Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 01401

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00664 дугаар шийдвэртэй, “Т”  нэхэмжлэлтэй, “С” ХХК болон Н-т холбогдох

 “Т” ХХК болон ”С” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Н /хуучнаар/-ны газрын 1/,16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот 97,28 м.кв талбайтай, Ү-22010338622 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот 97,28 м.кв талбайтай, Ү-22010338622 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг “Т” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дүгээр “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “Т” ХХК-иас 126 359 431 төгрөг гаргуулж, “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж “Т” ХХК нь төлбөрөөс 39 100 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийн талаар талууд тохиролцоод хоёр үл хөдлөх хөрөнгийн нэгийг чөлөөлж, нэгийг төлбөрт тооцон шилжүүлэх яриа хийгдэж байсан.  Гэтэл 2017 оны 06 дүгээр сарын 09-ний өдөр “С” ХХК нь “Т” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй “Төлбөр барагдуулах тухай тохиролцоо”-ны гэрээг байгуулсан. Н-аас дээрх тохиролцоог үндэслэн 2017 оны 09 дугаар сарын 09-ний өдөр 17/790 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоол гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгээр “Т” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн. “Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь П.Г биш П.Г гэдэг хүн байдаг. Эвлэрлийн гэрээг хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байх ёстой.

Иймд “Т” ХХК болон “С” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, Н /хуучнаар/-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч “Т” ХХК нь 126 359 431 төгрөгийг манай байгууллагад төлөх байсан бөгөөд барьцаа хөрөнгүүд 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй учраас тухайн эд хөрөнгийг “С” ХХК-д шилжүүлэх санал болгох шийдвэр гүйцэтгэх албаны хурал зарлагдсан. Талууд харилцан тохиролцож Ү-2201038622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэх тохиролцоог хийж эхэлсэн бөгөөд төлбөр төлөгч байгууллагын захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20170606/02 тоот “Хэлцэл байгуулах тухай” хүсэлт, манай байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтүүдийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг манайх өмчлөлдөө шилжүүлж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулан “Т” ХХК гомдол гаргах эрхгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа “Т” ХХК-иас төлөх төлбөр дээр эвлэрэх хүсэлт гаргасныг манай байгууллага хүлээн авч, үлдэгдэл 87 833 320 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлсөн нөхцөлд улсын бүртгэлийн Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр төлөгчид буцаан шилжүүлэх, төлбөрөө төлөөгүй нөхцөлд буцаан шилжүүлэн авахаар талууд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Төлбөр барагдуулах тохиролцоо гэрээ”-г байгуулсан.

 “Т” ХХК нь П.Гангэрэлийг төлөөлөх эрхгүй этгээд гэжээ. Гэтэл шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компанийг бүрэн төлөөлж байсан. Тухайн компанийн санхүүгийн албаны дарга ажилтай гээд тамга тэмдгээ аваад явж байсан. Зээл авах, гэрээ байгуулахдаа ч төлөөлөх эрхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Төлбөр барагдуулах тухай тохиролцоо”-ны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх шаардлага гаргаж байгаад хуульчаас зөвлөгөө авсны дараа дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дүгээр шийдвэрээр “Т” ХХК-иас 126 359 431 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас манай байгууллагад ирсэн учраас 2016 оны 08 дугаар сарын 19-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгч 39 100 000 төгрөгийг төлж, 87 833 320 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болсон учраас “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2201038618, Ү-2201038622 тоот барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулсан.

Дээрх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй бөгөөд төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд хоорондоо тохиролцож улсын бүртгэлийн Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 87 833 320 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэх тухай “Т” ХХК-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2010606/02 тоот, “С” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн. Дээрх хүсэлтүүдийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгээр улсын бүртгэлийн Ү-2201038618 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, Ү-2201038622 тоот үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “С” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуул /2002/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар ажиллагааг дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо “Т“ ХХК-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2010606/02 тоот, “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 тоот хүсэлтийг үндэслэсэн болохоос 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тохиролцоо”-г үндэслээгүй. Гэрээ нь манайд ирээгүй. Төлбөр төлөгч нь тухайн үед ажиллагаанд гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Н-ны шийдвэрээр манай байгууллагын өмчлөлд шилжин ирсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд “Т” ХХК нь дээрх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэн, одоо ч өмчлөгч мэтээр аашилж, хаалганы цоожны голыг сольж манай өмчлөлийн эд хөрөнгөнд хууль бусаар халдаж байна.

Иймд “Т” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот, улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тохиролцоо гэрээ”-ний 4.1-т “гэрээнд талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж гэрээний нөхцөл бүрэн хангагдснаар буюу цуцалснаар дуусгавар болно” гэж заасан байхад гэрээнд төлбөр төлөгчийг төлөөлөх эрхтэй захирал П.Га биш П.Г гарын үсэг зурсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Н хууль бус тохиролцооны гэрээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт  зааснаар “С” ХХК болон Н-т тус тус холбогдох “Т” ХХК, “С” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Н /хуучнаар/-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

     “С” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201038622 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот байршилтай 97,28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Т” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372 617 төгрөг, хариуцагч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, “Т” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулан “С“ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн ...2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн "Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн "Төлбөр барагдуулах тохиролцооны гэрээ”-г байгуулах эрх бүхий этгээд "T'' ХХК-ийн санхүүгийн албаны дарга П.Г биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ч гэрээг үндэслэн эрх зүйн үр дагавар үүсээгүй байна гэж үзлээ” гэж дүгнэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Н-д болон шүүхэд гаргасан тайлбар, Н-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18/04 дүгээр төлбөр төлөгчийн гомдлыг хангахаас татгалзсан тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ш-ны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5/222 дугаар албан тоот, “Т” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20170606/02 тоот албан бичиг, "С" ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17/33 албан тоот зэрэг баримтуудыг ирүүлж Н “...талууд харилцан тохиролцож үлдэгдэл 87 833 320 төгрөгийн төлбөрт үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт ирүүлсэн...” гэж төлбөр төлбөр төлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах өмчлөх эрх сэргээж, шилжүүлэх тухай” 1/11951 дүгээр мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулсан баримтын эрх зүйн үр дагаварт үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй боловч давж заалдах шатны шүүх залруулан өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “С” ХХК, Н-т холбогдуулан “Т” ХХК, ”С” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Н-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот 97,28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “С” ХХК-иас эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Н нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж, хариуцагч ”С” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч “Т” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/03900 дүгээр захирамжаар хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 125 965 542 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс  2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3 хувааж төлөхөөр тохиролцсон тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч Н-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна. /хх 136-137, 139-140/

    Нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч “С” ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Төлбөр барагдуулах тухай тохиролцоо”-г байгуулсны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК нь 126 933 320 төгрөг төлөхөөс 39 100 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 87 833 320 төгрөгийн төлбөртөө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 02 тоот 97.28 м.кв талбайтай, Ү-2201038622 дугаартай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх буюу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд төлбөр авагч “С” ХХК-д үлдэгдэл төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн авахаар тохиролцжээ. /хх-6/

Дээрх тохиролцооны гэрээний хувьд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т” ХХК-ийг төлөөлж П.Г гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тэрээр өөрийгөө тус компанийг төлөөлөх эрхтэй гэсэн ойлголт төрүүлж, компанийн тэмдэг дарсан байна.

 Түүнчлэн хариуцагч “С” ХХК нь хэлцлийг нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох П.Г гэрээнд гарын үсэг зурсан гэж маргах боловч нэхэмжлэгч компанийн захирал П.Г уг хэлцлийг дэмжин зөвшөөрсөн тул хэлцэл хүчин төгөлдөр юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах тухай тохиролцоог хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Харин Н-аас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой эрх бүхий байгууллагад явуулсан 1/16956 тоот албан бичгийг хүчингүй болгох тухай шаардлага, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллаганы явцад худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг нөгөө талын өмчлөлд хэрхэн шилжүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 16 дугаар зүйлийн 16.1.1-т “тухайн эд хөрөнгийн борлогдоогүй үнийн дүнгийн хэмжээгээр үүрэгт тооцох асуудлыг төлбөр авагчид санал болгоод төлбөр авагч зөвшөөрвөл шилжүүлнэ. Зөвшөөрөхгүй бол энэ ажиллагааг дуусгавар болгосонд тооцох”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох”-оор тус тус нарийвчлан зохицуулжээ.

      Хариуцагч Н /хуучнаар/ нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн, төлбөрийн үлдэгдэл болох 87 833 320 төгрөгт барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, улмаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал П.Г-ын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20170606/02 дугаар “Хэлцэл байгуулах тухай” албан тоот, хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бүжлхамын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17/33 дугаар “Үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгах тухай” албан бичгийг /хх-93-94/ үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

      Дээрх албан бичгүүдийг үндэслэн хариуцагч Н /хуучнаар/-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ү-2201038622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “С” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх агуулга бүхий “Өмчлөх эрх сэргээж, шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 1/16956 дугаартай албан бичгийг хуульд заасан үндэслэлгүйгээр хийгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Н нь хариуцагч “С” ХХК-ийн “Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлсэн тул барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэх”, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлцлээр үл хөдлөх эд хөрөнгийг эргэн шилжүүлэх нөхцөлтэйгээр, түр хугацаагаар шилжүүлэх” гэсэн өөр өөр агуулгатай албан бичиг байгааг анхаараагүй байна. 

       Иймд хариуцагч Н-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээх нь зүйтэй.

   Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэн, төлбөр төлөх үүргийг харилцан тооцох тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тогтоосон журмыг хариуцагч байгууллага баримтлалгүй Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрх сэргээж, шилжүүлэх тухай албан бичиг явуулсан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээхтэй холбоотойгоор хариуцагч “С” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй болох тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй.

    Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Н /хуучнаар/-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/16956 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны 10А байрны 2 тоот 97,28 м.кв талбайтай, Ү-22010338622 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч “Т” ХХК-ийг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Т” ХХК болон ”С” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай тохиролцооны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсэг болон хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА