| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0281/Э |
| Дугаар | ШЦТ/2023/348 |
| Огноо | 2023-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар ШЦТ/2023/348
2023 10 02 2023/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Т.Төгөлдөр,
Шүүгдэгч У.Т-, О.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт О-ийн О-, Б овогт У-ын Т- нарт холбогдох эрүүгийн 2225007230263 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “ххх” группт жолооч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, 0 багийн 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт У-ын Т- /РД:хх0000000/,
Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “ххх” ХХК-д хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Жаргалант сум, 0 багийн 0-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт О-ийн О- /РД:хх000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Т- О.О- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-6 дугаар байрны урд талд байрлах автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Ж.Бийг үл ялих зүйлээр шалтаглан хавсарч газар унаган, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хохирогчийн эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, нүүр, баруун гарын сарвуу, цээж хоёр өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч У.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс гаргасан хохирлыг төлнө. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг,
- Шүүгдэгч О.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс гаргасан хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6 дугаар байрны урд талд харих гээд такси барих гээд явж байх хооронд махлаг ногоон өнгийн куртиктэй залуу намайг заамдаад авсан. Тэгээд би яаж байгаа юм бэ? хүн андуураад байна уу? гэж хэлсэн. Тэгтэл миний хажуу талаас ахиад нэг залуу миний баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд намайг доош тонгойлгож нүд рүү бас нэг нь өшиглөсөн. Миний нүд болон хамарнаас цус гарсан. Намайг унагааж өшиглөж, цохисон, бас 10 метр хэртээ газарт чирсэн тэгээд би цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгтэл нэг танихгүй залуу хүрч ирээд та нар наад хүнээ аллаа, боль гэж тэр хүмүүст хэлсэн. Мөн тэр залуу гар утсаараа бичлэг хийж байсан. Тухайн намайг зодсон залуус доошоо холбоо тал руу зугтаасан. Би тэр хооронд цагдаад дуудлага өгөх гээд гар утсаа хайтал миний гар утас байхгүй байсан. Тэгээд би нэг танихгүй хүний гар утсаар эхнэр Б.З- руу залгаж би хүнд зодуулчихлаа хүрээд ирээч гэж хэлсэн. Мөн цагдаагийн байгууллагын 7035102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэгээд эхнэрийн хамт цагдаа дээр ирсэн... Намайг утсаар яриад явж байхыг харсан, тэгээд намайг зодож, улмаар гар утас алга болсон. Мөн миний малгай алга болсон, цаг эвдэрсэн... Миний биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, нүүр, баруун гарын сарвуу, цээж, хоёр өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Уг гэмтлүүдийг Т-, О- хоёр хоёулаа нийлж зодож үүсгэсэн. Дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй... Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон үнэлгээний дагуу малгай, цаг, гар утсыг нэхэмжилж байна. Би “Ххх” ХХК-д борлуулалтын менежер ажил хийдэг бөгөөд өөрт учирсан гэмтлээсээ болж ажлаа 2022 оны 11 дүгээр сар, 12 дугаар сард хийж чадалгүй цалингүй чөлөө авч өвчилсөн. Тийм учраас 2 сарын цалин болох нийт 3,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би уг компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн татвар, нийгмийн даатгал төлж байгаагүй. Мөн би Сонорхайрхан худалдааны төвийн 3 дугаар давхарт хувиараа лангуу түрээслэн гар утасны батарей, дэлгэц худалдан борлуулдаг. Уг асуудлаас болж уг ажлаа хийж чадалгүй 2 сарын 572,000 төгрөгийг түрээсийн төлбөр төлсөн тул түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Би ажлын газрын тодорхойлолт, түрээсийн төлбөр төлсөн гэсэн баримтуудыг Шүүх хуралдааны өмнө гаргаж өгөх болно. Өөр гаргах санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 39х /,
- Шүүгдэгч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдрийн шөнө би Т-, М, М, Н, Ч ах нарын хамтаар Зэст багийн 1-6 дугаар байрны урд талын зогсоол дээр архи хувааж ууж байсан. Би түрүүлээд гэртээ харих гээд хэлэлгүйгээр явсан. Тэгээд 1-6 дугаар байрны зүүн талд явж байхад 2 танихгүй залуу надаас гал асуухаар нь байхгүй гэсэн чинь нэг нь үхэхээсээ өмнө далд ор гэж шалтгаангүй хэл амаар доромжилохоор нь ахаа би таныг яасан юм гэсэн чинь надтай ойртож ирэхээр нь өөрөөсөө холдуулж түлхэхэд нөгөө залуу нь намайг заамдахаар нь гарыг нь тавиулаад Т- рүү утсаар залгаж "хүрээд ирээч намайг 2 залуу зодох гээд байна" гэж хэлэхэд хохирогч гээд байгаа Б- гэдэг ах цааш ганцаараа явж байгаад Т-тэй тааран харилцан заамдалцаж байхаар нь очиход намайг заамдсан ах миний араас мөн ирсэн. Намайг очиход Т- Б- хоёр харилцан нэг нэгнийхээ нүүр хэсэг рүү цохилцсон. Тэгээд би дундуур нь орж Т-г хойш авч салгахад М- ах намайг яв гээд явуулсан ийм л асуудал болсон... Би хамт явж байсан, мөн утсаар ярьж Т-г дуудсан болохоор хүлээн зөвшөөрсөн юм, тэрнээс би цохиж зодсон үйлдэл гаргаагүй, Т- хохирогчийг цохиж зодсон... Хохирогч Ж.Б ах маргаан болох үед бугуйн цаг, гар утас, малгай зэрэг эд зүйлсийн талаар юу ч ярихгүй байсан. Т- бид хоёр ч уг эд зүйлсийг нь эвдлэх болон авсан үйлдэл гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132х/,
-Гэрч Б.З- мөрдөн шалгах ажиллагаанд: “...манай нөхөр танихгүй хүний гар утсаар шөнийн 12 цаг 23 минутад залгаад би 1-4 байрны гадаа байна танихгүй 3 залуу намайг зодоод гар утсыг маань аваад явчихлаа гэж надад хэлсэн би 1-4 дүгээр байрны гадаа яваад очтол манай нөхрийн зүүн нүд нь хавдчихсан хамраас нь цус гарчихсан, ай фоне 13 маркийн гар утсыг нь аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41х/,
- Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би найз О, Э нарын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт үйл ажиллагаа явуулах хүнсний дэлгүүрийг нь хаачихаад хүргүүлээд Зэст багт байх гэртээ очсон. Тэгээд эхнэр намайг орж ирэхдээ эм аваарай гэж захисан байсан. Тэгээд би 1-3 дугаар байрны хойно байх аптекны тэнд хуучин барилга дээр хамт ажиллаж байсан Т- гэх хүүхдийг харсан. Тэгээд тухайн үед Т- 2-3 залуутай маргалдаад явж байсан. Би очоод юу болсон юм, яасан юм гэсэн. Тэгсэн тэнд байсан залуучууд надад хандаж “дүү чинь хүн зодчихлоо шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө хэдээс Т-г салгаад гэрийнхээ үүдэнд цуг дагуулж яваад цааш явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43х/,
- Гэрч Э.М- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тухайн цагуудад Орхон аймаг, Жаргалант сум, 0-0 тоот гэртээ харьсан байсан. Тухайн өдөр шөнийн 23 цагийн үед би Орхон аймаг Баян-Өндөр суманд дүү Нямдорж, О-, Т- нарын хамтаар Зэст баг 1-6 дугаар байрны урд талын автомашины зогсоолд машины гадна талд Соёрхол нэртэй архи ууж байсан. Тэгээд тухайн үед намайг сандал дээр сууж байхад манай дүү О- нэг залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгээд би тухайн залууг аваад жаахан хүүхдүүдтэй маргалдаад яах вэ, гэж хэлээд машиндаа суусан. Өөр зүйлийн талаар мэдээгүй... Тухайн үед Нямдорж гэх дүү эрүүл байсан. Тэр үед машин бариад явж байсан. Би их согтсон байсан. Гэхдээ ухаанаа мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45х/,
-Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тухайн үед Орхон аймаг Баян-Өндөр суманд Зэст багийн 1-6 дугаар байрны урд талын машины зогсоол дээр ажлын хүн болох О-, Т-, М- нарын хамт байсан. Тухайн үед машины гадна талд Т-, О-, М- ах нар байсан. Би машин дотор Ч гэх ахтай хамт байсан. Тухайн үед Чулуунхүү ах архи уугаад тасарсан байсан. Бид нар нийт 5 уулаа нэг машинтай явж байсан. Би ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй машин бариад явж байсан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад Улаантолгой руу Чулуунхүү, М- ах хоёрыг аваад явсан. Бусад хүмүүс нь эндээ үлдсэн... Тухайн үед Т- гэх хүн намайг машинаас буухад хэдэн хүмүүстэй маргалдаад Т-гийн хойноос явж байсан хүн бичлэг хийгээд байсан. Тэгээд би тухайн үед юу болоод байгаа талаар мэдээгүй, бичлэгээ боль гэж тэр хүнд хэлсэн. Тэгээд бид нар яваад өгсөн. Би яг юу болсон талаар нь мэдээгүй бөгөөд М- ах намайг машин руугаа яв гэхээр нь би машиндаа очсон. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна... Т- хувцсаа тайлаад шидсэн, дээгүүрээ шалдан байсан бөгөөд “үзэх гээд байгаа бол нэг нэгээрээ үз” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/,
-Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 23 цаг өнгөрч байхад өөрийн найз У, Т, Б нарын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6 дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр юм яриад ганц нэг пиво уугаад сууж байсан. Тэгээд бид нар машинаас буугаад тамхи татах гээд байж байтал 1-6 дугаар байрны урд талын чулуун хавтангийн ойролцоо хэсэг хүмүүс маргалдаж, зодолдоод байх шиг байсан. Тэгээд бид нар очоод болиулах гэтэл 2 залуу нэг залууг газарт унагаагаад дээрээс нь өшиглөж байсан. Тэгээд бид нар очиж болиултал дээгүүрээ нүцгэлсэн нэг залуу нь бид нарт “Та нар олуулаа амжихгүй шүү” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Бид нар тухайн зодооныг салгаж, ямар нэгэн эрсдэл үүсэх вий гэхээс урьдчилан сэргийлж зодсон хүмүүсийн бичлэгийг гар утсандаа хийж авсан. Тэгээд бид нар тухайн хүмүүсийг тараагаад тухайн газраас явсан... Зодуулсан залуугийн нүднээс нь цус гараад байсан. Өөр зүйл анзаараагүй, бид нар тухайн залууг нөгөө хэдээс салгаж босгосон... Анх зодоон болоод би очиж салгаж, дараа нь цагдаа нар ирчихсэн байх үед гар утас нь алга байна гэж ярьж байсан цагдаагийн газарт ирэх үедээ бас гар утсаа хэлээд байсан. Тухайн зодуулсан газартаа гар утсаа хайгаад байсан. Өөрийнхөө утас руу хэн нэгний утсаар залгаж байсан шиг санагдаж байна утас нь дуудаад байсан, бас эхнэр лүүгээ залгаж ярьсан. Тухайн зодуулсан газарт байх үед эхнэр нь гэх эмэгтэй ирээд бас гар утас руу залгаж байсан санагдаж байна. Цагны талаар ярьж байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49х, 252х/,
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2022 оны 11 дүгээр сарын 03-04-ний шилжих шөнө Зэст багийн нутаг дэвсгэрт айлд очоод буцаад гараад явж байтал 1-6 дугаар байрны урд нэг залууг олон хүмүүс зодож байсан хэдэн хүмүүс байсныг хэлж мэдэхгүй байна. Зодуулж байгаа залуу нь газар уначихсан орилоод байсан. Би дөхөж очих үед миний зүс таних Б- байсан, би тухайн залуучуудыг салгах гэж оролдож байтал цагдаа нар ирсэн санагдаж байна. Цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад цагдаагийн газарт ирснийг санаж байна. Удаан хугацаа өнгөрсөн болохоор зарим нэг зүйлсийг нь сайн санахгүй байна. Цагдаагийн газарт ирээд миний согтолтын зэргийг шалгасаныг ч мэдэхгүй байна. Би болсон асуудлын талаар бүдэг санаж байна. Түүнээс хойш дахиж над руу цагдаагийн байгууллагаас холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 254х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 844 дугаартай
“1. Ж.Бийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний салстад цус харвалт, нүүр, баруун гарын сарвуу, цээж, баруун болон зүүн өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд, нэг цаг хугацаанд үүссэн байж болно.
5. Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-64х/,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 364 дугаартай
“1. Ж.Бийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, нүүр, баруун гарын сарвуу, цээж, хоёр өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээрсарын 09-ний өдрийн 844 дугаартай дүгнэлтийн хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 75-78х/,
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/272 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Хохирогч Ж.Б /РД:ФБ80042078/-тай холбоотой өвчний түүхийн хуулбар” /хх-ийн 84-102х/,
- У.Т-, О.О- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138-139х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Т-, О.О- нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар У.Т-, О.О- нар нь 2022 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-6 дугаар байрны урд талд байрлах автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Ж.Бийг үл ялих зүйлээр шалтаглан хавсарч газар унаган, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, нүүр, баруун гарын сарвуу, цээж хоёр өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ж.Бийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6 дугаар байрны урд талд харих гээд такси барих гээд явж байх хооронд махлаг ногоон өнгийн курткатай залуу намайг заамдаад авсан. Тэгээд би яаж байгаа юм бэ? хүн андуураад байна уу? гэж хэлсэн. Тэгтэл миний хажуу талаас ахиад нэг залуу миний баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд намайг доош тонгойлгож нүд рүү бас нэг нь өшиглөсөн. Миний нүд болон хамарнаас цус гарсан. Намайг унагааж өшиглөж, цохисон, бас 10 метр хэртээ газарт чирсэн тэгээд би цагдаа дуудаарай гэж орилсон...” гэсэн,
-Гэрч Б.З-ын “...манай нөхрийн зүүн нүд нь хавдчихсан хамраас нь цус гарчихсан, ай фоне 13 маркийн гар утсыг нь аваад явчихсан байсан...” гэсэн,
- Гэрч Б.Төрболдын “...эхнэр намайг орж ирэхдээ эм аваарай гэж захисан байсан. Тэгээд би 1-3 дугаар байрны хойно байх аптекны тэнд хуучин барилга дээр хамт ажиллаж байсан Т- гэх хүүхдийг харсан. Тэгээд тухайн үед Т- 2-3 залуутай маргалдаад явж байсан. Би очоод юу болсон юм, яасан юм гэсэн. Тэгсэн тэнд байсан залуучууд надад хандаж “дүү чинь хүн зодчихлоо шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө хэдээс Т-г салгаад гэрийнхээ үүдэнд цуг дагуулж яваад цааш явуулсан...” гэсэн,
- Гэрч Э.М-гийн “...Н, О-, Т- нарын хамтаар Зэст баг 1-6 дугаар байрны урд талын автомашины зогсоолд машины гадна талд Соёрхол нэртэй архи ууж байсан. Тэгээд тухайн үед намайг сандал дээр сууж байхад манай дүү О- нэг залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгээд би тухайн залууг аваад жаахан хүүхдүүдтэй маргалдаад яах вэ, гэж хэлээд машиндаа суусан...” гэсэн,
-Гэрч Б.Нямдоржийн “...машины гадна талд Т-, О-, М- ах нар байсан. Би машин дотор Чулуунхүү гэх ахтай хамт байсан. Тухайн үед Чулуунхүү ах архи уугаад тасарсан байсан. Бид нар нийт 5 уулаа нэг машинтай явж байсан... Т- гэх хүн намайг машинаас буухад хэдэн хүмүүстэй маргалдаад Т-гийн хойноос явж байсан хүн бичлэг хийгээд байсан. Тэгээд би тухайн үед юу болоод байгаа талаар мэдээгүй, бичлэгээ боль гэж тэр хүнд хэлсэн. Тэгээд бид нар яваад өгсөн. Би яг юу болсон талаар нь мэдээгүй бөгөөд М- ах намайг машин руугаа яв гэхээр нь би машиндаа очсон. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна... Т- хувцсаа тайлаад шидсэн, дээгүүрээ шалдан байсан бөгөөд “үзэх гээд байгаа бол нэг нэгээрээ үз” гээд орилоод байсан...” гэсэн,
-Гэрч Б.А-ын “...1-6 дугаар байрны урд талын чулуун хавтангийн ойролцоо хэсэг хүмүүс маргалдаж, зодолдоод байх шиг байсан. Тэгээд бид нар очоод болиулах гэтэл 2 залуу нэг залууг газарт унагаагаад дээрээс нь өшиглөж байсан. Тэгээд бид нар очиж болиултал дээгүүрээ нүцгэлсэн нэг залуу нь бид нарт “Та нар олуулаа амжихгүй шүү” гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. Бид нар тухайн зодооныг салгаж, ямар нэгэн эрсдэл үүсэх вий гэхээс урьдчилан сэргийлж зодсон хүмүүсийн бичлэгийг гар утсандаа хийж авсан. Тэгээд бид нар тухайн хүмүүсийг тараагаад тухайн газраас явсан... Зодуулсан залуугийн нүднээс нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлгүүд,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 844 дугаартай гэсэн дүгнэлт,
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 364 дугаартай дүгнэлт,
- Хохирогч Ж.Бийн өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч У.Т-, О.О- нар нь бүлэглэж хохирогч Ж.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Т-, О.О- нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч У.Т-, О.О- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч шүүгдэгч У.Т-, О.О- нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Б эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт эмчилгээний зардал нийт 4,452,379 төгрөг, үнэлгээний дагуу хар өнгийн nike брэндийн малгай 40,000 төгрөг, гар утас 3,961,500 төгрөг, бугуйн цаг 604,400 төгрөг, өөрт учирсан гэмтлээс болж 2022 оны 11, 12 дугаар сард ажлаа хийж чадалгүй цалингүй чөлөө авсан 2 сарын цалин болох нийт 3,600,000 төгрөг, мөн Сонорхайрхан худалдааны төвийн 3 давхарын лангууны 2 сарын түрээсийн төлбөр 572,000 төгрөг буюу нийт 13,230,279 төгрөг нэхэмжилсэн.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж эмчилгээний зардалд нотлох баримтын шаардлага хангасан хагалгаа хийлгэсэн төлбөр, үзлэг оншилгоо, эмчилгээний зардал, бинзений зардал нийт 3,127,729 төгрөг, утасны үнэ 3,961,500 төгрөг, малгайны үнэ 40,000 төгрөг, эд зүйл үнэлүүлэхэд төлсөн 30,000 төгрөг нийт 7,159,229 төгрөгийг шүүгдэгч нараас хувааж гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,101,050 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан хохирогч болон У.Т-гийн хэрэг учрал болоход хохирогч малгайгаа гээсэн, маргааш нь хэрэг учрал болсон газар малгай байсан талаар мэдүүлсэн, мөн хэрэг учрал болох үед хохирогч утсаа хайгаад олоогүй, хүний утсаар эхнэр болон цагдаад дуудлага өгсөн талаар мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлэг нь гэрч Б.Ариунбаярын “...Анх зодоон болоод би очиж салгаж, дараа нь цагдаа нар ирчихсэн байх үед гар утас нь алга байна гэж ярьж байсан цагдаагийн газарт ирэх үедээ бас гар утсаа хэлээд байсан. Тухайн зодуулсан газартаа гар утсаа хайгаад байсан. Өөрийнхөө утас руу хэн нэгний утсаар залгаж байсан шиг санагдаж байна утас нь дуудаад байсан, бас эхнэр лүүгээ залгаж ярьсан. Тухайн зодуулсан газарт байх үед эхнэр нь гэх эмэгтэй ирээд бас гар утас руу залгаж байсан...” гэсэн, гэрч Б.З-ын “...манай нөхөр танихгүй хүний гар утсаар шөнийн 12 цаг 23 минутад залгаад би 1-4 байрны гадаа байна танихгүй 3 залуу намайг зодоод гар утсыг маань аваад явчихлаа гэж надад хэлсэн би 1-4 дүгээр байрны гадаа яваад очтол манай нөхрийн зүүн нүд нь хавдчихсан хамраас нь цус гарчихсан, ай фоне 13 маркийн гар утсыг нь аваад явчихсан байсан...” мэдүүлгүүд, гэрч Ц.Г-н 000000000 дугаартай утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн болох нь Орхон аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас зэргээр нотлогдон тогтоогдож байна. Мөн хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд эд зүйлээ үнэлүүлэхэд 30,000 төгрөг төлсөн тул шүүх шүүгдэгч нараас гар утас, малгайны үнэ, эд зүйлээ үнэлүүлэхэд төлсөн зардал зэргийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Харин хохирогч Ж.Б нь 2022 оны 11, 12 дугаар сард ажлаа хийж чадалгүй цалингүй чөлөө авсан 2 сарын цалин болох нийт 3,600,000 төгрөг, мөн Сонорхайрхан худалдааны төвийн 3 давхарын лангууны 2 сарын түрээсийн төлбөр 572,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй. Бугуйн цагны үнийг үнэлгээний дагуу 604,400 төгрөг нэхэмжилсэн боловч түүний мэдүүлгээр цаг эвдрээд ашиглах боломжгүй гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн цагийг эд мөрийн баримтаар гаргаж өгөх, ашиглах боломжтой байсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэн нэхэмжлэх боломжтой байсан боловч уг ажиллагааг хийгээгүйгээс цаг байсан эсэх, эвдэрсэн эсэх нь нотлогдоогүй тул шүүх цагны үнийг гаргуулах боломжгүй гэж үзэв. Мөн хэрэгт авагдсан Дэлгэр хур трейд зочид буудлын баримтуудын он сарыг үзэхэд зарим баримтууд нь хохирогч хагалгаанд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үеийн өдрүүдтэй давхацсан тул эргэлзээтэй, зарим баримтууд нь юу авсан нь тодорхой тул гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгч нар нь хохирол төлбөр төлөөгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч У.Т-, О.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-, О.О- нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэх...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч У.Т-, О.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч У.Т-, О.О- нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч У.Т-, О.О- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У-ын Т-, З овогт О-ийн О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ын Т-, О-ийн О- нарыг тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар У.Т-, О.О- нарт оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч У.Т-, О.О- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.Т-гээс 3,579,614.5 төгрөгийг, шүүгдэгч О.О-оос 3,579,614.5 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, Ш овогт Ж-ын Б- /РД:хх00000000, утас: 00000000/-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,101,050 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Т-, О.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ