Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1502

 

 

 

 

 

 

 

 

    

    2023            12             19                                               2023/ШЦТ/1502

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ***,

хохирогч ***, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), *** оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.   

 

Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” караокед хохирогч ***тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 965 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 14-16, 18-19, 27-28, 30-31, 55-56, 69 дүгээр хуудас),

- Хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирогчоос гарган өгсөн фото зургууд, ***ийн мэдүүлэг, гэрч ***гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 7070 дугаар дүгнэлт, “Болор” арьс гоо сайхны салоны тодорхойлолт (хавтаст хэргийн 7-10, 15, 25, 56, 121-123 дугаар хуудас),

- Шүүгдэгч болон хохирогч нараас “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” караокед хохирогч ***тэй маргалдан улмаар түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “2023 оны 5 дугаар сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Мустанг” нийтийн караокед нөхөр ***, төрсөн дүүгийн эхнэр ***гийн хамт орсон. Бид гурав 1 шил 0.5 литрийн “Хараа” архи, 3 лааз 0.5 литрийн “Сэнгүр пиво” авсан. Ороод 1 цаг орчим болж байхад 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирээд бид нарын сууж байсан ширээний эсрэг талын ширээнд суусан. Манай нөхрийг босож дуулахад цагаан өмдтэй, хар цамцтай, хар гуталтай намхан эмэгтэй нь тэврэлдэн бүжиглэж байсан. Тэр үед нь би нээх юм бодоогүй байж байтал тэр 2 эмэгтэй нь бид нарын сууж байсан ширээ рүү харж инээлдээд хоорондоо юм яриад байсан. Би тэр 2 залууд хандан “Наад 2 эмэгтэйгээ аятайхан байлгаарай, зүгээр сууцгаагаарай” гэж хэлсэн. Гэнэт тэр 2 эмэгтэй нь “Гичий, янхан, ална” гэх мэтээр доромжлон орилсон. “Чи одоо юу гээд байгаа юм” гэж хэлэхэд арай өндөр эмэгтэй нь шууд үснээс зулгааж, газар унагаан толгой дээрээс дарж, нүүр хэсэг рүү удаа дараа өшиглөж зодсон. Арай намхан эмэгтэй нь намайг газар унасан байхад миний хөл, гар болон нүүр рүү өшиглөсөн. Тэр 2 эмэгтэйтэй хамт явж байсан туранхай бор залуу нь миний зүүн гарыг ард мушгиад нөгөө 2 эмэгтэйгээрээ зодуулаад байсан. Тэд нар зугтах гээд хувцсаа өмсөөд караокены хаалгаар гарахаар нь би араас нь гүйж очоод “Та нарыг явуулахгүй, та нар хүнийг ийм болтол нь зодчихоод яасан гэж явдаг юм” гээд арай махлагдуу шар залуугийнх нь хувцаснаас бариад доош зуурсан. Гэтэл камергүй хэсэг буюу үүдний коридор хэсэгт арай туранхай бор залуу нь “Наад хувцаснаас нь тавь” гээд миний нүүр рүү өшиглөсөн. Нүүрээ хамгаалаад доош тонгойход хэн нь мэдэгдэхгүй нэг нь миний нуруу руу хөлөөрөө тийрээд байсан. Өндөр хүүхэн нь “Наадхынхаа гарыг хугалаад тавиул, гарыг чинь хугална шүү” гээд миний зүүн гарын ядам хурууг хойш дарж гэмтээсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),

- Гэрч ***ийн “2023 оны 5-р сарын 26-ны өдрийн орой 10 цагт тоглолт үзэхээр эхнэртэйгээ явсан. Тэнд ***, *** гэх 2 хүнтэй танилцсан. Бид 4 тэндээс гараад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Мустанг” нийтийн караокед 2023 оны 5 дугаар сарын 27-ны үүрээр 04 цагт орсон. Хажуугийн ширээнд 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн сууцгааж байсан. Эрэгтэй нь манай эхнэр ***ийг бүжигт урьсан. Арай өндөр бор царайтай эмэгтэй нь босож ирээд манай эхнэрийн чихэнд нэг юм хэлж байсан. Манай 2 эмэгтэй "Та одоо юу гээд байгаа юм" гэж хэлтэл маргалдаж эхэлсэн. *** гэх эмэгтэй нь тэр эмэгтэйг түрүүлж алгадсан. Арай өндөр бор царайтай эмэгтэй манай эхнэрийн үснээс нь зулгаагаад доош дарж унагаасан. Би очиж салгаад “Эхнэрээ гаръя” гэж хэлээд явтал хаалга түгжээтэй байсан. Коридорт бид 4 зогсож байхад өндөр бор царайтай эмэгтэй нь араас ирээд "Та нарыг явуулахгүй" гэж хэлээд манай эхнэр ***ийн үснээс зулгаагаад авахаар нь би тэр хоёрыг салгасан. Нэг өндөр туранхай залуу ирээд бид хэдийг 2 тийш нь салгасан. Тэр эмэгтэй миний гар хөлөөс маажиж, өмд, подволк, гадуур хувцсыг минь урсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Хоорондоо зодолдоод байхаар нь л дундуур нь орж салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

- Гэрч ***ийн “2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нөхөр ***ийн хамт тоглолт үзсэн. Тэнд ***, *** гэх 2 хүнтэй нэг ширээнд сууж танилцсан. Бид нар “Мустанг” гэх нэртэй нийтийн караокед ирсэн. Тухайн нийтийн караокед 2 эмэгтэй, 1 эрэгтэй нэг ширээнд сууж байсан. Бас нэг ширээн дээр нэг эрэгтэй хүн ганцаараа сууж байсан. Бид нарыг бүжиглэж байхад нөгөө ширээн дээр сууж байсан эрэгтэй нь “Намайг хамт бүжиглэе” гэхээр нь хамт бүжиглэсэн. Гэтэл нөгөө залуугийн эхнэр гэх өндөр бор хүүхэн ***ын чихэнд юм хэлчхээд над дээр хүрч ирээд “Үеийнхээ хүмүүстэй яваач” гэж хэлсэн. Хажуугаас *** нөгөө эмэгтэйд хандан “Бид 2 хэнтэй явах нь чамд ямар хамаатай юм” гэж хэлээд тэр 2 хэрэлдэж эхэлсэн. Нэг харсан чинь *** нөгөө өндөр бор хүүхэн 2 бие биеийнхээ үснээс зулгаасан байхаар нь би очиж салгасан. Намайг бас доромжлоод байхаар нь нөгөө эмэгтэйг бас үснээс нь зулгаасан. Манай нөхөр ***, *** ганцаараа сууж байсан ах 3 хүрч ирээд салгасан. Гэтэл нөгөө эмэгтэй намайг зүгээр зогсож байхад үснээс зулгааж сандал дээр дарсан. Тухайн эмэгтэйн биед *** гэмтэл шарх учруулсан. Учир нь  тэр эмэгтэй намайг нөхөртэйгөө хардаж, үснээс зулгааж, дээрээс дарж хэвтчихээд байсан. *** салгах явцдаа тухайн эмэгтэйн нүүрийг маажиж, өшиглөж, цохиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7070 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед нүүр хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа маажиж, өшиглөж учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ыг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд хохирогч *** “...4 хүн нийлж зодсон” гэх мэдүүлгийг өгсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч ***ийн “...*** тэр эмэгтэйг түрүүлж алгадсан. Тэгээд зодоон болсон. Өндөр бор царайтай эмэгтэй манай эхнэрийн үснээс нь зулгаагаад доош дарж унагаагаад байхаар нь би салгасан...*** тухайн эмэгтэйн хөл рүү өшиглөж, нүүр рүү нь гараараа цохисон. Хоорондоо зодолдоод байхаар нь дундуур орж салгасан. Тухайн эмэгтэйн доороос эхнэрээ авахын тулд хувцас болон гараас нь татаж холдуулж эхнэрээ салгаж аваад явах гэтэл явуулахгүй миний хөлөөс зуураад тавихгүй байсан. ”, гэрч ***ийн  “...*** нөгөө өндөр бор хүүхэн хоёр бие биеийнхээ үснээс зулгаасан байхаар нь би очиж салгахдаа бид 2 хэнтэй явах нь танд хамаагүй гэхэд нөгөө эмэгтэй чи битгий хуцаад байгаарай гичий минь янхан минь гэж хэлэхээр нь би чи яахаараа хүн доромжилдог юм гээд нөгөө эмэгтэйг бас үснээс нь зулгаасан. Гэтэл манай нөхөр ***, *** ганцаараа сууж байсан ах гурав хүрч ирээд салгасан ...”, гэрч ***гийн “... 3 дугаар ширээнд сууж байсан эмэгтэй /хохирогч ***/ 6 дугаар ширээний охидыг нөхөртэйгөө хардаад нас насандаа байхад яадаг юм жаахан охидууд байж хөгшин хүнтэй явалдаад гэхэд 6-р ширээний 2 охин танд ямар хамаатай юм гэхэд харваас янхнууд байна гэж хэлээд хоёр охины жижиг биетэй нь /гэрч ***/ 3 дугаар ширээний эмэгтэйг үсдээд бөөн юм болсон, тэгээд зодоон болсон ... 3 дугаар ширээний эмэгтэй эхэлж хэл амаар доромжилсон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 хуудас), шинжээч эмч О.Болороогийн “...***ийн биед учирсан гэмтлүүд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн36 дугаар хуудас), 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 0587846 дугаар шийтгэлийн хуудсаар Г.***т Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан (хавтаст хэргийн 102 хуудас) зэргээс дүгнэхэд уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн, хохирогч ***ийн биед шүүгдэгч *** халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул хэрэгт авагдсан бусад дамжмал бичгийн нотлох баримтуудаар мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх хэмжээний итгэл үнэмшил төрүүлэхүйц үндэслэл биш үнэн зөв эсэх нь эргэлзээ бүхий байна.

Шүүх үйл баримтыг тогтоохдоо шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хоорондын харилцан уялдаа холбоо болон хэрэгт хамааралтай эсэхийг нягтлан дүгнэлт хийсэн учир хохирогчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-т зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоож чадсан, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийг хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *** нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардалд 4.075.000 төгрөгийг нэхэмжлэн холбогдох баримт (хавтаст хэргийн 167 дугаар хуудас)-ыг гаргажээ.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул шүүгдэгч ***ас 4.075.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгож, тэрээр цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай”, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас)-аас үзэхэд шүүгдэгч *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бусдын эрүүл мэндэд халдан хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал (*** онд төрсөн, *** настай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, *** тоотод хүүхдийн хамт оршин суудаг) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 03 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэрвээ уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй буюу шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой баримтуудад түүний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө бүртгэгдээгүй, тодорхой орлого олдог эсэх нь хангалттай тогтоогдоогүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шударга ёс, гэм буруугийн зарчмыг хангасан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг гурван сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ас 4.075.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгосугай.

 

5. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогч *** нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР