Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0332

 

  

 

    2022          04             29                                        128/ШШ2022/0332

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А****” Төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэнэ/, /РД:0000000/

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*****, Б.Х***** нарын татварын маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У*****, хариуцагч Б.Х*****, Б.Б*****, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А***” ТӨХКнь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*****, Б.Х*****ишигжаргал холбогдуулан “Нийслэлийн татварын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22*** дугаар нөхөн ногдуулалтын актын 3-т 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 9,118,528.42 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

2. Нийслэлийн Татварын газрын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Татварын хяналт шалгалт хийх” тухай 2221400548 дугаар томилолтын дагуу нэхэмжлэгч “А” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг татварын улсын байцаагч Б.Б*****, Б.Х***** нар 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн.

            Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*****, Б.Х***** нар нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгалсан тухай” НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

          3. Нэхэмжлэгч “А***” ТӨХКнь маргаан бүхий актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн татварын газрын Маргаан таслах зөвлөлд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан боловч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг өөрчилсөн хариу болох 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21/156 дугаар албан бичгээр гардан авсан байна.

“А***” ТӨХКнь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*****үрэнжаргал, Б.Х*****ишигжаргал нарт холбогдуулан “Нийслэлийн татварын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3-т заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тухайн шалгалтын дүн танилцуулагдах үед байцаагч нарт мэдэгдсэн бөгөөд актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй.

4.1. 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн хойшлогдсон тусламжийн орлогыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-20 “Засгийн газрын буцалтгүй тусламжийн бүртгэл болон Засгийн газрын туслалцааны тодруулга стандарт”-д “орлогын аргаар бүртгэсэн үед системтэй сууриар холбоотой зардлыг харгалзан холбогдох тайлангийн үеүдэд ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ” гэж заасны дагуу 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 12 дугаар сарын тайлангийн бусад барааны борлуулалтын орлого мөрөнд тайлагнасан нь тайлангаар нотлогдож байна. 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бусад орлогоор 72,923,758.69 төгрөгийг тайлагнасан нь үнэн зөв болохыг Үндэсний аудитын газраас баталгаажуулсан ба 72,923,758.69 төгрөгийн бусад орлогод 2017 онд хүлээн зөвшөөрч бүртгэсэн 61,256,856.83 төгрөгийн орлого багтсан болох нь 2017 оны гүйлгээ баланс, журналын бичилтээр нотлогдож байна.

4.2.Тус актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 2.1-т дүгнэхдээ 2017 онд тус компани нь 320210000 тоот “Хойшлогдсон тусламжийн орлого” дансыг 60,273,857.00 төгрөгөөр бууруулж, орлогын дансанд бичилт хийгээгүй, харин 311110000 “Богино хугацаат хойшлогдсон орлого” дансанд бичилт хийж, уг данс 60,273,857.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас үзэхэд орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн гэж үзэхээргүй байна гэжээ. Уг үлдэгдэл нь тухайн 2017 оны хүлээн зөвшөөрөх орлого бус 2018 онд хүлээн зөвшөөрөгдөх орлогын дүн бөгөөд уг бичилтийг Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалын өр төлбөр хэсэгт зааснаар 32021000 тоот “хойшлогдсон тусламжийн орлого” нэртэй урт хугацаат өр төлбөрийн данснаас 1 жилийн хугацааны орлогыг тооцож 311110000 “богино хугацаат хойшлогдсон орлого” нэртэй богино хугацаат өр төлбөрийн данс руу шилжүүлсэн бичилт юм.

4.3.Тухайн оны нийт орлогын бичилт болон холбогдох баримтуудыг хүргүүлсэн байхад 880700000 “Үйл ажиллагааны бус орлого” дансанд 61,256,856.83 төгрөгийн орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн бичилтийг авч үзээгүй, 2018 онд хүлээн зөвшөөрч тайлагнасан 60,273,857.00 төгрөгийг авч үзсэн нь алдаатай байна.

4.4.Иймд “А” ТӨХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б*****, Б.Х***** холбогдуулан “Нийслэлийн татварын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3-т 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 9,118,528.42 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед тооцооллыг буруу бодсон байна. Иймд Нийслэлийн татварын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3-т 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 9,334,698.47 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж 9,188,528.42 төгрөгийн нөхөн татвар, торгууль алдангийг хүчингүй болгуулах гэж өөрчилж байна.

5.1. 2017 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт үйл ажиллагааны бус орлогоор 72,923,758.69 төгрөгийг тайлагнасан. Тухайн мөнгөнд хойшлогдсон тусламжийн орлогын 61,256,856.83 төгрөг багтсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөгийн 3111110000 тоот дансанд мөн 12 дугаар сарын 20-ны өдөр 61,256,856.83 төгрөгийн 6,125,000 төгрөгийг өглөгөөр бүртгэж бичилт үүсгэсэн. Уг үндэслэлээр маргаан бүхий актын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

5.2. Мөн 8807000000 тоот дансанд 2017 онд 72,923,758.69 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварт 7,1 сая төгрөгийг өглөг үүсгэж бүртгээд татвараа төлсөн. Жилийн эцсийн байдлаар өглөггүй байсан. Харин 61,256,856.83 төгрөгийг хойшлогдсон тусламжийн орлого гэж тайлбарлаж байгаа боловч хүлээн зөвшөөрөхдөө үйл ажиллагааны бус орлогын 8807000000 тоот дансаар дамжуулж, орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнасан. 2017 онд хүлээн зөвшөөрөгдөөгүй 60,273,857 төгрөг бол Сангийн сайдын 2017 оны  361 дүгээр тушаалын дагуу 1 жилийн хугацааныхаа орлогыг урт хугацаат өр төлбөрийн  32021000 тоот данснаас 3111110000 тоот данс руу шилжүүлж бичсэн бичилт юм. Тэрнээс орлого хүлээн зөвшөөрөх данс биш юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг дансанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 61,256,856.83 төгрөгөөс 10 хувийг тооцож, өглөг үүсгэж бичигдсэн бичилт журналын бичилтээр нотлогдож байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

6. Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлын “Хөрөнгө шийдвэрлэх тухай” 234 дүгээр тогтоолд “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн ажиллагаанд шаардагдах 3.9 тэрбум төгрөгийг төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл зөвшөөрч, тогтоолын хавсралтад заасан хөрөнгийг улсын төсөвт үе шаттайгаар тусгах замаар эргэн төлөхийг Сангийн сайд, Эрчим хүчний сайдад даалгасан” байна. Уг тогтоолын дагуу Эрчим хүчний сайдын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дүгээр тушаалаар “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн ажиллагаанд шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн зардлын задаргааг тушаалын хавсралтаар баталж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон. Төрийн өмчийн хорооны тогтоолоор “Дэд бүтэц-Эрчим хүч” төсөл хэрэгжүүлэх нэгжийн болон Эрчим хүчний яамны хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгөөс тус компанид балансаас балансад хөрөнгө шилжүүлэх шийдвэрүүд гарсан.

6.1.Тус компани 2017 онд 320210000 дугаар “Хойшлогдсон тусламжийн орлого” нэртэй дансны ДТ 31110000 “Богино хугацаат хойшлогдсон орлого” дансны КТ-т 60,273,857.00 төгрөгөөр бууруулах бичилт хийсэн. ДТ 311110000 “Богино хугацаат хойшлогдсон орлого” дансны КТ-т бичилт хийсэн 60,273,857.00 төгрөг нь Засгийн газрын хандиваар авсан хөрөнгийн 2017 оны элэгдлийн дүн юм. Уг дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд орлогоор тайлагнасан гэж тайлбарласан. Тус компанийн 2017 оны 311110000 “Богино хугацаат хойшлогдсон орлого” данс 60,273,857.00 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тухайн оны гүйлгээ балансаар нотлогдож байна. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-20 “Засгийн газрын буцалтгүй тусламжийн бүртгэл болон Засгийн газрын туслалцааны тодруулга стандарт”-ын 20.24-д “Хөрөнгөтэй холбоотой буцалтгүй тусламж, бодит үнэ цэнээр хэмжигдсэн мөнгөн бус буцалтгүй тусламжийг багтаасан хөрөнгөтэй холбоотой Засгийн газрын буцалтгүй тусламжийг хойшлогдсон орлого хэлбэрээр ... балансад толилуулна” гэж заасан. Элэгдэх хөрөнгөтэй холбоотой тусламжийг орлогын аргаар бүртгэхэд Засгийн газрын буцалтгүй тусламжийг хүлээн авсан үед, ДТ мөнгөн хөрөнгө, хөрөнгө, КТ хойшлогдсон орлого гэж, хойшлогдсон Засгийн газрын тусламжийн орлогыг хөрөнгийн ашиглалтын хугацаанд үндэслэн хуваарилах үед ДТ хойшлогдсон орлого, КТ бусад орлого гэж бүртгэхээр байгаагаас үзэхэд Засгийн газрын тусламжаар авсан хөрөнгийн “Хойшлогдсон орлого” дансанд бүртгэж, хөрөнгийг ашиглалтын хугацаагаар элэгдүүлсэн дүнгээр орлого хүлээн зөвшөөрөхөөр байна. Өөрөөр хэлбэл “Хойшлогдсон орлого” дансыг бууруулах бичилт хийж, орлогын дансанд бүртгэснээр орлого хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Бууруулах бичилт хийж, орлогын дансанд бүртгэснээр орлого хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд 2017 онд тус компани нь 320210000 дугаар “Хойшлогдсон тусламжийн орлого” дансыг 60,273,857.00 төгрөгөөр бууруулж, орлогын дансанд бичилт хийгээгүй, 311110000 “Богино хугацаат хойшлогдсон орлого” дансанд бичилт хийж, уг данс 60,273,857.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас үзэхэд орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн гэж үзэхээргүй байна. Гэтэл “Амгалан дулааны станц” ТӨХК нь 2018 онд орлогоор хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбар өгсөн боловч, 2018 оны ерөнхий журналын задаргааг харахад орлогоор хүлээн зөвшөөрөөгүй харин 311110000 “Богино хугацаат хойшлогдсон орлого” дансыг 60,273,857.00 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна” гэжээ.

7. Хариуцагч татварын улсын байцаагч Б.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хойшлогдсон тусламжийн орлогод үлдээсэн гэж байгаа боловч 2018 онд тухайн орлогыг хүлээн зөвшөөрөөгүй үлдэгдэлтэй байсан. Мөн шинжээчийн дүгнэлтээс харахад 2018 онд орлогоо хүлээн зөвшөөрөөгүй нь  харагдаж байна. Хойшлогдсон тусламжийн орлогын данс бол 32021000 тоот данс юм. Өглөгөөс орлогоо хүлээн зөвшөөрөөгүй үлдэгдэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтэд үйл ажиллагааны бус орлогоо хүлээн зөвшөөрсөн байна, хойшлогдсон тусламжийн орлогыг хүлээн зөвшөөрөөгүй гэж бичсэн байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч “А” Төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэнэ/ нь тус шүүхэд “Нийслэлийн татварын газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3-т “2021 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 9,188,528.52 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 4. Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Б*****, Б.Х***** нар нь Нийслэлийн татварын газартай харьцдаг  “А” ТӨХК-ийн 2007 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн На-22210000053 дугаар актаар бусдаар ажил гүйцэтгүүлж, олгосон 2017 онд 6,805,242.00 төгрөгийн, 2018 онд 3,050,000.00 төгрөгийн, 2019 онд 900,000.00 төгрөгийн,  нийт 10,845,241.00 төгрөгийн орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй, мөн үйл ажиллагааны 1,880,789.30 төгрөгийн орлогыг Аж ахуйн нэгжийн албан татварын тайланд дутуу тусгасан, хойшлогдсон болон түрээсийн орлого 2017 онд 69,981,714.95 төгрөгийн, 2018 онд 2,143,219.28 төгрөгийн, 2020 онд 1,869,000.00 төгрөгийн, нийт 76,232,705.89 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тусгасан, хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан 2017 онд 49,578,722.07 төгрөгийн, 2018 онд 29,109,091.58 төгрөгийн, 2019 онд 1,026,849.08 төгрөгийн, 2020 онд 1,008,144.52 төгрөгийн, нийт 80,722,807.25 төгрөгийн, худалдан авсан бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авах хэсэгт тусган, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөсөн, ажилчдад олгосон 2017 онд 9,895,469.00 төгрөгийн, 2018 онд 21,346,008.60 төгрөгийн, нийт 31,241,477.60 төгрөгийн орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй, 2018 онд 186,114,624.51 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй зөрчлүүд гаргасан нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 1.2, 4, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 19,904,223.29 төгрөгийн нөхөн татвар, 7,8618184.68 төгрөгийн торгууль, 6,960,592.01 төгрөгийн алданги, нийт 34,725,999.98 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нь дээрх татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай  /2006 он/ хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.4,  8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 12 дугаар зүйлийн 12.1.2, 18 дугаар зүйлийн 18.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн НА-22210000053 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 387,037,646.55 төгрөгийн зөрчилд 19%904,223.29 төгрөгийн нөхөн татвар, 7,861,184.68 төгрөгийн торгууль, 6,960,592.01 төгрөгийн алданги, нийт 34,725,999.98 төгрөгийн төлбөрөөс 29,445,368.89 төгрөгийн зөрчилд ногдох 2,944,536.89 төгрөгийн нөхөн татвар, 987,084.33 төгрөгийн торгууль, 658,056.22 төгрөгийн алданги, нийт 4,589,677.44 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, үлдэх 357,592,277.66 төгрөгийн зөрчилд ногдох 16,959,686.39 төгрөгийн нөхөн татвар, 6,874,100.35 төгрөгийн торгууль, 6,302,535.79 төгрөгийн алданги нийт 30,136,322.53 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр актад өөрчлөлт оруулж, төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгч “А” ТӨХК нь татварын улсын байцаагчийн “Нөхөн ногдуулалтын акт”-аар тавигдсан төлбөрийн дүнгээс актын тэмдэглэх  хэсгийн 3-т заасан буюу 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн зөрчилд ногдох 9,188,528.52 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч маргажээ.

7. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлон маргаж байна.

7.1. 2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856.83 төгрөгийн хойшлогдсон тусламжийн орлогыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 20-д “Засгийн газрын буцалтгүй тусламжийн бүртгэл болон Засгийн газрын туслалцааны тодруулга стандарт”-д орлогын аргаар бүртгэсэн үед системтэй сууриар, холбоотой зардлыг харгалзан холбогдох тайлангийн үеүдэд ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ” гэж заасны дагуу 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын 12 дугаар сарын тайлангийн “бусад барааны борлуулалтын орлого” мөрөнд тайлагнасан нь тайлангаар нотлогдоно.

7.2.Мөн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд бусад орлогоор 72,923,758.69 төгрөгийг тайлагнасан нь үнэн зөв болохыг Үндэсний аудитын газраас баталгаажуулсан ба дээрх орлогод 2017 онд хүлээн зөвшөөрч бүртгэсэн 61,256,856.83 төгрөгийн орлого багтсан болох нь 2017 оны гүйлгээний баланс, журналын бичилтээр нотлогдож байна

7.3.Богино хугацаат хойшлогдсон орлогын дансны үлдэгдэл 60,273,857.00 төгрөг нь тухайн 2007 оны хүлээн зөвшөөрөх орлого бус, 2018 онд хүлээн зөвшөөрөгдөх орлогын дүн бөгөөд уг бичилтийг Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалын өр төлбөр хэсэгт зааснаар 32021000 тоот “Хойшлогдсон тусламжийн орлого” нэртэй урт хугацаат өр төлбөрийн данснаас 1 жилийн хугацааны орлогыг тооцож, 311110000 тоот “Богино хугацаат хойшлогдсон орлого” нэртэй богино хугацаат өр төлбөрийн данс руу шилжүүлсэн бичилт юм.

Тухайн оны нийт орлогын бичилт болон холбогдох баримтыг хүргүүлсэн байхад 880700000 тоот “Үйл ажиллагааны бус орлого” дансанд 61,256,856.83 төгрөгийн орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн бичилтийг авч үзээгүй.

7.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны 12 дугаар сарын тайланд   “хойшлогдсон тусламжийн орлого болох 61,256,856.83 төгрөгийг бусад орлого хэсэгт тайлагнаж, татвараа төлсөн“ гэж тодорхойлон маргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн үйл баримттай маргаагүй байна.

8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн санд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 20 Засгийн газрын буцалтгүй тусламжийн тайлагнал ба Засгийн газрын туслалцааны тодруулга”-ын 24-т “Хөрөнгөтэй холбоотой Засгийн газрын буцалтгүй тусламжийг, үүн дотроо бодит үнэ цэнээр илэрхийлсэн мөнгөн зүйлсийн бус буцалтгүй тусламжийг санхүүгийн байдлын тайланд дараах хоёр хувилбарын аль нэгээр толилуулна. Үүнд: Буцалтгүй тусламжийг хойшлогдсон орлого байдлаар, эсвэл хөрөнгийн дансны үнийг тодорхойлохын тулд буцалтгүй тусламжийг түүнээс хасах байдлаар толилуулна”, 26-д “буцалтгүй тусламжийг хойшлогдсон орлого гэж хүлээн зөвшөөрөх ба тухайн хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид системчилсэн сууриар ашиг, алдагдалд хүлээн зөвшөөрнө”, 29-д “Орлоготой холбоотой буцалтгүй тусламжийг тусдаа эсвэл” Бусад орлого” гэх мэт ерөнхий гарчгийн доор ашиг, алдагдлын нэг хэсэг байдлаар толилуулна” гэж тус тус заажээ.

9. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгө шийдвэрлэх тухай” 234 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээг  найдвартай хангах болон 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Амгалан дулааны станцыг үйл ажиллагаанд шаардагдах 3,988,318,000.00 /гурван тэрбум есөн зуун наян найман сая гурван зуун арван найман мянган/ төгрөгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч, дээрх хөрөнгийг улсын төсөвт үе шаттайгаар тусгах замаар эргэн төлөхийг Сангийн сайд, Эрчим хүчний сайд нарт даалгасан, дээрх тогтоолын дагуу Эрчим хүчний сайдын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах тухай” 131 дүгээр тушаалаар Амгалан дулааны станцыг ажиллагаанд залгахад шаардагдах эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан олгож буй 3,988,318,000.00 /гурван тэрбум есөн зуун наян найман сая гурван зуун арван найман мянган/ төгрөгийн зээлийн зардлын задаргаа болон хариуцах албан тушаалтныг хавсралтаар баталж, зардлын зарцуулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгосон, мөн Төрийн өмчийн хорооны тогтоолоор “Дэд бүтэц-Эрчим хүч“ төсөл хэрэгжүүлэх нэгжийн болон Эрчим хүчний яамны хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгөөс тус компанид балансаас балансад хөрөнгө шилжүүлэх шийдвэрүүд гарсан, дээрх шийдвэрийн дагуу тус компани нь 2015 онд 197,4 сая төгрөгийн, 2016 онд 84,9 сая төгрөгийн тавилга, эд хогшил, автомашин, 2017 онд 161,8 сая төгрөгийн худаг, цэвэр усны шугам, 2018 онд 1,106,3 сая төгрөгийн холбохын гарам зэрэг нийт 1,460,4 сая төгрөгийн хөрөнгийг хүлээн авсан, уг хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-20 буюу Засгийн газрын буцалтгүй тусламжийн тайлагнал ба Засгийн газрын туслалцааны тодруулгад заасны дагуу 2017 онд ногдох элэгдлийн зардлын дүнгээр орлогоо хүлээн зөвшөөрч, “Хойшлогдсон тусламжийн орлого”-ын 320210000 тоот дансанд бүртгэсэн болох нь Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл, Нягтлан бодох бүртгэлийн журнал зэргээр тогтоогджээ.

10. Нэхэмжлэгч нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны 12 дугаар сарын тайланд 61,256,856,83 төгрөгийн хойшлогдсон тусламжийн орлогыг тайлагнасан”  гэж маргаж байна

11. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа борлуулсны орлогод 73,216,932.31 төгрөг тусгагдаж тайлагнасан,  мөн 2017 оны Орлогын дэлгэрэнгүй тайлангийн Бусад орлого  хэсэгт мөн 72,923,758.69 төгрөг тусгагдсан байх ба дээрх орлогод Хойшлогдсон тусламжийн орлого болох 61,256,856.84 төгрөг орсон, дээрх Хойшлогдсон тусламжийн орлогод 2017 оны  оны 06 дүгээр сарын 30-нд Эрчим хүчний яам, Хөгжлийн банкнаас хүлээн авсан хөрөнгийн орлого 33,798,704.27 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хөгжлийн банкнаас хүлээн авсан хөрөнгийн орлого 12,398,989.75 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2017 оны элэгдлийн дүнгээр орлого тооцсон 15,059,162.81 төгрөг багтсан, дээрх орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны 12 дугаар сарын тайлангийн НӨАТ ногдох бараа борлуулсны орлого хэсэгт нийт дүнгээр нь тайлагнасан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт, НӨАТ-ын тайлан, Орлогын дэлгэрэнгүй тайлан, ерөнхий дэвтэр, журнал   зэрэг санхүүгийн баримт бичгээр тогтоогдож байна. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчээс Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны 12 дугаар сарын тайланд хойшлогдсон тусламжийн орлого болох  61,256,856.83 төгрөгийг тайлагнасан гэж үзэхээр байна.

12. Хариуцагч нь “тус компани 320210000 тоот “Хойшлогдсон тусламж орлого” дансыг 60,273,857,00 төгрөгөөр бууруулж, орлогын дансанд бичилт хийгээгүй, харин 311110000 тоот “Богино хугацаат хойшлогдсон орлого” дансанд бичилт хийж, уг данс 60,273,857.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас үзэхэд орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн гэж үзэхээргүй байна” гэж тайлбарлан маргаж байна.

 Богино хугацаат хойшлогдсон орлогын 311110000 тоот дансны  60,273,857.00 төгрөгийн үлдэгдэл нь 2017 оны хүлээн зөвшөөрөх орлого биш, 2018 онд хүлээн зөвшөөрөгдөх орлогын дүн бөгөөд уг бичилт нь 32021000 тоот “Хойшлогдсон тусламжийн орлого” гэсэн  урт хугацаат өр төлбөрийн данснаас 1 жилийн хугацааны орлогыг тооцож, 311110000 тоот “Богино хугацаат хойшлогдсон орлого” гэсэн богино хугацаат өр төлбөрийн данс руу шилжүүлсэн бичилт байх ба  32021000 тоот “Хойшлогдсон тусламжийн орлого” данснаас 61,256,858.83 төгрөгийг 880700000 тоот “Үйл ажиллагааны бус орлого” дансанд бүртгэж, орлогоо хүлээн зөвшөөрч бүртгэсэн байх тул хариуцагчийн“ тус компани 320210000 тоот “Хойшлогдсон тусламж орлого” дансыг 60,273,857.00 төгрөгөөр бууруулж, орлогын дансанд бичилт хийгээгүй, харин 311110000 тоот “Богино хугацаат хойшлогдсон орлого” дансанд бичилт хийж, уг данс 60,273,857.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас үзэхэд орлого хүлээн зөвшөөрч бүртгэсэн гэж үзэхээргүй байна” гэсэн тайлбарыг хүлээн авч хангах боломжгүй байна.

13. Түүнчлэн нэхэмжлэгч нь 310400400 тоот /НӨАТ/-ын өр дансанд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр бичилт хийсэн 4,619,876,940 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр бичилт хийсэн 1,505,916.30 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнасан, улмаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр бичилт хийсэн 4,619,876,940 төгрөгийн хойшлогдсон тусламжийн орлогыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг ус ашигласны төлбөрийн өр гэж тусгасныг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Үйл ажиллагааны бус орлогын НӨАТ-ын өр гэж залруулга хийж, улмаар Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны 12 дугаар сарын тайланд тайлагнасан, улмаар 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг  бүрэн төлсөн болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт, НӨАТ-ын тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

14. Дээрх үйл баримтаас үзэхэд  нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2017 онд хойшлогдсон тусламжийн орлого болох 61,256,856.84 төгрөгийг  Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны 12 дугаар сарын тайлангийн НӨАТ ногдох бараа борлуулсны  орлого хэсэгт нийт дүнгээр нь тайлагнасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул  нэхэмжлэгч хуулийн этгээдийг хойшлогдсон тусламжийн орлогыг 2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэж буруутгах боломжгүй байна.

Иймд маргаан бүхий улсын байцаагчийн акт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-20 Засгийн газрын буцалтгүй тусламжийн тайлагнал ба Засгийн газрын туслалцааны тодруулга”-ын 24, 26-д заасантай нийцээгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, шаардлагыг хангаагүй хууль бус акт болжээ.

15. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь холбогдох хуулийг зөрчсөн, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна  гэж шүүх үзлээ.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ, 44.3-т “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1-д “Шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хариуцагчаар шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ТӨХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-22210000053 дугаар нөхөн ногдуулалтын актын 3-т хэсгийг буюу “2017 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй орхигдуулсан гэх 61,256,856,83 төгрөгийн зөрчилд ногдох 6,125,685,68 төгрөгийн нөхөн татвар, 1,837,705,7 төгрөгийн торгууль, 1,225,137,14 төгрөгийн алданги нийт 9,188,528,52 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1,  47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 800,000 /найман зуун мянган /төгрөгийг хариуцагч Нийслэлийн татварын газраас гаргуулж, Шүүхийн шинжилгээний хүрээлэн/ Төрийн сан дахь 100900012005 тоот дансанд /-д  олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ц.БАТСҮРЭН