Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 71

 

2017.03.14


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0081/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Хохирогч ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт *** овогт *** ***од холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201609000647 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.


Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, ***-нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, халх, 44 настай, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт *** тоотод оршин суудаг. ***-д жолооч ажилтай. Урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа эрүүл гэх *** овогт *** *** РД:***

Холбогдсон хэргийн талаар: 
Яллагдагч ***нь архидан согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Парк Таун хотхоны 49 дүгээр байрны гараашид 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23 цагийн үед иргэн ***тэй маргалдаж улмаар ***нь ***ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч В.***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед ажлаа тараад гэртээ амарч байсан чинь манай захирал Х.*** утсаар залгаад ажил дээр яваад ир гэж дуудсан. Тэгээд яваад очсон чинь ***, ***, манай захирал Х.*** гурав архи уучихсан архиа талд нь оруулчихсан сууж байсан. Тэгээд бид хэд нөгөө архийг хувааж уугаад дууссан чинь *** дахиад нэг шил архи авъя гээд картаа гаргаж ирсэн чинь Х.*** захирал намайг дэлгүүр яваад ир гэсэн. Тэгээд би ***ийн картыг нь аваад дэлгүүрээс нэг шил архи аваад дараа нь мөн би нэг шил архи авсан. Тэгээд бид дөрөв архи уугаад сууж байхад гаднаас *** орж ирээд гарсан. Тэгээд юм яриад миний авчирсан архийг яг задлаад дээрээс нь нэг л уусан байх тэр үед Х.*** захирал намайг маргааш чи машин барих юм чинь харьж амар гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад гэрлүүгээ орохдоо замдаа Парк тауны манаачийн өрөөнд ороод сууж байсан чинь араас Х.*** захирал утсаар дуудаад ***ийг гэрт нь хүргээд өг гэж дуудсан. Тэгээд би захирлын өрөөнд ороод ***ийн цүнхийг нь аваад ***ийг дагуулаад гарсан. *** 49 дүгээр байрны гараашид машинаа тавьчихсан байсан. Гарааш руу ороод цүнхтэй хувцсыг нь машинд тавьчихаад ***эд машинтай явахгүй шүү гээд хэлсэн чинь *** чи юу гээд байгаа юм гээд хувцсаа тайлаад хоёулаа зодолдъё гээд цээжээ нүцгэлээд байхаар нь би гараашнаас гараад яваад өгсөн тэр үед гараашны манаачтай үлдсэн. Тэгээд би гадаа гарч жаахан сууж байгаад буцаад гарааш руу ороод ирэхэд харуул *** ***ийн хувцсыг нь өмсүүлээд зогсож байсан. Тэгснээ *** намайг харчихаад над руу дайраад хоёулаа зодолдъё гээд намайг бариад авахаар нь би цааш нь түлхсэн чинь *** галын булангийн хаалганы булан төмөр аваад над руу цохих гээд дайрсан. Тэгээд би хойшоогоо ухраад хана тулаад нүүрээ хамгаалаад доошоо тонгойгоод зогссон чинь миний дээрээс цохиод байсан. Тэгээд удаагүй *** намайг цохихоо больсон. Тэгээд би галын булангийн хажууд лоом байхаар нь аваад чи хог барьдаг юм бол би ч гэсэн барина гээд далайгаад очоод цохих гэснээ болиод хоорондоо барьцалдаад авсан. Тэгснээ *** надаас лоом булааж аваад миний цээж хэсэг рүү 2 удаа хатгасан. Тэр үед гараашийн харуул ***ээс булааж авсан. Тэгээд би ***ийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод хоорондоо ноцолдож байхад нүүрнээс нь цус гарчихсан байсан. Тэгээд машины араар ороод зууралдаж байхдаа бид хоёр газар уначихсан. Тэгээд нүүрнээс нь цус гараад байхаар нь би зодолдохоо болиод боссон. ***ийн нүүрнээс нь цус гарчихаад тогтохгүй нүүрнээс нь цус урсаад босохгүй утсаар яриад байсан. Тэгэхээр нь би гараашийн харуул ***ыг явуулаад усанд явуулчихаад ***ийг босоод нүүрээ угаа гээд хэлсэн чинь босохгүй байсан. Тэгээд удаагүй 2 цагдаа ирсэн. Тэгээд эмнэлэг дуудаж эмч нь нүүрийг нь боогоод босгоод аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 09-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт ирж Дархан сумын 12 дугаар багт байрлах газар дээрээ барилгын ажил хийж шав тавьж ажлаа эхэлсэн юм. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил дээр байж байхад манай найз Х.***, *** хоёр ирээд барилга байшин эхлүүлсэн юм чинь тэмдэглэе гэсэн. Тэгээд орой 19 цагийн үед Х.***ын ажил болох Парк таун хотхонд байрлах ажил дээр нь очсон. Би машинаа ажлынх нь доод талын гараашид нь тавиад ажлаас шууд ирсэн болохоор хажуу талын үсчинд нь үсээ угаалгачихаад ажил руу нь орж хувцсаа сольсон. Тэр үед Х.***, *** хоёр нэг шил архи тавьчихсан намайг ажлаа эхлүүлсэн гээд баяр хүргэж 0.75 граммтай Соёрхол гэж архи задалсан. Тэгээд би архиа ууж байх хоорондоо гар нүүрээ угааж хувцсаа сольсон. Тэгээд юм яриад архиа уугаад дуусаж байхад ***гаднаас орж ирээд нөгөө архинаас 1 татсан байх нөгөө архи нь дуусчихсан. Тэгээд би нэг шил архи авах болоод гарах гэсэн чинь Х.*** чи хэрэггүй В.***ыг гаргаад архи авахуулчих гэхээр нь би картаа өгч явуулж авахуулсан. Тэгээд ***дэлгүүрээс нэг шил архи авчирсан. ***, Х.***, ***бид дөрөв уугаад сууж байхад гаднаас *** орж ирээд юм ярьж сууж байгаад удаагүй хөдөө явлаа гээд гарсан. Тэрнээс хойш би нэлээн согтчихсон байсан. Би ажлын хувцсаа гаргаад гарааш ороод машинд оруулаад тавьчихъя гэсэн чинь Х.***, В.***од өгөөд явуулчих гэхээр нь би яаж В.***ыг байн байн зарах юм гэж ярьж байсан. Би ерөнхийдөө нэлээн муудчихсан согтчихсон байсан. Би гарааш ороод ажлын хувцсаа машиндаа оруулж тавих гэж байгаад В.***той маргалдсан юм шиг байна лээ. Би хувцсаа тайлаад маргалдсан байсан. Би зарим нэг зүйлийг нь сайн санахгүй байна, нэг санаж байгаагаар машины ард газар уначихсан миний нүүрнээс цус гараад гараараа дарчихсан байж байхад ***дээрээс нэг юмаар цохиод байхаар нь би одоо чи боль би тэртээ тэргүй үхлээ гэж хэлсэн. Тэгээд л би ухаан алдчихсан байх, нэг мэдэхэд нэгдсэн эмнэлэг дээр очоод нүүрээ боолгож байхдаа сэрсэн. Дараагаар нь эгчийндээ очоод унтаж байгаад үүрээр сэрсэн. Тэрнээс бол болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа юм. Маргааш нь ***т ч гэсэн агсраад байсан гэж намайг буруутгаж байсан. Яагаад чамайг зодсон эсэх талаар сайн мэдэхгүй гэж хэлсэн. Миний хамар бага зэрэг муруйсан, баруун зүүн гарын бугуй хэсэг язарсан оёдол тавиулсан, нүүрний хэсэг гурван газар язарч оёдол тавиулсан. Мөн нуруу  хэсгээр юмаар ороолгосон шархтай, зүүн хөлийн шагайны дээгүүр хүндүүртэй, зүүн талын эрүү хэсгээр хөхөрч хавдсан, дагз хэсгээр хөхөрч хавдсан байдалтай байсан. Манай эхнэрт ***нь намайг машин барина гээд тэгээд маргалдсан гэж хэлсэн байна лээ. Миний хувьд бол би В.***той хэрэлдэж маргалдсан зүйлийг сайн санахгүй байна. Би хүнтэй маргалдахаараа хувцсаа тайлаад явчихдаг зуршил байдаг юм. Би эрүүл мэндээрээ хохирсон. Миний авто машин дээр гарсан хонхорхойг засуулж авмаар байна. Мөн ажил алдагдуулсан хохирол мөнгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “Гаднаас гараашид В.***, *** хоёр орж ирээд *** машин аваад гарна гэсэн чинь ***согтуу байж машин авч явах хэрэггүй. Миний хөгшөөн гээд хэлсэн чинь *** гэх залуу нь хоёулаа сайхан зодолдъе гээд дээгүүрх хувцсаа тайлаад дайраад байсан. Тэгсэн чинь ***би чамтай зодолдохгүй хөгшин нь явлаа гээд гараашнаас гараад яваад өгсөн. Тэгээд би газар хаячихсан хувцсыг нь ***эд авч өгөөд өмсүүлж байсан чинь удаагүй ***буцаж гараашид орж ирсэн. Тэгсэн чинь л *** В.***ыг харчихаад хоёулаа сайхан зодолдъё гээд дайрч байснаа *** галын хорны булан хөнгөн цагаан төмөр аваад В.***ыг хананд шахаад 2-3 удаа цохисон. Тэр үед ***нөгөө хөнгөн цагаан төмрийг ***ээс булааж аваад эргүүлээд авто машины баруун буланд байрлах 4 дугаартай авто машины зогсоол руу шахсан. Тэр үед *** нь паар хаадаг бариултай төмрөөс 2 гараараа барьчихсан байсан чинь ***хөнгөн цагаан төмрийн шовгор эрээр нь 2 гарыг нь тавиулах гэж цохиж байсан. Мөн дух хэсгээс нь цохиж цус гарчихсан байсан. Тэр үед би ****** хоёр дээр очоод В.***оос хөнгөн цагаан төмрийг нь булааж аваад машины хажуу тал руу шидчихээд буцаад яваад очсон чинь ***галын хорны хажууд хананд өлгөөтэй байсан лоомыг барьчихсан ***ийг цохих гэж байхаар нь би В.***оос хүн алах гээд байгаа юм уу гээд лоомыг булааж авчихаад эргээд харсан чинь ***нь шууд гараад яваад өгсөн. *** машины хойд талд газар хэвтчихсэн нүүрнээс нь цус гарчихсан утсаар яриад намайг хүн цохичихлоо гээд яриад байсан. Тэгээд би цагдаа эмнэлэг дуудсан юм. 
***хөнгөн цагаан төмрийг нь ***ээс булааж аваад эргүүлээд авто машины баруун буланд байрлах 4 дугаартай авто машины зогсоол руу ***ийг шахсан тэр үед *** нь паар хаадаг бариултай төмрөөс 2 гараараа барьчихсан байсан чинь ***хөнгөн цагаан төмрийн шовгор эрээр нь 2 гарыг нь тавиулах гэж цохиж мөн дух хэсгээс нь цохисон дух, гарнаас нь цус гарчихсан байсан. *** *** хоёр давхралдаж газар унасан асуудал байхгүй. Паар хаадаг төмрөөс *** барьчихсан байхад нь ***хөнгөн цагаан төмрийн эрмэг хэсгээр нь гар, дух хэсгийг нь цохисон. Тэрнээс бол унаж гэмтсэн зүйл байхгүй. 4 дугаартай авто машины ар хойд хэсэг нь паартай, мөн хойд хэсэгт нь гараашийн хаалгын хавтас босгосон байгаа тэрнийг мөргөж гэмтсэн асуудал бол байхгүй. ******ийн авто машиныг цохиж гэмтээсэн асуудал бол байхгүй. Ямар нэгэн байдлаар цохиж гэмтээсэн асуудлыг нь хараагүй. Сайн мэдэхгүй байна. Маргааш нь *** машинаа авахдаа эвдэлчихсэн байна гэж янз бүрийн юм надад хэлээгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 14, 50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1272 дугаартай “***ийн биед тархи доргилт, нүүр, 2 гарын бугуй, хэвлийн зүүн хажуу болон нурууны зүүн хэсгийн сорвинууд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ***эд учирсан гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***ийн биед илэрсэн хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт нь хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Яаралтай тусламжийн хуудас №20160159-д хамрын гэмтлийн талаар дурдагдаагүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 20/ 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 46-47, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10, 48/, Дархан-Уул аймаг дахь Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ял шийтгэлгүй /хавтаст хэргийн 61/ гэх болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ***нь архидан согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Парк Таун хотхоны 49 дүгээр байрны гараашид 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23 цагийн үед иргэн ***тэй маргалдаж улмаар ***нь ***ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч В.***, *** нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1272 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас В.***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл зөв байна. 

Шүүгдэгч В.***ыг хохирогч ***ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Хохирогч *** нь хохирол төлбөрөө нэхэмжилнэ, гомдолтой гэж мэдүүлж байх боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч *** овогт *** ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч В.***ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 /зургаа/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар сольж болохыг В.***од мэдэгдсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг 60 см урттай хөнгөн цагааныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар В.***од урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй 

6.Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *** нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл В.***од урьд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БАТТУЛГА