Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1413

 

 

 

 

 

 

 

 

     2023         11          29                                   2023/ШЦТ/1413

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа

улсын яллагч:Б.Ундрах  

шүүгдэгч: Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.Г холбогдох эрүүгийн 2308026451749 тоот хэргийг 2023.11.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****** оны **** дүгээр сарын *****-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт ***** дүүргийн ****** хороо, ****** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ***** дүүргийн ***** хороо **** оршин суух, урьд  ял шийтгэлгүй,  /РД:******/ Г овогт А Г нь гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Г нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 24 минутад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр , “М-Март” дэлгүүрийн гадна байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд /АТМ/ иргэн хохирогч Б картаа уншуулаад авалгүй орхисон 500.000 төгрөгийг эзэнд нь өгөлгүйгээр авч явсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.. Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол  /хх-2,3/,

        - Хохирогч Б“2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М Март дэлгүүрийн гадна талын Хаан банкны АТМ-ын дэргэд ирээд 5890286373 дугаартай виза картаа уншуулаад 500.000 төгрөг авах байсан юм. Тухайн үед виза картаа уншуулчхаад мөнгөө хүлээгээд байж байхад хүү М хүн утсаар ярьж байна гээд чихэнд утас наасан юм. Тухайн үед самгардаад АТМ-ээс авах байсан 500.000 төгрөгөө мартаад гараад явчихсан юм. Тэгээд хэсэг яваад эргээд иртэл мөнгө байгаагүй. Хаан банкны лавлахтай холбогдоход таны дараагийн хүн авсан байна гэсэн” гэх мэдүүлэг (хх-6),

        - Хаан банкнаас ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 29/8180 тоот албан бичиг, түүнд хавсаргасан “иргэн Б данснаас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 24 минутад 500000 төгрөг АТМ-ээр зарлагадсан” баримт (хх-18-19-р тал),

       - АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Б.Б АТ-д орж ирэх ба виза картыг уншуулан 500000 төгрөгийг авахгүйгээр гарч байгаа. Г нь тухайн цаг хугацаанд орж ирэн өөрийн виза картаа гарган гүйлгээ хийгээгүй ба 612 дугаартай АТМ-ийн мөнгө гарах хэсэгт байрлах бэлэн мөнгийг авч үүрч всан ногоон өнгийн цүнхэндээ хийж байна” гэх тэмдэглэл (хх-23-25),

         - Яллагдагч А.Г “...Тухайн үед зэрэгцээ 3 АТМ байсан бөгөөд би голын АТМ дээр очсон. Тэгээд би картаа хийх гэтэл АТМ-н мөнгө гардаг хаалга нь нээгдчихсэн байхаар нь би тэр мөнгийг нь аваад цүнхэндээ хийгээд гарсан. Би тухайн мөнгөнөөс ойр зуурын зүйлд 200.000 төгрөгийг нь зарцуулсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас надтай холбогдох үед би очиж уулзаад улмаар тэр өдрөө хохирогчид 500.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-34-35/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч А.Г хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 24 минутад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр , “М-Март” дэлгүүрийн гадна байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд /АТМ/ иргэн хохирогч Б картаа уншуулаад авалгүй орхисон 500.000 төгрөгийг эзэнд нь өгөлгүйгээр авч явсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга, АТМ-ийн хяналтын камерын бичлэг, мөн шүүгдэгч А.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын иргэн хэн боловч хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй  бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөх үүргийг хүлээдэг. Шүүгдэгч Гэрч:  нь бусдын авахаа мартаад гарсан мөнгийг эзнийг нь буюу иргэн Б.Б дуудаж хүлээлгэж өгөх үүрэгтэй атал шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар хэлэлгүйгээр өөртөө авч өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулсан нь буруу байна. Мөн түүний үйлдлээс бусдад 500000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж гомдолгүй болгосон ба өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд А.Г эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Г хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Б 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон ба хохирогч Б.Б нь  цагдаагийн байгууллагад хандаж гаргасан тайлбартаа “2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 22 цаг 11 минутад хохирол болох 500.000 төгрөгийг бэлнээр хүлээн авав” гэсэн /хх-58/,  мөн прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ “Б.Б миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй тул  уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”  гэх хүсэлт гаргаж,  иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Өнөөдрийн байдлаар Г нь бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-51/ тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухайлсан шийдвэр гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт А Г эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт А Г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Б 500,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн ба хохирогч нь “гомдол саналгүй” гэсэн, иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Г нь бусдад төлбөргүй болсныг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг А.Г мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ