| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0082/З |
| Дугаар | 221/МА2026/0455 |
| Огноо | 2026-06-30 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0455
“Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******
Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн DNPM25061000003529533, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM25091000003801183 дугаар татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0365 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А****
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0082/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн DNPM25061000003529533, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM25091000003801183 дугаар татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0365 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалт, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн DNPM25061000003529533, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM25091000003801183 дугаар татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэл хэсгийн 11 болон 12 дахь хэсэгт татварын өрийг төлүүлэх тухай DNPM25061000003529533, DNPM25091000003801183 дугаартай нэхэмжлэлүүд нь хуульд заасан татвар төлөгчийн татварын тайланд үндэслэн үүссэн татварын өр байх бөгөөд хуульд заасан журмын дагуу үйлдэгдсэн байх тул үндэслэлтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлага болох АМНАТ ногдуулсан 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн DNPM25061000003529533, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM25091000003801183 дугаар татварын өр төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дээрх хэсэгт дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодрхойлсон үндэслэлийг шүүх шийдвэртээ дүгнэж тусгасан атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэлт гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчиж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
3.2. "Ж*******" ХХК нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана”, 29.2-д “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэж заасны дагуу АМНАТ-ийн тайлангаа татварын албанд илгээсэн. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болох талаар зохицуулсан” татварын албанаас нэхэмжлэгчид 2019 оны тайландаа хуульд заасан хугацаанд багтаж засвар оруулах боломжтойг мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан тайлангийн дагуу үүссэн өрийг барагдуулах мэдэгдэх хуудсыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар татвар төлөгч нь өөрийн гаргасан тайланд алдаа байвал дараагийн татварын жилд багтан засварлах эрхтэй. Нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлж тайландаа засвар оруулаагүй тул татварын алба татвар төлөгчийн өөрийнх нь илгээсэн тайланг үндэслэн өр барагдуулах ажиллагаа явуулсан нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасан журмыг бүрэн хангасан байна.
3.3. "Ж*******” ХХК нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд буюу АМНАТ-ийн тайландаа “Э*******” ХХК-иас худалдаж авахдаа төлсөн буюу 46.096.575,07 төгрөгийг өмнөх шатанд нодуулсан АМНАТ гэж тайлагнаж экспорт хийхдээ хасаж тайлагнасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно” гэж хуульчилсан.
Гэтэл “Э*******” ХХК нь 2019 онд татварын албанд Х тайлан илгээсэн байх тул дээрх төлбөрийг хасах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.4. Шүүх хүчингүй болгосон зохицуулалтыг үндэслэж буюу хэзээ хойно нь албан татвар ногдуулсан нь хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн хэргийг энэхүү маргаантай хамааралтай гэж дүгнэж буй нь үндэслэлгүй. Учир нь татвар төлөгч тухайн хугацаанд өөрөө 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр жилийн эцсийн тайланг тайлагнасан, тухайн тайланг засварлах эрх нь бүтэн жилийн турш байсан байна. Түүнээс татварын албанаас ямар нэгэн татварын акт тавигдаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсч байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Нэг талаас “…татвар төлөгч буюу нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлагнасан татварын өрийг барагдуулах зорилгоор гаргасан мэдэгдэх хуудсыг хууль бус гэж үзэх боломжгүй…” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй мэт боловч Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, …үйл ажиллагаанд зайлшгүй, тодорхой, шударга байх зарчмыг баримтлахаас гадна 6 дугаар зүйлийн 6.1.20-д "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг”, 6.1.29-д "татварын тайлан" гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг” тус тус ойлгох бөгөөд хариуцагчийн тухайд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй болохын хувьд хэдийгээр “Ж*******” ХХК-ийн өөрийнх нь илгээсэн 2019 оны 4 дүгээр улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд үндэслэсэн ч гэсэн 570.091.497 төгрөгийн татварын өр үүсгэхдээ, мөн нэхэмжлэгчээс энэхүү тайланд хуульд заасан хугацаанд засвар оруулах эрхээ хэрэгжүүлээгүй нь тухайн өрийг төлүүлэх нэхэмжлэх үүсгэх хууль зүйн үндэслэл болох эсэхэд хяналт тавих шаардлагатай.
Түүнээс нэгэнт тайлагнасан, эсхүл тайланд засвар оруулаагүй л бол уг татварыг төлөх ёстой гэх зарчим татварын хууль тогтоомжид байхгүй.
2.Нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш, гэвч 2019 онд гаалийн бүрдүүлэлт хийн, нийт 14.714.232.639 төгрөгийн төмрийн баяжмалыг экспортлохдоо Ашигт малтмалын тухай хуулийн тухайн үед мөрдөгдөж байсан 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд …нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөлт төлнө” гэсний дагуу өөрийгөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэн холбогдох тайлан гаргасан, гэтэл энэхүү заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 3 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, үйлчлэлийг нь 11 дүгээр сарын 1-ний өдрөөс түдгэлзүүлсэн төдийгүй мөн оны 4 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байх тул Үндсэн хууль зөрчсөн хуулийн холбогдох заалтыг үндэслэж татварын өр төлүүлэх нэхэмжлэх үүсгэснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль ёсны болжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Үндсэн хуульд нийцээгүй тухай шийдвэр гаргасны үр дагаврын талаар зохицуулахдаа 1.“Үндсэн хуульд нийцээгүй хууль, … нь тэрхүү хууль, …-ийн улмаас учирсан хор хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно”, “Үндсэн хуульд нийцээгүй хууль, …-ийн улмаас …иргэд, байгууллагад учирсан хор хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг хууль, …-ийг …баталсан …байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хууль тогтоомжийн дагуу тухайн үед нь хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Цаг хугацааны хувьд Цэцийн дээрх дүгнэлт, тогтоол нэхэмжлэгчийн тайлан гаргаснаас хойш, мөн татварын өрийг төлүүлэх нэхэмжлэх гаргахаас өмнө гарсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид хохирол хараахан учраагүй байх үед шүүх маргааныг шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн, хүчингүй болсон зохицуулалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэх нь Шүүхийн тухай хуульд заасан “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим”, түүний дотор уг хуулийн 6 дугаар зүйлийн “хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах” зарчим зөрчигдөхөд хүргэнэ.
Тухайлбал уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, 6.4-д “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, …нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, эсхүл харшилсан гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хууль, -ийн талаарх саналаа Улсын дээд шүүхэд гаргана” гэж заасан болно.
3.Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-д зааснаар Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах 1 үндэслэл нь “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, …оос өөрөөр хэрэглэсэн” байх тохиолдол.
Иймд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 19-д Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 131, 132, 2025 оны 25 дугаар тогтоолоор тус тус шийвэрлэсэн хэрэг, эрх зүйн дүгнэлтийг энэхүү маргаанд хамааралтай гэж үзсэн нь зөв, тухайлбал тэдгээр тогтоолд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хүчингүй болсон тул 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль батлагдах хүртэл хугацаанд “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч”-ээс бусад этгээдийг АМНАТ төлөгч гэж үзэх эрх зүйн зохицуулалт байгаагүй болохыг,
дээрх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээдэд АМНАТ төлөх үүрэг үүсэхгүй, хариуцагчаас шаардах эрхгүй болохыг,
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаас хойш хүчингүй болгосон хуулийг хэрэглэхгүй гэсэн агуулгаар тайлбарлагдах болохыг,
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг буюу одоогийн мөрдөгдөж буй заалт нь гарсан цагаасаа хойш үйлчлэх бөгөөд уг хуулийг буцаан хэрэглэхгүй талаар тус тус эцэслэн дүгнэсэн тул энэхүү хэрэгт шууд хамаарал бүхий эдгээр үйл баримт, хууль хэрэглээний талаар Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр дүгнэх эрхгүй.
Харин “…“Э*******” ХХК-иас 2019 онд татварын “Х” тайлан илгээсэн тул 46.096.575 төгрөгийн төлбөрийг хасах хууль зүйн үндэслэлгүй…” гэх давж заалдах гомдлын тухайд нэгэнт нэхэмжлэгч ийнхүү хассан төдийгүй өөрийн тайлагнасан АМНАТ-ыг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, эсрэгээрээ тусгай зөвшөөрөл эзэмшигч байсны хувьд “Э*******” ХХК-иас тухайн үед нэхэмжлэгчид худалдсан, нэхэмжлэгчийн эскпортолсон ашигт малтмалд ногдох АМНАТ-ыг шаардах эрхийг шийдвэр, магадлалаар хязгаарлахгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН