Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1365

 

 

 

 

                                                                                                                 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2208 01067 1417 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ********* оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*************” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн ***** дугаар хороо, ******** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, *********,*****),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй. Компьютер тоглоомын газарт хамт мөрийтэй тоглож байсан хүмүүс ингэж мөнгө олж болдог гэж ярьж байсан. Би тухайн үед компьютер тоглоом тоглоод 410,000 төгрөг алдсан байсан...” гэв.

 

Эрүүгийн 2208 01067 1417 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас  хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 121-122 дахь тал), хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 29/1721 дугаар албан бичиг, ******* хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Хил хамгаалах ерөнхий газар руу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  явуулж байсан албан тоот  (хавтаст хэргийн 47 дахь тал), Хил хамгаалах ерөнхий газрын 2023  оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ******** хилээр нэвтэрсэн бүртгэлд авагдаагүй тухай албан тоот (хавтаст хэргийн 48 дахь тал), Эрүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 04/2859 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 50 дахь тал), яллагдагч ****** татвар төлөлтийн талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 59 дэх тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал), Төрийн банкны шүүгдэгч  ******** дансны хуулгыг хүргүүлэх тухай 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10/3874 дугаартай албан тоот, харилцагчийн хуулгын хамт (хавтаст хэргийн 73-74 дэх тал),Хас банкинд шүүгдэгч  ****** данс эзэмшдэггүй тухай 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 5 в/3220 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 76 дахь тал), Хаан банкны шүүгдэгч ******** дансны хуулгыг хүргүүлэх тухай 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 29/6750 дугаартай албан тоот  дансны дэлгэрэнгүй хуулгын хамт (хавтаст хэргийн 78-80 дахь тал), Чингис хаан банкинд шүүгдэгч  ******** данс эзэмшдэггүй тухай 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 934 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 82 дахь тал), Ариг банкинд шүүгдэгч  ******* данс эзэмшдэггүй тухай 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1019 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 84 дэх тал), Худалдаа хөгжлийн банкинд шүүгдэгч  ******* данс эзэмшдэггүй тухай 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 6/7148 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 86 дахь тал), Богд банкинд шүүгдэгч  ****** данс эзэмшдэггүй тухай 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 05/2048 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 88 дахь тал), Капитрон банкинд шүүгдэгч  ******** данс эзэмшдэггүй тухай 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Д873 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 90 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал),иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 113  дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 114  дэх тал),гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 115  дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 116  дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ****** нь “******” гэсэн хуурамч хаягаар фейсбүүк цахим орчинд “мотор жоохон дуугарсан портер зарна тордоод авах нь 1 саяд шууд ав ********” гэсэн худал зар оруулж, зарын дагуу холбогдсон хохирогч ******* “машин Булган аймагт байгаа, олон хүн залгаад авах гээд байна” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.200.000 төгрөгийг бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь  хохирогч ******* “...Би 2022 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ фейсбүүк ороод байж байхад “Портер Вонго авна зарна” гэх нэртэй групп дээр “Ерөөлт Ерөөлт” гэх фейсбүүк хаягтай хүн “мотор жоохон дугарсан тордоод авах нь 1 саяд шууд ав ********1” гэсэн зар байсан. Тэгээд би шууд тухайн дугаар луу залгаж зарах гэж байгаа автомашин нь хаана байгаа талаар асуухад Булган аймагт байна гэхдээ хүн авахаар болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд бэлэн 1.200.000 төгрөг өгөөд авчихъя гэж хэлэхэд тэгвэл та мөнгөө шилжүүлчих, хүмүүс авна гэж хэлчихээд авдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн Хаан банкны данснаас тухайн хүний Хаан банкны ******* тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлээд дараа нь өөрийнхөө Хаан банкны ****** тоот данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн.Гүйлгээний утга дээр ******** гэж дугаараа бичсэн. Тэгээд тухайн автомашин зарна гэсэн хүнтэй холбогдоход мөнгө нь орчихсон байна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос гарлаа. Булган аймаг руу очлоо гэж хэлэхэд тэгээ гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 05 цагийн үед хотоос гараад 12 цагийн үед Булган аймгийн төв дээр очоод автомашин зарна гэсэн хүний дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд утас нь цэнэггүй болчихсон юм болов уу гээд 16 цаг 30 минут хүртэл хүлээгээд тухайн аймгийн цагдаагийн газар луу явсан. Гомдолтой байна, би нийт 1.200.000 төгрөг залилуулсан, Булган аймаг руу явсан унааны шатахуун хийсэн 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 121-122 дахь тал),

Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 29/1721 дугаар албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сард өөрийн ашигладаг байсан “***********” гэх фейсбүүк хаягаараа цахим орчинд “Портер машин зарна” гэх зар байршуулсан. Тухайн үед олон хүн холбогдсон бөгөөд би тухайн хүмүүстэй ярихдаа мотор нь асуудалтай портер байна 1.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Ингээд тухайн хүмүүс мотор асуудалтай гэж хэлсэн учир авахгүй байсан ба нэг иргэн тэр үед над руу холбогдож өөр хүнд битгий зараарай би 1.200.000 төгрөгөөр авъя гэхээр нь би өөрийн ****** тоот хаан банкны дансаа өгөхөд миний данс руу эхлээд 200.000 төгрөг, удалгүй 2 цаг орчмын дараа  1,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд мөнгө орж ирэхээр нь утсаа унтраасан. Тухайн үед надад мөнгөний хэрэгцээ байгаагүй ч гэсэн хүнээс залилж мөнгө авч тухайн мөнгийг ойр зуурын хэрэгцээнд зарцуулаад дуусгасан юм. Тухайн үед би ПС тоглоомын газарт тоглож байхад нэг залуу тийм аргаар мөнгө олж болдог гэж хэлэхээр нь тухайн залуугийн хэлсэн зүйлсээс санаа авч хүн залилсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 104-106 дахь тал), ****** цагдаагийн байгууллагад гаргасан “фейсбүүкээр портер машин зарна гэсэн үл таних хүний данс руу 1.200.000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч ****** нэр дээр бүртгэлтэй Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 4 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогддог.

 

Залилах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.

 

Шүүгдэгч ****** нь өөрт байхгүй автомашиныг зарна гэж ******** хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, дансандаа бусдын хөрөнгийг шилжүүлэн авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч ****** холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй.

 

Шүүгдэгч ****** нь хохирогч ******* учруулсан 1,200,000 төгрөгийг төлж барагдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг нөхөн төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1,200,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ****** олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч ****** нь бензин шатахуунд зарцуулсан зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлөх талаар идэвх санаачилга гаргаагүй, өнөөдрийг хүртэл хохирогч ****** учирсан хохиролыг бодитоор төлөөгүй байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                         

                                                 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****,*******,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 1,200,000 төгрөг гаргуулж, хохирогч ************ олгосугай.

 

   5.Хохирогч ************ нь цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ