Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

 

  

 

 

 

 

 

  2023            12            25                                          2024/ШЦТ/15

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч П.Итгэл,

гэрч ***,

шүүгдэгч ***, өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхэлдэг гэх, *** аймгийн *** сумын *** баг, *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө 00 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны зам дээр Тоёота Ланд Круйзер-100 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно:..согтууруулах ундаа... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***ыг мөргөж, улмаар түүнийг дайрсны улмаас амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогдуулжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүх хуралдаанд оролцогчдын мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 469 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан (хавтаст хэргийн 7-8, 9-17, 18-25, 28-31, 33, 35, 37-38, 42-50, 53-65, 68-72, 75-82, 87-90, 93-104, 125-135, 152-153, 166-168, 229-235 дугаар хуудас)”,

- өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ***, *** нарын мэдүүлэг, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн жолоодох эрхийн лавлагаа, хохирол барагдуулсан тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 9-17, 18-19, 21, 33, 35, 37-38, 42-50, 53, 111-120, 125-131, 151, 166-168, 187-195, 207, 236-237 дугаар хуудас)”,

- өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 166-168 дугаар хуудас)”,

- Шүүгдэгч “шинжлэн судлуулах баримт байхгүй” гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” шинжээр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй сэргээн тогтоож чадаагүй байна.

Эрүүгийн хуулийг хэрэглэж, хууль зүйн дүгнэлт хийх урьдчилсан нөхцөл нь тухайн үеийн нөхцөл байдал буюу үйл баримтыг нотлох баримт, мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ажиллагаа бөгөөд *** уг гэмт хэргийг үйлдэх үедээ согтуу байсан, үүнийгээ мэдсээр байж тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэх нөхцөл байдал нотлох баримтуудаар харилцан зөрүүтэй байхад архи уусан гэдгийг мэдүүлсэн мэдүүлгэн нотлох баримт /гэрч *** болон өөрийнх нь мэдүүлэг/-уудыг үнэлж, объектив байдлаар согтуурсан байсан гэж прокуророос дүгнэлт хийсэн байна.

Жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэдэг ойлголтод жолооч өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсны улмаас ухамсарт ухаан нь алдагдсан аль аль нөхцөл байдлууд хамаарах бөгөөд үүнийг нотолсон байвал зохино.

Энэ хэргийн тухайд *** нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө архи хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсныг “...2023 оны 4-р сарын 18-ны орой *** Улаанбаатар хотод ирчихсэн “Драгон” төвийн буудалд байна гэж орой 22 цаг өнгөрч байхад ярьсан. Би 23 цаг өнгөрч байхад дэлгүүрээс 1 шил 0.7 литрийн архи аваад буудалд нь очсон. Бид хоёр хувааж ууж дуусгасан. Бид хоёр юм ярьж сууж байгаад 4 дүгээр сарын 19-ний шилжих шөнө 03 цагийн үед таксигаар гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь би ажилдаа явах бэлтгэлээ хийж дуусгачихад 15 цаг өнгөрч байхад буудалд нь очсон. Бид 2 нийлж 0.75 литрийн Ёслол нэртэй архи хувааж уусан. Уг нь бид 2 архи уучихсан юм чинь өглөө эрт гарна гээд ярилцаж байсан. Би ч тэр үед нэлээн согтоод унтчихсан. Нэг мэдэхэд хөдөө Төв аймгийн Жаргалант сум өнгөрч байхад сэргэсэн” гэх гэрч ***ын мэдүүлэгт тулгуурлан тогтоосныг илтэд нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд согтуурсан, мансуурсан болохыг мэдүүлгээс гадна объектив байдлаар тухайлбал цус, шээснээс дээж авч шинжилгээ хийх, драйгер /тандагч/ багаж үлээлгэх зэргээр согтуурал, мансуурлын хэмжээг давхар нотолж, эргэлзээгүй тогтоох нь гэмт хэргийг уг үндэслэлээр хүндрүүлэн зүйлчлэхэд нотолгооны чухал ач холбогдолтой.

Гэтэл шүүгдэгч ***ыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг зөвхөн гэрчийн дээрх мэдүүлэг, өөрийнх нь “урьд өдөр нь архи уусан, осол болсон өдрийн үдээс өмнө архи амссан, согттолоо уусан зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдийг үндэслэн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж хүндрүүлэн дүгнэхэд эргэлзээ үүсгэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална. хэмээн хууль ёсны зарчмыг хуульчилсан.

Монгол Улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн A/138, А/131 дугаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 1.6-д заасан “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно”, 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэжээ.

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2023 оны 04-р сарын 20-ны 00 цаг 24 минутад хүлээн авч, шүүгдэгчийн сэжигтнээр мөн өдрийнхөө 09 цаг 00 минутад мэдүүлэг авахдаа дээрх журмын тодорхой заалтыг мөрдөгч хэрэгжүүлээгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль түүнийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмаар нотлох баримт, түүний үнэлгээ, өмгөөлөгчийн дүгнэлтийн үндэслэлийг хүлээн авч шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэх үедээ “согтуурсан” гэж хүндрүүлэн үзэхэд эргэлзээ үүссэн тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж Шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө 00 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны зам дээр Тоёота Ланд Круйзер-100 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***ыг мөргөж амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-17 дугаар хуудас),

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-25 дугаар хуудас),

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 229-235 дугаар хуудас),

            - Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын “...2023 оны 4-р сарын 18-ны орой *** нь Улаанбаатар хотод ороод ирчихсэн “Драгон төвийн буудалд байна” гэж орой 22 цаг өнгөрч байхад ярьсан. Би 23 цаг өнгөрч байхад дэлгүүрээс 1 шил 0.7 литрийн архи аваад буудалд нь очсон. Бид хоёр хувааж ууж дуусгасан. Бид хоёр юм ярьж сууж байгаад 4 дүгээр сарын 19-ний шилжих шөнө 03 цагийн үед таксигаар гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь би ажилдаа явах бэлтгэлээ хийж дуусгачхаад 15 цаг өнгөрч байхад буудалд нь очсон. Бид 2 нийлж 0.75 литрийн Ёслол нэртэй архи хувааж уусан. Би тэр үед нэлээн согтоод унтчихсан. Нэг мэдэхэд Төв аймгийн Жаргалант сум өнгөрч байхад сэргэсэн. Намайг сэрэхэд *** “Шөнө хотоос гарч байгаад хүн дайрчихсан гэж байна. Ойрхон суурин газар дээр цагдаа дээр оч” гэсэн гэж хэлэхээр нь бид хоёр буцаад Төв аймгийн Жаргалант сумын цагдаа дээр очсон. Урд машиных нь гуперийн орчим арчсан байна гэж хэлэхэд нь би харахад урд хэсгийг нь арчсан ул мөр байсан. Мөн урд мөнгөлөг өнгийн нүүр хэсэг нь хагарчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

            - шүүх хуралдаанд гэрч *** мэдүүлэхдээ “2023 оны 04-р сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад *** дээр очиж 1 шил архи хувааж уучхаад 03 цаг өнгөрч байхад гэртээ очиж хоносон. Маргааш өдөр нь 15 цагийн үед Драгон төв дээр *** дээр очсон. Мөн 1 шил архитай очсон. Тэр архийг уугаад согтоод унтаад өгсөн байна лээ.Тэгээд шөнө сэрсэн. Цагдаагаас *** руу залгаад ойрхон сум руу яваад оч гээд буцаад явж байхад нь сэрсэн. Тэгээд явсаар байгаад үүрээр Жаргалант сум орсон. Тэгээд цагдаад  шалгуулсан” гэв.

            - гэрч ***гийн “...2023 оны 4-р сарын 19-ны орой 00:00 цаг өнгөрч байхад уг газраар явахад түргэн, цагдаагийн машин ирсэн байсныг хараад нөгөө согтуу хүн машинд мөргүүлсэн байх гэж бодоод л явсан. Тухайн хүнийг мөргөсөн тээврийн хэрэгслийг хараагүй. Сэжигтэй тээврийн хэрэгсэл мэдэгдээгүй. Намайг явснаас хойш л машин мөргөсөн байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

            - Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 99798 дугаартай шинжээчийн “Баруун холын гэрэл ажиллахгүй гэх эвдрэл гэмтэл нь гэрлийн тусгал хангалтгүйгээс үзэгдэх орчин хангалтгүй үед тухайн жолоочийн харах өнцөг хязгаарлагдаж үүнээс үүдэлтэй зам тээврийн осол үүсэж болзошгүй юм. Бусад гэмтлүүдийн хувьд уг зам тээврийн осолд нөлөөлөх боломжгүй гэж үзэж байна. Урд хоёр оврын гэрэл ажиллахгүй, баруун урд дохионы гэрэл ажиллахгүй, зүүн хойд тоормосны гэрэл ажиллахгүй, баруун дугаарын гэрэл ажиллахгүй, хойд тээшний будаг замаск хагарсан, хойд буфер зүүн баруун 2 булан хэсэг сэвтэй, хойд буфер 2 талын түгжээ мултарсан, баруун хойд цонх ажиллахгүй гэх эдгээр эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн ослоос өмнө үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон. Урд буфер хагарч цуурсан будаг замаск хагарсан, зүүн урд крило үзүүрийн ирмэг хэсэг замаск хагарсан, урд чиглүүлэгч эвэр толь байхгүй, урд нүүр хагарсан, нүүрэн канел хэсэг цөмөрч гулзайсан, урд салхины шил зүүн доод хэсэг цуурсан гэх эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байж болзошгүй гэмтлүүд юм” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 42-50 дугаар хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 1170 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Талийгаач ***ын цогцост баруун чамархайгаас баруун чулуулаг яс, турк эмээл, зүүн чулуулаг яс, дагзны хэсгийг дайрч баруун чамархай яс хүрсэн цагариг үүсгэсэн хугарал, уг цагариг хэлбэрийн хугарлын турк эмээл хэсгээс урагшаа суурь ясны урд хонхор луу үргэлжилсэн байх ба баруун зулай, чамархайн хугарал олон жижиг хэлтэрхий, хоёр талын дух, зүүн зулай, чамархай хэсэгт том хэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, хамар, хоншоор, эрүүний зүүн булан, зүүн хацар, ухархай ясны нийлмэл хугарал, их, бага тархины орой болон суурь хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалттай, хоёр талын дух, зулай, чамархай, дагз, өмнөд болон дунд, уртавтар тархи, гүүр, бага тархи, суурийн тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, гол судас, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, уушги, зүрх, элэгний эдийн няцрал, задрал, өвчүү, хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд болон шууд бус хугарал, дагз, аман хүзүүний үе, аман хүзүү, хатан хүзүүний голын үе, нугалмын хугарал, мултрал, сээрний ТhЗ, Тh9 нугалмын их биеийн салсан хугарал, зүүн атгаал, баруун дунд чөмөг, тойг ясны хугарал, баруун дээд 3-р шүдний булгарал, зулай, дух, хамар, хацар, чамархай, уруул, чих, эрүү, хүзүү, цээж, хэвлий, гуя, цавь, шодой, мер, шуу, сарвуу, өвдөг, шилбэ, тавхай, нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч нь гавал, тархи, цээж, хэвлий, хүзүү, нуруу, дээд, доод мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байжээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь гуравдугаар бүлгийн цустай байжээ. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-65 дугаар хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2138 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Тоуоta Land Cruiser-100” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйн доод өндгөн холбоосны боолтын түгжээнээс авсан гэх хар өнгийн даавуун эдлэлийн сэмэрдэс нь хохирогчийн өмсөж байсан гэх хар өнгийн өмдний материалтай тохирч байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-72 дугаар хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2028 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн Тоуоta Land Cruiser-100 маркийн *** улсын дугаартай автомашин урд бамбайн зүүн урд талын гадаргуу, зүүн урд дугуйн обудны дотор талаас цус мэт ул мөр, өндгөн тулгуурын бэхэлгээ толгойн гадаргуу дээрээс материалын ширхэгт байгааг, бамбайн зүүн урд гадаргуу дээр ус мэт объектыг тунгалаг өнгийн гялгар уутанд хийж битүүмжилж авав” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 75-82 дугаар хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1962 дугаартай шинжээчийн “Тоуоta Land Cruiser-100 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс бэхжүүлэн авсан гэх 5 ширхэг арчдаст цус илэрч байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч ***ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 87-90 дүгээр хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртикний урд талд 12х8мм, 147х56мм, 35мм, 34х16мм, 56х4мм, 158x97 мм, 56х4мм, ар талд 35х3мм, 8х4мм, 15х1мм, 15x7 мм, футболкны урд талд Збмм, 31х32мм, 135х195мм, улаан өнгийн өмдний урд талд 12х12мм, 30х46х57мм, 200х96мм, ар талд 24мм, хар өнгийн бэлтгэлийн өмдний урд талд 14x10мм, 100х55мм, 35х28мм, 102х58мм, 1 ширхэг оймсонд 50х31мм, 29х15мм, 26х14мм, 25х7мм, 7х5мм, 18х15мм, 24x7 мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн саравчтай малгай, цамц, тэлээ, дотоож, хос гутланд гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн куртикэнд үүссэн 147х56мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, футболканд үүссэн 135x195 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, хар өнгийн бэлтгэлийн өмдөнд үүссэн 14x1 Омм хэмжээтэй гэмтэл нь дулаан илчийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлт, футболканд үүссэн Збмм, 31х32мм, улаан өнгийн өмдөнд үүссэн 12х12мм, 30x46x57 мм хэмжээтэй гэмтлүүд нь гогодож татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолдуут, хувцаснуудад үүссэн бусад гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлцсэний улмаас үүссэн шинэ халцаралтууд байна. Хувцасны материалын зузаан, нимгэн. эдэлгээ, суналт, үйлчилсэн хүч зэргээс шалтгаалж хувцаснуудад үүссэн урагдалт, ханзралт, халцаралтууд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-104 дүгээр хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 672 дугаартай шинжээчийн “Амь хохирогч ***ын цогцост баруун чамархайгаас баруун чулуулаг яс, турк эмээл, зүүн чулуулаг яс, дагзны хэсгийг дайрч баруун чамархай яс хүрсэн цагариг үүсгэсэн хугарал, уг цагариг хэлбэрийн хугарлын турк эмээл хэсгээс урагшаа суурь ясны урд хонхор луу үргэлжилсэн байх ба баруун зулай, чамархайн хугарал олон жижиг хэлтэрхий, хоёр талын дух, зүүн зулай, чамархай хэсэгт том хэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, хамар, хоншоор, эрүүний зүүн булан, зүүн хацар, ухархай ясны нийлмэл хугарал, их, бага тархины орой болон суурь хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалттай, хоёр талын дух, зулай, чамархай, дагз, өмнөд болон дунд, уртавтар тархи, гүүр, бага тархи, суурийн тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун дээд 3-р шүдний булгарал, зулай, дух, хамар, хацар, чамархай, уруул, чих, эрүүний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин дагз, аман хүзүүний үе, аман хүзүү, хатан хүзүүний голын үе, нугалмын хугарал, мултрал, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь 3.1,5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн сээрний ТhЗ, Тh9 нугалмын их биеийн салсан хугарал, гол судас, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, уушги, зүрх, элэгний эдийн няцрал, задрал, өвчүү, хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд болон шууд бус хугарал, цээж, хэвлий, мөр, нуруунд шарх гэмтлүүд нь 3.1.8, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн атгаал, баруун дунд чөмөг, тойг ясны хугарал, гуя, цавь, шодой, шуу, сарвуу, өвдөг, шилбэ, тавхайн шарх, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх баруун чамархайгаас баруун чулуулаг яс, турк эмээл, зүүн чулуулаг яс, Дагзны хэсгийг дайрч баруун чамархай яс хүрсэн цагариг үүсгэсэн хугарал, уг цагариг хэлбэрийн хугарлын турк эмээл хэсгээс урагшаа суурь ясны урд хонхор луу үргэлжилсэн байх ба баруун зулай, чамархайн хугарал олон жижиг хэлтэрхий, хоёр талын дух, зүүн зулай, чамархай хэсэгт том хэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, хамар, хоншоор, эрүүний зүүн булан, зүүн хацар, ухархай ясны нийлмэл хугарал, их, бага тархины орой болон суурь хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалттай, хоёр талын дух, зулай, чамархай, дагз, өмнөд болон дунд, уртавтар тархи, гүүр, бага тархи, суурийн тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун дээд 3-р шүдний булгарал, зулай, дух, хамар, хацар, чамархай, уруул, чих, эрүүний зулгаралт, дагз, аман хүзүүний үе, аман хүзүү, хатан хүзүүний голын үе, нугалмын хугарал, мултрал, хүзүүний зулгаралт, зүүн атгаал, баруун дунд чөмөг, тойг ясны хугарал, гуя, цавь, шодой, шуу, сарвуу, өвдөг, шилбэ, тавхайн шарх, зулгаралт гэмтлүүд нь авто ослын улмаас босоо байрлалд мөргөгдөх үед үүссэн байх боломжтой. Харин сээрний ТhЗ, Тh9 нугалмын их биеийн салсан хугарал, гол судас, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, уушги, зүрх, элэгний эдийн няцрал, задрал, өвчүү, хоёр талын олон хавирганы хоёрлосон шууд болон шууд бус хугарал, цээж, хэвлий, мөр, нуруунд шарх гэмтлүүд авто ослын улмаас хэвтээ байрлалд дайрагдах үед үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч нь дээрх гавал, тархи, цээж, хэвлий, хүзүү, нуруу, дээд, доод мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн биед учирсан дайрагдах, шахагдах үед үүссэн гэмтлүүдийг үүсгэсэн машины зориулалт, маркийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн байрлалаас харахад биеийн баруун талаас тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байх боломжтой байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 125-135 дугаар хуудас),

            - Шинжээч эмч Б.Баяртогтохын “Амь хохирогч ***ын биед үүссэн мөргөгдөх дайрагдах үед үүссэн гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байсан. Нас барсны дараа үүссэн гэхээр гэмтлүүд тогтоогдоогүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх хавсарсан хүнд гэмтлүүд болно. Талийгаачийн цогцост учирсан хавсарсан хүнд гэмтлүүдээс харахад нас барсны дараа үүссэн гэх шинж тэмдэг тогтоогдоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас),

            - Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Баяраагийн 2023 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 958 дугаартай “Жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,...3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 166-168 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***ыг мөргөж, улмаар түүний амь нас хохирсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, осолд холбогдсон жолооч болон явган зорчигчийн гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирлын шинж чанарыг эргэлзээгүй тогтоож чадсан, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас ***ын амь нас хохирсон бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад “...ямар нэгэн гомдол санал алга жолооч ***аас нийт 23.500.000 төгрөгийг авсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), “...нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх тайлбар (хавтаст хэргийн 236 дугаар хуудас)-ыг өгсөн тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй” гэсэн тайлбар өгсөн болохыг тэмдэглэв. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,

- өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “...анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хийсэн үйлдэл дээр маргаагүй оролцсон, учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалсан зэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү”,

- өмгөөлөгч Б.Гэрэл-Очир “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 237 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, талийгаачийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас нэг хүнийг амь насыг хохироон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэсэн хүсэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал (19** онд төрсөн, ** настай, *** тоотод оршин суух, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал (дээр дурдсан)-ыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан уг ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 03 жил, 06 сарын хугацаагаар тогтоож, Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт нь эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг, мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх төдийгүй, ингэхдээ тусгай нөхцөл, шаардлагыг хангасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч ***ын хувийн байдалд /дээр дурдсан/ хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёс болон гэм буруугийн зарчимд нийцэж хангасан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах үндэслэлтэй гэж Шүүх дүгнэсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээс татгалзаж, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл төдийгүй, эрүүгийн хуулийн тухайн зүйл, ангид заасан ялын төрлөөс уг ялыг сонгон оногдуулсан нь ял тохирсон байх шударга ёсны зарчмыг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд аль болох хорихоос өөр төрлийн үр нөлөөтэй ялын төрлийг хэрэглэх хандлага дэлхийн улс орнуудад тогтож, өргөнөөр хэрэглэдэх болсоныг тэмдэглэн, уг ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг (ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой) хангана гэж үзсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзсан тул улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлсэн болно.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан гурван жилийн зорчих зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг гурван жил, зургаан сарын хугацаагаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ын оршин суух Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР