Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2020/ДШМ/33

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 01 өдөр                               2020/ДШМ/33                                                                Зуунмод

 

А.Т-, З.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт,

Шүүгдэгч З.О-, А.Т- /онлайнаар/

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа хянан шийдвэрлэсэн, 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолтой А.Т-, З.О- нарт холбогдох 1902007310274 дугаартай 1 хавтас, 236 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн

Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол Амарсанаа гудамж З6и байрны 106 тоотод оршин суух, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.536.000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бэрсүд овгийн Зоригтын О-, ________ регистрийн дугаартай,

  1. Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар

хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 304 дүгээр байрны 14 тоотод оршин суух, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 131а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Алтанхуягийн  Т-, __________ регистрийн дугаартай,

Шүүгдэгч З.О-, А.Т- нар нь гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 15.1289 граммын жинтэй шавар мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, биедээ болон 41-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Бэрсүд овогт Зоригтын О-, Боржигон овогт Алтанхуягийн Т- нарыг бүлэглэн хориглосон мансууруулах нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэрсүд овогт Зоригтын О-, Боржигон овогт Алтанхуягийн Т- нарыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-, А.Т- нарт тус тус оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-, А.Т- нарын тус тус баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.О-, А.Т- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 41-50 УБА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5.500.000 төгрөгийг шүүгдэгч А.Т-гээс гаргуулж, улсын орлого болгож,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгуй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч "Сити Финанс" ББСБ-нь зээлийн гэрээтэй холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 3 ширхэг тусдаа жижиг гялгар ууттай нийт 15.3022 грамм /ШШҮХ-ийн хэмжилтээр/ бор өнгийн шавар мэт зүйл, 2 ширхэг тунгалаг цаас AU3629655 серийн дугаартай 50 мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, улаан өнгийн бариултай цаасны хутга 1 ширхэг зэрэг эд зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03-р сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/75 тоот шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч ЭХХШТХ-ийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдол гаргаж байна.Үүнд:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон" гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй бөгөөд ЭХХШТХ-ийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. ЭХ-ийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн телсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно" гэсэн бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэж заасан байна. Иргэн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй ба шүүхээс Эрүүгийн хуулийн энэ 2 заалтыг өргөн хэрэглэж байна. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн энэ 2 заалтын бүх шаардлагыг З.О-, А.Т- нар нь бүрэн хангасаар байтал шүүхээс хэрэглээгүйд гомдож байна. Шүүгдэгч нар нь "хогийн олс" гэх энэ ургамлаас хамааралтай болчихсон түүнийг байнга хэрэглээд явдаг хүмүүс биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байгаа. Шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ийм гэмт хэрэгт холбогдсон болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүндээ чин санаанаасаа гэмшиж дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадахаа шүүхийн танхимд илэрхийлж байсан. Шүүгдэгч З.О-, А.Т- нар нь хар тамхины эсрэг төрийн бус байгууллагад гишүүнээр элсэн орж хүүхэд залуучуудыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрсдийнх нь гаргасан алдааг гаргуулахгүй байх чиглэлээр олон тооны тодорхой ажлуудыг хийж ирсэн зэрэг байдлуудыг шүүхээс харгалзаж үзээгүй.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. З.О-. А.Т- нар нь өөрсдөө хэрэглэх зорилгоор 15 грамм өвс түүсэн. Энэ жин харьцангуй бага жин бөгөөд зөвхөн хэдхэн удаагийн хэрэглээг хангана. Каннабинол гэх бодисын агууламжтай монголчууд бид "хогийн олс" гэж нэрлэдэг энэ өвс бол Монгол улсын арван дөрвөн аймгийн нутагт, байгальд түгээмэл ургаж байна. Энэ ургамлыг эмийн үйлдвэрт өргөн хэрэглэж олон эмийн найрлагад оруулж, тэдгээр эмүүдээр нь иргэдийг эмчилж байна. АНУ, Канад, Нидерланд, Бельги, Сингапур зэрэг олон оронд энэ өвсийг хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн байна. Хар тамхины төрөл болох герион, кокайн, айс /мөс/, LCD гэх мэт синтетик аргаар боловсруулан гаргаж авсан сэтгэцэд нөлөөт эдгээр бодисуудаас өвс нь хоруу чанарын хувьд хэдэн арав дахин бага гэдэг нь нотлогдсон. Энэ ялгамжтай байдлыг шүүх зайлшгүй харгалзан үзэх ёстой байсан.

4. 2015 онд батлагдаж 2017 оны 07-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулинд ялтай байдал гэх ойлголт алга болсон бөгөөд нэг хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "шүүгдэгч З.О-, А.Т- нар нь урьд нь гэмт хэрэгт ял эдэлж байсан болон түүндээ дүгнэлт хийгээгүй" гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм

5 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн AU3629655 серийн дугаартай 50-н төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг эд зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мердөн шалгах хэлтэст даалгасугай" гэж заасан нь хуульд нийцээгүй шийдвэр болсон байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг ЭХХШТХ-ийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан гагцхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үед л, шүүхийн байгууллагад устгахыг даалгах бөгөөд улсын мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд тушаадаг журамтай.

6. З.О-, А.Т- нар бусдад өр төлбөр байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хоёул 2 хүүхэдтэй эхнэрүүд нь жирэмсэн, А.Т- нь олон сая төгрөгийн зээлтэй, гэр бүлийнхээ санхүүгийн гол эзэд зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж тэднийг нийгмээс тусгаарлахгүй байх шийдвэрийг гаргаж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03-р сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/75 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч А.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Алтанхуяг овогтой Т- миний бие 2019 оны 09 сарын 05-ны өдөр ЭХ-ийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан зүйл ангиар эрүү үүсч 2020.03.04-нд Төв аймаг дахь Анхан шатны шүүхээр шийдэгдэж 1 жил 6 сарын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн. Уг хэрэг болсон 2019.09.05-ны өдөр баригдсан цагаас эхлэн би мэдүүлгээ үнэн зөвөөр тогтвортой өгч машинд өөрийн хийсэн өвсийг зааж өгч хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулаагүй мөрдөн байцаагчид үнэнээ хэлж байсан. Манай гэр бүлийн амьдарч байгаа Улаанбаатар хот. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 304 дүгээр байр 14 тоот нь 75 сая төгрөгийн “Худалдаа хөгжлийн банк”-ны сарын 630 400 төгрөгийн төлөлттэй 8%-ийн 20 жилийн хугацаатай зээлтэй байрыг 2015 онд авсанаас хойш би ажил хийн цалингаараа 5 жилийн хугацаанд тогтмол төлж байсан. Одоо эхнэр Б.Батчимэг маань том охин 6 настай Т.Сондор, бага охин 2 настай Т.Цэцэн нарыг харан гэртээ байдаг учраас ажил хийх боломжгүй тул зээлээ төлж чадахгүй болж байна. Миний гаргасан энэ болчимгүй алдаанаас болж эхнэр, үр хүүхдүүд минь идэх хоол, орох оронгүй болох байдалд хүрч байгаад мөн энэ гэмт хэрэгт холбогдсондоо би туйлын их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа дахин хэзээ ч хар тамхи хэрэглэхгүй гэдгээ амлаж байна. Миний дээрх байдлуудыг харгалзан үзэж тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгөхийг эрхэм шүүгчдээс хичээнгүйлэн хүсч байна. Надад энэ удаа нэг боломж олговол би үр хүүхдүүдийнхээ төлөө алдаа гаргачихаад эргэж харамсах биш алдаа гаргахгүйн төлөө анхааралтай амьдрах болно. Мөн улсад төлөхөөр шийдвэрлэгдсэн төлбөрийг барагдуулна. Гэвч машины үнэлгээгээр тогтоогдсон 5 500 000 төгрөгийг ганц надаар төлүүлж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

Шүүгдэгч З.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний аав болох Зоригт нь тархи толгойны унаж, татах гэмтэлтэй хүний асрамжид байдаг. Мөн ээж маань 2015 онд авто машины ослоор гэмтэл аваад группд байгаа. Том охин минь 10 настай 10 жилийн 6-р дунд сургуульд сурдаг. Удаах хүү маань 8 настай мөн 10 жилийн 6-р дунд сургуульд сурч байгаа. Миний эхнэр болох Мөнхсаруул нь 8 сартай жирэмсэн буюу 6-р сард 3 дахь хүүхдийг маань тээж, төрүүлэх гэж байгаа. Эхнэр маань төрөхдөө маш хүндрэлтэй төрдөг. Тиймээс намайг хажууд нь байж, асарч тэнхрэхэд нь туслах боломж бололцоог олгож өгнө үү. Тиймээс эрхэм шүүгч нар минь энэ бүгдийг минь харж үзээд надад нэг удаа итгэл хүлээлгэж өгнө үү. Би гэдэг хүн нийгмээс тусгаарлагдвал миний ард байдаг эдгээр хүмүүс маань санхүү болон сэтгэл санааны маш хүнд байдалд орох тул намайг тэнсэн харгалзах хугацаагаар шийтгэж, нийгмээс битгий тусгаарлаач гэж хичээнгүйлэн хүсье. 2019 оны 09 сарын 05-нд болсон хориотой ургамал болох “хогийн ургамлыг” хууль бусаар бэлтгэж татсандаа маш их гэмшиж, буруу зүйл хийснээ ухаарч, ойлгож байна. Тиймээс энэ цагаас хойш гишгэчихээд мөрөө харах биш, гишгэхээсээ өмнө мөрөө харж, энэ төрлийн болон, ямар нэгэн хэрэгт холбогдохгүй байхаа амлаж ухаарч байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг нь нотлогдсон, ял тохирсон тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Т- гаргасан тайлбартаа: Машин миний өмчлөлийнх, ар гэрийн байдлыг харгалзаад ял хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.О- гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэр хүнд байдалтай байх тул тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан саналдаа: Ял шийтгэл нь гэм бурууд тохироогүй тул ял хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч А.Т-, З.О- нарыг гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 15.1289 грамм жинтэй шавар мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, биедээ болон тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Үүнд:

- шүүгдэгч З.О-ын: “...ойр орчимд каннабис өвс ихээр ургасан байхыг хараад Т- бид 2 каннабис өвсийг 1 цаг 30 минут орчим хугацаанд түүгээд, гарт наалдсан тосоо бөмбөрүүлж бөөрөнхийлөөд гялгар уутанд авч мөнгөлөг цаас, мөнгөн дэвсгэртэнд ороож сорж хэрэглэж үзсэн. Интернетээс үзсэн бичлэгийн дагуу хоёр гарын алгаараа өвсөө хавсраад үрэхээр гарын алганд тос ч юм уу хир шиг хар бор зүйл наалдаж үлдэж байсныг цаасны хутгаар хусаж аваад бөөрөнхийлөөд уутанд хийсэн. Шавар гэх зүйлийг бусдад зарж борлуулахгүй, өөрсдөө хэрэглэж үзэх санаатай байсан." гэх мэдүүлэг /хх-47/,

- шүүгдэгч А.Т-гийн: “...каннабис өвс битүү ургасан байхаар нь бид хоёр хоорондоо ярилцаад мөн эсэхийг шалгаж үзэхээр тамхины цаасанд ороож татахад гашуун оргиж байсан. Дараа нь интернетээс үзсэн бичлэгийн дагуу 2 алгаараа хавсарч үрж, алганд наалдсан бор өнгийн шавар мэт зүйлийг аваад гялгар уутанд хийсэн. Анхнаасаа каннабис түүж бэлтгэх санаа зорилго байгаагүй, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна." гэх мэдүүлэг /хх-48/

 - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-09-12/, эд зүйлд /хураан авсан өвс болон шавар мэт зүйлд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15/, “...гялгар ууттай бор өнгөтэй шавар мэт зүйл, ногоон өнгийн ургамал, тугалган цаас, мөнгөн дэвсгэрт, цаасны хутганд болон шүүгдэгч нарын шээсэнд Делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг" гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4936 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-28-31/, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-79/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нарын бэлтгэж, хадгалсан 15.1289 грамм жинтэй шавар мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн, энэ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн  жагсаалтанд хамаардаг болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4936 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нар нь Төв аймгийн Жаргалант сумаас тухайн өвсийг түүж шавар мэт зүйл гаргаж авсан нь “хууль бусаар бэлтгэсэн” хэлбэр мөн бөгөөд уг зүйлийг өмсөж явсан хувцасны халаас, унаж явсан 41-50 УБА улсын дугаартай Приүс маркын тээврийн хэрэгсэл дотроос хураалгасан нь “хадгалсан” гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч нар дээрх үйлдлийг хийхдээ санаа зорилгын хувьд нэгдсэн болох нь нотлогдсон, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шүүгдэгч нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцитай ба шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан  ялын төрөл, хэмжээний дотор буюу тус бүрд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Т-, З.О-, тэдний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон" гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг буруу шийдвэрлэсэн талаарх өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн, хуулийн этгээд байхгүй  байхад “хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон” гэж буруу дүгнэлт хийсэн, мөн  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шавар мэт зүйл, тунгалаг цаас, мөнгөн дэвсгэрт, цаасны хутгыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасан нь буруу болжээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураахаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ба шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ А.Т-гийн өмчлөлийн 41-50 УБА улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа тээврийн хэрэгслийг хураалгүй, түүний үнэ болох 5 500 000 төгрөгийг А.Т-гээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч З.О-, А.Т- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 41-50 УБА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 5 500 000 төгрөгийг шүүгдэгч А.Т-гээс гаргуулж, улсын орлого болгосугай.” гэснийг

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 41-50 УБА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай.” гэж,

- 7 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 3 ширхэг тусдаа жижиг гялгар ууттай нийт 15.3022 грамм /ШШҮХ-ийн хэмжилтээр/ бор өнгийн шавар мэт зүйл, 2 ширхэг тунгалаг цаас AU3629655 серийн дугаартай 50-н мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, улаан өнгийн бариултай цаасны хутга 1 ширхэг зэрэг эд зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.” гэснийг

“Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15.3022 грамм /ШШҮХ-ийн хэмжилтээр/ бор өнгийн шавар мэт зүйлийг  устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст, 2 ширхэг тунгалаг цаас, улаан бариултай цаасны хутга 1 ширхэгийг устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт тус тус даалгаж, AU3629655 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг  Монгол Банкинд шилжүүлсүгэй.” гэж  тус тус өөрчилсүгэй.

- 5 дахь заалтын “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч А.Т-, З.О-, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

            ШҮҮГЧИД                                            Т.ЭНХМАА

 

 

                                                                         Г.БОЛОРМАА