Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0311

 

  

 

    2022          04             21                                        128/ШШ2022/0311

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х****” ХХК /РД:0000000/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Б.О***** /РД:00000000/ нарын улсын бүртгэлийн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Б.М*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүтгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК болон гуравдагч этгээд Б.О***** нар 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1720**** дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.О*****-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*** дугаар хороолол, *** дүгээр байр, 16 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*****дугаартай орон сууцыг барьцаалж, 17200**** дугаартай барьцааны гэрээг байгуулсан.

“Х” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 72/408 дугаартай албан бичгээр, мөн иргэн Б.О***** нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлтийг барьцааны гэрээнд оруулж, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх мэдүүлэг гаргасан. Хариуцагчаас барьцаалбарт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, бүртгэхээс татгалзаж нэхэмжлэгчид мэдэгдсэн.

3. Нэхэмжлэгч нь улсын бүртгэгчийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйд Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн байна.

“Х” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Х” ХХК болон иргэдийн хооронд байгуулсан 1720***7, 13300*** дугаартай зээл, барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлтүүдээр талууд зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй талаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлд барьцаалбарт тусгах агуулгыг хуульчилсан бөгөөд үүнд зээлийн эргэн төлөлтийн хугацааг тусгахаар заагаагүй байна. Үүний дагуу зээлийн болон барьцааны гэрээний хугацаа сунгах нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор барьцаалбарт нэмэлт, өөрчлөлт оруулаагүй болно. Гэтэл барьцаалбарт өөрчлөлт орох хууль зүйн үндэслэлгүй атал “өөрчлөлт оруулж ир” гэх шаардлагыг тавин улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.1.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 17.1.2-т заасны дагуу барьцаалбарт өөрчлөлт орсон тохиолдолд  шинэ барьцаалбар үйлдэж, хүчингүй болгосон хуучин барьцаалбарын эх хувийг хураан авч, хувийн хэрэгт хавсаргана” гэж заасан. Эндээс харвал зөвхөн барьцаалбарт өөрчлөлт орсон тохиолдолд бүртгэж, хувийн хэрэгт хавсаргахаар заасан байна. Гэтэл бодит байдал дээр барьцаалбарт өөрчлөлт ороогүй атал “өөрчлөлт оруулаагүй” гэх шалтгаанаар улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгээс татгалзсан нь логик уялдаа холбоогүй, хууль бус эс үйлдэхүй болжээ.

4.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 10 дугаар сарын 05-нд гаргасан мэдүүлгийн хариу тайлбар, 2021 оны 10 дугаар сарын 21-нд гаргасан аман хариу зэрэгт дурдсан “барьцаалбарт өөрчлөлт оруулах” тухай шаардлага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдүүлэг хүлээж авахаас татгалзсан үндэслэлд хамаарахгүй бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... 8.1-д зааснаар бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” хэмээн хуульчилсныг улсын бүртгэгч Д.Лхагваханд зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар”-т өгсөн 1330015370-01 дугаартай барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай мэдүүлгийг бүртгэхээс татгалзахдаа татгалзлыг албан бичгээр өгөлгүй, ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр аман байдлаар хариу өгсөн байдаг. Энэ нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан хариуг мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд хариу мэдэгдэлд татгалзсан тухай үндэслэлээ тодорхой тусгана” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

4.3.Уг барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлтүүдийг бүртгүүлэх тухай асуудлаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.А-од “Х” ХХК-иас 2020 онд хүргүүлсэн хүсэлтийн хариу тайлбар болох 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7/6480 дугаар албан бичигт “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.4-д барьцаалбар үйлдсэн эсэх, үйлдсэн тохиолдолд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “Барьцаалбарын агуулгад оруулсан өөрчлөлтийг бичгээр үйлдэж эх хувьд хавсаргана” гэсэн нь “гэрээний нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхдээ барьцаалбарт өөрчлөлт оруулаагүй бол бүртгэлд тусгах шаардлагагүй” тухай санааг тодорхой илэрхийлсэн байдаг бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 05-нд Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэгтэй адил мэдүүлгийг иргэн Б.О*****дсүрэнгийн барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргахад барьцаалбарт өөрчлөлт оруулах тухай шаардлага тавилгүй хүлээж авч, бүртгэснээс харахад дээр дурдсан нэр бүхий улсын бүртгэгчид өөрийн үзэмжээр хуульд заагаагүй шаардлага тавин бүртгэхээс татгалзаж, улсын бүртгэлийн байгууллага нэгдсэн нэг стандарт баримталж ажиллаж чадахгүй байгааг харуулж байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д барьцаалбарын агуулгад тусгах мэдээллийг хуульчилснаас гадна 15.3-д “Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад мэдээллийг талууд харилцан тохиролцож барьцаалбарт тусгаж болно” гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “барьцаалбарын агуулгад оруулсан өөрчлөлтийг бичгээр үйлдэж, эх хувьд  хавсаргах, уг хавсралт нь тухайн барьцаалбарын салшгүй хэсэг болох тухай барьцаалбарт тэмдэглэл үйлдэх”, 17.1.2-д “холбогдох өөрчлөлтийг тусган шинэ барьцаалбарыг энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу үйлдэж, хуучин барьцаалбарыг хүчингүй болгох” гэж тус тус заасныг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалсан, барьцаалбарын агуулгад өөрчлөлт орсон тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 1125 дугаар тушаалын 5, 7 дахь хавсралтад заасан загварын дагуу үйлдэж, өмнөх барьцаалбарын эх хувийн хамт улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай.

5.1.Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орсноор зээлийн гэрээний хугацааг сунгаснаар барьцааны гэрээнд өөрчлөлт орсон тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээний өөрчлөлт, уг өөрчлөлтийг тусгасан барьцаалбарын агуулгад оруулсан өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ. Б.О*****-ийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

5.2.Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх асуудлаар тус газраас дүүрэг, орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтэст чиглэл өгч ажиллаж байна.

   Иймд “Х” ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасны дагуу бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээд Б.О***** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.О***** нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1720014917 дугаартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүргийг гүйцэтгэгчийг хангуулахаар зээлдэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, 1720014917-01 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлтийг барьцааны гэрээнд оруулж, үл хөдлөх хөрөнгө оршин буй дүүрэг болох Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан. Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Лхагваханд мэдэгдэх хуудсаар “Барьцаалбарт өөрчлөн оруулах” шаардлагатай тул бүртгэхээс татгалзсан гэж мэдэгдсэн. Дээрхтэй адил үндэслэлээр Төрийн үйлчилгээний нэгдсэн цэг болох Дүнжингарав төв дахь “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар” мөн адил татгалзсан. Улсын бүртгэлийн бүртгэхээс татгалзсан эс үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус байгаа юм. Миний бие Б.О*****дсүрэн нь барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийн адил мэдүүлгийг Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг газарт гаргахад барьцаалбарт өөрчлөлт оруулах тухай шаардлага тавилгүй хүлээн авч, бүртгэснээс харахад дээр дурдсан нэр бүхий улсын бүртгэгч өөрийн ашиг сонирхол, үзэмжээр хуульд заагаагүй шаардлага тавьж бүртгэхээс татгалзаж, улсын бүртгэлийн байгууллага нэгдсэн нэг стандарт баримтлан ажиллаж чадахгүй байна. Миний бие хүнд сурталтай, үзэмжээр ялгаварлан гадуурхсан, миний эрхийг зөрчсөн энэ үйлдэлд гомдолтой байна.

6.1.”Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.О*****дсүрэн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлтэй байна.

2.  Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК нь тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, улсын бүртгэлд  бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

3.1.“Х” болон иргэдийн хооронд байгуулсан 1720014917, 1330015370 дугаартай “Зээлийн болон Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтүүдээр талууд а)-Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, б)-Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, в)-Зээлийн төлөлтийн хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй талаар харилцан тохиролцож, гарын үсэг зурсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлд барьцаалбарын агуулгыг хуульчилсан бөгөөд үүнд зээлийн эргэн төлөлтийн хугацааг тусгахаар заагаагүй байна. Иймд Зээлийн болон Барьцааны гэрээний хугацаа сунгах нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор барьцаалбарт нэмэлт өөрчлөлт оруулаагүй болно. Гэтэл барьцаалбарт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй байтал “Өөрчлөлт оруулж ир” гэсэн шаардлагыг тавьж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.   

3.2. Барьцаалбарт өөрчлөлт оруулах шаардлага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй бөгөөд уг хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “... 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг улсын бүртгэгч зөрчсөн.

3.3. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дээрх гаргасан мэдүүлэгтэй адил мэдүүлгийг буюу иргэн Б.О*****-ийн барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргахад барьцаалбарт өөрчлөлт оруулах тухай шаардлага тавилгүй хүлээн авч бүртгэснээс үзэхэд улсын бүртгэгчид өөрийн үзэмжээр, хуульд заагаагүй шаардлага тавин бүртгэхээс татгалзаж, улсын бүртгэлийн байгууллага нэгдсэн нэг стандарт баримталж, ажиллаж чадахгүй байгааг харуулж байна” гэж тус тус тодорхойлон маргажээ.

4. Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Х” болон иргэн Б.О***** нар нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар 1720014917 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан, зээлийн гэрээгээр банк нь зээлдэгчид 80,000,000 /наян сая/ төгрөгийг 360 сарын хугацаатай олгох бөгөөд зээлийн жилийн хүү нь тогтмол 8 хувь байхаар тохиролцсон, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нь өөрийн  өмчлөлийн орон сууц болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 51 дүгээр байрны 18 тоот 80,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1720014917-01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулсан, мөн хамтран зээлдэгч иргэн Г.Ариунаа нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж 60 дугаар байр, 10 тоотод байрлалтай 39,000,000 /гучин есөн сая/ төгрөгийн үнэ бүхий 22,39 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1720014927-02 дугаартай Ипотекийн гэрээг байгуулсан, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан,  2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1720014917 дугаартай зээлийн гэрээнд зээлийн хугацаа, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, ийнхүү үндсэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулж, мөн өдөр 1720014927-01, 720014927-02 дугаартай Ипотекийн гэрээнд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг сунгах нэмэлт өөрчлөлтийг оруулж, үл хөдлөх хөрөнгө оршин буй Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ипотек/ үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа/-ийн гэрээг бүртгүүлэхээр 2030963, 2031076 дугаартай мэдүүлэг гаргасан, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Лхагваханд нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан, харин Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч М.Уянга нь ипотекийн гэрээг  эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

5. Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь ипотекийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “барьцаалбарт өөрчлөлт оруулах” шаардлагатай гэж үзжээ.

6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд улсын бүртгэгч мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг тусгайлан  заасан байх бөгөөд 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглох”-оор, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.2-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох”-оор тус тус заажээ.         

Хуульд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах дээрх үндэслэлд “барьцаалбарт өөрчлөлт оруулах” үндэслэл хамаарахгүй байх тул энэхүү үндэслэлээр гуравдагч этгээдийн гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болжээ.

 7. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ бүртгэлийг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд барьцааны гэрээний агуулгыг, 15 дугаар зүйлд барьцаалбарын агуулгыг, 17 дугаар зүйлд барьцаалбарт өөрчлөлт оруулах зохицуулалтыг тус тус тодорхойлсон заасан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг бүртгэхдээ дээр хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой.

8. Хариуцагч захиргааны байгууллага нь “зээлийн гэрээний хугацааг сунгаснаар, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орсноор барьцааны гэрээнд орсон өөрчлөлт, уг өөрчлөлтийг тусгасан барьцаалбарын агуулгад оруулсан өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” хэмээн маргаж байна.

9. Үл хөдлөх эд хөрөнгийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, барьцааны хууль ёсны эзэмшигч харилцан тохиролцож, барьцаалбарт дараах байдлаар өөрчлөлт оруулж болно”, 17.1.1-д “барьцаалбарын агуулгад оруулсан өөрчлөлтийг бичгээр үйлдэж, эх хувьд хавсаргах, уг хавсралт нь тухайн барьцаалбарын салшгүй хэсэг болох тухай барьцаалбарт тэмдэглэл үйлдэнэ”, 17.1.2-т “холбогдох өөрчлөлтийг тусгасан шинэ барьцаалбарыг энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу үйлдэж, хуучин барьцаалбарыг хүчингүй болгоно” гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 11.6-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасны дагуу барьцаалбарт өөрчлөлт орсон тохиолдолд шинэ барьцаалбар үйлдэж, хүчингүй болгосон хуучин барьцаалбарын эх хувийг хураан авч, хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заажээ.

Хууль тогтоогчид Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлд барьцааны гэрээний агуулгыг тусгайлан заасан, барьцааны гэрээний агуулгад зээлийн болон барьцааны гэрээний хугацаа, хугацааг сунгахтай холбоотой асуудал тусгагдаагүй байна.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 1720014927-01, 720014927-02  дугаартай Ипотекийн гэрээгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацааг сунгасан байх ба уг гэрээнүүдийн дугаар буюу барьцааны хөрөнгийн жагсаалт буюу барьцаалбарын агуулгад  өөрчлөлт ороогүй болох нь тогтоогдож байх ба энэхүү үйл баримтыг хариуцагч нь үгүйсгэж маргахгүй байна.

Харин ч хариуцагч нь шүүх хуралдаанд “барьцаалбарын агуулгад өөрчлөлт ороогүй, барьцааны гэрээний дугаар өөрчлөгдөөгүй” гэж тайлбарлаж байх тул хариуцагч захиргааны байгууллагыг улсын бүртгэлийг хуульд заасан журмын дагуу хөтлөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нь хуульд заагаагүй үндэслэлээр  гуравдагч этгээдийн 720014927-02 дугаартай Ипотекийн гэрээг бүртгүүлэх мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэхээс  татгалзсан нь  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт болон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “үнэн зөв, бодитой  ... байх”, 4.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэснийг тус тус зөрчжээ.

12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч нь “эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэлтэй. Учир нь “эс үйлдэхүй” гэдэгт захиргааны  байгууллагын идэвхгүй үйлдлээс гадна татгалзсан шийдвэрийг мөн хамааруулж ойлгоно.

      Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус байх бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,  106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2020 оны 720014927-02 дугаартай Ипотекийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн шийдвэр /эс үйлдэхүйг/-ийг хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасны дагуу бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

       

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ц.БАТСҮРЭН