унах үед үүсэх боломжтой...гэсэн мэдүүлэг /хх-27/, шүүгдэгч С.Баяртөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч С.Баяртөгс нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Баяртөгст холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Баяртөгсийг бусдын бие махбодид  хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.      

Хохирогч Н.Цэнд нь С.Баяртөгсөд цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг  өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар   гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч С.Баяртөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхээгийн Баяртөгсийг  бусдын бие махбодид  хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч С.Баяртөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баяртөгст оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баяртөгст оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Баянзүрх дүүргийн  Цагдаагийн  1 дүгээр хэлтэст даалгасугай

            5.Шүүгдэгч С.Баяртөгс нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг   тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Баяртөгст  урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Баяртөгсийн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ