Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1354 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

улсын яллагч Д.Ганчимэг /томилолтоор/

хохирогч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Ганболд /ҮД:3292/

шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Д.Мөнх- /ҮД:0968/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2308016521195 тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 26-ны өдөр *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4 хүү, бэр ач нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ы ******* /РД:/

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх захад 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдаж газар унасан байхад нь хэвлий хэсэг рүү нь өшиглөж бие эрүүл мэндэд нь хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Х.******* нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх захад 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдаж газар унасан байхад нь хэвлий хэсэг рүү нь өшиглөж бие эрүүл мэндэд нь хэвлийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Х.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн: “… 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Д.******* манай ажил дээр ирсэн. Гадаа хүн хашгираад байхаар нь гарч харахад Д. тухайн үед хөрөө рам түрээд явж байхад нь Д.******* түлхэж унагаад, нүүрийг нь самардаж цус гарган зодсон байсан. Би “...юу болоод байна вэ?...” гэхэд “...чам шиг янхан миний амьдралыг заахүй, чамд огт хамаагүй, зайл...” гэж хашгираад байсан. Тэгэхэд манай нэг ажилтан О. ирээд “...чи ямар учраас дандаа ажлын байранд ирж хүн хэл амаар доромжилж байгаа юм бэ?...” гэхэд Д.******* “...чи юу юм бэ...” гэж хэлээд О.ийг үсээд, тэр хоёр зодолдсон. Би дундуур нь орж салгасан. Тэгэхэд намайг заамдаж аваад, миний хүү бичлэг хий гээд байсан. Д.******* намайг Д.тэй харддаг тул санаатай ийм үйлдэл гаргасан гэж би бодож байна. Би ажил олгогч хүн бусадтай гэр бүлээс гадуур харилцаанд орж, ажлын байран дээрээ тээврийн хэрэгсэл дотроо бэлгийн харьцаанд орчихоод дараа нь яаж ажилчиддаа үүрэг даалгавар өгөх вэ? Миний хувьд энэ их зохимжгүй асуудал.  ******* миний хүүхэд рүү хүртэл утсаар залгаж “...чи янхан ээжийгээ аваач...” гэж хэлсэн байсан. Би Д.ийг ажлын байраар хангаж цалинжуулж байхад Д.******* намайг ямар учраас хэл амаар доромжилж, гүтгэж байна вэ? Д.******* дандаа гэр бүлийн маргаан үүсгэдэг байсан. Д. цалин буух болоогүй байхад Д.*******гийн данс руу мөнгө шилжүүлдэг байсан. Д.******* Д.тэй хамт амьдарч байсан. Д.******* худал хэлж байна. Хүүхдийнхээ эцгийг дайрч гүтгэж байгаа хүн намайг юу ч гэж гүтгэж болох юм байна. Зодооныг салгасан би ямар учраас гүтгэгдэж бусдыг зодсон болж байна вэ? О., Д.******* нарын зодооныг салгах явцад миний футболк урагдаж, шилэн хүзүү улайсан. Энэ талаарх бичлэг зураг надад байгаа. Д.*******  “...чиний эхнэрт эрүү үүсгэнэ...” гэж хэлж байсан учраас тухайн өдөр манай ажил дээр ирж миний захиалгат ажлыг зогсоож, миний хувцасыг урж, хэрүүл маргаан үүсгэчихээд эргээд намайг гүтгэж, зодоогүй хүнийг зодсон болгож байна. Газарт унасан эмэгтэй хүнийг өшиглөх ухамсар надад байхгүй. Миний ажлын хамт олон намайг ямар зан ааштай гэдгийг бүгд мэднэ. Би анх удаа цагдаа, шүүхийн байгууллагаар явж үзэж байна. Тэгэхэд Д.******* байнга шүүхээр орж байдаг гэнэ лээ. Д. надад 1.000.000 гаруй төгрөгийн өртэй байсан тул ажиллуулсан, мөн хөрөө рам дээр ажиллах сайн хүн олддоггүй. Улирлын чанартай ажил тул би зуны 3 сар л ажилладаг. ******* миний тээврийн хэрэгслийн зургийг авч, амьдарч байгаа хашаа байшинд очиж мөрддөг, тэй хамт амьдардаг гэж гүтгэдэг, шөнийн цагаар утасдаж дарамталдаг. Би хүн зодоогүй, энэ бол цэвэр хардалтаас үүдэлтэй хэрэг. Д.******* хүүхдээ ажил дээр дагуулж ирээд “...чи Д.ийн ам руу мөнгө чихээд боовыг нь худалдаж авсан биз дээ..” гэж намайг дарамталдаг. Би олон жил ганцаараа амьдарч үр хүүхдүүдээ өгсөж, хүний дайтай амьдрах гэж банкнаас зээл хүртэл авсан. Би эрээ цээрээ алдсан хүн биш. Би Д.тэй нэг гэрт хамт амьдраагүй. Д., О., Д.******* нар хоорондоо зодолдсон ...” гэв.

            2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******гийн өгсөн: “…Би онош тодруулах эмчилгээнд явах болсон тул Д.тэй утсаар ярихад хүүхдээ харна гэж хэлсэн. Д. итгэл даах хүн биш учраас Хүүхэд хамгааллын төвийн гэж хүнд хандахад “... та бүр өгөх гэж байгаа юм уу...” гэхэд нь “...үгүй, би эмчилгээнд яваад ирнэ, тэр болтол эрэгтэй хүнд хүүхдээ үлдээж байгаа тул та нар давхар хянаж байгаарай...” гээд хүсэлтээ гаргасан. Хүүхэд хамгааллын төвийн хүмүүсээс нэг нь надтай хамт яваач гэж хэлэхэд “...маргааш хурдан морины уралдаантай, завгүй, аав нь юм чинь асуудалгүй авах байх...” гэж хэлсэн. Мөн хорооны Засаг даргад насанд хүрээгүй хүүхдээ үлдээгээд явж байгаа талаар мэдэгдсэн. Д. намайг зодоогүй гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан тул эвлэрэх боломжгүй гэж үзэж 2017 онд шүүхээр орж гэр бүл цуцлагдсан. Д. өөрөө надад энэ хүнтэй хамт амьдарч байгаа гэж хэлсэн. Хүүхдийнхээ төлөө, хүүхдийнхээ тэтгэмжийг авах гэж Д.ийн араас хөөцөлддөг. Би эрүүл байж хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Ингээд 2023 оны 5 дугаар сарын 01-нд эхлээд утсаар Д.ийг дуудахад ирээгүй. Дараа нь таксины жолоочийг дуудаад өгөөч гээд явуулсан. Тэгэхэд хүүхдээ авахгүй гэж хэлээд хаяад явахад нь би хүүхдээ хөтлөөд араас нь очоод тэй хүүхдээ авна, авахгүй гээд маргалдсан. Тэгээд зугтаад Х.******* дээр очсон. О. гарч ирээд намайг үсдээд авсан. Д. намайг дагуулж яваад 2 удаа өшиглөсөн, тэр үед Х.******* гарч ирээд миний гэдэс, бөгс рүү өшиглөсөн. Таксинд суугаад би ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд гэх эмнэлэгт ухаан орсон. Их хэмжээний өвдөлттэй байсан тул надад трамадол гэж өвчин намдаах тариаг тарьсан байсан. Миний том хүүхэд эмчээс ямар учраас хүчтэй тариа хийсэн бэ? гэж асуусан байсан. Эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлэхдээ хэвлийд усжилттай байсан тул 6 удаа ЭХО-нд харуулж, 3 удаа компьютер томограф хийлгэсэн. ийн ажил дээр би 2 удаа очсон. ийг урьд нь ажиллуулж байсан Дашзэвэг Иргэний шүүхэд намайг буруутгасан зүйл яриагүй, хүүхдийнхээ тэтгэмжийг авах гэж ирдэг нь үнэн гэж мэдүүлсэн байсан. ******* намайг дандаа мөнгө нэхдэг гэж байна. Би хоёр хүүхдийнхээ тэтгэмжийг авах үүрэгтэй. Харин Х.*******, Д.тэй хамааралтай болоод тэгж хэлж байх шиг байна. Эдгээр бүлэг хүмүүст зодуулаад би нэг сарын чөлөө авсан. Иргэний шүүхийн шүүх хуралдаанд том хүү нь гадагшаа сургуульд сурах гэж байгаа тул аавдаа үнсүүлэх гээд ирэхэд хүүхэд рүүгээ нэг ч удаа хараагүй, шүүхийн дэг сахиулагч цагдаа ийг хүчээр дуудаж ирүүлэхэд хүүдээ нэг ч үг хэлээгүй. хэнтэйгээ амьдрах нь хэнд ч хамаагүй, зөвхөн миний эзгүйд хүүхдүүдээ харж хандах үүрэгтэй. ийг занасан мессэж явуулсан гэж байна. Би худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Би хариуцлагаа хүлээнэ. Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болох гээд байсан тул би хүүхдүүдийнхээ эцгийг өрөвдсөндөө Д. намайг зодоогүй гэж худал мэдүүлэг өгсөн. Гэтэл өнөөдөр Д. бидний хоорондын маргалдсан мессэжийг Х.*******т гаргаж өгсөн байна. Би хоёр хүүхдийнх нь эх, асран халамжилж байгаа хүн нь байхад ямар ялгаа харагдаж байгаа нь тодорхой байна. Таны сайн гэх ажилтан чинь хүн чанарын хувьд ийм хүн учраас би араас нь хөөцөлддөг юм. харин хоёр хүүхдийнхээ ээжийн эсрэг мэдүүлэг өгсөн байсан. Танд их сайн юм байна. Би ийг хүн чанар гаргаж хүний ханилсан хань учраас 3 жил асарч хөл дээр нь босгосон. Түүний ачаар өнөөдөр таны удирдлага дор ажиллаж байгаа. ******* намайг “...чамтай би өөрөө ярина шүү...” гэж хэлсэн. Би айж байна, намайг ямар учраас ингэж заналхийлж байгаа юм бэ? ийг хүүхэдтэйгээ уулзах гээд тээврийн хэрэгсэл жолоодоод ирэхэд нь манай хүүхэд цочролд ороод хэлгүй болсон байсан. Тухайн үед хүүхдээ тэжээхийн тулд орхиод явсан байсан нь үнэн. Манай хүүхэд өөрөө хүүхэд хамгааллын 108 утсанд дуудлага өгсөн байсан. Түргэн тусламж дуудаж үзүүлэхэд тархиндаа цочрол авсан байна гэж хэлээд Шархадны эмнэлэгт үзүүлсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Сэтгэл зүйч эмчийн асуусан асуултад манай хүүхэд бичгээр хариулж байсан. Хэлний цочролд ороод ярих хэлэх хүсэлгүй болсон тул хүүхдийг аясаар нь байлгаарай, яриулах гэж хүчилбэл энэ чигээрээ тогтоно гэж хэлсэн ...” гэв.

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.*******гийн өгсөн:  “…Би 2022 оны 6 дугаар сараас хөхний хавдар гэсэн оноштойгоор хавдар судлалын эмнэлэгийн хяналтанд байдаг болсон. Миний бага хүү төрөлхийн нурууны цоорхойтой, хагалгаанд орох заалтгүй байнгын эмчилгээ асаргаанд байдаг. Би Бээжин рүү 1 сарын хугацаагаар эмчилгээнд явж онош тодруулахаар шийдээд хуучин нөхөр, нтөгсөөс хүүгээ 1 сарын хугацаагаар хараад өгөөч гэж хэсэг хугацаанд гуйж байгаад зөвшөөрүүлсэн. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн асран хамгаалагчаар би тогтоогдсон болохоор хорооны Засаг дарга болон хүүхэд хамгааллын ажилтан нарт хүүхдийг харж үлдэх талаар хүсэлт бичиж өгчихөөд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед 9 настай хүү ын хамт 22-н товчоо модны захад байх ийн ажил руу таксидаж ирсэн. Тэгээд модны зах руу ороод таксинаас буухгүй жолоочоор нь ийг дуудуулахад ирээд чи хүүхдээр түрий барьж ирлээ, би авахгүй гэж хэлээд яваад өгөхөөр нь би хүүхэдтэйгээ хамт ийн ардаас нь очоод чи яах гэж анхнаасаа авна гэж хэлсэн юм, чамайг авна гэсэн болохоор би ажил төрөлөө зохицуулаад хүүхдээ аваад хүрээд ирлээ, удахгүй явж эмчилгээ хийлгэж оношоо тодруулах хэрэгтэй байна гэж хэлтэл миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиход хажуунаас нь нэг эмэгтэй хүн шууд над руу дайраад миний үснээс зулгаахаар нь би арай гэж тэр хүнээс салаад байж байхад одоо тэй хамт амьдардаг ******* гэх эмэгтэй гарч ирчихсэн хараад зогсож байсан. Тэр эмэгтэй өө чи одоо надаас яв, эхнэр хүүхдээ сонго гэж хэлэхэд надад хандаж наашаа хүрээд ир хоёулаа ярилцъя гээд хөрөөний амбаар шиг ногоон хаалгатай жижиг байшингийн буланд авч ирээд Дахиад миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиход би газар нүүрээ дараад доошоо унасан. Энэ үед ******* гэх эмэгтэй миний хажууд ирээд яасан их хүүхдээрээ түрий баридаг гичий вэ гэж хэлээд миний нуруу хэвлий бөгс хэсэг рүү өшиглөж, гараараа цохиод байсан. Тэр үед манай хүү болох ааваа болиулаачэээ ээжийн бөбөг цохиод байна шдээ гэж хэлж байсан. Хүү маань ээжийнхээ мөөмийг бөбө хэлдэг юм. Тэр үед намайг зодож байсан ******* болон хараад зогсож байсан , нар холдоод явчихаар нь би босож таксинд суугаад цагдаа руу би хүмүүст зодуулчихлаа гэж дуудлага өгчихөөд ухаан алдчихсан. Тэгээд нэг сэргээд хартал хоёр цагдаа ирчихсэн намайг сэргээрэй гэж хэлж байсан бөгөөд 5 шарын нэртэй эмнэлэг дээр ирсэн байсан. Тухайн эмнэлэгт надад тайвшруулах тариа хийхэд намдахгүй байсан ба түргэн тусламж ирээд намайг Гэмтлийн эмнэлэг дээр авч ирээд би тухайн эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эмнэлэгээс гараад төмөр замын гэмтлийн эмнэлэгийн хяналтанд 14 хоног эмчлүүлж тулгуур эрхтэн эмзэглэлтэй гэсэн оноштойгоор мэдрэлийн нарийн шинжилгээнд орох эмчилгээ хийлгэх болсон. Би тухайн хүмүүсийг огт танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй, одоо харсан ч танихгүй. Тухайн өдөр дээр ирхэд ******* гэх эмэгтэй "...өө чи юу гэж хэллээ, эхнэрээ сонгож байгаа бол чи яв..." гэж хэлэхээр нь би одоо хамт амьдарч байгаа хүн нь юм байна гэж мэдсэн юм. Урьд өмнө нь рүү залгахад энэ ******* гэх эмэгтэй аваад тэй яриулдаггүй байсан юм. Одоо *******, нарыг харсан ч танихгүй. Би 5872 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний биед учирсан хэвлийн зөөлөн эдийн няцрал, цээж баруун гуянд цус хуралт гэмтлийг ******* намайг газар унасан байхад өшиглөж учруулсан. нь миний толгой хэсэг рүү хоёр удаа цохисон ба ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. О. мөн миний үснээс зулгааж толгой руу цохисон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.*******ийн өгсөн:  “…Би Д.*******гийн биед халдаж зодож цохисон зүйл огт байхгүй.../хавтаст хэргийн 48 дугаар хуудас/... Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголон модны зах дээр мод модон материал хөрөө рам ажиллуулдаг. Тухайн өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд манай ажилчин болох ийн салсан эхнэр болох ******* ирээд хэрүүл маргаан үүсгээд ийг ажилаа зогсоо гээд учиргүй орилж чарлаад байсан. Би энэ үед модны зах дотор амбаарт байж байгаад хүмүүс орилоод байхаар нь гарч харахад ийн эхнэр нь бага насны хүүхдээ дагуулаад ирсэн байсан. Намайг харчихаад ийн эхнэр энэ янханы ажилыг чи хийх ёсгүй гэж хэлээд над руу хандаж "...чи ийн ам руу нь мөнгө чихээд. боовыг нь худалдаад авчихсан, дарж хэвтчихээд чи явуулахгүй байна..." гэх мэтээр орилж чарлаад ийг мод зүсэж байхад очоод хүзүү нүүрийг нь самардаж маажаад, түлхээд ингээд үх чи гэх мэтээр харааж, чи тун удахгүй Тунгаа авгайтайгаа бөөрөнхий модондоо дарагдаж үхнэ гэх зэргээр орилж танхайрсан. Тэр үед манай туслах ажилтан болох *******д хандаж чи яагаад дандаа ирж бид нарыг ингэж хэрүүл маргаан үүсгэж байдаг юм гэж хэлтэл ******* шууд ийг үсдээд үснээс нь зулгаагаад байсан ба зөрүүлээд *******гийн үснээс зулгаасан. Тэр 2-г салахгүй байхаар нь би дундуур нь орж болиултал ******* над руу дайраад намайг багалзуурдаад миний гадуураа өмсөж байсан цахилгаантай малгайтай шар цамцыг ураад, дотор талын подволкыг мөн урсан. Тэгээд надаас зуураад тавихгүй би тавиулах гээд ноцолдож байхад ******* хүүхдээ бичлэг хий, бичлэг хий гэж хэлээд байсан. Тэгээд арай гэж салаад би *******д хандаж "... чи дандаа ажлын байран дээр ирж хэрүүл маргаан хийдэг, чамайг цагдаа дуудаж өгнө..." гэж хэлтэл ******* ирсэн таксиндаа суусан ба таксиндаа суучихаад цонхоороо 2 гарынхаа дунд хурууг над руу гаргаад байхаар нь би *******д "...чи хүүхдээсээ ичээчээ..." гэж хэлчихээд дээр ирэхэд нүүрнийхээ цусыг арилгаад сууж байхаар нь би ийг чи манайхаас яв эхнэр чинь ирээд хэрүүл маргаан болоод байна гэж хэлээд байж байхад таксины жолооч хүрч ирээд *******г ухаан алдаад унчихлаа гэж хэлэхээр нь би эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн. Би *******гийн биед огт халдаж зодож цохисон зүйл байхгүй, намайг гүтгэж байна, тухайн бэртэл гэмтлийг хэн учруулсан талаар би мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Э.ын  өгсөн: “…Манай ээжийн бие нь өвдөөд эмнэлэг рүүгээ явах гээд намайг харах хүнгүй болохоор намайг аавд түр хугацаагаар үлдээхээр болоод аавын ажил дээр очсон. Тэгээд аав дээр очтол аав ээж хоёр маргалдаад нэг хартал ээж газар уначихсан байсан. Тэгээд ээжийн хажууд очтол аавтай нэг газар ажилладаг Тунгаа гэж дуудаад байсан эмэгтэй манай ээжийг газар унасан байхад нь дээрээс нь өшиглөөд байсан. Тэгээд ээж маань ухаан алдаад уначихаар нь би таксидаж ирсэн таксины жолооч ах дээр очоод ахаа манай ээж ухаан алдаад уначихлаа та туслаач гэж хэлээд тэр ахтай хамт ээж дээр ирээд ээжийг аваад бид гурав эмнэлэг дээр ирсэн. Манай ээжийг газар унасан байхад нь Тунгаа гэх эгч цээж, хэвлий, гэдэс рүү нь зөндөө өшиглөөд байсан. Харин гэх эгч ээжийн үснээс зулгаагаад хоорондоо маргалдаад байсан. Харин аавыг цохьсон эсэхийг би хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.ийн өгсөн: “…Би Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Колонкийн 2-2 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаад 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Д.*******гаас салаад тусдаа амьдарч байгаа юм. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон модны зах дээр ажлаа хийж байтал оройн 16 цаг 30 минутад миний салсан эхнэр ******* ажил дээр ирээд би эмнэлэгт хэвтэж байна түр гараад ир хүүгээ чам дээр авчирлаа, чи хүүгээ ав гэхээр нь би тэгээ хүүг үлдээчих би ажлаа дуусгаад аваад явъя ажил дээр хүүг үлдээчих гэсэн чинь үгүй одоо хамт явна энэ машинтай хамт явна гэхээр нь би ажлаа дуусгаад 30 минутын дараа хүүгээ аваад явна гэтэл явахгүй гээд таксинаасаа бууж ирээд над руу орилж чарлан нүүр ам маажаад хувцас урсан бөгөөд манай ажлын дарга ******* гэх эмэгтэйтээ хардаад янхан гичий гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь  манай ажлын туслах эмэгтэй гэх эмэгтэй захирлыг өмөөрч чи яахаараа манай захирлыг гичий янхан гэж дууддаг юм гээд барьцалдаад авсан бие биенийгээ заамдах үед манай захирал ******* дундуур нь орж салгасан. Тэгээд миний эхнэр ******* сууж ирсэн таксиндаа суусан хэсэг хугацааны дараа таксины жолооч ах ирээд энэ хүн чинь ухаан алдчихлаа гэж хэлээд эхнэр хүү хоёрыг аваад явсан. Хэсэг хугацааны дараа хүүхэд хамгаалах төвөөс ярьж байна эхнэр чинь эмнэлэг дээр ухаангүй байна та ирж хүүгээ ав гэж утсаар ярьсан. Би найз Бэхбаярын машиныг аваад найзтайгаа хамт эмнэлэг рүү явах гэж байхад цагдаагаас утасдаад, шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр салсан эхнэр *******г цохиж, зодсон зүйл байхгүй харин намайг зодож миний уруул ам, хүзүү хацар хэсэгт маажсан. Энэ үед хажууд захирал ******* туслах , туслах Бадрал гэх залуу миний 10 настай хүү нар байсан бүгд юу болсныг харсан. Миний биед зүүн хацар шалбарсан доод уруул шалбарсан, хүзүү хэсэг шалбарсан гэхдээ би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

7.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.ийн өгсөн: “…Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголон модны зах дээр мод шуудайлах ажил хийдэг юм. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би болон ах захирал ******* нарын хамт ажлаа хийж байтал ахын салсан эхнэр ******* хүүгийнхээ хамт ирсэн. Тэгээд ахыг ******* эгч нүүрийг нь майжиж подволкыг нь урж хэл амаар доромжлоод мөн захирал ******* эгчийг янхан, гичий гэх мэтээр доромжлоод байхаар нь ******* эгчийг өмөөрч чи яахаараа хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм гэтэл миний үснээс зулгааж хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд ******* гэх эмэгтэйгийн зүүн хөлийн шилбэрүү нэг удаа өшиглөсөн энэ үед ******* эгч ирж салгасан. Тэгээд ******* гэх эмэгтэй таксинд суугаад явсан хойно удалгүй таксины жолооч ирээд та нар яагаад энэ хүнийг зодож байгаа юм бэ? энэ хүн ухаан алдаад уначихлаа гээд яваад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

8.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “…Х.******* нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.*******гийн биед халдаж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Д.*******гийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 356.500 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогч Д.*******гийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/

9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5872 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

“...Д.*******гийн биед хэвлийн зөөлөн эдийн няцрал, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Д.*******гийн биед учирсан хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/  

10.Монгол Улсын шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар дүгнэлт хэсэгт “... Д.******* нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр. Сэтгэл гутрал түгшилтийн хүндэвтэр зэргээр тогтоогдож байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Хохирогч Д.******* цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт

11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас насанд хүрээгүй гэрч Э.ын хувийн мэдээлэл /хавтаст хэргийн 33-35 дахь хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/, хохирогч Д.*******гийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/, Сонсголон зах ХХК-д Х.******* нь талбай түрээслэн үйлчилгээ эрхэлдэг тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 66-69 дүгээр хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.  

Шүүх хуралд улсын яллагчаас: “...шүүгдэгч Х.******* нь хохирогч Д.*******гийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч Д.*******гийн эмчилгээний зардал 15.370.000 төгрөгийг, мөн сэтгэцэд учирсан хохирол 3-р зэрэглэл тогтоогдсон тул мөнгөн дүнгээр тус тус гаргуулах саналтай...” гэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Ганболдоос: “...Миний үйлчлүүлэгч бусдад зодуулж, *******аар хэвлий хэсэгтээ өшиглүүлж хөнгөн гэмтэл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчийн дүгнэлт зүйд нийцэж байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас *******гийн эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хохирол төлбөрт тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөр 2.050.000 төгрөг, бариа хийлгэсэн хөлс 1.684.000 төгрөг, эм тарианы төлбөр 3.870.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол нийт 15.370.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлүүдэд зааснаар гэм хор арилаагүй гэж үзэж байна. Хэрэв ******* *******г цохиж зодоогүй байсан бол ямар хэмжээнд байх ёстой байсан тэр хэмжээнд ******* аваачих үүрэгтэй. Гэвч энэ нь боломжгүй тул мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 505 дугаар зүйлүүдэд зааснаар хохирол төлөх үүрэгтэй. Миний үйлчлүүлэгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэг буюу хүндэвтэр зэрэгт тооцогдож байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-эс: “... Миний үйлчлүүлэгч огт гэмт хэрэг үйлдээгүй. Болсон хэргийг дөрвөн баримтад үндэслэн нотлогдон тогтоогдсон гэж үзсэн боловч дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд нэгдүгээрт тухайн гэмт хэрэг гарах үед *******, *******, *******гийн хүү, тухайн модны захад ажиллаж байсан 3 гэрч зэрэг 6 хүн байсан. ******* гэрчээр өгсөн мэдүүлэгтээ *******т зодуулсан талаар огт мэдүүлээгүй. өд цохиулаад ухаан алдаж эмнэлэгт ухаан орсон гэж мэдүүлсэн. Гэрчээр өгсөн мэдүүлгээс хойш 18 хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө ******* намайг зодсон, Эрдэнтөгс намайг өшиглөөгүй гэж мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлэг тогтвортой бус байна…Миний үйлчлүүлэгч мөрдөгчид тухайн модны захад байрлах камерын бичлэгийг аваарай гэж хэлсэн боловч мөрдөгч аваагүй. Мөрдөгчийн ажлын арга барил ямар байсан талаар хэлж мэдэхгүй байна. Хэрэгт хяналт тавьж байсан улсын яллагч юу хийж байсан бэ? Камерын бичлэг авах ажиллагаа ямар учраас хийгдээгүй вэ? Хэргийн бодит үнэнийг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Хэрэв шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь эргэлзээтэй байвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай...Мөн гэмт хэрэг гарах болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар улсын яллагч дүгнэлт хийхгүй байна. Миний үйлчлүүлэгчид хохирогчийг зодох, цохих ямар шалтгаан байна вэ? Хохирогч өөрөө харддаг юм байна. Харддаг байлаа гэхэд миний үйлчлүүлэгч тэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээгүй, хамтран амьдраагүй талаараа мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд миний үйлчлүүлэгч гэм буруугүй байна…” гэв.

Дээрхи нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй боловч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрчээр Д.*******гийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 45 минутад өгсөн мэдүүлгийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 10 цаг 53 минутад өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байгааг дурдсан. Шүүхээс гэрчээр Д.*******гийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 45 минутад өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. Учир нь хохирогч Д.******* тухайн үедээ ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн очоод тайвшруулах эм тариа хийлгэсэн байсан тул тухайн үед болсон үйл явдлыг бүрэн дүүрэн санах эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн. Харин насанд хүрээгүй гэрч Э.оос мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчөөр Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын  хэлтсийн мэргэжилтэн Л.Булганыг тогтоож мэдүүлэг авсан байх тул шүүх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлсэн болно.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал”-ыг Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан байна.

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Х.*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Х.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч эмчилгээний зардалд 15.370.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигийн гуравдугаар зэрэглэл тогтоогдсон тул мөнгөн дүнгээр гаргуулахаар нэхэмжилсэн. 

Мөн иргэний нэхэмжлэгч С.Сувд-эс: “... хохирогч Д.*******д Эрүүл мэндийн даатгалын сангаас 356.500 төгрөгийн эмчилгээ хийгдсэн тул буруутай этгээдээс уг зардлыг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Харин хохирогч Д.******* бариа засал хийлгэсэн, тээврийн хэрэгсэл түрээслэсэн, эмчилгээний зардалд нийт 15.370.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт баримтаар авагдсан 484.700 төгрөгийг хасч, үлдэх 14.885.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 Иргэний нэхэмжлэгч С.Сувд-эс хохирогч Д.*******гийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан төлбөр 356.500 төгрөг, мөн хохирогч Д.*******гийн эмчилгээндээ баримтаар 484.700 төгрөг зарцуулсныг тус тус  шүүгдэгч Х.*******аас гаргуулж иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт олгуулах нь зүйтэй гэж үзэв.  

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д  зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Монгол Улсын шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар дүгнэлт хэсэгт “... Д.******* нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр. Сэтгэл гутрал түгшилтийн хүндэвтэр зэргээр тогтоогдож байна. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Хохирогч Д.******* цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэсэн ба хохирогч Д.******* тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ.

Шүүхээс хохирогч нь Д.*******гийн хууль бус зүй бус үйлдэл нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзан үзэж түүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.150.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.*******аас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хоёр.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд улсын яллагчаас: “...шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай. Шүүгдэгч улирлын чанартай ажил эрхэлдэг гэж мэдүүлсэн, одоогийн байдлаар ажил түр зогссон, хохирол төлбөр төлөх боломжгүй байгаа зэргийг харгалзан торгох ял тохирохгүй гэж үзэж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хохирогчид хандаж байгаа хандлага, зан харилцаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт гаргасан дүгнэлтээ дэмжиж байна ...” гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй байна...” гэв.  

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ан удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхээс шүүгдэгч Х.*******т дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Х.*******т шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас дээшгүй цагаар хийлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлн талаар:

Эрүүгийн 2308016521195 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 35.5, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т 300  /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж, ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.*******аас 356.500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7.150.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.*******аас гаргуулж хохирогч Д.*******д,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.*******гийн хохиролд нэхэмжилсэн 15.370.000 төгрөгөөс баримтаар нэхэмжилсэн 484.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.*******д тус тус олгосугай.

6.Хохирогч Д.*******гийн хохиролд нэхэмжилсэн 15.370.000 төгрөгөөс үлдсэн 14.885.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ