| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0153/З |
| Дугаар | 221/МА2026/0456 |
| Огноо | 2026-06-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0456
“М*******” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Л*******
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: “М*******” ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д*******
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагчийн гаргасан 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0135057 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0367 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Л*******
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М****
Хариуцагч С.Д*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0153/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “М*******” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагчид холбогдуулан “2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0135057 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0367 дугаар шийдвэрээр:
“Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.3, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, Үнэт цаасны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 65 дугаар зүйлийн 65.1.1, 80 дугаар зүйлийн 80.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д*******ийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №0135057 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Монголиан мастер менежтент” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Л******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...“Монголиан мастер менежмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д*******т холбогдох “...2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0135057 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2026/0367 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Монголиан мастер менежмент” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-д заасан “бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан” гэсэн зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хулийн 80.3 нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-д заасан “бусад арга хэлбэрээр” гэдэг нөхцөлтэй хамааралгүй зохицуулалт юм. Тухайлбал Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.1-д “...харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зах зээлийг урвуулан ашиглах зохицуулалтын болон бусад арга хэлбэрээр...” гэж тусгасан бөгөөд “бусад арга хэлбэрээр” гэдэг зохицуулалтыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлд тусгаагүй байна.
Харин Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 155 дугаар тогтоолын хавсралт “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам”-ийн 2.1-д бусад арга хэлбэр гэдэгт хамаарах үйлдлүүдийг зохицуулсан, гэтэл уг журам нь хэм хэмжээний актад бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй байх тул уг журамд заасан зах зээлийг бусад хэлбэрээр урвуулан ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4-д заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.
3.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Би Ди Сек ҮЦК” ХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд нь “Би Ди Сек ҮЦК” ҮЦК ХК-ийн хувьцааны ханшийг өсгөх зорилгоор ханшийг зохиомлоор тогтоосон гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-ийн зорилго нь “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх” зорилготой байхыг ойлгож байна. Гэтэл улсын байцаагч энэ зорилго хангагдаж байгаа эсэхийг шалгалгүйгээр шийтгэлийн хуудас мөн шүүхэд ирүүлсэн тайлбар дээр “хувьцааны үнэ ханшийг өсгөх чиглэлд идэвхтэй арилжаа хийсэн” гэх үйлдлийн аргыг зорилго мэтээр тайлбарлаж, үүнийг шүүх зөвтгөж байгаа нь хууль тогтоомжийн уялдаа холбоог алдагдуулж байна.
Иймд улсын байцаагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-ийн зорилго болох “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөл бүрдсэн” эсэхийг тогтоох ёстой байсан. Энэ нөхцөл байдал бүрдсэн эсэхийг тогтоогоогүй тохиолдолд зах зээл дээр үнэ өсгөх чиглэлд хийсэн бүх хэлцлийг “үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон” гэж үзээд торгох боломжтой.
Гэтэл хариуцагч нь эдгээр нөхцөл байдал бүрдсэн эсэх тэрхүү өссөн үнэ нь бодит байдалтай нийцсэн эсэхийг компанийн санхүүгийн тайлан болон бусад байдлаар шалгаж тогтоогоогүй, үнэ өссөн шалтгааныг тогтоохдоо зөвхөн компаниас давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэрийг шууд холбон тайлбарласан нь үндэслэлгүй.
Өссөн үнэтэй хувьцааг нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсвэл хамаарал бүхий компани авч болохгүй гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд “М*******” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн хувьцааны ханш хэд байхаас үл хамааран тогтмол худалдан авдаг бөгөөд одоогийн байдлаар тус компанийн нийт хувьцааны 7.78%-ийг эзэмшиж байна. “Монголиан мастер менежмент” ХХК нь 2017.05.19-2025.10.17-ны өдрийг хүртэл нийт 150 гаруй удаагийн хэлцлээр “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн хувьцааг тогтмол худалдаж авсан бөгөөд тухайн худалдан авсан хувьцаагаа зарж байгаагүй ба энэ нь хувьцааны хуримтлал үүсгэх зорилготой юм.
“Монголиан мастер менежмент” ХХК-ийн Зөрчлийн 2501000058 дугаартай хэргийн материалд хавсаргасан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 01/762 дугаартай албан бичгийн хавсралт “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн үнэт цаасны арилжаанд хийсэн шалгалтын тайлангаар “Худалдах гүйлгээг хийсэн дансны хувьд олон дансны оролцоотой бөгөөд голлон оролцсон данс нь “Би Ди Сек ҮЦК” ХК-тай ямар нэгэн холбоо хамааралтай эсэхийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн.
Мөн тус шалгалтын тайлангаар худалдах гүйлгээнд идэвхтэй оролцсон харилцагчид нь "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-д үнэт цаасны данс эзэмшдэг харилцагч C***, “С*******" ХХК-д үнэт цаасны данс эзэмшдэг харилцагч Th**** зэрэг гадаад харилцагчид болох нь тогтоогдсон бөгөөд “Монголиан мастер менежмент " ХХК нь эдгээр хүмүүстэй хувьцааны ханшийг өсгөх эсвэл бууруулах зорилгоор уулзах, урьдчилан тохиролцох боломжгүй ба үүнийг тухайн тайланд тодорхой дурдсан байдаг.
“Би Ди Сек ҮЦК” ХК-ийн хувьцааг авах болон зарах захиалга хэдэн цагт өгсөн, хэдэн цагт биелсэн зэрэг материалыг тус шалгалтын тайланд хавсаргасан бөгөөд зарах захиалга арилжааны системд орсны дараагаар “Монголиан мастер менежмент” ХХК хувьцааг худалдан авсан байна. Мөн зарах захиалга арилжааны системд ороод тодорхой хугацаа өнгөрсний дараанаас хувьцааг авах захилга өгсөн зэргээс үзвэл “Монголиан мастер менежмент” ХХК түрүүлж авах захилгыг өгөөгүй гэдэг нь тогтоогдож байна.
Үүнээс үзвэл “Монголиан мастер менежмент " ХХК нь “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн хувьцааны ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийгээгүй буюу хувьцааг зарах захиалга өгсөн талыг мэдэхгүй бөгөөд урьдчилан тохиролцож хуйвалдаагүй гэдэг нь тогтоогдож байна.
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш энэхүү гомдол бичих өдрийг хүртэл “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн нэгж хувьцааны үнэ 2.700-3.100 төгрөгийн хооронд байна. Мөн “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн хувьцааны сүүлийн зургаан сарын жигнэсэн дундаж ханш нь 2866,7 төгрөг байна.
Хэрэв зах зээлийг урвуулан ашиглаж үнэт цаасны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлсөн бол 2025 оны 10 сараас өнөөдрийг хүртэл компанийн нэгж хувьцааны ханш өнөөдрийн түвшинд байхгүй байсан буюу санаатайгаар үнэт цаасны үнийг өсгөсөн бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмын дагуу үнэ буцаад бодит үнэрүүгээ буух байсан. Гэтэл нэгж хувьцааны үнэлгээ өнөөдрийг хүртэл 2.700-3.100 төгрөгийн хооронд байгаа нь “Би Ди Сек ҮЦК” ХК үнэт цаасны үнэ өсөхөд зохиомлоор нөлөөлөөгүй гэдгийг харуулж байна.
Мөн “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн 2025 оны жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгө 2022 оноос 45 хувиар нэмэгдэж 54 тэрбум төгрөгт, үйл ажиллагааны орлого 5.48 дахин нэмэгдэж 15.8 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 6.94 дахин нэмэгдэж 9.2 тэрбум төгрөгт хүрсэн. “Би Ди Сек ҮЦК” ХК нь жил бүр ногдол ашиг тараадаг бөгөөд 2024 онд нэгж хувьцаанд 89,67 төгрөгийн ногдол ашиг тарааж байсан бол 2026 онд нэгж хувьцаанд 141,75 төгрөгийн ногдол ашиг тараасан. Иймд “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн хувьцааны нэгж хувьцааны ханш өнөөдрийг хүртэл ханш 2900-3700 төгрөгийн хооронд байгаа нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчимтай нийцсэн бодит өсөлт байна.
Ийнхүү Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.3-д заасан “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг шалгаж тогтоохгүйгээр “хувьцааны үнэ ханшийг өсгөх чиглэлд идэвхтэй арилжаа хийсэн” гэх үйлдлийн аргыг зорилго мэтээр тайлбарлаж, үүнийг шүүх зөвтгөж байгаа нь хууль тогтоомжийн уялдаа холбоог алдагдуулж улмаар зах зээл дээр үнэ өсгөх чиглэлд хийсэн бүх хэлцлийг “үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон” гэж үзээд торгох боломжийг бүрдүүлэх эрсдэлтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 128/Ш2026/0367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.
1.Хариуцагч улсын байцаагчаас “…ханшийг зохиомлоор тогтоох зорилгоор үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан” гэсэн үндэслэлээр “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн хувьцааг худалдан авсан “Тасган инвест” ХХК болон “М*******” ХХК-ийг тус тус 20.0 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн, гэвч “Тасган инвест” ХХК-д хамаарах 0135056 дугаар шийтгэлийн хуудсыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр хүчингүй болгосныг тус шүүхийн мөн оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 324 дүгээр магадлалаар хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх боловч энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан, өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа энэ тохиолдолд адил агуулгатай одоогийн маргаан бүхий 0135057 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинээр гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэнээр цаг хугацааны хувьд дээрх магадлалтай шийдлийн хувьд зөрчилдөхгүй гэж үзлээ.
Шийдвэрт “…“Би Ди Сек ҮЦХ” ХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд болох “М*******” ХХК нь тус компанийн хувьцааны ханшийг өсгөхөд чиглэсэн 2 ба түүнээс дээш удаагийн хэлцэл хийсэн болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна…” гэж хэт ерөнхий дүгнэснээс өөрөөр чухам ямар байдлаар, ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа талаар дүгнэлт өгөөгүй, харин харилцан хамаарлын хувьд “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн ТУЗ-ын дарга Д.Даянбилгүүн нь “М*******” ХХК-ийн 70, мөн хувьцаа худалдаж авсан “Тасган инвест” ХХК-ийн 60 хувийг, “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Л******* нь тус компанийн 30, “Тасган инвест” ХХК-ийн 30 хувийг тус тус эзэмшдэг төдийгүй Б.Л******* нь “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг, нэгдмэл сонирхолтой этгээдүүд байх бөгөөд энэ талаар маргаангүй.
Гэвч ямар ч хуулиар нэгдмэл сонирхолтой этгээдүүд өөр хоорондоо хувьцаа худалдах, худалдан авахыг хориглоогүй тул энэ нь “М*******” ХХК-ийг “…“Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн хувьцааны ханшийг зохиомлоор тогтоох зорилгоор үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан” гэж буруутгахад харгалзан үзэх нэг л хүчин зүйл болохоос бус шууд үндэслэл болохгүй.
2.Зөрчлийн хэрэг нээх шалтгаан болсон “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 01/762 дугаар албан бичгээр ирүүлсэн шалгалтын тайлангийн дүгнэлтэд:
“…“Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн хувьцааны үнэ 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд 1599-өөс 3105 төгрөг болж 94 хувиар, компанийн зах зээлийн үнэлгээ 21.9-өөс 42.5 тэрбум төгрөг болж тус тус өссөн байна. …Худалдан авах гүйлгээнүүдийн хувьд “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болох “М*******” ХХК, “Тасган инвест” ХХК нь ханшийн өсөлтийн үнээр худалдан авах гүйлгээг ихээр хийсэн.
“Би Ди Сек ҮЦХ” ХК нь 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 04/25 дугаартай шийдвэрийг биржийн цахим сайтаар мэдээлэх үүргийг хугацаанд нь биелүүлээгүй буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.6-д заасныг зөрчсөн. Хурлын шийдвэрийг нийтэд мэдээлээгүйн зэрэгцээ компанийн дотоод мэдээлэл эзэмшигчдийн голлох оролцоотойгоор хувьцааны ханш 94.18 хувиар өссөн байгаа нь компанийн хувьцааны ханшийг зохиомлоор өсгөх үйлдэл байж болзошгүй гэж үзэхээр байна…” гэж тусгасан,
гэтэл тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 04/25 дугаар тогтоолоор “…компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлж давуу эрхийн хувьцааг 1000 ам.долларын нэгжийн үнэтэйгээр 10.000 ширхэг хүртэлх тоогоор гаргах эрхийг ТУЗ-д олгосон…” боловч энэ нь хэрэгжээгүй байдаг.
Түүнчлэн гомдол гаргагчийн “…2025 онд “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал сайн байсан нь хувьцааны үнэ өсөх шалтгаан болсон, үнэхээр зохиомлоор нэгж хувьцааны ханшийг өсгөсөн бол одоо ханш буурсан байх ёстой, гэтэл одоог хүртэл буугаагүй нэгж хувьцааны үнэ 2700-3100 төгрөгийн хооронд, мөн сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханш 2866,7 төгрөг байгаа нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчимд нийцсэн бодит өсөлт байсан…” гэх тайлбар, энэ талаар хариуцагчаас тодруулахад “…шууд хэлэх боломжгүй, …хувьцааны ханш 1599 төгрөгөөс 3105 төгрөг болж өссөн, үүнээс хойш арилжаанд өөрчлөлт ороогүй байх шиг байна…, ханшны буурахгүй байгаа шалтгааны талаар нарийвчилсан шалгалт хийж байж л хэлж чадна…” гэсэн тайлбар,
мөн шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг буруутгах гол үндэслэл болгосон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасан “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийж үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон” эсэх нь эргэлзээтэй байх тул цаг хугацааны хувьд дээрх нөхцөл байдлыг дахин шалгаж, хангалттай баримтаар эргэлзээгүй тогтоох, өөрөөр хэлбэл “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн хувьцааны ханшны тогтвортой байдал, шийтгэл ногдуулсанаас хойших хугацаанд гомдол гаргагчаас тус компанийн хувьцааны арилжаанд хэрхэн оролцсон болох, хэдий хэмжээгээр, ямар үнээр хувьцаа худалдан авсан, худалдсан зэргийг тогтоох боломжтой байх тул хариуцагчаас хяналт шалгалтыг хийж дахин шинээр захиргааны акт гаргах нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх” шударга ёсны зарчимд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д заасан “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох” үүрэг хүлээх зохицуулалтад тус тус нийцэхээр байна.
3.Шийтгэлийн хуудсаар “М*******” ХХК-ийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 буюу “үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон” гэж буруутгасан атлаа Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.3-д заасан “…үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон” гэсэн заалтаар бус харин 7.4-д заасан “үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан” гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэж хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгожээ.
Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4-д хамаарах Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 1599 төгрөг байсан “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн нэгж хувьцааны үнэ мөн оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний хооронд 3105 төгрөг болж 94.18 хувиар өсөхөд нэгдмэл сонирхол бүхий “М*******” ХХК-иас тухайлбал, 2025 оны 10 дугаар сарын 11-ний өөрийн хаалтын ханшийг 2150 төгрөг, 15-ны өдрийн хаалтын ханшийг 2350 төгрөг гэж тус тус тогтооход худалдан авах гэрээ, хэлцэл хийж оролцсон, худалдан авсан нь давуу эрхийн хувьцаа гаргах эрхийг ТУЗ-д олгосонтой холбоотой огцом өсөлт байсан уу, эсхүл давж заалдах гомдолд дурдсанчилан үнэхээр зах зээлийн зарчмаар нэмэгдсэн зүй ёсны өсөлт үү, эсхүл хариуцагчийн буруутгаж байгаачилан үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан хууль бус үйлдэл үү гэдгийг ханшны одоогийн бодит өөрчлөлт, бусад нөхцөл байдалтай харьцуулан дахин шалгах, цаашлаад энэхүү өсөлт нь:
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахтай холбоотой байх тохиолдолд 80.1-д зааснаар үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан,
эсхүл 80.3-т зааснаар тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийж үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэсэн зөрчлийн чухам алинд нь хамаарахыг ч хууль зүйн хувьд зөв тогтоох шаардлагатай.
4.“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Арилжааны журамд тухайн өдрийн арилжааны туршид хувьцааны үнэ ханш өсөх, буурах, хэлбэлзэл нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 15 хувиас илүүгүй байхаар зохицуулсан, гэтэл Голомт банкны цахим гүйлгээний баримт, “М*******” ХХК-ийн захиалгын гэрээнээс үзэхэд “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн үнэт цаасны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хаалтын ханшийг 2150 төгрөгөөр тогтооход XXV-0894 дүгээр захиалгын гэрээгээр нэг бүр нь 1889-2150 төгрөгийн хооронд нийт 803 ширхэг хувьцааг 1.635.769 төгрөгөөр, 15-ны өдрийн хаалтын ханшийг 2350 төгрөгөөр тогтооход XXV-0897 дугаар захиалгын гэрээгээр нэг бүр нь 2298-2350 төгрөгийн хооронд нийт 141 хувьцааг 330.295 төгрөгөөр, эдгээр 2 өдрийн арилжаагаар нийтдээ 904 ширхэг хувьцааг 1.966.064 төгрөгөөр тус тус худалдан авсан байх бөгөөд энэ нь хувьцааны үнэ ханшийн өөрчлөлтийн дээд хэлбэлзлээс хэтэрсэн эсэх, “…ханшийг зохиомлоор өсгөсөн, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан…” гэх хариуцагчийн, эсхүл “…хувьцааны хуримтлал бий болгох зорилготой байсан…” гэх компанийн гомдол үндэслэлтэй эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэг мөр дүгнэлт өгөх боломжгүй, учир нь энэ талаарх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрчээ.
Тухайлбал “…2017 оны 5 дугаар сарын 19-ноос 2025 оны 10 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл нийт 150 гаруй удаагийн хэлцлээр “Би Ди Сек ҮЦХ” ХК-ийн хувьцааг тогтмол худалдан авч байсан төдийгүй худалдаж байгаагүй, хуримтлал үүсгэх зорилготой байсан… хувьцааг зарах захиалга өгсөн талыг мэдэхгүй…” гэх зэрэг давж заалдах гомдлын үндэслэлийг нотлох хийгээд үгүйсгэх хангалттай баримт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсангүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 367 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Д*******ийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0135057 дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинээр гаргатал 58 хоногийн хугацаагаар түдгэлүүлсүгэй, 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох болохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН