| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0990/З |
| Дугаар | 221/МА2026/0431 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0431
К.С*******ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А*******
Нэхэмжлэгч: К.С*******
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “К.С*******ыг гаалийн албанаас халах тухай” Б/320 дугаар тушаал, Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0372 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч К.С*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л***, Ө.Т***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0990/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К.С*******аас Гаалийн ерөнхий газрын дарга, тус газрын Хүний нөөцийн хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “К.С*******ыг гаалийн албанаас халах тухай” Б/320 дугаар тушаал, Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0372 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, Гаалийн тухай хуулийн 284.1, 284.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 139.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.14-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.С*******аас Гаалийн ерөнхий газрын дарга, Хүний нөөцийн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/320 К.С*******ыг гаалийн албанаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01-1.1/875 дугаар татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах байдлаар хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг мөн буруу үнэлсэн болно. Үүнд:
3.2.Хэргийн товч агуулга: Миний үйлчлүүлэгч 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн зөвшөөрлөөр нэг жилийн хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд нь хүнд өвчтэй, асаргаа шаардлагатай, гадаадад эмчлүүлж байгаа учир нэг жилийн чөлөө дуусахаас 1 сарын өмнө дахин 1 жилээр үргэлжлүүлээд чөлөө хүссэн хүсэлтээ өгсөн. Сунгагдсан гэж ойлгоод яваад байсан буюу амаар сунгагдсан тухай мэдэгдсэн. Үргэлжлүүлээд ажилд орохоор ирэхэд ажил тасалснаар ажлаас халсан байсан. Ажлаас халсан, хүүхэд асрах чөлөө олгоогүй тухай хоёр актыг хамгийн сүүлд олж мэдсэн. Сүүлд "чөлөө олгохоос татгалзсан" нь илт үндэслэлгүй учир маргаж байгаа бөгөөд уг акт хүчингүй болсноор ажил тасалсан гэх хоногуудад би чөлөөтэй байсан гэж үзэж ажлаас халсан нь мөн үндэслэлгүй болно гэж маргаж байгаа болно.
3.3.Чөлөө олгохоос татгалзсан нь үндэслэлгүй: Нэгт, уг чөлөө олгохоос татгалзсаныг надад мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх хариуцагчийн байцаагчийн тайлбарыг шүүх нотлох баримт болгон үндэслэсэн нь буруу. Хоёрт, тус татгалзсан актын үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэг нь надад хамаарал бүхий зүйл биш болно. Хуулийн тус хэсэгт "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтлөөгүй, тайланг буруу гаргасан хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн буруу хөтөлсөн нягтлан бодох бүртгэлд намайг буруутгаж надад хүүхэд асрах чөлөө олгохоос татгалзаж байгаа нь "хуульд үндэслэсэн” байх зарчмыг ноцтой зөрчиж байна.
3.4.Нотлох баримт буруу үнэлсэн тухай: Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх” хэсгийн 10 дахь талд нотлох баримтыг үнэлэхдээ “хүүхэд асрах чөлөө олгохгүй" тухай хариуг гаалийн улсын байцаагч Ө.Т***ээс 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 09 минутад 86884194 дугаартай утас руу мэдэгдсэн" гэж хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг буруу үнэлсэн байна.
Учир нь нэгт, энэ дугаарыг миний үйлчлүүлэгч, түүний гэр бүлийн хүн ч эзэмшдэггүй, ийм дугаар огт байдаггүй, дугаар эзэмшигч хэн эсэхийг тодруулахгүй түүнд хариу өгсөн мэтээр үнэлж байгаа нь буруу. Хоёрт, миний үйлчлүүлэгч надад огт чөлөө олгоогүй тухай мэдэгдээгүй, би ч хүүхдийн асуудлаас болж чөлөө олгосон эсэхийг харах сөхөө тэнхээгүй байсан тухай тайлбарладаг.
Нөгөө талаас, хүүхэд асрах чөлөө олгосныг мэдэгдсэн гэх хавтаст хэрэгт авагдсан Ө.Т*** гэх хариуцагч байгууллагад ажилладаг ажилтны ямар ч нотлох баримтгүй, зүгээр түүний бичсэн 2 өгүүлбэр тайлбарыг "мэдэгдсэн" гэж шүүх үнэлж байгаа нь буруу. Хариуцагч, өөр хэн ч хуурамчаар, эсхүл тэгж хүссэнээрээ мэдэгдсэн гэж баримт үйлдэж болно шүү дээ.
3.5.Хүүхэд асрах чөлөө авах нь иргэний үндсэн эрх. Бид Гаалийн ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 01-1.1/875 дугаар албан тоотыг сүүлд мэдээд энэхүү "хүүхэд асрах чөлөө олгохоос татгалзсан" үндэслэл нь буруу гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл, түүний эхнэр хүүхэд асрах чөлөө авсан гээд давхар авч болохгүй, эсхүл давхар нийгэм даатгал төлөлт хийсэн зэрэг асуудал бол иргэн руу чиглээгүй буюу түүнийг буруутгах үндэслэл биш.
Зүй нь хэрвээ үнэхээр эхнэр нь давхар хүүхэд асрах чөлөө авсан бол нийгмийн даатгалын шимтгэл нөхөр дээр нь төлөхгүй байх, харин чөлөө олгох байсан. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн агуулга шимтгэл давхар төлөхгүй тухай болохоос биш чөлөө олгохгүй тухай, чөлөө олгохоос татгалзах үндэслэл бол биш. Бид чөлөө хүссэн болохоос нийгмийн даатгалын төлөлт хийхийг хүсээгүй. Үүнийг шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан.
3.6.Нөгөө талаас, "хүүхэд асрах чөлөө авах" бол Үндсэн хуулиар хамгаалагдсан абсолют эрх. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: хүүхэд төрүүлэх, асрах..." гэж, мөн зүйлийн 11 дэх хэсэгт "Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан үндсэн эрх, ийм учир Хөдөлмөрийн тухай хуульд уг эрхийг тухайлан зааж өгсөн.
Ингэхдээ, Төрийн албаны тухай хуульд “хүүхэд асрах чөлөө"-ний тухай зохицуулаагүй учир Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх бөгөөд мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсэгт “Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна”, мөн зүйлийн 139.2 дахь хэсэгт "Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна" гэж тус тус зааснаас үзвэл хуулийн уг зохицуулалт нь агуулгын хувьд Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг хамгаалж буй хэлбэр мөн учир “өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох" гэж ажил олгогчид үүрэг болгож, мөн энэ хугацаа дууссан ч дахин хүсэлт гаргасан бол түүний ажлыг хадгална гэх агуулгаар тухайлан зааж өгсөн.
Нөгөө талаас, Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ".... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн" гэж заасан, энэнд "хүүхэд асрах чөлөө" салшгүй холбоотой бөгөөд хуулийг зорилгоор нь тайлбарлавал "хүүхэд асрах чөлөө" олгохоос татгалзах эрх ажил олгогчид байхгүй, эсрэгээрээ энэ эрхээр нь хангаж, иргэний хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ биелүүлэх үүргийг ногдуулж буй хэлбэр мөн.
Харин хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тэтгэмж авах эсэх, нийгэм даатгалын шимтгэл төлөгдөх эсэх бол хуулиар тусдаа зохицуулагдах асуудал бөгөөд энэ нь "хүүхэд асрах чөлөө"-тэй ямар ч холбоогүй бөгөөд агуулга, харилцааны хувьд ялгаатай, ийм ч байдлаар хуульчилсаныг шүүх анхаарч үзсэнгүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар нэхэмжлэгч К.С*******д мөн оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс нэг жилийн хугацаатай олгосон хүүхэд асрах чөлөөний хугацаа 2025 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон, тэрбээр чөлөөний хугацааг дахин сунгуулах хүсэлт гаргасан боловч тус газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01-1/875 дугаар албан бичгээр “…эхнэр Б.А*** нь 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул дахин чөлөө олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн, гэвч давж заалдах гомдолд “…амаар сунгагдсан гэж ойлгоод яваад байсан, …ажлаас халсан, чөлөө олгохгүй гэсэн 2 актыг сүүлд мэдсэн…” гэдэг ч урт хугацааны чөлөөг бичгэн бус “аман” хэлбэрээр олгох хууль зүйн зохицуулалт байхгүй болно.
Мөн гаалийн улсын байцаагч Ө.Т***ийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчтэй холбогдож “…өргөдлийн хариуг дээрх албан бичгээр хүргүүлсэн тул ажилдаа орох, эсхүл ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг мэдэгдэхэд тэрбээр ажилдаа эргэж орохгүй, эхнэр маань хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа орохоор өргөдлөө өгсөн, тиймээс би үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авах өргөдөл өгнө…” гэж хэлсэн тухай бичгийн тайлбарыг шүүх шийдвэр гаргахдаа үнэлснийг буруутгах үндэслэлгүй.
Учир нь Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн танилцуулга 1-д нэхэмжлэгчийг мөн оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажилдаа орох байсан боловч одоог хүртэл ажилдаа ирээгүй байна…” гэснээс,
3 дугаар сарын ажилласан цагийн тодорхойлолтод “ажилд ороогүй” гэж тэмдэглэснээс,
4 дүгээр сарын 9-ний өдрийн танилцуулга 2-д нэхэмжлэгчийн тухайн үед мэдээгүй гэх “…Гаалийн ерөнхий газрын чөлөө олгох боломжгүй гэсэн дээрх хариу албан бичгийг Хүний нөөцийн гаалийн улсын байцаагч Д.М*** танилцуулах гэсэн боловч К.С*******д хилийн чанадад байсан тул түүний facebook чатаар 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн…” гэснээс,
К.С*******ы S**** хаягт 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 22 цаг 53 минутад 249 КВ цахим мэдээлэл илгээсэн, К.С*******аас уг мэдээллийн дагуу 2 удаа дуут мессэж явуулсан байгаагаас,
2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн танилцуулгад “…өөрөө одоогоор Казакстан Улсад байгаа юм байна. Хүүхэд асрах чөлөөг сунгах боломжгүй гэсэн хариуг өгснөөс хойш 25 хоног ажил тасалсан…” гэснээс,
Баян-Өлгий амаг дахь Гаалийн газраас Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн даргад гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/ 171 дүгээр албан бичигт “…чөлөөний хугацаа дууссаны дараа ажилдаа эргэж ороогүй, ажилдаа хэзээ орох тухайгаа тодорхой мэдэгдээгүй, 38 хоногийн дараа хүүхэд асрах чөлөө дахин хүссэн,… бусад албан хаагчид түүний үүргийг гүйцэтгэх шаардлагатай болж, ажлын ачаалал хэтэрсэн… тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан Ёс зүйн дэд хороо, сахилгын хороогоор хэлэлцүүлж шийдвэрлэж өгөх”-ийг хүссэнээс,
Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “…түүний асуудлыг 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагт хэлэлцүүлэх талаар 99***viber дугаараар залгаж мэдэгдэхэд К.С******* “…би Казакстан Улсад хүүхдээ эмчлүүлж байгаа, очих боломжгүй, бас сахилгын хороонд орохгүй, өөрөө халагдах өргөдлөө өгчинө…” гэснээс,
Мөн Сахилгын хорооны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлд “…намайг байлцуулахгүйгээр тэр асуудлаа шийдвэрлэчих, би оролцох шаардлагагүй…” гэснээс тус тус үзэхэд нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөг нь сунгахгүй гэснийг сайтар мэдэж байсан төдийгүй дээрх байдлаар хүндэтгэх шалтгаангүйгээр удаан хугацаанд ажил тасалсан нь тогтоогджээ.
Түүнчлэн гаалийн улсын байцаагч Ө.Тэгшээгийн анх нэхэмжлэгчтэй холбогдсон 86**** гар утасны дугаарыг Д.С******* 2025 оны /2024 гэж буруу бичсэн/ 2 дугаар сарын 6-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад гаргасан хүсэлтдээ бичээгүй байсан боловч тус газрын бичиг хэргийн ажилтан уг хүсэлтийг хүлээн авахдаа эргэж холбогдох утсаа бичихыг шаардсаны дагуу түүний хэлсэн дугаар болох талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л****ийн гаргасан тайлбар үндэслэлтэйгээс гадна анхан шатанд энэ талаар тухайлан маргаж мэтгэлцээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдох тул дээрх гар утасны дугаарыг хэн эзэмшдэг, хүсэлтэд утасны дугаарыг хэзээ, хэрхэн бичсэн болохыг шүүхээс нарийвчлан тодруулах шаардлагагүй.
Хил хамгаалах ерөнхий газрын 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 02-07а/233 дугаар тодорхойлолтоор К.С******* нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Цагааннуур авто замын боомтоор Монгол Улсын хилээр гарч, 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингис хаан агаарын замын боомтоор орж ирсэн байх тул 2025 оны 2 дугаар сарын 6, 4 дүгээр сарын 7-ны өдрийн хүүхэд асрах чөлөөний хугацааг сунгуулах хүсэлтийг Монгол Улсад байхгүй байхдаа гаргасан байна.
Иймд Гаалийн ерөнхий газар, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас тус тус чөлөөний хугацааг сунгах боломжгүй талаар хангалттай мэдэгдсэн, нэхэмжлэгч ч үүнийг мэдэж байсан атлаа хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа 2 сар орчим тасалсан зөрчилд маргаан бүхий тушаалаар төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр гаалийн албанаас халсан нь тушаал, шийдвэрт үндэслэсэн Гаалийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудад нийцсэн, хууль ёсны шийдвэр болно.
2.Цаг хугацааны хувьд хүүхэд асрах чөлөө дахин олгохоос татгалзсан Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын шийдвэр үндэслэлтэй эсэхээс үл хамаарч чөлөөний хугацаа дуусмагц үүрэгт ажилдаа орох нь төрийн албан хаагчийн хувьд нэхэмжлэгчийн үүрэг, өөрөөр хэлбэл чөлөө авах хүсэлт өгсөн нь ажил таслах хүндэтгэх шалтгаан болохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй…” гэсний нэгэн адил ажилтаны хувьд чөлөөний хугацаа дууссанаар үргэлжлэн ажиллах үүрэгтэй.
3.Мөн хуулийн 139.1-д “Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгох бөгөөд энэ хугацаанд тэтгэмж олгох асуудлыг холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна”,
Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д “гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа …төрийн албан хаагч эх, эсхүл эцэг” тэтгэврийн, тэтгэмжийн даатгалд албан журмаар даатгуулна,
21 дүгээр зүйлийн 21.14-д “Энэ хуулийн 7.4.5-д заасан эх, эсхүл эцгийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө” гэсэн зохицуулалтаас тус тус үзэхэд хүүхэд асрах чөлөөг зэрэгцэж бус эцэг, эхийн аль нэг нь авч болох, энэ тохиолдолд К.С*******ы охин С.А*** 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрж, улмаар түүний эхнэр Өлгий сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгийн багш Б.А***д 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2 жил 6 сар хүүхэд асрах чөлөө олгосон байхад энэ хугацаанд К.С*******д мөн хүүхэд асрах 1 жилийн чөлөөг зэрэгцүүлж олгосноос ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлсөн зөрчил илэрсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт торгууль ногдуулсан, иймд төрийн албан хаагчийн хувьд хуульд заасан хүүхэд асрах чөлөөг эцэг, эхийн аль нэг нь, эсхүл ээлжилж авах тухай ойлголт гэж үзэхээр, шийдвэрт энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН