| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0396/Э/220/2023/0421 |
| Дугаар | 2023/ШЦТ/1462 |
| Огноо | 2023-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1462
2023 12 11 2023/ШЦТ/1462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч ***, өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,
хохирогч ***, өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “***” ХХКомпанийн захирал ажилтай, *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.
Хэргийн товч агуулга: *** нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө, 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрүүдэд *** тоот гэртээ эхнэр ***ийг үргэлжилсэн үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагч “2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 335А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нотлох баримт (хавтаст хэргийн 3-4, 6-8, 9-10, 18-19, 21-28, 31-35, 36-38, 56-58, 60-61, 62-65, 85-86, 210-212 дугаар хуудас)
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “ ***ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт, мөрдөгчийн санал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гурав дугаар хэлтсийн албан бичиг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч ***, *** нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, хохирогчийн мэдүүлгүүд, эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 16-17, 44-49, 54, 59, 85-86, 129-132, 133-182, 210-212, 217-218, 228 дугаар хуудас),
- Хохирогчийн өмгөөлөгч “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 32-33, 37-38, 210-212 дугаар хуудас)
- Шүүгдэгч, хохирогч нар “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэцгээв.
Хоёр. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч ***д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёс, шударга ёс, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас “***ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тал дээр маргахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах” гэсэн дүгнэлтийг танилцуулж, мэтгэлцсэн болно.
2.1 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***ыг “2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн үед *** тоотод эхнэр ***ийг “оройтож ирлээ” гэх шалтгаанаар үснээс нь зулгаах зэргээр биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай юм.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд,
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд “...2022 оны 12-р сарын 19-20-нд шилжих шөнө гэртээ бид хоёр үл ялих шалтгаанаар маргалдаж ариун цэврийн өрөөнд орсон. Гэхдээ намайг зодож цохиогүй, ширүүн маргаан болсон. Би ***ас сална гэж шийдсэн байсан. Маш их гомдсон байсан учир дөвийлгөж мэдүүлсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 211, 217-218 дугаар тал),
- шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “...2022 оны 11-р сарын 19-20-нд шилжих шөнө би ***ыг хөдөөнөөс ирэхээр нь тосож авсан. Бид хоёр гэртээ харих замдаа маргалдсан. Тэгээд намайг гэрт оруулахгүй, хэсэг хугацааны дараа хаалгаа онгойлгоод гэрт оруулсан. Тэгээд бид хоёр нойлын өрөөнд ороод нэлээн өндөр дуугаар маргалдсан. Тэр үед манай дүү унтаж байсан. Тэгэхэд намайг зодсон зүйл байхгүй” (шүүх хуралдааны тэмдэглэлээс),
- гэрч ***ийн “...хүргэн ах 00 өрөө рүү дагуулж ороод хараагаад загнаад байсан. Би тухайн үед унтчихсан байсан. Эгч орилохоор нь сэртэл эгчийг маань элэг рүү өшиглөх гээд байж байхаар нь салгаад том өрөө рүү авч ороод хэвтүүлсэн. Ах эгчийг үснээс нь зулгааж босгоод өрөө рүүгээ аваад явсан. Тэгээд өглөө болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас) өгсөн байна.
Хохирогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх гаргасан нотлох баримт, өгсөн мэдүүлгийг шалгахгүйгээр шийдвэрийн үндэслэл болговол нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах эрсдэл дагуулах ба дан хохирогчийн мэдүүлгээр, тухайн хэрэгт сонирхол бүхий гэрч нарын мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал юм.
Нөгөөтээгүүр гэрч гэж “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, мөн Монгол хэлний журамласан тайлбар толь бичигт “гэрч” гэсэн үгийн утгыг “хэрэг явдлыг тодорхойлон батлахад холбогдох ямар нэгэн баримт гаргах этгээд, юм” гэж, гэрчийн хүн гэж “хэргийг үзсэн харсан хүн”, гэрчийн мэдүүлэг гэж “үзсэн харсан хүний өчиг” гэж тус тус тайлбарласан.
Дээрх мэдүүлгээс дүгнэхэд тухайн өдөр шүүгдэгч, хохирогч нарын дунд хэрүүл маргаан болсон ба хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий тухайн үйл явдлыг шууд харсан гэрчийн этгээд гэж үзэх боломжгүй, хохирогч *** “тухайн өдөр зодоогүй талаар мэдүүлсэн” байхад прокуророос энэхүү үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийг тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд *** нь хохирогч ***ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотолсон “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй” тогтоогдоогүй, гэмт хэргийн шалтгаант холбооны онолын тайлбараар гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг тул ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн нь тогтоогдоогүй нөхцөлд шалтгаант холбоо байхгүй гэж үздэг.
Гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шалгуур, шинжээр “Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь цаг хугацааны хувьд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд аюултай гэмтэл буюу хохирол учрахаас өмнө хийгдсэн байхаас гадна тухайн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахад хүргэсэн гэмт санаа, дотоод бодит боломж, чадамжийг бүрэн агуулсан байх ёстой” болох нь эрх зүйн онол, хууль хэрэглээний практикт тогтсон түгээмэл ойлголт, жишиг байдаг.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл /легитим/ болно.
Гэмт хэргийн шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчим төдийгүй, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёсгүй ба уг шинжийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид, ...ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч ***ын дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж Шүүх дүгнэв.
2.2 Шүүгдэгч ***ыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө *** тоот гэртээ орох үедээ “хаалга түгжлээ” гэх шалтгаанаар эхнэр ***ийг зодсон гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт(1 дүгээр хавтаст хэргийн 8, 18, 22, 26, 28 дугаар хуудас)-ууд болох хохирогч, гэрч ****, ***, ***, ***, *** нарын мэдүүлгээр тогтоогдсон хэдий боловч прокуророос шүүгдэгчийн нэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, бусад хоёр үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж зодсон гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан(1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дугаар тал) нь гэр бүлийн хүчирхийллийг “байнга” үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн байна.
Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн маргаан, гэмтэл учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй эсэхийг тогтоохын тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон дараа нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох учиртай бөгөөд байнгын шинжийг хангаагүй тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.
*** болон *** нарын хоорондын харилцаа, хамтын амьдралын хэв маягийн улмаас гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүд, нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл ***ыг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл, баримт цуглараагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасанчлан шүүгдэгчид ашигтай байдлаар дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ”гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.3 Харин шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр *** тоот гэртээ эхнэр ***ийг “халуун сав , битүү чанагч угаасангүй” гэх шалтгаанаар гацуур модны оройгоор зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ийн “...2023 оны 1-р сарын 03-ны өдөр кино үзээд сууж байтал *** энэ халуун савнуудаа угаа, битүү чанагч угаа гэхээр нь 10 минутын дараа киногоо дуусгаад угаая гэтэл пизда минь одоо бос гээд гацуур модны төмөр оройгоор зүүн гарын бугалгын дотор талд 2-3 удаа, баруун гарын бугалгын гадна талд урагдсан, толгой руу цохиж шалбалсан. Гэрт манай ээжийн дүүгийн хүүхэд *** байсан тулдаа намайг дахин цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 8, 211 дүгээр тап),
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “...2023 оны 1-р сарын 03-нд намайг гацуур модны дээд талын орой хэсгээр цохисон. Тэгээд би шүүх эмнэлэгт үзүүлээд дүгнэлт гарсан ” гэв.
- Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***ийн “...2023 оны 1-р сарын 03-ны өглөө 10 цаг болж байтал ах 12 цагаас явна мах тогоонд хийгээд тавьчих гэж эгчид хэлтэл 10 минут хүлээж бай гэтэл эгчид уурлан хурааж байсан гацуурын оройгоор эгчийн хоёр гар, толгой руу нь цохиод байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1035 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед зүүн чамархайн хуйх, баруун бугалганы шарх, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар тал),
- шинжээч эмч ***ий “...***ийн биед учирсан зүүн чамархайн хуйх, баруун бугалганы шарх гэмтэл нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, шинэ гэмтэл гэж ойлгож болно” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тухайн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд халдан хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутай тооцож шийдвэрлэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба тэрээр эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч М.Жамбалдагвыг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийг торгох ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй” оролцсон болно.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийдвэрийн хуулбар(1 дүгээр хавтаст хэргийн 39, 97-100 дугаар хуудас)-аас үзэхэд *** нь урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2, 91.2.12, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хоорондын таарамжгүй харилцааны улмаас бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэсэн дүгнэлттэй, хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг өгсөн), шүүгдэгчийн хувийн байдал(тодорхой эрхэлсэн ажилтай, орлого олдог талаарх баримттай, *** тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, өөрийн үйлдэл гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон) зэрэг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагавар үүсгэхийг сануулж, шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР