Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0321

 

 

 

 

 

   2022           04             25                                        128/ШШ2022/0321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э****” ХХК /0000000/

Хариуцагч: Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч С.Г****.

Гуравдагч этгээд: “Э****” ХХК /РД:0000000/ нарын улсын бүртгэлийн маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д****, Л.Г,  гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Оюуны өмчийн газар, тус газрын хяналтын улсын байцаагч С.Г****-т холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын 194, 195 дугааруудаар олгосон хэсгийг, Оюуны өмчийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 дугаар шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн 1004 дүгээр дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. “Э” ХХК нь 2008 оноос зар сурталчилгаа интернэтийн www.*******.com  сайтын үйл ажиллагааг эрхлэн явуулж, /*******/ Залуу гэх брэндийг олон нийтэд таниулсан. Улмаар гуравдагч этгээд “Эм” ХХК нь www.*******.mn  нэршлээр сайтын үйл ажиллагаа явуулж, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 40-2014-0014962 дугаартай “Залуу” үгэн илэрхийлэл, 104-2014-0014961 дугаартай “*******” үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, уг мэдүүлгийг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, “Эм” ХХК -д 13278, 13279 дугаарын барааны тэмдгийн гэрчилгээг тус тус олгожээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2008 оноос эхлэн *******.com нэршлээр сайтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гуравдагч этгээдээс гаргасан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 017/080 дугаар өргөдлийн дагуу хяналт шалгалтыг явуулж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 534 дугаар албан шаардлага, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1004 дугаар дүгнэлтийг тус тус гаргажээ.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын 194, 195 дугааруудаар олгосон хэсгийг, Оюуны өмчийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 дугаар шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн 1004 дүгээр дүгнэлтийг эс зөвшөөрч, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Л нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон түүний үндэслэлдээ: “... “Эд” ХХК нь 2008 онд зар сурталчилгаа, интернетийн болон компьютерийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр байгуулагдаж, улмаар www.*******.com сайтаар үйл ажиллагаа явуулж, 2008 оноос эхлэн өнөөг хүртэл 11 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, өдрөөс өдөрт уншигчийн тоо нэмэгдсээр өдөрт давхардалгүйгээр 250,000.00-300,000.00 хүн хандан үндэсний тэргүүлэгч сайт болж, хэрэглэгчдийн уншиж заншсан топ сайтуудын нэг болсон бөгөөд өөрсдийн үйлчилгээний илэрхийлэл болсон “Z zaluu.com Үндэсний тэргүүлэгч сайт”  барааны тэмдгийг бүртгүүлж, Оюуны өмчийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/27 дугаар тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийн гэрчилгээг авсан бөгөөд уг барааны тэмдгээ www.*******.com веб сайтандаа байршуулж, бусад ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчдээс ялгагддаг.

4.1.Гэтэл Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар 13278 дугаар “*******” барааны тэмдгийн гэрчилгээ, 13279 дугаар “Залуу” барааны тэмдгийн гэрчилгээг тус тус “Эм” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааны хүрээнд Оюуны өмчийн газраас “Залуу” барааны тэмдгийг бүртгэхээс өмнө Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 8 дугаар зүйлд заасан барааны тэмдэгт тавигдах шаардлага, журмыг баримтлаагүй хуульд заасан үндэслэл байхгүй байхад 13278, 13279 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээг олгосон байдаг.  

4.2. 13278, 13279 барааны тэмдгийн гэрчилгээг олгосон илт хууль бус тушаал шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар 04-ний өдрийн 1004 дугаар дүгнэлт, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 534 дугаартай шаардлага гарсанаар www.*******.com сайтын үйл ажиллагааг зогсоох үндэслэлгүй, бодит байдалд хэрэгжих боломжгүй дүгнэлт, шаардлага гаргасан.

4.3.Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8-д заасныг тус тус зөрчиж, “Залуу”, “*******” үгэн илэрхийлэлийг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгагдах илэрхийлэлгүй дан үгийг бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус зөрчсөн илт хууль бус захиргааны акт байна” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд нь анхлан барааны тэмдгийн мэдүүлэг гаргагч биш. Хэргийн материалд цугларсан нотлох баримтаас үзвэл анх “Залуу” гэх барааны тэмдэгтийг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлж, анхдагч огноог тогтоолгосон этгээд нь Б.Л******* юм. Шүүлт хийж байх явцад анхнаасаа Б.Л******* 9 сарын хугацаанд хэд хэдэн удаа мэдүүлэг гаргагчаа сольж, барааны тэмдгийг бусад руу шилжүүлэхээр мэдэгдсэн байдаг. Энэ нь анхнаасаа шударга бус сэдлээр Б.Л******* бүртгүүлсэн гэж үзэж байна. Эхэлж мэдүүлэх /First to file/ зарчим нь барааны тэмдгийг бүртгэхэд үйлчилдэг буюу хэн түрүүлж үйл ажиллагаа эрхэлсэн нь биш, хэн түрүүлж оюуны өмчид барааны тэмдгийг бүртгүүлсэн нь тухайн барааны тэмдгийг эзэмшинэ гэсэн заалт байдаг бөгөөд үүний эсрэг нь шударга бус сэдэлттэй /in bad faith/ гэсэн агуулга олон улсад яригддаг. Энэ нь шударга бус буюу шунахай сэтгэлээр бүртгүүлсэн гэсэн ойлголт юм. Оюуны өмчийн газар “Залуу” гэх барааны тэмдгийг бүртгэхдээ ямар нэгэн хайлт шүүлт хийхгүйгээр Б.Л*******д барааны тэмдгийн гэрчилгээ олгосон нь процессын хувьд алдаатай. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д “Бараа,  үйлчилгээний   чанар,   гарал  үүсэл  болон  бусад  шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж заасны дагуу Оюуны өмчийн газар урьдчилсан татгалзал гаргах ёстой байсан. Урьдчилсан татгалзал гаргасны дараа Б.Л******* дээрх хоёр вэб сайтуудтай ямар нэгэн холбоотой гэдгийг баталж байж, тухайн барааны тэмдгийг бүртгүүлэх ёстой байсан. Zaluu.com, Zaluu.mn сайтуудын ажиллах боломж, нөхцөл бүх зүйл яригдаж байхад хайлт, шүүлт хийхгүйгээр иргэнд барааны тэмдгийг олгосон нь алдаатай юм. Б.Л******* барааны тэмдгийг бүртгүүлчхээд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх сэдэл байгаагүй. Учир нь тухайн барааны тэмдгийг бүртгүүлж авсан өдрөөсөө хэдхэн хоногийн дараа “Эм” ХХК -д шилжүүлсэн. Энэ нь хэрэглэхийг зориогүй бөгөөд давуу эрх үүсгэхийн тулд бүртгүүлсэн гэж харж байна” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах болсон үндэслэлд тайлбараа хэлнэ. Улсын Дээд шүүх хоёр асуудлын хүрээнд буюу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасан нөхцөл байдлыг тогтоосон эсэх, олон улсын гэрээ үйлчлэх эсэх асуудлаар дүгнэлт өгөөгүй байна гэж үздэг. Тухайн барааны тэмдгийг бүртгүүлэх үед буюу 2014 Zaluu.com гэдэг сайт нь аль хэдийн олон нийтэд түгээмэл болсон буюу салбартаа танигдсан байсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т "Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг" гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг хэлнэ” гэж заасан байдаг. Энэ барааны тэмдэг нь бүртгэлд ямар хамааралтай вэ гэвэл тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй” гээд мөн 5.2.8-д “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар агуулгатай барааны тэмдгийг бүртгэхгүй” гэж заасан. 2010 оны Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага нь барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож, мэдүүлгийг нь барааны тэмдгийн санд хадгална”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Монгол Улсын барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой асуудлыг төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “Барааны тэмдгийг бүртгэж, гэрчилгээ олгоно”, 29.1.3-т “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонтой холбоотой журмыг боловсруулж, батлах” гэж заасны дагуу хариуцагчид журам батлах эрх нь байдаг. Нийтэд түгээмэл болсон гэж бүртгүүлснээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүсдэг. Нийтэд түгээмэл барааны тэмдэг нь бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх эрх зүйн үр дагавар үүсгэнэ.

6.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байдаг. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн зохицуулалтууд байдаг. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 6 bis зүйлийн 1-д “Холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтээр мэддэг болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ” гэж заасан. Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Парисын кoнвенц (1967)-ийн 6 bis зүйлийг үйлчилгээнд дараах байдлаар хэрэглэхээр буюу “гишүүд нь барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тoдoрхoйлoхдoo тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзана” гэж заасны дагуу 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Zaluu.com цахим сайтын үйл ажиллагааг олон улсын домэйн нэрийн бүртгэлд бүртгүүлснээр мэдээллийн сайт чиглэлээр тасралтгүй үйл ажиллагааг явуулж, “Залуу” брендийг нийтэд түгээмэл болгосон. Бүртгүүлсэн эсэхээс үл хамаарч нийтэд түгээмэл болсон эрх зүйн үр дагавруудыг эдэлж ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Э” ХХК  нь 2014 оны 12 дугаар сарын 04-ныий өдөр “Z *******.com Үндэсний тэргүүлэгч сайт” гэсэн үг бүхий барааны тэмдгийг бараа, үйлчилгээний 35, 36, 42 дугаар ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн. Уг мэдүүлгийг улсын бүртгэлийн 15706 дугаарт бүргэсэн бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу хайлт, шүүлт хийж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.7-д заасны дагуу өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй байна гэж үзэн бүртгэхээс татгалзсан урьдчилсан татгалзлын мэдэгдлийг 2015 оны 04 дүгээр сарын 23-нд гаргасан. Мэдүүлэг гаргагч “Э” ХХК  нь шинжээчийн урьдчилсан татгалзлыг эсэргүүцэж өмнө бүртгэгдсэн барааны тэмдгээс Z дүрстэй үсэг бүхий Үндэсний тэргүүлэгч сайт гэсэн үгнүүд орсон нь ялгагдах шинж чанартай байна гэсэн эсэргүүцэл гаргасан. Үндэсний тэргүүлэгч сайт гэсэн үг нь Барааны тэмдэг, газар зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д зааснаар үйлчилгээгээ тайлбарласан, магтаалын шинжтэй үг хэллэг учир хамгаалалт авах боломжгүй учир ялгагдах шинж чанартай үг хэллэг биш, zaluu гэсэн үг нь өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгтэй үгийн дуудлага, утга ижил гэж үзэн дээрх үгнүүдэд эрхийн хамгаалалт хийлгүйгээр Z үсэг бүхий дүрсэд эрхийн хамгаалалт хийсэн бөгөөд барааны тэмдгийн гэрчилгээнд энэ тухай тэмдэглэсэн болно” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюуны өмчийн газар нь барааны тэмдгийг бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн аваад Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн  дугаар зүйлийн 5.1, 5.2, 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд шүүлт хийж дүгнэлт гаргадаг. Хуулийн дагуу шинжээч Улсын бүртгэлийн 14961,14962 дугаар бүртгэлтэй “*******”, “Залуу” гэх барааны тэмдгийг бараа үйлчилгээ болон олон улсын бараа үйлчилгээний 16, 35, 38, 39, 41, 42, 44 дүгээр ангиллуудад эрхийн хамгаалалт хийлгүүлэхээр мэдүүлсэн. Хуулийн хүрээнд хайлт шүүлт хийж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж үзсэн. Хуулиар тогтоосон эрх мэдлийнхээ хүрээнд Монгол Улсад бүртгэгдсэн болон мэдүүлсэн бүртгэлтэй цахим сан, түгээмэл тэмдэгтээр тооцсон жагсаалтад хайлтыг хийж, өмнө нь бүртгэлтэй болон мэдүүлсэн ижил олон төсөөтэй барааны тэмдэг, түгээмэл тэмдэгт тооцсон болон тооцуулахаар мэдүүлсэн хүсэлт байгаагүй учир барааны тэмдэг бүртгүүлэх хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн.

8.1.Барааны тэмдгийн шинжээч эсхүл барааны тэмдэг эзэмшигч нь өөрөө тухайн барааны тэмдгийг нийтэд түгээмэл тэмдэгт тооцдог эсэх тухай асуудлыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд тодорхой зааж өгсөн. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 6 bis зүйлийн гарчигт “барааны тэмдгийг бүртгүүлэх ба мэдүүлэг гаргах нөхцөлийг холбооны гишүүн орон бүр өөрийн үндэстний хууль тогтоомжоор тогтооно” гэж түгээмэл тэмдгийг хамгаалахыг улс бүрд үүрэг болгосон. Яаж хамгаалах талаар эрх бүхий байгууллагууд болон тухайн улс орны хууль тогтоомжоор шийдвэрлүүлэхээр заасан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд “түгээмэл тэмдэг” гэж тодорхойлсон. Түгээмэл тэмдгийг бүртгэж байгаа асуудал биш түгээмэл тэмдэгт тооцож байгаа юм. Түгээмэл тэмдэгт тооцох хүсэлтийг хүлээн авч, хэрэв тооцвол жагсаалтыг гаргана. Тухайн жагсаалтын хүрээнд шинжээч хайлт, шүүлт хийнэ гэж тодорхойлсон.

8.2.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулах чиг үүргийг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна” гэсний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Оюуны өмчийн газрын даргын тушаалаар “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам” батлагдсан. Оюуны өмчийн газар буюу шинжээч түгээмэл тэмдэгт тооцох шийдвэрийг гаргадаг субьект биш юм. Дээрх хууль болон заалтын дагуу “Залуу” гэх тэмдгийг түгээмэл тэмдэгт тооцох тухай хүсэлт гаргаагүй ба Маргаан шийдвэрлэх зөвлөлөөс “Залуу” гэх тэмдгийг түгээмэл тэмдэгт тооцсон шийдвэр гаргаагүй учир түгээмэл тэмдэг гэж үзэх үндэслэл байхгүй байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т заасан “бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” гэж зааснаар төөрөгдөл оруулж байна гэж үзсэн. Гарал үүслийн хувьд газар, бүс нутгийн гарал үүслийн төөрөгдөлд оруулах тухай гэж үздэг. “Э” ХХК  нь 2014 онд болон 2019 онд “Залуу” гэсэн хоёр үгэн барааны тэмдгийн мэдүүлэг гаргасан бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 болон өмнө бүртгэсэн барааны тэмдэгтэй төсөөтэй учир бүртгэх боломжгүй гэсэн урьдчилсан шийдвэрийг гаргасан бөгөөд хуульд заасан мэдүүлэг гаргагчийн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар бүртгэх шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор эсэргүүцэх, тайлбар өгөх боломж байсан боловч тайлбар гаргаагүй нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэл болсон юм. “Залуу” гэх тэмдгийг бүртгэснээр хойш 1 жилийн хугацаанд хэвлэлд нийтэлсэн боловч “Э” ХХК  нь хууль бус бүртгэл байсан гэх үндэслэлээр гомдол гаргаагүй. Үүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрчихсөн байхад гомдол гаргаагүй нь

шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байгаа юм” гэжээ.

9. Гуравдагч этгээд “Эм” ХХК -ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг нь барааны тэмдгийн бүртгэлийн татгалзал болон бүртгэлийн маргааны үндсэн 2 заалт бөгөөд тухайн барааны тэмдгийн бараа, үйлчилгээний жагсаалтаас хамаарч утга, үг бүрээр задаргаа бүхий тусгайлсан тайлбар шаарддаг.

9.1.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь маргаж буй захиргааны акт гарсны дараа хүчин төгөлдөр болсон. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь заалтуудыг 2014 онд хүчин төгөлдөр болсон захиргааны актыг илт хууль бус эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх үндэслэлгүй.

9.2.Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын гишүүн бүх үлс оронд барааны тэмдгийг бүртгэснээр өмч хэмээн зөвшөөрөгдөж, бүртгүүлсэн этгээдэд нэгэн төрлийн монополь эрхийг олгодог онцлогтой эрх зүйн харилцаа бөгөөд “First come-first served” зарчимд үндэслэн барааны тэмдгийн бүртгэлийн үйл ажиллагаа явагддаг. Барааны тэмдгийн бүртгэлийн хайлт, шүүлтийн ажиллагааг үндэсний хууль тогтоомж төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенци болон олон улсын хэмээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтсон заншил, хэвшсэн ойлголт, цар хүрээнд хийдэг онцлогтой. Дэлхийн аль улс оронд барааны тэмдэгт тавих шаардлага болон бүртгэхгүй байх заалтын дагуу шүүж, барааны тэмдгээр бүртгэх эсэх шийдвэрийг гаргадаг.

9.3.”Эм” ХХК -ийн мэдүүлсэн 14962, 14961 дугаартай “*******” болон “Залуу” үгэн илэрхийлэл бүхий барааны тэмдгийг бүртгэх шийдвэр нь нэхэмжлэгчид олгогдсон ямар хууль тогтоомжид заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тухай хуулийн зүйл заалт бүхий үндэслэл, үйл баримтыг нэхэмжлэлд дурдаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч тал маргаан бүхий 2 барааны тэмдгийг бүртгэсэн үйл ажиллагаа нь илт хууль бус учраас энэ илт хууль бус бүртгэлийг дагаж гарсан дүгнэлт, шаардлага нь илт хууль бус гэж үзэж байна. Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 165 дугаар тушаал нь хуулиар тусгайлан эрх олгосон, хуульд заасан үндэслэлтэй, хуулиар заасан журам хэлбэрийн шаардлага хангасан захиргааны акт юм. Тодруулбал маргаан бүхий 165 дугаар тушаал нь 2010 оны Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага нь барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож, мэдүүлгийг нь барааны тэмдгийн санд хадгална”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Монгол Улсын барааны тэмдэг, газар зүйн заалттай холбоотой асуудлыг төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “Барааны тэмдгийг бүртгэж, гэрчилгээ олгоно”, 29.1.3-т “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонтой холбоотой журмыг боловсруулж, батлах” гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг Оюуны өмчийн байгууллагад монгол хэлээр гаргана” гэж заасан. Эдгээр хуулийн зүйл заалтууд нь Оюуны өмчийн газрын дарга барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл болсон гэж үзэж байна.

10.1.Нийтэд түгээмэл болсон гэдэг ойлголтын хувьд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцэд зааснаар нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг /well known mark/ гэдэг нэр томьёоллоор яригддаг. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 83 тогтоолд “шүүх нэхэмжлэлийн гол үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Олон нийтэд танигдсан тухайн барааны тэмдэг нийтэд түгээмэл болсон эсэх, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасан нөхцөл байдлыг тогтоосон эсэх, холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн. Well known буюу нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг нь ердийн барааны тэмдгээс илүү хүчин чадалтай барааны тэмдэг юм.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 6 дугаар зүйлд “Барааны тэмдгийг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцөлийг холбооны гишүүн орон бүр өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно” гэж заасан нь Парисын конвенцийн гишүүн орнуудад өөрийн үндэсний хууль тогтоомжоор тухайн барааны тэмдгийг хэрхэн бүртгэх болон мэдүүлэг гаргах процессыг хэрхэн явуулах талаар шийдвэрлэх бүрэн эрх олгосон байдаг. Энэ заалтын дагуу Монгол Улс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг" гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг” гэж тодорхойлсон. Энэ нь Монгол Улсад заавал бүртгэгдсэн байхыг шаардахгүй. Сонирхогч этгээд хүсэлт гаргаж, эрх олгогдсон төрийн захиргааны байгууллага буюу Маргаан таслах зөвлөл хүсэлт гаргасан этгээдээс бизнесийн нууц, дотоод үйл ажиллагаатай холбоотой нарийн мэдээллийг шаарддаг. Тухайн мэдээлэлд дүгнэлт хийж, барааны тэмдэг нийтэд түгээмэл болсон эсэх талаарх дүгнэлт гаргадаг. Нийтэд түгээмэл болсонд тооцсон тохиолдолд барааны тэмдгийн өмчлөл бий болно. Мөн давуу эрхийн хэрэгжилтийн давуу эрхийн хамгаалалт үүсдэг онцлогтой юм. Нэхэмжлэгч нь энэ талаар гомдол, хүсэлт гаргаагүй юм. Хэрэгт авагдсан лавлагаагаар нотлогдож байна. Оюуны өмчийн хууль тогтоомжийг өөрчлөх, шинэчлэн найруулах бүрдээ дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас зөвлөмж авдаг. Хэрвээ шинжээч эрх зүйн шалгуур үндэслэлгүйгээр өөрийнхөө үзэмжээр дурын тэмдгийг нийтэд түгээмэл болсон гэж тооцоод байвал энэ нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй юм. Мэдүүлэг гаргагч барааны тэмдгийн мэдүүлгийн явцад нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг хүлээдэг. Барааны шинжээч болон Оюуны өмчийн газар тухайн үүргийг хүлээдэггүй.

10.2.Харилцаа холбоо зохицуулалтын газраас ирсэн албан бичигт “Залуу” гэх интернэтийн хаягжилтын талаарх мэдээлэл байхгүй байна гэж бичсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 360,000,000 орчим домэйн нэр бүртгэлтэй байна. Олон нийтийн сүлжээний 4,500,000,000 хэрэглэгчдийн дунд уг асуудал яригддаг. Тийм учраас дурын мэдээллийг цензургүйгээр интернэт орчинд оруулдаг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд Монгол Улс 2021 онд өөрчлөлт оруулахдаа бүртгэсний дараа хэрэглээ шаарддаг улс анх удаа болсон. 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр гаргасан нэр бүхий барааны тэмдгийг бүртгэх ажиллагаа илт хууль бус учраас улсын байцаагчийн шаардлага, дүгнэлт дагаад илт хууль бус

болно гэсэн ойлголт байхгүй” гэжээ.

11. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн шаардлагыг эс зөвшөөрч, үүнийгээ хуулийн дагуу болон Олон Улсын болон Оюуны өмчийн тухай хуулийн зүйл заалтуудаар тайлбарлан мэтгэлцэж байгаа тайлбарыг сонсоод нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа тухайн барааны тэмдгийг бүртгэх үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэхийг хуулийн дагуу хянаж, дүгнэх ёстой гэж үзэж байна” гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК  нь анх тус шүүхэд Оюуны өмчийн газарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын 13278 тоот “*******” барааны тэмдгийн гэрчилгээ, 13279 тоот “Залуу” барааны тэмдгийн гэрчилгээ нь хууль зөрчигдөж олгогдсон, илт хууль бус болохыг тогтоолгох“ нэхэмжлэл гаргасан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, “Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын 194, 195 дугааруудаар олгосон хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 534 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн 1004 дүгээр дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох“ гэж өөрчлөн, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

3.1.”Э” ХХК  нь 2008 оноос зар сурталчилгаа интернэтийн zaluu.com сайтын үйл ажиллагааг эрхлэн явуулж, /Zaluu/ Залуу гэх брэндийг олон нийтэд таниулсан. Тухайн барааны тэмдгийг бүртгүүлэх үед буюу 2014 онд zaluu.com вэб сайт нь аль хэдийнээ олон нийтэд түгээмэл болсон буюу салбартаа танигдсан байсан. Гэтэл “Эм” ХХК  нь олон нийтэд түгээмэл болсон манай Залуу брэндийг хуулбарласан байхад зохих журмын дагуу шүүлт хийж, давхцал байгаа эсэхийг шалгахгүйгээр 13278, 13279 тоот барааны тэмдгийн гэрчилгээ олгосон нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8-д заасныг зөрчсөн.

3.2.Барааны тэмдгийг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлж, анхдагч огноог тогтоолгосон этгээд нь “Эм” ХХК  биш иргэн Б.Л******* байсан. Тухайн үед шинжээч урьдчилсан татгалзал гаргаж, Б.Л******* нь дээрх 2 вэб сайттай ямар холбоотой гэдгийг баталж байж барааны тэмдгийг бүртгэх ёстой байсан. Барааны тэмдгийг бүртгэх явцад процессын алдаа гаргаж, хууль ёсны эрх эзэмшигчид нь өмчлүүлээгүй.

3.3. Монгол Улсын нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг гэж үзэх бөгөөд Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 6 bis зүйл (1)-д зааснаар нийтээр мэддэг болсон барааны тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үүргийг дотоодын Оюуны өмчийн байгууллага хэн түрүүлж олонд танигдсан вэ гэдгийг судлан үзэж шийдвэрлэх ёстой. Нийтэд түгээмэл байсан zaluu.com сайтын хууль ёсны эрх, ашиг сонирхолд

илтэд халдсан шийдвэр гаргасан.

3.4.Хуульд заасан үндэслэл байхгүй байхад 13278, 13279 тоот барааны тэмдгийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн Оюуны өмчийн газрын даргын шийдвэр нь илт хууль бус тул уг тушаалыг үндэслэж гарсан улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан захиргааны актын илт хууль бус шинжийг агуулж байна. Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт нь бодит байдалд хэрэгжих боломжгүй захиргааны акт юм” гэж тодорхойлон маргажээ.

4. Маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл, магадлан шүүлтийн дүгнэлтийг үндэслэн 1 дэх заалтаар  шинээр бүртгэгдсэн хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын барааны тэмдгийн анхдагч огноо, тэмдэг эзэмшигчийг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар хавсралтад дурдсан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын 232 барааны тэмдгийг бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсний дотор хавсралтын 194, 195 дугаарт *******, ******* барааны тэмдгийн 13278, 13279 дугаартай гэрчилгээг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн анхдагч огноотойгоор иргэн Б.Л*******д олгохоор шийдвэрлэсэн, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 534 дүгээр албан шаардлагаар “Э” ХХК -ийн www.Zaluu.com веб сайт нь “Эм” ХХК -ийн “*******”, “*******” барааны тэмдгийг Олон улсын Ниццийн хэлэлцээрийн 42 дугаар ангилал болох веб хуудсанд ашиглахаар заасан эрхийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12,13 дугаар зүйлд заагдсан барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл болсон байна гэж үзэж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12, 13 дугаар зүйл, Оюуны өмчийн хяналтын улсын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9, 4 дүгээр зүйлийн 4.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Эм” ХХК -ийн *******, ******* барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэхгүй байх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн зөрчилтэй веб сайтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн  2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1004 дүгээр дүгнэлтээр “Э” ХХК -ийн www.Zaluu.com веб сайт нь “Эм” ХХК -ийн “*******,” “*******” гэсэн үгэн  барааны тэмдгүүдийг Бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрийн 42 дугаар ангилал болох веб хуудсанд ашиглаж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг зөрчсөн байна гэж дүгнээд Оюуны өмчийн хяналтын дүрмийн 9-ын “д“-д заасныг үндэслэн www.Zaluu.com веб сайтын үйл ажиллагааг зогсоохоор тус тус шийдвэрлэжээ.

5. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, ажил үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгох”-оор, 6 дугаар зүйлийн 6.1-д “барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад монгол хэлээр цаасаар, эсхүл цахим хэлбэрээр гаргана”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хийнэ”,  7.2-т “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана”, 8.3-т “Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно” гэж барааны тэмдэг, түүнийг бүртгэх, гэрчилгээ олгох  үйл ажиллагаа буюу процессыг хуулиар тусгайлан зохицуулжээ.

 

Маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг гол үндэслэлээ болгосон байх бөгөөд дээрх тушаал нь  илт хууль бус байх актын шинжийг агуулаагүй байна. 

6. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Оюуны өмчийн газарт иргэн Б.Л*******гээс “*******“ болон “*******” гэсэн үгэн тэмдгийг Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал”-ын 16, 35, 38, 39, 41, 42 болон 44 дүгээр ангилалуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлсэн, хариуцагч нь дээрх мэдүүлгүүдийг улсын бүртгэлийн 14961, 14962 дугаарт бүртгэж, барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийж, шинжээчээс Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, уг барааны тэмдгүүдийг  бүртгэх тухай дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар дээрх барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон, мэдүүлэг гаргагч Б.Л*******гээс 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэрээр мэдүүлсэн  “*******”, “*******” барааны тэмдгийн нэрийн эрхийг “Эм” ХХК -нд шилжүүлэх хүсэлт гаргасан, хариуцагч нь Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар дээрх барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Эм” ХХК -нд  шилжүүлсэн /өөрчлөлтийг оруулсан/, нэхэмжлэгчээс  2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “Z *******.com Үндэсний тэргүүлэгч сайт” гэсэн үгэн тэмдэгтийг Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангиллын”-ын 35, 36, 42 дугаар ангилалуудад эрхийн хамгаалалт хийлгэхээр мэдүүлэг гаргасан, хариуцагч нь мэдүүлгийг улсын бүртгэлийн 15706 дугаарт бүртгэж, барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийж, шинжээчээс Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6, 5.2.7-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзах дүгнэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан, дээрх татгалзсан урьдчилсан шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хянан үзээд “Үндэсний тэргүүлэгч сайт” гэсэн үг нь Барааны тэмдэгт, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу үйлчилгээгээ тайлбарласан, магтаалын шинжтэй үг, хэллэг учир хамгаалалт авах боломжгүй учир ялгагдах шинж чанартай  үг, хэллэг биш гэж үзсэн, харин “*******” гэсэн үг нь өмнө бүртгэгдсэн барааны тэмдэгтэй үгийн дуудлага, утга ижил гэж үзэн дээрх үгэнд эрхийн хамгаалалт хийхгүйгээр “Z” үсэг бүхий дүрсэд эрхийн хамгаалалт хийх дүгнэлт гаргасныг үндэслэн Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/27 дугаар тушаалаар барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, 201600150 дугаартай гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

7. Хариуцагч захиргааны байгууллага нь иргэн Б.Л*******гийн гаргасан барааны тэмдгийн мэдүүлгийн дагуу мэдүүлгийн бүрдлийн хяналтыг хийж, анхдагч огноог 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тогтоож, улмаар шинжээчээс тухайн барааны тэмдэгт шүүлт хийж, мэдүүлгийг мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, мэдүүлгийн улсын бүртгэлийн 14961,14962 дугаартай барааны тэмдгийг бүртгэх дүгнэлт гаргасан, дээрх дүгнэлтийг  үндэслэн маргаан бүхий захиргааны актаар “******* “, “*******” гэсэн үгэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, 13278 болон 13279 дугаар Барааны тэмдгийн гэрчилгээ олгосон байх тул дээрх барааны тэмдгийг бүртгэх, шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзнэ.

8. Нэхэмжлэгч нь “ .... *******/ ******* гэх брэндийг олон нийтэд таниулсан, 2014 онд zaluu.com вэб сайт нь аль хэдийнээ олон нийтэд түгээмэл болсон буюу салбартаа танигдсан” гэсэн агуулгаар маргаж байна.

9. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 6 дугаар зүйлийн (1)-д “Барааны тэмдгийг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцөлийг холбооны гишүүн орон бүр өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно” гэж зааснаар энэ маргааны тохиолдолд дотоодын хууль тогтоомжоос гадна Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ хэрэглэгдэнэ.

10. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг ойлгоно” гэж, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 6 bis зүйл (1)-д “Холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг, тухайн улсад нийтээр мэддэг болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ. Энэ заалт, тэмдгийн зонхилох бүрдэл хэсэг нь нийтэд илэрхий болсон тэмдгийн хуулбар буюу түүнийг дуурайлгасан, түүнтэй төөрөгдөл үүсгэж болохуйц байгаа тохиолдолд бүрэн хамаарна” гэж, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Парисын конвенц (1967)-ийн 6 bis зүйлийг үйлчилгээнд байдлаар хэрэглэнэ. Гишүүд барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзана” гэж, 16.3-т “Парисын конвенц (1967)-ийн 6 bis зүйлийг барааны тэмдэг нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээнээс өөр бараа буюу үйлчилгээнд хэрэглэх бөгөөд чингэхдээ тэдгээр бараа буюу үйлчилгээнд хамаарах тэр барааны тэмдгийг хэрэглэх нь тэдгээр бараа буюу үйлчилгээ болон бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн хоорондын холбоог харуулахуйц, түүнчлэн тийнхүү хэрэглэснээр бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн ашиг сонирхол зөрчигдөж болохыг анхаарна” гэж тус тус заажээ. Дээрх хууль болон конвенцийн заалтын агуулгаас үзэхэд “нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг” гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг хэлэх бөгөөд бүртгүүлэхгүй ч гэсэн хамгаалагддаг барааны тэмдэг нь нийтээр мэддэг болсон байх шалгууртай байх ба түүнчлэн  барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсныг  харгалзан үзэхээр, барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтээр  хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах зэрэг 3 аргаар хамгаалдаг  байна. 

11. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 6 дугаар зүйлийн (1)-д барааны тэмдгийг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцөлийг тухайн улс орон өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлохоор заасан байх ба  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ зааснаар барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохтой холбоотой дүрэм, журмыг  боловсруулж батлах чиг үргийг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-д зааснаар тухайн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн эсэх тухай хүсэлтийг сонирхогч этгээдийн хүсэлтээр Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Мөн Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 59 дүгээр тушаалаар баталсан “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам”-ын 1.2-т “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлтийг хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.4-т заасны дагуу Маргаан шийдвэрлэх комисс хянан шийдвэрлэнэ” гэж журамлажээ.

Дээрх хууль тогтоомжийн заалтаас үзэхэд барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь Маргаан шийдвэрлэх комисс байх бөгөөд харин холбогдох хуулиар тухайн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох эрх хэмжээ Оюуны өмчийн газар болон тус газрын шинжээчид олгогдоогүй байна.

12. Дээрх журмын 3.3-т “эрхийн хамгаалалт хийлгээгүй ч тухайн этгээдийн бараа, үйлчилгээний хувьд холбогдох салбарын хүрээнд олонд танил болсон тэмдгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтэд түгээмэл болсонд тооцож болох”-оор заасан хэдий ч  ингэж тогтоохдоо мөн журмын 2.4.1-2.4.7-д заасан шалгуур, нөхцөл байдлыг  харгалзаж үзэх ёстой. 

13. Анх *******.mn сайт нь домэйн нэрээ 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Датаком” ХХК-нд бүртгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс сайтад мэдээ, мэдээлэл байршуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, www.*******.com сайт нь анх домэйн нэрээ 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр PublicDomainRegistry.com сайтад бүртгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн сайтад мэдээ, мэдээлэл байршуулж, үйл ажиллагаагаа явуулж байсан, нэхэмжлэгч нь Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисст  “zaluu” барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 04/1498 дугаар албан бичгээр ирүүлсэн Домэйн нэрийн сан (Whois)-д бүртгэгдсэн домэйн нэр эзэмшигчдийн мэдээлэл, шүүхээс Web.archive.org сайтад хийсэн үзлэгийн тэмдэглэл, Оюуны өмчийн газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4/472 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба хэргийн оролцогчид дээрх үйл баримттай маргаагүй байна.

14. Дээрх хууль тогтоомж болон олон улсын гэрээ конвенцод зааснаар барааны тэмдгийг нийтэд танил болсон буюу нийтэд түгээмэл болсныг тухайн барааны тэмдэг нь бараа, үйлчилгээнийхээ хувьд холбогдох салбарын хэрэглэгчдийн хүрээнд танил болсон байдал, тухайн барааны тэмдгийг ашиглаж байгаа хугацаа, нутаг дэвсгэрийн цар хүрээ, хэмжээ, сурталчилгааны үр дүнд тухайн барааны тэмдгийг мэддэг болсон байдал, тухайн барааны тэмдгийн үнэлгээ зэрэг шалгуур үзүүлэлт, хүчин зүйлийг харгалзаж тогтоохоор байна.

 

15. Энэ маргааны тохиолдолд гуравдагч  этгээд “Эм” ХХК -ийн www.*******.mn сайт нь нэхэмжлэгчээс түрүүлж, 2007 онд домэйн нэрийн анхдагчаар бүртгэгдсэн, 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өөрийн сайтад мэдээ, мэдээлэл байршуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, нэхэмжлэгч нь тухайн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахаар Оюуны өмчийн газарт хүсэлт гаргаж байгаагүй, тухайн барааны тэмдэг нь нийтэд танил буюу түгээмэл болсон нь холбогдох нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

16. Түүнчлэн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ Оюуны өмчийн газар болон тус газрын шинжээчид олгогдоогүй байна.

17. Шүүхээс Web.archive.org сайт болон Analytics.google.com сайтад хийсэн үзлэгээр  *******.com сайт  нь мэдээллийг тогтвортой оруулсан, илүү хандалттай байх боловч дан ганц энэхүү нөхцөл байдал нь нийтэд танил болсон буюу нийтэд түгээмэл болсон гэж үзэх үндэслэл болохгүй.

18. Нэгэнт “*******”, “*******” гэсэн үгэн барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэхээс өмнө тухайн барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцсон ямар нэгэн шийдвэр гараагүй, нийтэд түгээмэл болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул энэ маргааны тохиолдолд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8 дахь заалт хэрэглэгдэхгүй тул  нэхэмжлэгчийн “ ... Эм Жи Эл медиа групп” ХХК нь олон нийтэд түгээмэл болсон манай Залуу брэндийг хуулбарласан байхад зохих журмын дагуу шүүлт хийж, давхцал байгаа эсэхийг шалгахгүйгээр 13278, 13279 тоот барааны тэмдгийн гэрчилгээ олгосон нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн  заалтыг зөрчсөн“ гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

19. Иргэн Б.Л*******гээс гаргасан “*******”, “Залуу” үгэн барааны тэмдгийн мэдүүлэгт шинжээчээс шүүлт хийхэд дээрх барааны тэмдэг нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдах бөгөөд тодруулбал барааны тэмдэг бүртгүүлснээр хамгаалагддаг тул хариуцагч нь Монгол Улсад бүртгэгдээгүй барааны тэмдэгтэй үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэсэн үндэслэлээр буюу  Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасан  шаардлагыг хангаагүй гэж үзэж, барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргах хууль зүйн боломжгүй юм.

20. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан барааны тэмдэгт тавих шаардлагад барааны тэмдгийн мэдүүлэг гаргагчийн талаар тусгайлан заагаагүй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн алин ч барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлт гаргах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн “Барааны тэмдгийн анхдагч огноог тогтоолгосон этгээд нь “Эм” ХХК  биш иргэн Б.Л******* байсан. Тухайн үед шинжээч урьдчилсан татгалзал гаргаж, Б.Л******* нь дээрх 2 вэб сайттай ямар холбоотой гэдгийг баталж байж барааны тэмдгийг бүртгэх ёстой байсан“ гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

21. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх ба 12 дугаар зүйлийн 12.3.3-т зааснаар барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх онцгой эрхтэй байх тул нэхэмжлэгчийн “ ... Албан ёсоор бүртгэгдсэнээс хэдхэн хоногийн дараа өөрөө ямар нэг үйл  ажиллагаа явуулах сонирхолгүйгээр бусад этгээдэд шилжүүлсэн нь шударга бус буюу  шунахай сэдэлтээр барааны тэмдгийг бүртгүүлсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

22. Нэхэмжлэгч нь “ ... Хуульд заасан үндэслэл байхгүй байхад 13278, 13279 тоот барааны тэмдгийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн Оюуны өмчийн газрын даргын шийдвэр нь илт хууль бус тул уг тушаалыг үндэслэж гарсан улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан захиргааны актын илт хууль бус шинжийг агуулж байна. Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт нь бодит байдалд хэрэгжих боломжгүй захиргааны акт юм” гэж маргаж байна.

23.Энэ маргааны тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтууд хэрэглэгдэнэ.

24. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй“ гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт тухайн захиргааны актыг гаргахдаа ямар ч хуульд үндэслээгүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхэд халдаж, гаргах ёсгүй байсан захиргааны актыг гаргасан байхыг ойлгоно.

 

25. Энэ тохиолдолд Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг гол үндэслэлээ болгосон,  9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Монгол Улсад барааны тэмдэг, газар зүйн заалттай холбогдсон асуудлыг төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд төрийн захиргааны байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 29.1.5-д “барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлгийг хүлээн авч, хянах”, 29.1.6-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэж, гэрчилгээ олгох” /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэж заасны дагуу хуульд үндэслэж дээрх захиргааны актыг гаргасан байх тул хуульд заагаагүй үндэслэлээр буюу эрх зүйн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

26. Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл маргаан бүхий  Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал нь илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна.

27. Гуравдагч этгээд “Эм” ХХК  нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 017/080 дугаар албан бичгээр өөрийн эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдгийг ашиглахыг хориглож, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдол гаргасан, хариуцагч Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12, 30 дугаар зүйлийн 30.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээд хяналт шалгалтыг явуулж, “ Эдимүүн” ХХК-ийн www.*******.com веб сайт нь “Эм” ХХК -ийн “*******”,  “*******” барааны тэмдгийг Олон улсын Ниццийн хэлэлцээрийн 42 дугаар ангилал болох веб хуудсанд ашиглахаар заасан эрхийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12,13 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна гэж үзэж, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Зөрчил арилгуулах тухай” 534 дугаар албан шаардлагыг үйлдэж, зөрчил гаргагч “Э” ХХК -нд хүргүүлсэн, улмаар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Э” ХХК -ийн “*******.COM” веб сайт нь “Эм” ХХК -ийн “*******”, “*******” барааны тэмдгийг Олон улсын Ниццийн хэлэлцээрийн 42 дугаар ангилал болох веб хуудсанд ашиглаж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж, www.*******.com веб сайтын үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

28. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд 13 дугаар зүйлийн 13.1.4-д зааснаар барааны тэмдгийг интернэт, сурталчилгаанд ашигласан тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцохоор, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.4-д зааснаар барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах онцгой эрхтэй байх ба мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12-т зааснаар /Энэ зүйлийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Оюуны өмчийн улсын байцаагч нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.

29. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь адил төрлийн үйлчилгээ буюу веб хуудсыг эрхэлж байгаа, нэхэмжлэгч нь эрхийн хамгаалалт хийгдсэн “*******”, “*******” гэсэн үгэн барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа нь нэгэнт тогтоогдож байх ба хариуцагч Оюуны өмчийн улсын байцаагчаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх актуудыг үйлдсэн байх тул улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал дээрх захиргааны акт нь хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн,  биелэгдэх боломжтой шийдвэрүүд юм.

30. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар нэхэмжлэгч нь  “******* “, “*******” гэсэн үгэн барааны тэмдгийг  энэ хуулийн 5 дугаар зүйлд заасныг зөрчиж бүртгэгдсэн талаар барааны тэмдгийг албан ёсны тогтмол хэвлэлд  хэвлэгдсэнээс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гомдол, хүсэлт гаргаж байгаагүй байх бөгөөд харин тухайн барааны тэмдгийг  улсын бүртгэлд бүртгэж, барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсоноос хойш уг бүртгэлийн асуудлаар Оюуны өмчийн газарт гомдол гаргаж байсан, хариуцагч Оюуны өмчийн газар нь уг бүртгэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 6/143,, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2/674 дугаар албан бичгээр тус тус хариу хүргүүлж байсныг тэмдэглэвэл зохино.

31. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа, тухайн барааны тэмдгийг бүртгэх ажиллагаанд алдаа гаргасан эсэхийг хуулийн дагуу дүгнэх, хянах шаардлагатай“ гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг илт хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нь хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд, хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг явуулж, дээрх захиргааны актуудыг гаргасан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

32. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий захиргааны актууд нь илт хууль бус актын шинжийг агуулаагүй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,  106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13,  9 дүгээр зүйлийн 9.1, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК -ийн Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын 194, 195 дугааруудаар олгосон хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 534 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн 1004 дүгээр дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох“  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.БАТСҮРЭН

                                                     ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН

                                                     ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ